Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00154

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00154

 

 

 

Г.П-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03757 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Бт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюундарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.П- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч У.Б нар зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тал 94.000.000 төгрөгийг зээлсэн. Гэвч хариуцагч тал гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, зээлийг төлөөгүй учраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, үндсэн зээл 40.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөөгүй бөгөөд алданги 20.000.000 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 60.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний эзэмшдэг байсан ЖиДи ХХК нь иргэн Г.П-ээс зээл авч байсан бөгөөд зээлийг буцаан төлж барагдуулсан. Би одоо нэхэмжилж буй 60.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар тусгайлан нотлох баримт гаргаж, сөрөг нэхэмжлэл өгөх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч У.Баас 60 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.П-т олгож,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: У.Б нь Г.П-ээс 2013 онд 94.000.000 төгрөгийг зээлж авсан. 2014 оны 2 дугаар сард зээлийн гэрээний хугацааг сунгаж 54.000.000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр тохиролцсон ч төлж амжаагүй. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж 40.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцсэн. Энэхүү шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах хүсэлтийг гаргаад байсан болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондох зээлийн гэрээний үүргийн харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.П- хариуцагч У.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгч Г.П-ээс хариуцагч У.Бт олгосон зээл 94.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 26.860.000 төгрөг болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байжээ. /хх-ийн 8/

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, өмнө нь олгосон 94.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 54.000.000 төгрөг, хүү 25.976.000 төгрөг, нийт 79.796.000 төгрөг болсоноос хариуцагч тал 40.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эргэн төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээнд талууд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн зэрэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт тус тус нийцжээ. /хх-ийн 4, 5/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч У.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээгээр 40 000 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зөрчиж, хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл, алдангийг шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Мөн шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.,76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дах хэсэгт заасныг зөв тайлбарлажээ. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл, тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргалын хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн түүний гаргасан өвчтэй гэсэн шалтгааныг хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон, тэрээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох болсон үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт товлосон шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийн үндэслэл нь баримтаар нотлогдоогүй. / хх-ийн 40, 48, 51/

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан эрх, үүргийг тайларлаж өгсөн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцсэн.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 457 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ