Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/612

 

Н.Ххолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа /цахимаар/,

хохирогч Б.Сөмгөөлөгч Г.Халиунаа /цахимаар/,

шүүгдэгч Н.Х /цахимаар/, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/528 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 23090125528 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Х, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосон.

Шүүгдэгч Н.Х нь иргэн Б.Соос олгосон итгэмжлэлийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны хооронд Ч.Л73.000.000 төгрөг, “MercK300” маркийн автомашиныг 40.000.000 төгрөгт тооцон шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эрхийг хууль бусаар ашиглаж, их хэмжээний буюу 112.445.000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос: Н.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Хг 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Хэнэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 02 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 05 жил, 02 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хоногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Хгээс 112.445.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сид олгож, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Хурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардан авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан хугацаанд дараах давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүгдэгч миний зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсанаас эхлэн мөрдөн шалгах ажиллагааны үед хяналт тавьж буй прокурор, дээд шатны прокурор, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед тухайн хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, гэрчийн мэдүүлэг авах зэрэг гомдол, хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч огт харгалзан үзэж эцэслэн шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан. Хохирогч Б.Соос 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу төлбөр мөнгийг хариуцах эрхтэй болсон. Эрхийн дагуу төлбөр төлөгч Ч.Лтөлбөрт орж ирсэн мөнгийг хүлээн авах эрхтэй тул хүлээн авсан, үүн дээрээ ч маргаагүй. Харин энэхүү төлбөр мөнгийг хүлээн авсны дараа хохирогчид өгөхөөр тохиролцсон. Энэ хэрэгт гэрчээр оролцсон Д.Л өгсөн. Энэ хүн авсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Төлбөрийг хүлээлгэн өгөх үед байлцсан гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Үүнээс болж миний эрх зүйн байдал дордож хэргийн зүйлчлэл, хорих ял хүндэрсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх гэрч Д.Лмэдүүлэг зөрүүгүй, эргэлзээ байхгүй гэж дүгнэсэн нь зөвхөн ганц хүний мэдүүлгийг үнэн зөв гэж байгаа нь учир дутагдалтай. Хохирогч Б.С нь тухайн хэргийн гомдол, мэдээллийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байхад эцэслэн мухарлаж шалган тогтоосонгүй. Хаана, хэн, ямар газраас эрх бүхий этгээд хил хамгаалах газраас лавлагаа гарган өгөөд байгаа гэдэг нь учир дутагдалтай. Мөн тухайн баримт нь хуурамч байх магадлалтайг огт анхаарч үзсэнгүй. Энэ нь гэрч Ч.Л“хохирогчтой гадаад улсаас харьцаж байсан баримт, мэдүүлгээр нотлогддог.”, мөн хохирогч Б.С өөрийнхөө гаргасан гомдлын агуулгыг огт мэдэхгүй, зөрүүтэй, гарын үсгүүд нь бүгд өөр хуурамч байхад шалгаж тогтоогоогүй шүүх дүгнэлт өгсөн. Мөн хохирлын төлбөр мөнгийг шүүгдэгч нь бусдад өгсөн гэдгийг нотлох шаардлагагүй гэж дүгнэснээс болж энэхүү хохирол төлбөрийг аваагүй байж дахин төлөх болж байгаад үнэхээр гайхан эргэлзээ төрж байна. Миний хувьд бүх хохирол төлбөрийг одоогоор төлөх боломжгүй, хорих ял эдэлж байгаа учраас нөхөн төлөх бололцоогүй байна. Харин бусдаас авах авлага, бусад этгээдээс авах асуудлууд цагдаа болон шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа тул өөрийн хариуцах хохирлын хэмжээг яаралтай бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно. Энэхүү хариуцах хохирол болох автомашин шилжүүлсэн буюу 39.445.000 төгрөгийг төлөх талаар ямар ч маргаан гаргаагүй. ...Би давж заалдах гомдолдоо гэм буруугийн талаар маргасан. Одоо маргахгүй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос олгогдсон итгэмжлэлийн дагуу хохирол төлбөрийг хүлээн авсан. Үүний дагуу хохирол төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлж байна. Бусдаас авах өр авлагууд 400 гаруй сая төгрөгийн асуудал одоогийн байдлаар хэлэлцэгдэж байна. Хохирогчийн 112.445.000 төгрөгийг төлөх бололцоо байгаа гэдгийг нотолно. Ар гэрийн хувьд ээжийн маань бие муу байгаа. Мөн эндээс гарч хохирол төлбөрөө барагдуулах зорилготой байгаа учраас давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Тайлбартайгаа холбоотойгоор баримтуудыг хавсаргасан. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гаргасан гомдлын агуулгаас татгалзаж, гэм буруудаа маргахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна, хохирлыг 100% хариуцан төлөхөө илэрхийлж байна. Иймд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хасаж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Б.Сөмгөөлөгч Г.Халиунаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь удаа дараагийн үйлдлээр хохирогчоос 112.445.000 төгрөгийг авчхаад нэг ч төлбөрийг төлөөгүй. Б.Сээжийн хувьд биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэр мөнгөөр эмчилгээ хийлгэх ёстой байсан. Хохирогч гомдолтой байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Хгийн хувьд өөрөө эрх зүйч мэргэжилтэй. Шүүх хуралдаанд гаргасан санал гомдлыг анхан шатны шүүх хэлэлцэж дүгнэлт гаргасан. Өнөөдөр мөн давж заалдах гомдлоосоо өөр агуулгатай зүйл ярьж байгаа нь шалтгаантай байх гэж бодож байна. Тус хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Н.Х нь иргэн Б.Соос олгосон итгэмжлэлийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны хооронд Ч.Л73.000.000 төгрөг, “MGLK300” маркийн автомашиныг 40.000.000 төгрөгт тооцон шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эрхийг хууль бусаар ашиглаж, их хэмжээний буюу 112.445.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эд зүйл авч хэрэгт хавсаргасан тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл болон гэрч Ч.Лгаргаж өгсөн Стой харилцаж байсан фейсбүүк чатын хувилбар, Хтэй хийсэн харилцан тохиролцсон №22-23 гэх дугаартай гэрээ, тээврийн хэрэгсэл Хд шилжүүлсэн нотариатын гэрээний хуулбар, тээврийн хэрэгсэл төлбөрт авахад татгалзах зүйлгүй гэх Хгийн гаргасан баталгааны хуулбар, Ч.ЛХудалдаа хөгжлийн банкны 412014138 дугаартай дансны хуулбар /1хх 60-88/, Худалдаа хөгжлийн банкны 499356205 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 135-140/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №СБ2-24-637 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 99-106/, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2019/01924 дугаар захирамж, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/Ш32019/10511 дугаар захирамж /1хх 18-27/, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22-23 дугаартай харилцан тохиролцсон гэрээ /хх 29/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б.С, Н.Х, Ч.Л нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийн мэдээлэл /1хх 123-125/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07/1061 дугаартай: “...Наранхүүгийн Х нь өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй...” гэсэн албан бичиг /1хх 112-113/,

хохирогч Б.С“...төлбөрийн 226.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх үед хамт ажилладаг Л надад дүү Х гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа найдвартай хийж хөөцөлдөж авч өгдөг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би Хтэй танилцахад Х надад өөрийгөө өмгөөлөгч, өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг байсан гэж хэлж танилцуулсан. Дараа нь би Хгийн хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу хамт очиход танилтай мэт харагдаж байсан учир түүнд итгэж 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр авагч намайг төлөөлөх итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан Хд өгсөн. Үүнээс хойш би төлбөрийн асуудлаар Хтэй холбогдоход ажиллагаа явагдаж байгаа, төлбөр орж ирвэл тань руу шилжүүлнэ гэж удаа дараа асуух болгонд надад хэлдэг байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд мөнгө орсон байгаа, намайг ирж мөнгөө ав гэж хэлбэл над руу тухайн мөнгийг шилжүүлж өгнө гэж Х хэлсэн. Дараа 2022 оны 12 дугаар сард манай ажлын хүн Лхагвасүрэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хд итгэмжлэл өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна, чи мэдсэн үү гэж надад хэлсэн. Үүнээс хойш би Хтэй өнөөдрийг хүртэл огт холбогдож чадаагүй....” /1хх 16-17, 94/,

гэрч Д.Л“...С Хтэй уулзаад итгэмжпэл хийж өгөөд Х нь Сийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр нэхэмжлэл гаргасан мөнгийг авсан ч Сид өгөөгүй юм шиг байна лээ. Би Соос төлбөрөө авсан эсэхийг асуухад төлбөр аваагүй гэж байсан. Хгээс асуухад би Стой байнга холбоотой байгаа гээд надад мэдээлэл өгөхгүй яваад байсан. Тэгээд Х нь Сид төлбөр төлөгчөөс мөнгийг нь авч өгөөгүй талаар мэдсэн юм. ...” /1хх 39-40/,

гэрч С.Т“...Ч.Л нь миний хадам аавын төрсөн дүү байгаа юм. Би Л ахтай гайгүй дотно харилцаатай байдаг. 99-28 УБР нь миний тээврийн хэрэгсэл байсан. Би тухайн машиныг зарах гээд нээх унахгүй байсан юм. Тэгээд нэг өдөр Лхамжав ах над руу яриад ах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөртэй байгаа юм. Ахын дүү машинаа төлбөрт нь өгчих, би чамд дараа нь машин олоод өгье гэхээр нь би зөвшөөрөөд нэг танихгүй хүн машин ирж үзээд болж байна гэсэн. Тухайн машин Мерседес бенз GLK 300 загварын тээврийн хэрэгсэл байсан. ...” /1хх 55/,

гэрч Ч.Л“...Шүүх дээр нэхэмжлэл гаргаж надаас 350.000.000 төгрөг нэхэмжилснийг бид хоёр эвлэрлийн гэрээ хийж 330.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд 104.000.000 төгрөгийг төлөөд 226.000. 000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд Х гээд Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гэх залуу яриад үлдэгдэл 226.000.000 төгрөгөөс 50 хувь буюу 113.000.000 төгрөг төлөөд хэргийг чинь хаая гэдэг санал тавьсан. Тухайн үед 2022 оны 8 дугаар сарын дунд үе байсан. Би зөвшөөрөөд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хтэй уулзаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ард байрлах нотариат орж бид хоёр гэрээ хийсэн. Би гэрээ хийхээсээ өмнө Стой фейсбүүк чатаар холбогдож Хгийн талаар тодруулж, мөн гэрээ хийх гэж байгаа талаараа мэдэгдэхэд “Ээжтэй тохиролцож гэрээ байгуулан мөнгийг нь хагасаар төлөхөөр болсон байна, би зөвшөөрч байгаа, манай Х бол өмгөөлөгч хүн учраас гэрээ юмнуудаа өөрөө мэдэж байгаа, төлөөлөөд явна. Харин гэрээг ягштал биелүүлэх хэрэгтэй” гэж бичсэн. Тэгэхээр нь би шууд гэрээ хийсэн. Тэгээд гэрээнд заагдсан Хгийн Худалдаа хөгжлийн банкны 499356205 дугаартай дансанд цувуулж 2022 оны 9 дүгээр сараас эхлэн 73.000.000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 40.000.000 төгрөгт нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн дүү Төмөрчөдөрийн эзэмшлийн 90-28 УБР улсын дугаартай Мерседес Бенз GLK300 загварын тээврийн хэрэгслийг Хгийн нэр дээр Төмөрчөдөртэй тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж өгсөн. ...” /1хх 53, 96/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Хг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл болох хорих ялыг 3 жилийн хугацаагаар оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 02 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 05 жил, 02 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Х нь шүүх хуралдаанд “...миний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргах зүйл байхгүй, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Ялын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагагүй тул Н.Хдээрх зорилгыг хангасан ял шийтгэлийг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/528 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Х нь анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 92 /ерэн хоёр / хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/528 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Хгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

       ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

     ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ