| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2020/02156/И |
| Дугаар | 210/МА2020/02398 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2020/02398
| 2020 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2020/02398 |
С.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/02308 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-ын хариуцагч Л.М ББСБ ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулалд 170 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Л.М ББСБ ХК-ийн тусгай активын албанд хуулийн мэргэжилтэнээр томилогдон ажилласан. Энэ ажлыг сайн хийж чадна гэвэл цалин дээр нэмээд урамшуулал өгнө гэж хэлж байсан. Би Л.М ББСБ ХК-д туршилтын 3 сарын хугацаанд 3 нэр бүхий зээлдэгч эрэн сурвалжлуулахаар өгч, 53 нэр бүхий зээлдэгчийн 20 676 477 төгрөгийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн ажиллагаанд 64 зээлдэгчийн хэрэг шүүхээр хянагдаж, 50 зээлдэгчийн баримтыг цуглуулж шүүхэд өгөхөд бэлэн болгосон. Нийт 170 нэр бүхий зээлдэгч нартай итгэмжлэлд заасан ажлыг ганцаараа хийж гүйцэтгэсэн болно.
2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 30 минутанд болсон тайлангийн хуралд надад шагнал урамшуулал олгох асуудлыг хэлэлцэж ажлаас халахад шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00884 дугаар шийдвэрээр намайг Л.М ББСБ ХК-ийн тусгай активын албаны хуулийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Л.М ББСБ ХК-аас 1 583 188 төгрөг гаргуулж, надад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдсэн боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүй.
2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр компаниас удаа дараа утсаар дуудахад очсон. Л.М ББСБ ХК дээр очиход хүний нөөцийн мэргэжилтэн н.Болор-Эрдэнэ, хуулийн зөвлөх М.Нямжав нар та өөрийн хүсэлтээр ажлаа өг, хэрэв өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй бол танд ажил өгөхгүй, таны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхгүй, мөн өмнөх сарын цалин өгөхгүй гэж хэлсэн. Уг өдөр ажилд томилсон тушаалыг танилцуулаагүй. Миний бие аргагүйн эрхэнд тус дүүргийн шүүхэд хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн.
Хариуцагч Л.М ББСБ ХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №2020/60 тоот гүйцэтгэх захирлын ажилд авах тушаалыг мөн сарын 29-ний өдрийн орой 18 цагт Монгол шуудан ХК-аас өгсөн. Уг тушаалыг аваад Л.М ББСБ ХК-ийн ажлын байранд очтол мөн оны 6 дугаар сарын 02-04-ний өдрийг хүртэл хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлэх гэтэл бүртгэх боломжгүй байна гээд ажлын оффис руу нэвтэрч чадаагүй. Хүсэлт болон амаар удаа дараа мэдэгдсэн ч хүлээж аваагүй. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №06/08 тоот ажлаас чөлөөлсөн хариу мэдэгдэх хүргүүлэх баримтыг мөн сарын 10-ны өдөр Монгол шуудан ХК-ийн 23 дугаар салбараас хүлээж авсан болно. Иймд ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.
Л.М ББСБ ХК-иас 170 зээлдэгчийн нэг хэрэг тус бүрийг 1 000 000 төгрөгөөр бодож урамшуулалд 170 000 000 төгрөг нэхэмжилж байна. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Л.М ББСБ ХК нь ажлаа сайн хийж гүйцэтгэвэл урамшуулал өгнө гэж амласан. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тайлангийн хуралд надад урамшуулал олгох асуудлыг хэлэлцсэн. Нэг хэрэгт өмгөөлөгч 1 000 000 төгрөгөөс доошгүй үнээр ажил үйлчилгээ явуулдаг гэх гэрээний саналаа удаа дараа Л.М ББСБ ХК-д хэлдэг байсан. Энэ саналд Л.М ББСБ ХК хариу ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 196.1.6, 196.1.7 болон мөн хуулийн 196.2 дах хэсэгт зааснаар энэ үүргээ биелүүлээгүй бол дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Би үүргээ зохих ёсоор шударгаар хугацаанд сайн гүйцэтгэсэн учраас Иргэний хуулийн 343.1, 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй. Иймд урамшуулалд 170 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00884 дугаар шийдвэрийг сайн дураар хүндэтгэн биелүүлж, шүүхийн шийдвэрт заасны дагуу мөн оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/60 тоот тушаалаар С.Б-ыг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 43 өдрийн цалинтай тэнцэх олговор 1 583 188 төгрөгийг С.Б-ын 5077445344 тоот ХААН банк ХХК дах данс руу шилжүүлсэн. Ажилд эгүүлэн томилсон тушаалыг С.Б-т мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шуудангаар хүргүүлж, тэрээр тушаалыг хүлээн авсан тухайгаа мөн сарын 29-ний өдөр бичгээр мэдэгдэж, хариу ирүүлсэн боловч мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй.
Харин С.Б-ын 2 удаа компанид ирүүлж байсан бичгээс нь үзвэл тэрээр шүүхийн шийдвэрт зааснаас илүү мөнгө буюу нийт 6 500 000 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэгчээс ирүүлсэн хууль бус албан шаардлагын хариуд Л.М ББСБ ХК-ийн зүгээс мөн сарын 04-ний өдрийн 06/08 тоот хариу мэдэгдлийг хүргүүлсэн. Компанийн хувьд заавал хурууны хээ уншуулж оффис руу нэвтэрдэг зүйл байхгүй бөгөөд хурууны хээ уншдаг төхөөрөмж нь зөвхөн цаг бүртгэдэг болохоос оффис руү нэвтрүүлэх, эсхүл хязгаарлах хэрэгсэл биш юм. Түүнчлэн компани руу нэвтрэх хэсэгт хяналтын камертай бөгөөд С.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 02-12-ны өдрийн хооронд /нийтээр амарсан баярын өдрүүд ороогүй болно/ ирээгүй болох нь камерын бичлэгээр давхар нотлогдоно. Нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй байсан тул 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргаж С.Б-т шуудангаар мөн сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Харин С.Б- нь мөн сарын 23-ны өдөр шууданг хүлээн авахаас татгалзсан байдаг бөгөөд энэ талаар Монгол шуудан ХК-аас бидэнд хариу ирүүлсэн.
Мөн нэхэмжлэгч С.Б- нь ажил олгогчтой үүссэн харилцааг ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзэж байгаа бол хөдөлмөрийн маргаан үүсгэх эрхгүй.
Ажил олгогч нь С.Б-т хэрэг бүрт 1 000 000 төгрөгийн урамшуулал олгохоор амласан зүйл байхгүй.
Л.М ББСБ ХК-ийн ерөнхий нягтлан бодогч С.Азжаргал нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын байцаагчид нийгмийн даатгалын нөхөн тайланг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг тул тэр өдрөөс хойшхи нийгмийн даатгалын лавлагааг дахин авч үзвэл компани нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэдгийг үзэх боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан үндэслэлгүй тул шагнал урамшууллын мөнгө болох 170 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 010 200 /70 200+900 000+40 000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Б- давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байна. Мөн зүйлийн 168.1.1-т зааснаар шүүх өөр хуулийг эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Ажил олгогч Л.М ББСБ ХК нь гэрээний санал хүсэлт хүргүүлсний төлөө, буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлтээр үнийн санал оруулж өгөхийг хүссэний төлөө хууль бус шаардлага тавьсан гэх үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 04, 16-ны өдрүүдэд ажлаас халсан. Л.М ББСБ ХК нь намайг 2020 оны 6 дугаар сарын 02-10-ны өдөр хүртэл ажилдаа ирэхгүй байсан учраас ажлаас халсан, бичлэг нь байгаа гэсэн боловч бичлэгийг үзүүлээгүй. Мөн түүнчлэн миний ажлын байран дээрээ очиж байсан 2020 оны 5 дугаар сарын 26-29-ний өдрийн бичлэгийг үзүүлээгүй. Энэ үед би байнга гэрээний санал хүсэлтээ барьж очдог байсан юм. Хөдөлмөрийн гэрээний 4.1.5-т урамшуулалтай холбоотой саналыг тавина гэж заасан. Гэтэл урамшууллын саналаа тавьсаны төлөө ажлаас чөлөөлсөн.
Анх ажилд ороход нэг хэрэгт 1 000 000 төгрөг юу ч биш манай компани цаашдаа итгэлтэй зээлдэгч нартаа 30 000 000 төгрөгийн зээлийг зах зээлд нийлүүлнэ гэж ярьж байснаа шүүх дээр огт өөр юм ярьдаг.
Нэг хэрэгт өмгөөлөгч 1 000 000 төгрөгөөс доошгүй үнээр ажил үйлчилгээ явуулдаг гэж энэ гэрээний саналаа удаа дараа Л.М ББСБ ХК-д ажилд орсон цагаас хэлдэг байсан. Хөдөлмөрийн гэрээний 2.2, 3.6-т компанийн төлөвлөсөн зорилт, үр дүнд хүрсэн байдал ажилтны ажлын үр дүнтэй уялдсан байдал ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу урамшуулал олгоно, хөдөлмөрийн гэрээний 2.2.3.7-т ажилтанд шагнал, нэмэлт урамшуулал олгох эсэхийг Л.М ББСБ ХК нь тухай бүрт шийдвэрлэх бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээний үүрэг болно... гэж заажээ. Гэтэл ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар өөрт давуу байдал олгож байна.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 , 128.1.5, 128.1.6, 128.1.8 , 128.1.9-т заасныг огт хэрэглээгүй байна.
Мөн шүүх дээрх нотлох баримтыг үнэлээгүй буруу шийдвэр гаргасан. Хавтас хэргийн 101 дүгээр хуудсанд хэргийн хугацаа сунгасан шүүгчдийн тогтоол дээр 2 шүүгчийн гарын үсэг зураагүй байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.5 дах хэсэгт заасныг зөрчсөн.
Хариуцагч хуурамч нотлох баримт гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д зааснаар хавтас хэргийн 110 дугаар хуудсанд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1014 тоот баримтаар миний даатгалын шимтгэлийг санд мэдээлэл оруулсан гэж баримт үйлджээ. Миний шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт огт бичилт хийгээгүй 2020 оны 01 дүгээр сараас хойш хоосон байгаа. Төрийн албан хаагч хувийн компанийн өмнөөс баримт үйлдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Иймд гэрчээр дарга Н.Ариунааг асуулгах хүсэлттэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчим дээр хэрэгжүүлнэ гэсэн үндсэн зарчим хэрэгжээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүний нэр хүндийг гутаан доромжилж, үг тасалдуулах, гүтгэх зэрэг бусармаг үйлдэл хийж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан нэхэмжлэгч миний хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр зөвхөн компанийн тамгатай цаасаар хууран мэхлэх замаар биелэдэг эд биш. Иймд Чингэлтэй дүүргийн 125 тойргын шийдвэр гүйцэтгэгч н.Батмөнхийг гэрчээр асуулгах хүсэлттэй байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баримтуудыг хавсаргах саналтай. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163.7.3-т зааснаар шүүх дутуу бүрэлдүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дахин нотлох баримт гаргаж өгмөөр байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Л.М ББСБ ХК-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, урамшуулалд 170 000 000 төгрөг гаргуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
1 дэх шаардлагын тухайд:
Л.М ББСБ ХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00884 дугаартай шийдвэрийн дагуу компанийн гүйцэтгэх захирал 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/60 дугаар тушаал гарган С.Б-ыг Тусгай активын албаны хуулийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, тушаалыг түүнд мөн сарын 29-ний өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-6, 50, 132/
Ажил олгогч Л.М ББСБ ХК, ажилтан С.Б-ыг 2020/60 дугаар тушаал хүлээн авснаас хойш ажилдаа ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2020/67 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-52/ Уг тушаалыг С.Б- эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар тэдгээрийн хооронд маргаан үүсчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлагын агуулгыг буруу тодорхойлж маргааны үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.
Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллах нөхцөл боломжоор хангасан эсэх, нэхэмжлэгч тал 2 ба түүнээс дээш хоногоор ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
Талууд хөдөлмөрийн гэрээний 5.2.5 дах заалтаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор харилцан тохиролцсон байна. /хх-59/
Нэхэмжлэгч С.Б- нь ажилд томилсон тухай тушаалыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гардан авсан, мөн өдрөө болон 6 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн шийдвэрийг биелүүлэх, 2-5 дугаар сарын цалинг олгох агуулга бүхий хүсэлтийг хариуцагч компанид явуулжээ. /хх-35-36/ Хариуцагч Л.М ББСБ ХК 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 06/08 тоот албан бичгээр дээрх хүсэлтийн хариу мэдэгдлийг нэхэмжлэгч С.Б-т хүргүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 57 дах талд авагдсан албан бичгээр тогтоогдсон байна. Уг албан бичиг нь хариуцагч компани шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, харин нэхэмжлэгч ажилд томилсон тушаалыг хүлээн авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж байгаа нь хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл болж буй талаар түүнд мэдэгдсэн агуулгатай байна.
Хариуцагчаас, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ нотлохоор 2020 оны 6 дугаар сарын 02-ноос 12-ны өдрүүдийн компанийн 1-2, 6 давхрын камерын бичлэгийг хатуу диск /Hard dick/ хуулбарлан баримтаар шүүхэд гарган өгч, үзлэг хийлгэх хүсэлт гаргажээ. /хх-92/ Нэхэмжлэгч С.Б- нь ... 2020 оны 6 дугаар сарын 02, 03-ны өдөр компанийн гадаа тамхины цэг дээр байсан, бичлэгт миний бие байхгүй, үзлэг хийлгэх шаардлагагүй, маргахгүй болно гэсэн тайлбар шүүхэд гаргасны улмаас хариуцагч тал хүсэлтээсээ татгалзсан байна. /хх-102-103/ Мөн нэхэмжлэгч тал 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгийг хүлээн авснаас хойш ажлаас чөлөөлсөн 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхээр хариуцагч компанид очсон, түүнд ажиллах боломж олгоогүй гэх гомдлын шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймээс нэхэмжлэгч С.Б-ыг хөдөлмөрийн гэрээний 5.2.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан гэх ноцтой зөрчлийг гаргасан, уг зөрчил тогтоогдсон гэж үзнэ. Хариуцагч Л.М ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2020/67 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэх тул нэхэмжлэгчийн, ажилд эгүүлэн тогтоолгож, үр дагаврыг нь арилгуулах тухай гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2 дах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Б-, хариуцагч компаниас урамшуулалд 170 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ ... анх ажилд авахдаа ажлаа сайн хийж чадвал цалин дээр нэмээд шагнал урамшуулал өгнө гэсэн учир саналыг хүлээн авч ажилласан, ... туршилтын 3 сарынд хугацаанд 170 нэр бүхий зээлдэгч нартай итгэмжлэлд заасан ажлыг ганцаараа хийсэн, ... 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тайлангийн хурал дээр надад урамшуулал олгох асуудлыг хэлэлцсэн ..., ... ажил олгогчоос миний үнийн саналыг хүлээн зөвшөөрч, татгалзсан хариу ирүүлээгүй учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлажээ. Хариуцагч тал ... хэрэг бүрт 1 000 000 төгрөгийн урамшуулал олгохоор амласан зүйлгүй, компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон гүйцэтгэлийн үнэлгээний журамд ийм байдлаар урамшуулал олгохоор зохицуулаагүй, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ... гэж маргасан байна.
Зохигчид Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан тул тэдгээрийн хооронд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмаар зохицуулагдана.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.3.6-д Компанийн төлөвлөсөн зорилт, үр дүндээ хүрсэн байдал болон ажилтны ажлын үр дүнтэй уялдан ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу урамшуулал олгож болох бөгөөд гүйцэтгэлийн урамшуулал олгох нөхцөл, шалгуурыг Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна гэж заажээ. /хх-58 ар тал/
Хариуцагч Л.М ББСБ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.6.2-т Ажилтны ажил гүйцэтгэл, үр дүнг Гүйцэтгэлийн үнэлгээний журам-д заасны дагуу хагас жил бүр KPI үзүүлэлтээр тооцон гаргаж, урамшуулалт цалинг олгож болохоор, Гүйцэтгэлийн үнэлгээний журмын 3.7.2, 3.7.3-т үндсэн ажилтан болсноос хойш 3 сар болсон хөдөлмөрийн гэрээтэй ажилтнуудад гүйцэтгэлийн урамшуулал олгох, урамшуулал олгох үеийн хамрах хугацаан дах ажиллавал зохих нийт хоногийн 80 хувь ба түүнээс дээш хувь ажилласан байх-аар тус тус зохицуулсан байна. /хх-77, 95/
Нэхэмжлэгч С.Б- нь дээрх журамд заасан болзол, шалгуурыг хангасан, тайлангийн хурлаар түүнд урамшуулах олгох асуудлыг хэлэлцсэн гэх үйл баримтыг баримтаар нотлоогүй, мөн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхээ эдлээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хэргийн хугацаа сунгасан тогтоолд 2 шүүгч гарын үсэг зураагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан журмыг зөрчсөн гэжээ.
Хуулийн уг зүйлд шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан байвал шүүхийн шийдвэр хүчингүй болох-оор зохицуулжээ. Хэргийн 100-101 дүгээр талд авагдсан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд 2 шүүгчийн гарын үсэг зурагдаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дээрх хуулийн заалтад хамаарахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол хуулийн үндэслэлгүй байна.
Мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан этгээд нь гомдлын үндэслэлдээ анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул нэхэмжлэгч С.Б-ын, Н.Ариунаа, н.Батмөнх нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг давж заалдах шатны шүүх авч хэлэлцэх боломжгүй болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/02308 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Б-ын ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, урамшуулалд 170 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтыг хасаж, 3, 4 гэснийг 2, 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 007 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД