Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/621

 

 

  2025             05             22                                       2025/ДШМ/621

 

 

Б.Бхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Г.Бат-Оргил,

           шүүгдэгч Б.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/668 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Бхолбогдох эрүүгийн 2409033942370 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, 

- 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,  

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн;

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 29 дүгээр байрны гадна иргэн Б.Ц 14-18 УНУ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байх үед нь түүний эзэмшлийн Samsung Galaxy S24 ultra маркийн гар утсыг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, хохирогч Б.Ц3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                       Сүхбаатар дүүргийн прокуророос: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Бг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас хохиролд 3.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цолгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

                   Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Б.Б нь өмнө 2 удаа шүүхээр ял шийтгүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Мөн шүүдэгч Б.Бгийн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Б нь ид шилжилтийн үеийн 13 настай эрэгтэй хүүхэдтэй. Хүүхдийн сэтгэл санааны байдал тогтворгүй байгааг шүүх харгалзан үзнэ үү.

                   2. Хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдсан үйл баримтын талаар: Хохирогч Б.Цогбаярын “... 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн орчимд машинтай явж байгаад нойр хүрээд байхаар нь 16 дугаар сургуулийн урд талд байх зогсоол дээр машин дотроо цонхоо онгойлгоод унтсан. Тэгээд 12 цагийн үед сэрэхэд утас алга болсон байсан. Би гар утсаа цээжин дээрээ тавиад унтсан. Би тухайн үед унтаж байсан болохоор юу ч мэдээгүй юм. Ер нь бол машиндаа байнга л унтдаг юм.” гэх хохирогчоор өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. /хх8-10/ Эндээс харахад шүүгдэгч Б.Б хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эсхүл эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдээгүй, эсхүл хохирогчийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байх үед буюу хохирогчийн хараа хяналт дороос бусдын эд зүйлийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хулгайлаагүй байна. Хохирогч Б.Цогбаяр нь машиндаа байнга унтдаг, нэг унтахаараа нам унтдаг байдал нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлгээс харагдах бөгөөд хулгайлах гэмт хэргийн хохирогч болох нөхцөл байдлыг урьдчилан тооцоолдоггүй, хайхрамжгүй байдал нь бусдад хулгайлах гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Б.Б тухайн гар утсыг аваагүй байлаа гэхэд дараагийн нэг этгээд авах бүрэн боломж өнөөгийн манай нийгэмд нээлттэй хэвээр байна. Иймд шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал, өмнө ял шийтгүүлж байсан үйл баримт болон хохирогчийн зүгээс гэмт хэргийн хохирогч болсон нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Боногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тэр өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн явж байсан. Нэг машины цонх онгорхой дотор нь нэг хүн цээжин дээрээ утсаа тавиад унтаж байсан. Тэгэхээр нь утсыг нь аваад явсан. Гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна.” гэв. 

Прокурор Г.Бат-Оргил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бхолбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзээгүй. Тухайн бүлэгт заасан гэмт хэргийг өмнө нь үйлдэж байсан. Засрал хүмүүжлийг олоогүй байна гэдэг байдлаар хувийн байдалд нь дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байдлыг харгалзаж үзсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Иймд шүүгдэгч Б.Б1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шинж чанарт тохирсон. Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Бхолбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 29 дүгээр байрны гадна иргэн Б.Ц 14-18 УНУ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байх үед нь түүний эзэмшлийн Samsung Galaxy S24 ultra маркийн гар утсыг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, хохирогч Б.Ц3.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 12/, хяналтын камерын бичлэг /хх 15/,

хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-924-11252 дугаартай “...Гар утасны зах зээлийн үнэлгээ 3.500.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх 25-31/,

хохирогч Б.Цогтбаярын “...нойр хүрээд байхаар нь 16 дугаар сургуулийн урд талд байх зогсоол дээр зогсоод машин дотроо цонхоо онгойлгоод унтсан. Тэгээд 12 цагийн үед сэртэл миний утас байхгүй болсон байсан. ...” /хх 8-10/,

яллагдагч Б.Бгийн “...би тэр гар утсыг авч яваад Монтел дээр 100.000 төгрөгөөр зарсан. ...” /хх42/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бхолбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Бг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, хохирогч Б.Ц3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Ганбаатар нь “...хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.   

Давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/668 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2, 3 дахь заалтын “...1 жил 6 сарын хугацаагаар...” гэснийг “...1 /нэг/ жилийн хугацаагаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Бгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ