Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 115/ШШ2016/0023

 

 

2016         12           09            115/ШШ2016/0023     

                                           
    
 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:   Дорноговь аймгийн А намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Д сумын Сонгуулийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Гыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг Д сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Дорноговь аймгийн А намын өмгөөлөгч Ч, хариуцагч Дорноговь аймгийн Д сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга Н, гуравдагч этгээд Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн А намын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбарт: Монгол Ардын намаас орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэн Бын Г нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байхад манай намын гаргасан гомдлыг шалгаж шийдвэрлэлгүй хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Дорноговь аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигч Г нь 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А намд элсэж 140079 дугаартай гишүүний батлахыг тус аймгийн Эрдэнэ сумын А намаас түүнд олгосон байна. Тэрээр татвар төлж байгаагүй бөгөөд намын гишүүний батлахыг гишүүн нь өөрөө хадгалдаг.  
 Г нь МАН-д элссэн тухайгаа манай намд мэдэгдээгүй ба намын гишүүнээс гарах тухай өргөдлөө өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна.
Тиймээс Гыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахыг Дорноговь аймгийн Д сумын Сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгч Дорноговь аймгийн А намын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А нам нь 2016 оны 10 дугаар сарын 13-нд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гыг Ардын намаас нэр дэвшиж, бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах, нэрсийн жагсаалтаас хасахыг даалгаж өгнө үү гэсэн эхний шаардлагыг цаг хугацаа өнгөрсөн байна гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 
Нэхэмжлэлд Гыг 2003 онд А намд элссэн гэж бичсэн нь буруу юм. Тухайн үед Монгол Ардын Намын гишүүний батлахыг нь хараад 2003 онд элссэн гээд бичсэн байсан. Үүнийг ээ залруулж байна. Г нь хоёр намын гишүүнчлэлтэй хүн гэж ойлгохоор байна. Г нь Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар нэг намын гишүүнийг өөр намд нэр дэвшүүлэхийг хориглоно гэдэг заалтыг зөрчсөн байгаа. Сумын Сонгуулийн хороо Сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т зааснаар нэр дэвшигчид тавих шаардлага хангаагүй гэж нэрсийн жагсаалтаас хасах байсныг хасалгүй Сонгуулийн хуулийн 159 дүгээр зүйлийн нэр дэвшигчээс хасах гэдэг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 
Намд үлдсэн бичгийн нотлох баримт гэхээр анкет  л байна. Намд анкет л үлддэг юм. Намын батлахыг гишүүнд өөрт нь гардуулдаг. А намын анкетад зурсан гарын үсгийг урьд нь түүний Эрдэнэ сумын Хаан банкинд ажиллаж байхдаа зурж байсан гарын үсэгтэй нь харьцуулахад адилхан байгаа юм. Тухайн үед Хаан банкинд эдийн засагч, теллерээр ажиллаж байхдаа зурдаг байсан гарын үсэгтэй нь таарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Одоо бол Гын гарын үсэг өөрчлөгдсөн байгаа байх. Хэдийгээр анкетыг бичээгүй гэдэг боловч түүний гарын үсэг мөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр гарсан. 
    Гишүүн татвар төлөх эсэх нь өөрөөс нь хамаардаг. Татвараа төл гээд шаардаад байдаггүй. Ер нь татвараа байнга төлдөг гишүүн байдаггүй юм байна лээ. Намын гишүүд сайн дураараа л татвараа төлдөг. Намын татвараа төлдөггүй байсан нь намын гишүүн биш гэсэн үг биш. 
А намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын 3.4.3-т зааснаар гишүүн харьяа намын бүлэгтээ хандаж намаасаа гарах ёстой байдаг. Ингэхдээ хүсэлтээ намын батлахтайгаа буцаах ёстой. 
    Эрдэнэ суманд намын гишүүд цөөхөн байдаг. Г нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд явж байсан байдаг. Гэхдээ тэр үед Хаан банкны ажлаар явж байсан гэж хэлээд байна. Одоо юу гэж ярих нь энэ хүний асуудал. Хаан банкинд харилцагч нэмэх гэж явсан гэдэг нь гэрч Бийн мэдүүлгээр няцаагдаж байна. 
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч шинжээчийн дүгнэлтээр Дорноговь аймаг дахь А намын Эрдэнэ сумын намын хороонд Г  бүртгэлтэй нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Дорноговь аймгийн Д сумын Сонгуулийн хорооны шүүхэд ирүүлсэн тайлбар болон тус Сонгуулийн хороог төлөөлөх этгээдийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшсэн Гыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл байхгүй гэж  үзэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2,157.7,157.9-д заасныг үндэслэн сумын ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр  дэвшсэн Гыг Сонгуулийн хорооны гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшигчээр бүртгэсэн. Сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.10 дахь заалтын дагуу  9 дүгээр сарын 27-ны өдөр нэр дэвшигч нарт үнэмлэхийг нь гардуулж өгөх гэж байхад  сумын А намаас “МАН-аас нэр дэвшиж буй Г нь манай намын гишүүн, сумын МАН нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчиж нэр дэвшигч бүртгүүлсэн” гэх гомдлыг албан тоотоор ирүүлсэн. Сонгуулийн хороо хуульд заасан эрхийнхээ хүрээнд гомдлыг хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан үйл ажиллагааг явуулж гомдолд холбогдуулан нотлох баримт хүсэхэд Гыг 2009 онд Эрдэнэ суманд А намд элссэн тухай нотариатаар батлуулсан анкет ирүүлсэн.  Мөн МАН-аас  Гын намын гишүүний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, нэр дэвшигчийн гар өргөдлийг ирүүлсэн. Ийнхүү тус гомдолтой холбогдуулан сумын А нам, МАН-аас холбогдох баримтуудыг гаргуулан авсаны үндсэн дээр Сонгуулийн хорооны бүрэн эрхэд үл хамаарах гомдол хэмээн үзэж гомдолоо холбогдох байгууллагад гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг хүргүүлсэн.
Сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна 154 дүгээр зүйлийн 154.3-д заасан шаардлагыг хангасан байх ёстой ба сумын Сонгуулийн хороо  нягтлан шалгахдаа Сонгуулийн тухай хуулийн 157.2, 157.6, 157.7-д заасан заалтуудыг баримталсан. Сонгуулийн тухай хуулийн 157.2.3, 157.2.6 дахь заалтын дагуу ирүүлсэн материалд нэр дэвшигч нь өөрийгөө сумын МАН-ын гишүүн, мөн нэмэлт тодруулга авахад сумын МАН-ын хорооны дарга нь Гыг өөрийн намын гишүүн мөн хэмээн батлан ирүүлсэн. Иймээс сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154.6, 158.1.2 дахь заалтуудыг зөрчөөгүй.
    Сумын Сонгуулийн хороо А намын гомдлын дагуу МАН-аас тодруулга авахад Монгол Ардын Намын гишүүн мөн гэсэн хариуг 2011 онд олгосон батлахтай хамт явуулсан байсан. Мөн намын даргаас тайлбар авч Гтай уулзсан. Тэгэхэд Г нь энэ миний бөглөсөн анкет биш, миний гарын үсэг биш байна гэж хэлсэн. Бидний хувьд Гыг нэг намаас гараад өөр намд элссэн гэдгийг мэдээгүй. Хууль дүрмийнхээ дагуу ажиллаж бүртгэж авсан гэв.

Гуравдагч этгээд Гын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Би Дорноговь аймгийн Д сумын 4-р багийн иргэн бөгөөд 1989 оны 8 дугаар сарын 3-наас хойш оршин сууж байгаа, одоог хүртэл шилжилт хөдөлгөөн хийгээгүй. 2008 оны 5 дугаар сарын 1-нээс Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хаан банкинд теллер, ахлах теллер, эдийн засагч гэсэн ажлыг хийж 1 жил 9 сар ажилласан. 2010 оны 1 дүгээр сарын 23-наас Д сумын Хаан банкны эрхлэгчээр томилогдож ажилласан. Үндсэн харъяалал Дорноговь аймгийн Д сумаар явдаг. Би 2003 онд оюутан байхдаа Монгол Ардын Хувьсгалт Нам байхад нь элсэж байсан. 2011 онд Монгол Ардын Намаас шинэ батлахаа авсан.  Үүнээс хойш анкетаар тогтохгүй сонгуульд оролцсон талаарх бүх бүртгэл байгаа. А намын нэхэмжлэл дээр анкетын талаар бичигдсэн байна. Тэр анкетыг зөвхөн өөрийн гараар хар өнгийн балаар бичнэ гэсэн боловч анкетад байгаа бичиг минийх биш. А намаас Бын Г нь 2009 онд гишүүнээр элсэхээр өөрийн биеэр ирж намын гишүүний батлахаа авсан гэсэн нь үндэслэлгүй зүйл байна. Би амаар болон бичгээр А намд элсэнэ гэсэн хүсэлт гаргаж байгаагүй. Мөн би тус намд элсээгүй болохоор  намаас гарах өргөдөл өгөх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Мөн намын хуралд сууж байгаагүй. Намайг хандив өгсөн гэлээ. Хаан банк бизнесээ сурталчлахаар зарим байгууллага, хувь хүмүүст аяга, бал өгдөг байсан. Тэр утгаараа А намд өгсөн байж болно. Мөн Сонгуулийн сурталчилгаанд явсан гээд байна. Б ах нэг удаа намайг ажлын шугамаар Хаан банкны мотоциклтой явж байхад баахан сонин аваад хамт явсан гэдгийг санаж байна. Би тухайн үед зээлдэгч нартай уулзаад явж байсан. Сонгуулийн сурталчилгаанд явахдаа сонгуулийн хорооноос зөвшөөрөл авдаг юм. Тэгээд ч би албаны мотоциклыг сурталчилгаанд авч явах эрхтэй хүн биш. 
     Шүүхэд өгсөн нотлох баримтуудаас өөр нотлох баримт гаргаад ирвэл үзмээр байна. Ямарваа нэгэн юманд нотлох баримт гэдэг чинь чухал байх. Хавтаст хэргийн материалтай танилцсан бол Монгол Ардын Намын гишүүн гэдгийг нотлох баримт хангалттай байгаа.  Гэрчийн мэдүүлэг авсан байсан. Надтай цуг элсэж байсан хүмүүс  байдаг л байлгүй, хэзээ, хаана ямар хүмүүсийн хажууд намын батлахаа гардуулж өгсөн нь тодорхойгүй байна. Би өмнө нь шинжилгээ өгч байсан болохоор шинжилгээ яаж явагддаг талаар гадарлаж мэднэ. Би өөрийгөө 2008 оноос хойшхи бүх юмаа санадаг гэж боддог. Миний гарын үсэг мөн гээд шинжилгээний хариу нь гараад ирсэн байна. Налуу, босоо гэсэн нь зөрсөн байна лээ. Техник технологийн хувьд маргах зүйлгүй, харин шинжилгээ хийж байгаа хувь хүнд нь байдаг юм болов уу эргэлзээтэй л байна. Анкет барьчихаад Б гэдэг хүний хэлснээр яваад байгааг ойлгохгүй байна гэв.

Гэрч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Г бид нар Д суманд төрсөн хүүхдүүд. Түүнийг Эрдэнэ суманд ажиллахаар ирсэн байхад нь сайн танилцаж авсан. Г нь А намд 2009 оны хавар элсэж намын гишүүний батлахаа гардаж авсан. Гишүүнээр элсэхэд анкет бөглөөд гарын үсэг зураад намын гишүүнээр тогтоогддог, ганц анкет нь л үлддэг, намын үнэмлэх өөрт нь байдаг. Намын гишүүд татвараа сайн дураараа төлдөг болохоос төл гэж шаарддаггүй тул Гын хувьд татвар төлж байгаагүй, харин Ерөнхийлөгчийн сонгуульд хамт сурталчилгаанд орж байсан. Мөн намын ажил бусдын дэмжлэгээр явдаг байсан болохоор Г бичгийн цаас, бал, үзэг гэх мэт зүйлүүдийг хандиваар өгч байсан. Эрдэнэ сумын А нам байнга хүсэлт аваад элсүүлээд байдаггүй. Бид нар хөдөө гадаа явдаг учраас хүмүүс элсэнэ гэсэн саналаа хэлвэл гарын үсэг зуруулаад батлахыг нь өгдөг, хөдөө малын бэлчээр дээр ч батлахыг өгчихдөг. 
Миний 2016 оны 12 дугаар сарын 06-нд шүүхэд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэвээр. Сумын намын гишүүдийн 2015 оны бүртгэлийг өөрөө гаргаж өгсөн. Бусад нь аймгийн намд ирчихсэн байсан. Би 2009, 2010, 2011 оны бүртгэлүүдийг тухайн он, онд нь явуулдаг байсан гэв.

                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн А нам нь тус аймгийн Д сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Гыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “МАН нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж манай намын гишүүнийг сумын  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн” гэж маргажээ.

Дорноговь аймгийн А намын дээрх шаардлага бүхий нэхэмжлэлтэй маргаан шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байх явцад Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалтын ажиллагаа явагдаж дүн гарснаар тус сонгуульд МАН-аас нэр дэвшигч, гуравдагч этгээд Г нь сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар тогтоолоор  сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон улмаар Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/01 дүгээр тогтоолоор  түүний хурлын төлөөлөгчийнх нь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд бий болсон байна.

Дорноговь аймгийн Д сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор  тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монгол Ардын Нам, А Намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн нэр дэвшигчдийн материалаас шаардлага хангасан гэж үзсэн 39 нэр дэвшигчийг бүртгэхээр шийдвэрлэж нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсаны  1 дүгээр хавсралтын 12-т МАН-аас нэр дэвшигч Г бүртгэгджээ.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн А нам нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хавтаст хэрэгт авагдсан 140079 дугаартай “А намын гишүүний анкет”, намын анхан шатны байгууллагын дарга  Б.Б, гишүүн С.Мнарын мэдүүлэг, мөн шүүхийн шаардсанаар гаргаж өгсөн Эрдэнэ сумын намын хорооны гишүүдийн 2009, 2010, 2011, 2015 оны бүртгэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа гэх боловч эдгээр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг /гуравдагч этгээд Гыг А намын гишүүн гэдгийг/ хангалттай нотолж чадахгүй байна гэж үзлээ.

-140079 дугаартай “А намын анкет”-ын тухайд: Энэхүү анкетад  гуравдагч этгээд Гын талаарх мэдээллүүд үнэн зөв бичигдсэн байх боловч тухайн этгээдээс уг анкетын “Гишүүнд элсэгчийн гарын үсэг” гэсэн хэсэгт бичигдсэн гарын үсэг, тайлалыг “өөрийнх биш, хуурамч” хэмээн маргасантай холбогдуулан шүүхээс түүний тайлбарын үнэн зөв эсэхийг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад  тэрхүү гарын үсэг болон тайлал  нь гуравдагч этгээд Гын 2009 оны болон одоогийн гарын үсэг, тайлал бичвэрүүдтэй тохирч байгаа нь тогтоогдсон  ба гуравдагч этгээдийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв болох нь эргэлзээтэй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ч тэрээр шинжээч томилуулж, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг гаргаагүй болно. 

-Гэрч Б.Бийн мэдүүлгийн тухайд: Тэрээр “Г нь 2009 оны 04 дүгээр сарын 07-нд А намд элссэн, миний бие өөрийн гараар түүний гишүүний батлах /үнэмлэх/-ыг гардуулж өгсөн, 2009 оны Орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгаанд түүнтэй хамт Төмөр замын зөрлөгүүдээр мотоциклоор явж байсан, мөн Г нь намын хуралд ирж суудаг байсан хэмээн шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн  ч эдгээр үйл баримтууд нь холбогдох бусад баримтуудаар давхар нотлогдохгүй байна. Тухайлбал шүүх нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд Гад намын батлахыг нь гардуулсан талаарх болон түүнийг намын хуралд сууж байсан эсэхтэй холбогдох бичмэл нотлох баримтууд /намын анхан шатны байгууллагын хурлын тэмдэглэл гэх мэт/-ыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан  боловч холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй улмаар уг үйл баримтуудыг гэрчлэх этгээд байгаа эсэх талаарх нотлох баримтын эх сурвалжаа заасан тайлбарыг гаргаагүй бөгөөд 
“Г А намын гишүүн мөн эсэх” талаарх Б.Бийн мэдүүлэг нь өөр хоорондоо болон бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрөөтэй байгаа юм .

Түүнчлэн гуравдагч этгээд Г нь 2009 онд Б.Бийн хамт Төмөр замын зөрлөгүүдээр мотоциклтой явсанаа үгүйсгээгүй ч тэрээр “А намыг төлөөлж сонгуулийн сурталчилгаанд яваагүй банкны ажлаар зээлдэгч нартай уулзсан, сурталчилгаанд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн зөвшөөрөл тусгайлан авах ёстой байдаг миний хувьд тийм зөвшөөрөл аваагүй” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасныг гэрчийн зүгээс няцаагаагүй улмаар түүнийг А намыг төлөөлж сонгуулийн сурталчилгаанд явсан гэдгийг нотлох ямар нэгэн баримт байхгүйг гэрч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн зэргээс үзвэл тухайн гэрчийн “2009 оны Орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгаанд Гтай хамт Төмөр замын зөрлөгүүдээр явсан” гэх мэдүүлгээр Гыг А намын гишүүн гэдэг нь нотлогдохгүй байна.

Гэрч С.Мын мэдүүлгийн тухайд: Тухайн гэрч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан “Г нь 2009 оны 04 дүгээр сарын 07-нд А намд элссэн, тэрээр намын хуралд ирж суудаг байсан” гэж мэдүүлж байгаа  ч энэ нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

-Эрдэнэ сумын А намын гишүүдийн 2009, 2010, 2011, 2015 оны бүртгэлүүдийн тухайд: “А намын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний журам”-ын 3.2-т “Сумын намын хороо гишүүдийн бүртгэлийг тухайн аймгийн  намын хороонд заавал хүргүүлнэ. Ингэхдээ улирал тутамд шинэчлэн мэдээлнэ” гэж заасантай холбогдуулан шүүхээс Эрдэнэ сумын А намын хорооны харьяалал бүхий гишүүдийн 2009- 2011 оны бүртгэлүүдийг шаардсаны дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн Эрдэнэ сумын А намын гишүүдийн 2009, 2010, 2011 оны бүртгэлүүдэд гуравдагч этгээд Гын нэр, регистрийн болон утасны дугаар нь тус тус тэмдэглэгдсэн байх ч эдгээр бүртгэлүүд нь тухайн цаг хугацаанд тус тус үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь эдгээр баримтыг үйлдсэн этгээд болох намын анхан шатны байгууллагын дарга гэрч Б.Б шүүхэд анх “намын анхан шатны байгууллага дээр гишүүдийн бүртгэл нь ямар байдлаар баталгаажсан байдаг вэ? Тухайлбал намын гишүүдийн гарсан, шилжсэн гэх мэт гишүүдийн  шилжилт, хөдөлгөөний талаарх мэдээлэл байдаг уу? Үүнийгээ дээд шатны байгууллагадаа хүргүүлж байсан баримтууд байна уу” гэсэн асуултад “намын анхан шатны байгууллага дээр гишүүний анкетаас өөр баримт байдаггүй. Тэр болгон ... дээд шатны байгууллагад хүргүүлээд байдаггүй” гэж мэдүүлсэн бол шүүх хуралдаанд “Сумын намын гишүүдийн 2015 оны бүртгэлийг өөрөө гаргаж өгсөн. Бусад нь аймгийн намд ирсэн байсан. Би 2009, 2010, 2011 оны бүртгэлүүдийг тухайн он, онд нь явуулж байсан” хэмээн зөрөөтэй мэдүүлсэн мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэйгээ холбогдуулан зөвхөн “А намын анкет”-ыг шүүхэд анх нотлох баримтаар  гаргаж ирүүлсэн улмаар уг баримтуудыг шүүхээс шаардсан хэмжээнд буюу 2009, 2010, 2011 оны байдлаар гаргаж ирүүлсэн /хэргийн оролцогч нь өөрийн тайлбарт холбогдох өөрт байгаа болон гаргах боломжтой нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй/ зэргээс нь дүгнэхэд уг бүртгэлүүд 2009-2011 онуудад тус тус үйлдэгдэж намын дунд шатны байгууллагад хүргэгдсэн гэдэг нь эргэлзээ бүхий байна. 

Мөн түүнчлэн шүүхээс Гыг А Намын гишүүн мөн эсэхийг тогтооход  ач холбогдол бүхий байж болох “А намын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний журам”-ын 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу тус намд элсэхийг хүссэн иргэний өөрийн хүсэлт, “А намын гишүүний татварын журам”-ын 2.8, 2.9-д заасны дагуу намын анхан шатны байгууллагаас намын дунд шатны байгууллагад хүргүүлсэн байх боломжтой гишүүдийн татвар төлөлтийн тайлан, мэдээ зэрэг бичмэл нотлох баримтууд байгаа эсэхийг нэхэмжлэгчээс шаардсан ч холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй ба үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэхэд “А намын гишүүний анкет”-аас бусад нотлох баримтууд нь эргэлзээ бүхий байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Харин “А намын гишүүний анкет”-ын хувьд түүн дэх гишүүнд элсэгчийн гарын үсэг, тайлал нь гуравдагч этгээд Гынх мөн байх магадлалтай нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх хэдий ч энэ нь түүнийг А намын гишүүн болохыг  нотлох баримт болж чадахгүй байна. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна”, ”А намын үндсэн дүрэм”-ийн 3.1.2-т “Гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгэлтэй, үнэмлэхтэй байна”, “А намын гишүүний батлах олгох журам”-ын Хоёр. Ерөнхий зүйлийн 2.1-д “Намын батлах нь намын гишүүнчлэлийг тодорхойлох баримт мөн” гэж заасан байх тул зөвхөн “А намын гишүүний анкет”-аар аливаа этгээдийн намын гишүүнчлэлийг тодорхойлох боломжгүй байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэвэл гуравдагч этгээд Г А намын гишүүн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “”Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно”, 158 дугаар зүйлийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн хороонд  даалгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Дорноговь аймгийн А намын, тус аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Гыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг тус сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  байна.

Хэргийн оролцогчид, гуравдагч этгээд Гыг МАН-ын гишүүн мөн эсэхтэй  маргаагүй улмаар шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг анх захиргааны хэрэг үүсгэхдээ татгалзсантай холбогдуулан тухайн асуудлуудаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн тул эдгээрт хамааралтай нотлох баримтуудыг үнэлээгүй болно.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.9-д заасныг баримтлан Дорноговь аймгийн А намын, тус аймгийн Д сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигч Гыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг тус Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА