Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2018/0122/Э |
Дугаар | 102 |
Огноо | 2018-05-31 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102
2018 оны 5 сарын 31 өдөр 2018/ШЦТ/101 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0122/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадрах овогт Эхбаригчийн Ад холбогдох 183900000110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 01-31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Бадрах овогт Эхбаригчийн А /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Г.Алтанчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 5 дугаар сарын 13-нд хамтран амьдрагч Г.Алтанчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Алтанчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би Баян-Овоо сумаас аймгийн төврүү гэрлүүгээ явмаар байна гэж хэлээд хүргүүлэх гээд 10 цагийн үед А болон ээжтэй нь хамт бид гурав аймгийн төврүү машиндаа суугаад явж байсан чинь ээж нь намайг наад муу юмаа яах гэж аймгаас авч ирсэн юм бэ гэж хэлэхээр би Агийн ээжтэй нь маргасан чинь А надад уурлаад машинаа зогсоогоод намайг буулгаж ирээд хөлөөрөө нуруу, хөлрүү өшиглөсөн...Би үнээ сааж цай чанаад байж байсан чинь А намайг би чамайг сүүтэй цайгаар тэжээж чадахгүй, баян айлруугаа яв, танайх гуйлгачин биздээ гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 хуудас/
Шүүх эмнэлгийн шинжилгээний №221 тоот дүгнэлт
-Г.Алтанчимэгийн биед дух, баруун хөмсөг, дээд, доод зовхи, чих, хамрын нуруу, зүүн дээд зовхи, хацар, дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн бугалга, дал, зүүн шуу, хавирганы нум, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн хавирганы нуманд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /ХХ-ийн 14 хуудас/
Гэрч Д.Тэрбишийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....би 2018 оны 05 сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн нутаг Духын энгэр гэх газраас миний 90-80 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго Жи-2 маркийн машиныг манай хүү Э.А бариад хамтран амьдрагч Алтанчимэгийн хамт Хэнтий аймгийн төв рүү Алтанчимэгийг хүргэж өгөхөөр явж байгаад А, Алтанчимэг хоёр хоорондоо маргалдаад байхаар нь хүүгээ өмөөрөөд наад нэг хүүхнээ яаж гэж аймгаас авчирсан юм бэ гээд хэлсэн чинь А уурлаад машинаа зогсоогоод Алтанчимэгийн хөлөөрөө өшиглөсөн ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12 хуудас/
Холбогдогч Э.Аззаягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Г.Алтанчимэгт уурлаад чи машин барьж яваа хүнтэй хэрүүл хийгээд яаж байгаа юм бэ гэж машинаас гаргаж ирээд хөлөөрөө нуруу руу нэг өшиглөсөн, хөлний булчин руу нэг өшиглөсөн, тэгээд өгзөг рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Алтанчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бадарах овогт Эхбаригчийн Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ