| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0107/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 104
2018 оны 6 сарын 07 өдөр 2018/ШЦТ/104 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0107/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлтэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонгоол овогт Гомбын Өод холбогдох 183900000049 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1964 оны 5 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 6-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Сонгоол овогт Гомбын Ө /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 06-26 тоотод оршин суух иргэн Г.Пагмын орон байр буюу гэрийн цонхоор нэвтэрч судар, үстэй дээлийг хулгайлан Г.Пагмад 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 06-26 тоотод оршин суух иргэн Г.Пагмын гэрийн цонхоор нэвтэрч судар, үстэй дээлийг хулгайлан 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Пагмагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 12 цагт гэртээ ирсэн. Тэгээд орж ирээд авдар дээр байсан судар байхгүй болохоор нь гайхаад гэр цоожтой байхад хэн авсан юм бол гэж бодоод манай хашаанд байдаг урд айлын Өыг гэрээс нь дуудаад гэртээ оруулж ирээд манай авдар дээр байсан судар алга болсон байна чи авсан чамаас өөр хэн байх вэ гэхэд Ө би авсан та намайг цагдаад битгий хэлээрэй гэхэд нь ..... чи хаагуур орсон гэж асуухад би байшингийн таамбарын зүүн талын цонхоор орсон гэж хэлсэн... би авдраа онгойлгоод доторх дээл хунараа бүртгэж үзэхэд манай охин хүү хоёрын хурган дотортой дээл байхгүй байсан. Гэрийн цоож зүгээр байсан. Ө намайг асуухад таамбарын зүүн талын цонхоор орсон гэж хэлсэн..... Хүрэн торгон баринтагтай үзүүр дээрээ улаан даавуугаар оёсон судар байсан. Нэг нь эмэгтэй хүний дээл, хурган дотортой гадна талаараа хөх эрээн цавган бүрээстэй, гадаргүй дээл байсан. Эрэгтэй хүний дээлийнх нь гадар даавуун материалтай дотор талаараа сэгсүүргэн хоёлаа хуучин дээл байсан ” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 14-15 хуудас/
Гэрч М.Амарбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “..... Өнөөдөр гэртээ ирчихээд манайхаар ирж манайд судар, 2 дээл байна. Манай руу очиж үзэх үү гэхээр нь Хэрлэн сум 2 дугаар баг булгийн 6-26 тоотод даган очиж үзсэн. Тэгээд гэрт нь орж судар, 2 дээлийг үнэ тохиролцон, судрыг 10.000 төгрөгөөр, 2 дээлийн 60.000 төгрөгөөр худалдан авсан ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 хуудас/
Гэрч Т.Дулмаагийн мөрдөн байцалтанд байцаалтан өгсөн: “........Өнөөдөр гэртээ ирчихээд манайхаар орж ирээд манай байсан судар алга болсон байна гэхээр нь мөнэ манай судрыг таныг эзгүй хойгуур хажуу айлын Ө хулгайлсан байсан гэж хэлсэн ........” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 хуудас/
Яллагдагч Г.Өын мөрдөн байцаалтан өгсөн: “.....Тэгээд таамбар дотор нь хойд талд нь цоожгүй эрээн авдар байхаар нь тэрийг нь онгойлгож үзэхэд мөн эрэгтэй хүний хүрэн даавуун гадартай үстэй дээл байхаар нь тэрийг аваад орж ирсэн цонхоороо буцаад гараад явсан ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Пагмад 1.030.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь алдагдсан эд зүйлээ хүлээн авсан ба нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал үгүй гэсэн тул /хх-ийн 12, 52 хуудас/ түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ө нь нас барсан болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06 дугаар сар 06 өдрийн 1/426 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1. Шүүгдэгч Сонгоол овогт Гомбын Өыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ