Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 105

 

2018 оны  6 сарын 11 өдөр              2018/ШЦТ/105                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0123/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            М.Сайнболд

Улсын яллагч                            Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс

Шүүгдэгч                                                          Ц.М., Ч.Ж. нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М., Ч.Ж. нарт холбогдох 1839001470089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 6Б-04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.Ж. /РД:/

Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Б31 дүгээр байрны 05 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц.М. /РД:/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ч.Ж., Ц.М. нар нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” бааранд иргэн Н.Дарь-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Ж., Ц.М. нар нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” бааранд иргэн Н.Дарь-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Н.Дарь-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд би явахаар болоод текэн дээр зогсож байхад нөгөө 3 хүүхэн гаднаас эргэж орж ирээд  хамгийн жижигхэн туранхай биетэй нь эхлээд намайг үснээс барьж байгаад хэвлий рүү маань хөлөөрөө жийхэд би газар унасан. ...намайг нэг хүн араас босгох үед өндөр хүүхэн нь тарган хүүхэнтэй зэрэг ирээд намайг хоёулаа үсдээд үснээс чангааж намайг бөхийлгөсөн. Тэр үед өндөр хүүхэн нь 2-3 удаа нүүр, гэдэс, хэвлий, хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 тал/

Гэрч Г.Наран-Эрдэнийн: “...намхан жижигхэн хүүхэн нь зөрж орж ирээд шууд Дарь-Эрдэнийг текний хажууд үсдэж аваад гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь намхан жижиг хүүхнийг Дарь-Эрдэнээс холдуулахад өндөр туранхай хүүхэн нь текний хажууд очоод Дарь-Эрдэнийг гэдэс орчимд нь өшиглөөд унагаасан. Тэгээд дээрээс нь өшиглөөд байх шиг байхаар нь очиж салгасан. ...Бааран дотор Дарь-Эрдэнийг өөр ямар нэгэн хүн зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/

Гэрч Г.Нандин-Эрдэнийн: “...гадаа муудсан хүүхнүүдийн нэг болох Жагдагсүрэн орж ирээд шууд үсдээд унагаасан. Тэгээд би хөөе яаж байгаа юм гээд текний араас гарч очиход Дарь-Эрдэнэ газар унасан байсан. ...Тэгээд байж байтал өндөр хүүхэн нь гүйж орж ирээд шууд Дарь-Эрдэнийн гэдэс рүү аймар хүчтэй өшиглөж унагаагаад дээрээс нь хөлөөрөө өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

Ч.Ж.гийн яллагдагчаар мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би тэвчихгүй, уур хүрээд тэр охиныг хөлөөрөө жийхэд Мөнхцэцэг намайг ирж салгасан. Бааранд маргалдаж байгаад гадаа явах гээд байж байхад тэр охин араас гарч ирээд хараалын үг хэлээд байхаар нь бид хоёр дахиад үсдэлцсэн... Энэ хэрэгт миний буруутай үйлдэл байгаа, би буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/

Ц.М.ын яллагдагчаар мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэгээд бид нар бүжиглэж байгаад гарах гээд явж байхдаа текний хажууд Жагдагсүрэн нөгөө хүүхнийг үсдээд, доош нь тонгойлгож байсан. Би Жагдагсүрэн тэр хүүхнийг цохиж байхыг хараагүй. Тэр үед манай эгч Мөнхцэцэг очоод Жагдагсүрэнг тэр хүүхнээс салгаад баарнаас гаргасан. Тэгээд намайг баарнаас гарах гэж байхад чи нааш ир дээ гээд нөгөө хүүхэн дуудаад байхаар нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид нар баарнаас гарсан. Би гэм буруугаа зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй. Иймд хэргийг хөнгөн шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 127 дугаартай: Н.Дарь-Эрдэнийн биед баруун хацрын төвгөр, цээжинд зулгаралт, эрүү, зүүн сарвууны ар, хүйс, баруун ташаан толгойн зүүн гуя, өвдөг, тавхайд цус хуралт зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ч.Ж., Ц.М. нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд Ч.Ж., Ц.М. нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Дарь-Эрдэнэ нь 110.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Ч.Ж., Ц.М. нар нь төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 76 тал/ гэсэн тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нарт ялын төрлийг сонгож оногдуулах болон ялын хэмжээг тогтоохдоо Ч.Ж., Ц.М. нар нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, тогтсон ажил төрөлтэй зэрэг байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.М., Ч.Ж. нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М., Ч.Ж. нарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М., Ч.Ж. нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               

 

 

ДАРГАЛАГЧ                             Ц.МӨНХТУЛГА