Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/626

 

Б.Нхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Б.Ууганбаатар,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/693 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Нхолбогдох эрүүгийн 2408030141756 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Н, 

 

Б.Н нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8дугаар хороо, Содон хорооллын 115 дугаар байрны 22тоотод хохирогч Б.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан нүүр хэсэгт нь шилээр цохих, зүсэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулд шарх, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Гын эмчилгээний зардалд 5.900.000 төгрөг нөхөн төлсөн, нэхэмжлэлээс нийт 2.290.008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Нгаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн барьцаа авах Төрийн сан дахь 100900006353 тоот дансанд байршуулсан 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Нбуцаан олгож, шүүгдэгч Б.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нурьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ял хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Б.Н нь миний амь насыг ч хохироож болохуйц маш балмад аргаар сөжүний шилээр цохиж уг шил хагарсны дараа дахин миний нүүр хэсэгт цохиж зүссэн бөгөөд миний нүүр 4-5 см гүнтэй, 11см урттай зүсэгдэн 21 ширхэг оёо тавиулж, хамар ясны хугарал, нүүрний зүүн талд мэдрэлийн судас, булчин тасарсан ба N.Trigeminus V2-ын гэмтэлтэй хэмээн оношлогдсон ба маш том муухай сорвитой болж, бие сэтгэл санааны хувьд маш хүнд хохирол амссан бөгөөд миний бие ХААИС-ийн 2 дугаар курсийн оюутан хичээлдээ явж чадаагүй бүтэн жилийн чөлөө авсан. Хүний нүүр гэдэг бол цаашид миний амьдрал, ажил, карьерт нөлөөлөх асуудал. Надад үнэхээр амьдрах сонирхолгүй болтлоо сэтгэлээр унаад хүнд байна. Одоогоор миний шарх таталдаж амаа ангайх, инээхэд хүртэл зовуурьтай, хацартаа гар хүрэхэд, хамар дотроо мэдрээд маш муухай том сорвитой болсноо харахаар, сэтгэл санаагаар унаад үнэхээр хэцүү байна. Миний бие Монгол улсдаа эмчлүүлэх боломж хайж ЭМЖЖ болон Перфект эмнэлэгт үзүүлсэн боловч хамрын самсааг ижил болгох хагалгааг хийх боломжтой, нүүрний сорвийг өмнөх шигээ сорвигүй болгох боломжгүй, гэхдээ одоо байгаагаас нь дээрдүүлэн хагалгаа хийж чадахгүй гэж хариу өгсөн тул Солонгос улсын эмнэлгүүдэд хандан EUMC international are Center гэх эмнэлгээс сорвийг эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн. Миний эмчилгээ, хагалгаа ойролцоогоор 70 гаруй сая төгрөг болохоор байгаа ба тус эмнэлгийн дансанд 10 сая вон буюу 24.200.000 төгрөгийг байршуулан эмчилгээний виза хурдан шуурхай гарган, очиж хагалгаанд орох боломж бүрдэн, тус эмнэлгээс мөнгөө байршуулаарай хэмээн нэхэмжлэх ирснийг шүүхэд өгсөн. Би оюутан тул надад энэ урьдчилгаа мөнгийг байршуулах боломж байхгүй, шүүхээс намайг эмчилгээ, хагалгаагаа өөрийн зардлаар хийлгэж ирээд гарсан зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд хандан гаргуулж авах шийдвэр гаргасан нь миний /хүн цэрвэхээр/ том, муухай сорвиноосоо салах, эмчлүүлэх нөхцөл боломжийг хаасан шийдвэр гэж үзэж үнэхээр их гомдолтой байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж намайг цаг хугацаа алдалгүй эмчлүүлэх боломж, нөхцөлөөр хангаж анхан шатны шүүхэд хохирлын баримтаа гарган нэхэмжилж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эмчилгээний урьдчилгаа мөнгө болох 24.200.000 /10 сая вон/ төгрөгийг шүүгдэгч Б.Нгаас гаргуулан тус эмнэлгийн дансанд байршуулж өгөхийг хүсье. Мөн уг гэмт хэргээс улбаалан хууль, эрх зүйн мэдлэггүй учир өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай болж өмгөөлөгч авсан зардал, гэмт хэргийн улмаас биеэ эмчлүүлэх болон цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагаар явахад зарцуулсан шатахууны зардлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь намайг давхар хохироож байна. Уг гэмт хэргийн улмаас хохироогүй байсан бол би ийм хэмжээний зардал гаргахгүй байсан. Миний бие болон өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт өгч байсан боловч улсын яллагч нь аргачлалын дагуу жагсаалтаар гаргаж, шүүх уг жагсаалтын дагуу шийдвэрлэх болно гэсээр шүүх рүү хэргийг шилжүүлсэн учир гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 8.573.400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүхээс хохирогч Б.Гын энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Нгаас нэхэмжлэх эрхтэй гэх дүгнэлт гарган хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлэлгүй надад явдал чирэгдэл учруулах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүгдэгч Б.Нхолбогдох хэргийн хохирогч Б.Г миний зөрчигдсөн эрхийг эрүүгийн хэрэгт эцэслэн шийдвэрлэх зорилгоор хохирлоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу тогтоох хэсгийн 4 хэсэгт эмчилгээний зардлаас хассан 2.290.008 төгрөг, тогтоох хэсгийн 5 дах заалтад сэтгэцэд учирсан хор уршигт 8.573.400 төгрөг, БНСУ-ын EUMC international are Center эмнэлгийн дансанд байршуулах эмчилгээ, хагалгааны урьдчилгаа 24.200.000 /10 сая вон/ төгрөгийг тус тус хохирогч Б.Г надад олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Гын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх байдлыг хэрэглээгүй ч гэсэн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар хохирогчийн эмчилгээний зардлаас 2.290.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улмаар 5 дах заалтаар хохирогч Б.Гын энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Нгаас нэхэмжлэх эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлан шийдсэн. Учир нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт аргачлалын 2-р зэрэг 12.99 хувь буюу 8.573.400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэргийн ажиллагааны явцад өмгөөлөгч болон хохирогч өөрөө удаа дараа хэргийн ажиллагаатай холбоотой бүхий л санал хүсэлтээ өгч, сэтгэцийн хохирлыг тогтоолгохоор хандсаар байхад улсын яллагч нь аргачлалын дагуу жагсаалтаар гаргаж, шүүх уг жагсаалтын дагуу шийдвэрлэх болно гэсээр шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Хохирогч хамгийн гол нь мөнгө, хохирол гаргуулахдаа гол нь биш удаан хугацаанд сэтгэл зүйн хохирол, нүүрний гоо сайхны асар хүнд хохиролтой байхад шүүх, улсын яллагч харгалзаагүй. Гэтэл шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр /1хх-155/ тогтоож, түүнд хохирогчоор танилцуулан гарын үсэг зуруулан хэргийг шүүх рүү шилжүүлсэн байдаг. Хуулийн байгууллагууд хоорондын хохирогчийн энэ хохирлыг янз бүрээр тайлбарлан хэрэглэж байгаа асуудлаас болж шүүгчийн үзэмжээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн Шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан, уг дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэж үзэн дахин иргэний журмаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулж жич нэхэмжлэхээр гэж тусгасан. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал, уг аргачлалын 3.6 дах заалтаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж заасаар байхад Эрүүгийн хууль, Шүүх Шинжилгээний тухай хуулийг болон бусад хуулийн дагалдах журам аргачлалыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Улсын яллагч ч гэсэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахгүйгээр хэргийг шүүхэд шилжихээс өмнө ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс удаа дараа аргачлалыг хэрэглэх жагсаалтын хамгийн багаар буюу 5 хувиар үнэлж өөрөө шүүх рүү шилжүүлсэн, шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй, шинжээчийн дүгнэлт заавал гаргуулах байсан бол хэргийг прокурорт буцаах байсан. Иймд шүүгдэгч Б.Нхолбогдох хэрэгт хохирогчийн зөрчигдсөн эрхийг эрүүгийн хэрэгт эцэслэн шийдвэрлэх зорилгоор хохирлоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлд зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/693 тоот шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт эмчилгээний зардлаас хассан 2.290.008 төгрөг, тогтоох хэсгийн 5 дахь заалтад сэтгэцэд учирсан хор уршигт 8.573.400 төгрөгийг тус тус хохирогч Б.Гд олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Б.Ууганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гаргасан гомдлыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.4, 6.7 дугаар зүйлийг үндэслэн үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцсон. Шүүх шинжилгээний байгууллагын тусгай мэдлэгтэй шинжээчид хэд хэдэн удаагийн дүгнэлт гаргасан. Шүүх үүнийг зөв үнэлж дүгнэсэн. Шүүгдэгч Б.Нмөн хөнгөн зэргийн гэмтэл учирсныг шалгаагүй. Энэ асуудлын талаар удаа дараа хэлсэн. Шүүх, прокуророос ил харагдах хохирол, хор уршиг учраагүй байна гэж тайлбарласан. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулж, хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигт тохирсон гэж үзэж байна. Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсонд хэргийн оролцогчид маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хүснэгтийн дагуу шийдвэрлэх боломжтой талаар хэлж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан тухайлсан 5 төрлийн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх боломжтой талаар зохицуулсан. Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хэмжээний талаар ярьж байна. Шүүхээс энэ хэмжээг тогтоодог. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нэгтгэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8дугаар хороо, Содон хорооллын 115 дугаар байрны 22тоотод хохирогч Б.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан нүүр хэсэгт нь шилээр цохих, зүсэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулд шарх, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

дуудлагын лавлагааны хуудас /1хх 5/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/, хохирогч Б.Гын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7/, дансны хуулга /хх 144/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10508, 923 1056, 13990 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 24-25, 29-32, 57-62, 85-86/, хохирогч Б.Гаас гаргаж өгсөн эрүүл мэндийн байдалтай холбоотой болон хохирлын баримтууд /хх 64-79, 158-163, 200-229/, шүүгдэгч Б.Нгаас гаргаж өгсөн хохирогчтой чаталсан чатны зураг болон өөрийн биед учирсан гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх 92-104/, хохирогч Б.Гын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан маягт /хх 155/,

хохирогч Б.Гын: “... Би гомдолтой байна. ...” /хх 12-13, 15/,

гэрч Г.Т: “... шилжүүлсэн.” /хх 142/,

шинжээч эмч Д.Д: “...Уг дүгнэлтэд дурдсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын угалз, уруулд шарх бүхий гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, харин бусад гэмтлүүд нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Уг дүгнэлтэд дурдсан хамар ясны хугарал нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн толгойн томографын зурагт хамар ясны зүүн хажуу хананд сэтэрсэн зөрүүгүй хугаралтай, хамрын таславч С хэлбэрийн мурийлттай хамрын зүүн хэсгийн самалдаг илүү хөөнгө, хамрын зүүн хажуу хэсэг зүүн хацрын зөөлөн эдэд хавантай байх тул 2024 оны 8 дугаар сарын 06-нд буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг дүгнэлтэд дурдсан хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үед үүснэ. Харин зүүн хацар, хамрын угалз, уруулд шарх бүхий гэмтэл нь ир ирмэг бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” /хх 90/,

шүүгдэгч Б.Нгийн: “.....” /хх 130, 139-140/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Нхолбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Гтай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын “...эмчилгээний зардлаас хассан 2.290.008 төгрөг, тогтоох хэсгийн 5 дах заалтад сэтгэцэд учирсан хор уршигт 8.573.400 төгрөг, БНСУ-ын EUMC international are Center эмнэлгийн дансанд байршуулах эмчилгээ, хагалгааны урьдчилгаа 24.200.000 /10 сая вон/ төгрөгийг тус тус хохирогч Б.Гд олгуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлд “Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлал”-ын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан.

Анхан шатны шүүх хохирогч Б.Гын хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжилсэн шатахууны зардал 290.008 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд учирсан гэм хортой холбоотой зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр /хх 155/ тогтоосон хохирлыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан тул хохирогч Б.Гын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Нгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/693 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/693 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ