Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 107

 

2018 оны 6 сарын 12 өдөр                       2018/ШЦТ/107                             Хэрлэн сум

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0116/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       А.Цэрэндулам,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэжамц,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан,

Шүүгдэгч                                                О.Г нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ононгийн Гт холбогдох 1839001450099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1973 оны 6 дугаар сарын 14-нд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг “Хуурай” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Ононгийн Г /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч О.Г нь согтуугаар 2018  оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн приус маркын 50-66 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг “Баян буурал” хүнсний дэлгүүрийн зүүн талд ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж автомашины ард зогсож байсан 4 настай Б.Мөнхболдыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Г нь 2018  оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн приус маркын 50-66 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг “Баян буурал” хүнсний дэлгүүрийн зүүн талд ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-т заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж автомашины ард зогсож байсан 4 настай Б.Мөнхболдыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь: 

Хохирогчийн Э.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018.03.11-ний өдөр Оюунбаатар ах түүний эхнэр Нарангэрэл хоёр багийн өдөрлөгт оролцчихоод манай Биндэр сумын 2 дугаар багийн иргэн Г гэх хүний приус маркын автомашинтай хөдөө гэртээ ирсэн тухайн үед Г өөрөө машинаа жолоодож ирсэн бөгөөд машин дотор нь Оюунбаатар ах, Нарангэрэл эгч хоёроос гадна Алтансүх гэх хүн байсан. Оюунбаатар ах Г, Алтансүх нарыг гэр лүүгээ оруулж байсан бөгөөд би хэсэг байж байгаад Оюунбаатар ахын гэр лүү ороход Оюунбаатар ах, Нарангэрэл эгч, Г, Алтансүх нар дундаа 1 шил архи архи тавьчихсан уугаад байж байсан. тэгээд би Оюунбаатар ахын гэрээс гараад явчихсан бөгөөд уг архинаас нь хэн нь хэчнээн хэмжээтэй уусан талаар мэдхгү байна. Тэгээд Г, Алтансүх хоёр Оюунбаатар ахынд хэсэг байж байгаад машинтайгаа Оюунбаатар ахын гэрээс хөдлөөд хөдөө гэрийнхээ зүг рүү явсан тэгээд явж байгаад Г нь буцаад Оюунбаатар ахын гэрт хүрч ирээд надтай уулзаад манай нөхөр уг нь араас фургонтай ирэх ёстой юм алга байна хоёулаа сумын төв явчихаад ирье гэж хэлсэн тэгэхээр нь би тэгье гээд өөрийн 4 настай Мөнхболд гэх хүүхдээ аваад Г гэх эмэгтэйн машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр суугаад Г гэх эмэгтэй өөрөө машинаа жолоодож арын суудал дээр нь Алтансүх сууж бид хэд сумын төв орохоор явсан юм тэгээд бараг сумын төврүү орж ирээд явж байхад манай хүү дэлгүүр орж чипс, ундаа авна гээд байсан тэгэхэд Г “Баян буурал” хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд машинаа зогсоохоор нь би түрүүлээд хүүгээ машинаас буулгаад араас нь буух гэхэд Г намайг буулгахгүй би хүүхдэд чинь юм аваад өгье гээд надтай яриад байсан тэгээд удалгүй Г нь гэнэт хойшоо ухрах үйлдэл хийхээр нь би юу болов гэж бодоод хүүгээ харахад Г машиных нь ойролцоо зогсож байсан миний хүүг мөргөөд дайрчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-29 хуудас/

 

Гэрч О.Оюунбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г нь Баярмаа гэх эмэгтэйн 4 настай хүүхдийг нь мөргөж биед нь гэмтэл учруулсан гэж байх шиг байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37 хуудас/

Гэрч Л.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...нөхөр Оюунбаатараас юу болсон талаар сонсоход Г нь Баярмаагийн хүүхдийг дайрчихсан гэж байх шиг байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40 хуудас/

Хэнтий аймгийн замын цагдаагийн тасгийн, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад С.Пүрэвээгийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №13 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 78 хуудас/

2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагийн №151 дугаартай 

“Б.Мөнхболдын биед хацар, дух, эрүүнд зулгаралт, зүүн зулай, дагз, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гар хөлөнд саажилт, баруун тал бөмбөлөгийн тархины эдийн цэгчилсэн цус харвалт, дагзны хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /Хх-ийн 74,75 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Харин Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас шүүгдэгчийг согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч согтуу байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, ямар хэмжээний согтолттой байсныг улсын яллагч шүүхэд нотолж чадаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Б.Мөнхболдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 3.680.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн хариуцахаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлж, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйгэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ононгийн Гийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Гт тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай. 

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.Гт анхааруулсугай.

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч О.Гийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч нь цаашид гарах хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч нь уг хохирол зардлыг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч О.Гт буцаан олгож, жолоочийн үнэмлэхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрүүлсүгэй. 

 

7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ