| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2410043361817 |
| Дугаар | 2025/ДШМ/628 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/628
2025 05 27 2025/ДШМ/628
Б.Ш холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оргилбат /цахимаар/,
шүүгдэгч Б.Ш /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ш холбогдох эрүүгийн 2410043361817 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Ш,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;
Б.Ш нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийн эд зүйлээ эвдэж, эхнэр П.Эхэл амаар доромжилж, үснээс нь зулгаах, толгойн тус газар нь цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн АТБ 1 дүгээр гудамжны 1 тоотод архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч П.Эүсдэх, боох, цээж хэсэгт нь 2 удаа цохих зэргээр зодсон,
- 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийнхаа эгч болох П.Л хүүхдийг “ална” гэж агсам тавьж, танхайрч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Содонгоо үсчний газарт гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр П.Эхэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэж, ажлын байранд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Шыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ш оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ хэрэгт Б.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн эхнэр П.Этой 2012 оноос хойш амьдарч, 5 хүүхдийн эцэг, эх болсон. Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах Х гэх үсчин гоо сайхны салоныг эхнэрийн хамт ажиллуулдаг. Би өөрийн хийсэн үйлдэл, гэм буруутай асуудал дээрээ маш их харамсан гэмшиж, ухаарч ойлгож байгаа. Ард үлдэж байгаа эхнэр, 7 хүүхдэдээ сайн хань, сайн аав байна гэдгээ амлаж байна. Эхнэр бид хоёр 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хашаа байшингийн зээл авч, сар болгоны 20-нд өндөр хувиар хүүгээ төлдөг учир эхнэр маань 7 хүүхдийнхээ хажуугаар энэ их ажлыг амжуулах боломжгүй болоод байна. Иймд надад оногдуулсан 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Шын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн маргадаггүй, хохирогч гомдол саналгүй гэх тайлбарыг гаргасан болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан тул анхан шатны шүүхээс Б.Шаас гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж дүгнэсэн болно. Б.Шын хувьд урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай, байнгын оршин суух хаягтай, бага насны 7 хүүхэдтэй, банкны өр зээлтэй, сард 2 сая гаруй төгрөгийн төлөлт хийдэг, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгөхийг өмгөөлөгч нарын зүгээс хүсэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ш өмгөөлөгчгүй оролцсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих шийтгэл оногдуулсан. Б.Ш гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй. Мөн хохирогчийн хувийн байдлыг харгалзан үзэхгүйгээр энэ гэмт хэрэгт зөвхөн Б.Шын үйлдлээс болж гарсан юм шиг дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Хур системээс авсан мэдээллээр хохирогч П.Э нь 2021 он, 2022 он, 2023 онд “нөхөр агсан тавиад байна” гэж 3 удаа худал дуудлага өгч, торгуулж байсан. Б.Ш олон хүүхэдтэй, ам бүл 9, 70.000.000 төгрөгийн зээл авч, хашаа, байшин барьсан. Энэ өр, зээлийг төлж чадахгүйд хүрч байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч П.Э “би нөхөртөө итгэж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, саналгүй” гэдэг тайлбар гаргасан. Шүүгдэгч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 65 хоног цагдан хоригдсон. Намайг очиж уулзахад гэмшиж байгаа талаараа хэлсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчоос удаа дараа гомдол гаргаж, шүүгдэгч баривчилгаанд явж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцож, хохирогчийн санал, гомдлыг сонссон. Хохирогч удаа дараа нөхрөө өмөөрч, “нөхөртөө итгэж байна” гэж тайлбар, мэдүүлэг өгдөг. Б.Ш өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа нөхцөл байдал харагдахгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг 6 сарын хугацаагаар хорих шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорлоо нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Б.Ш нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Эы эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн удаа дараагийн зөрчилд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, мөн 2024 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авагдаж, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” үсчний газарт хамтран амьдрагч П.Этой маргалдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч П.Эы: “... Нэг уучихаараа 1-2 өдөр уучихдаг юм...” /хх 10/,
яллагдагчаар Б.Шын: “...Миний хувьд маш их гэмшиж байна.” /хх 14/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ш холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Шыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн ба түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг үндэслэл бүхий зөв тайлбарласан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Ш “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. ...надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,
түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол нар “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан ба тус гомдлуудыг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, хавтаст хэргийн хохирогч П.Эын “...Ер нь бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан хийж зодож цохидог байсан. ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээр 3-4 удаа орж 7-12 хоног баривчлагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх 10/, аюулын зэргийн үнэлгээ /хх 16/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 149 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 31/, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 758 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 32-33/, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2237 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 34/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг болох нь тогтоогдож байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ