| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2018/01757/И |
| Дугаар | 210/МА2018/02511 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2018/02511
| 2018 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2018/02511 |
Э.Нүрзэдийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02146 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Э.Нүрзэдийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, тусгай сургуулийн нэмэгдэл болон ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Түвшинбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч Э.Нүрзэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ажил үүргээ чадварлаг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, захиргааны шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл гэнэт 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11, 12 сард төсөвт тусгагдсан зардлаас хуурамч гэрээ байгуулах, баталгаат гарын үсэггүй нэхэмжлэлд өөрөө гарын үсэг зурсан, цахилгааны ажлын хөлс 1 000 000 төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, Брайль сурах бичиг хэвлэх 5 909 000 төгрөгийг хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал, Барилгын материал, засварын ажлын хөлс 2 066 650 төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардал, аарц цагаан идээ, махны үнэ 3 000 000 төгрөгийг, төрөөс иргэдэд олгох бусад тэтгэмж дэмжлэгийн зардлаас байгууллагын аварга багш, ажилтан шагнал урамшуулалд 1 890 000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж шагнал урамшууллын зардал, нийт 13 865 650 төгрөгийн төсвийн мөнгөн гүйлгээн дээр зөрчилтэй ажилласан нь санхүүгийн баримтаас илэрсэн, багш ажилтан, удирдлагатай зүй бус харьцсан, тушаал шийдвэргүйгээр бусдад архиваас бусдад баримт гаргах эрх олгосон гэсэн шалтгаан зааж хөдөлмөрийн гэрээг шууд зогсоож, ажлаас халсугай гэсэн сургуулийн захирлын тушаалыг надад хүлээлгэн өгсөн тул дээрх шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус сургуулийн захирлын ажлаас халах тушаалд дурдсан төсөвт тусгагдсан зардлыг зарцуулах үед миний бие БСШУС-ийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Б/23 тоот тушаалд заасны дагуу 116 дугаар сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэхдээ хуулийн хүрээнд төсөвт тусгагдсан зардлуудыг тус бүрийг дүүргийн төрийн сангаар хянуулан зохих зориулалтаар нь сургуульд нэн тэргүүнд шаардлагатай зүйлүүдэд зарцуулсан. Хичээлийн байрны 2, 3 дугаар давхрын цахилгаан өмнөх жилүүдэд байнга тасалдаж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байснаа багш ажилтны хүсэлт саналд үндэслэн цахилгааны 0 фаз, давхар дундын шатсан фазууд болон утас холбох, ерөнхий шитийн фаз, ерөнхий шийдийг хоолойгоор холбосон байсныг кабелийн утсаар солин фазын хуваарилалтыг тэнцвэржүүлж хэсэгчлэн тоггүй болсон хэсгийг тогтой болгох, шит хооронд газардуулга хийх, цайны газрын автомат солих, цахилгааны буузны жигнүүр холбох зэрэг гэмтлүүд засварлах зэрэг ажлуудыг 1 000 000 төгрөгийн зардал гарган гүйцэтгүүлж хүлээн авсан. Харааны бэрхшээлтэй сурагчдад брайль сурах бичиг улсаас хэвлэж өгдөггүй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилж 1-12 дугаар ангийн сурагчдын монгол хэл, биологи, газар зүй , нийгмийн ухаан, түүх зэрэг хичээлүүдийн бүх сурах бичгүүдийг 4 улиралд хувааж сурагчдын тоогоор өөрийн сургуулийн багш нараар брайлиар хэвлүүлэн хэвлэлийн үйлдвэрт номыг наах, үдэх, нуруулдах, хавтаслах ажлыг 590 900 төгрөгийн зардал гарган хэвлүүлж, хүлээн авч сургалтанд ашиглаж байна. Хичээлийн болон дотуур байрны 3 давхрын бүх анги танхим, тасгуудын цонхны резень, цоож солих ажлыг 2 066 650 төгрөгийн зардал гарган засварлуулан хүлээн авсан. Сурагчдын үдийн хоол, дотуур байрны сурагчдын хоолонд 363 кг махыг 2 000 000 төгрөг, 250 кг аарцыг 1 000 000 төгрөгөөр тус тус хоол хүнсний зардлаас зохих хууль журмын дагуу худалдан авалт хийж зарцуулсан. Нийслэлийн аудитаар хянагдсан. 2017 оны жилийн эцэст багш ажилтны ажил, уралдаан дүгнэн хамт олноо хошуучилсан аварга багш ажилтан, шилдэг багш ажилтан болон шилдэг сурагч, анги хамт олон, дотуур байрны тэргүүний тасаг тус бүрийн шагналууд болон шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулагдах зардалд 1 890 000 төгрөгийг зохих хууль дүрмийн дагуу аварга болсон багш ажилтны цалингийн дансанд шилжүүлэн олгосон. Монгол Улсын Архивын тухай хуулийн 25.2, 25.2.1 дэх заалтын дагуу тус байгууллагын албан хаагчид мэдээллээр хангагдах эрхийнхээ хүрээнд багш Э.Алтантуяа, багш Б.Цэрэндолгор, багш Б.Ариунзаяа багш Ц.Болормаа, цайны газрын угаагч Ц.Гэрэлтуяа нар архивын баримтын хуулбар лавлагаа авсан лавлагааг хууль дүрмийн дагуу бичгээр гаргасан өргөдөл хүсэлтийг үндэслэн сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан учир бүртгэл үйлдэн олгосон. Дээрх үндэслэлүүдээр шалган тогтоосон баримт, болон бусад холбогдох материалуудыг надад албан ёсоор танилцуулаагүй төдийгүй энэ талаар надаас ямарч тайлбар баримт авалгүй, зөрчилтэй гэсэн дүгнэлт ямарч шалгалтаар тогтоогдоогүй байхад шууд ажлаас халах тушаалынхаа үндэслэл болгож хууль бус шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн заалтуудаас нэг ч заалт зөрчөөгүй, төдийгүй зохих хяналт шалгалтын байгууллагууд нэг бүрчлэн шалган зөрчил илрээгүй байхад ажлаас халсан. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Э.Нүрзэд намайг 116 дугаар тусгай сургуулийн сургалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, тусгай сургуулийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгийг бүрэн олгуулахаар нэхэмжилснээ амралтын болон нэмэгдэл нэмж тоолуулахаар шаардсанаасаа татгалзаж, олговорт 3 425 014 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Нүрзэдийг Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 425 014 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нүрзэдэд олгож, нэхэмжлэгчийн гаргасан тусгай сургуулийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 139 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Баярсайхан давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сургуулийн бичиг хэргийн ажилтан Б.Үүрийнтуяа гардан авсан. Шүүххийн шийдвэрийг биелүүлэх талаар судалж байх хугацаанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Б.Батдэлгэрээс 11 дүгээр сарын 17-ны өдөр албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичигт нэхэмжлэгч Э.Нүрзэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар дурдсан байсан. Уг хэргийг шийдвэрлэгдэж дуустал нэхэмжлэгчийг ажилд авах боломжгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Билгүүн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тухайн үеийн захирал Э.Энхзулын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт бүхий албан тоотыг хүлээн аваагүй буцаасан. Иймд уг хурлыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э.Нүрзэд нь хариуцагч Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, тусгай сургуулийн нэмэгдэл болон ээлжийн амралтын мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Нүрзэд хариуцагч Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуультай 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг байгуулан сургалтын менежерээр ажиллаж байсан байх бөгөөд ажил олгогч байгууллагын захирлын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 тоот тушаалаар ажлаасаа чөлөөгдсөн байна. /хх-ийн 5, 6-9 тал/
Ажил олгогч 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэж, ... 2017 оны 11,12 дугаар сард төсөвт тусгагдсан зардлаас хуурамч баримт бичиг үйлдэн нийт 13 865 650 төгрөгийн төвсийн мөнгөн гүйлгээн дээр зөрчилтэй ажилласан нь санхүүгийн баримтаар илэрсэн, багш, ажилтан, удирдлагатай зүй бусаар харьцсан, тушаал шийдвэргүйгээр бусдад архиваас баримт гарах эрх олгосон зэргээр хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд заажээ. /хх-ийн 5 тал/
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.4-т санхүүгийн тайлан мэдээ, бүртгэл, багш, ажилчдын цалин хөлсийг будлиантуулсан нь дотоодын болон хөндлөнгийн шалгалтаар илэрсэн, баримт бичиг хуурамчаар үйлдсэн, 4.5.8-т сурагчдад болон тэдний эцэг, эх, асран хамгаалч, багш, ажилтан, удирдлагатай зүй бус харьцаж, хүний эрхийн асуудлыг ноцтой зөрчин, нэр хүндэд халдах, хүүхдийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гаргах, хамт олны төлөвшилд сөргөөр нөлөөлөх, хутган үймүүлэх зэрэг үйлдэл удаа дараа гаргасан бол ноцтой зөрчилд тооцохоор заажээ.
Ажил олгогч байгууллага ажилтанг ажлаас чөлөөлсөн үндэслэлд заасан зөрчил болох 13 865 650 төгрөгийн төсвийн мөнгөн гүйлгээн дээр зөрчилтэй ажилласан гэх боловч энэхүү нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Э.Нүрзэдийн буруутай ажиллагааны улмаас байгууллагад хохирол учирсан болохыг дотоодын болон хөндлөнгийн шалгалтаар илрүүлсэн баримт байхгүй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Нүрзэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан болон ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж үзэн түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7А-д зааснаар ...дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн сүүлчийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцон нэхэмжлэгч Э.Нүрзэдийн ажилгүй байсан хугацаанд нийт 3 425 014 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцсэн байна.
Ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд түүний ажилгүй байсан бүх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн төлөх үүрэг ажил олгогч хүлээнэ. Хуулийн энэ зохицуулалт нь ажил хийсний төлөө төлж буй бодит цалин хөлс бус, харин цалин хөлстэй тэнцэх хэмжээ бүхий олговор тул Э.Нүрзэдэд тусгай сургуулийн нэмэгдлийг нөхөн олгох боломжгүй юм. Нэхэмжлэгч ээлжийн амралтын мөнгийг авахгүй гэснийг нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан гэж үзнэ. Иймд нэмэгдэл болон ээлжийн амралтын мөнгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Хариуцагчийн төлөөлөгч /захирлын үүрэг гүйцэтгэгч/ Л.Баярсайхан нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцсан байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгч Л.Баярсайхан давж заалдах гомдолдоо ...шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүгчийн туслах хүлээн аваагүй гэсэн үндэслэл заажээ.
Шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11.30 цагт болох талаар хариуцагчийн төлөөлөгч Л.Баярсайханд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдсэн, түүнчлэн хариуцагч байгууллагын хаягаар шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 48, 52 тал/ Хариуцагч талаас шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байгаа талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн нэхэмжлэгч Э.Нүрзэдийн гаргасан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО