| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0136/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 108
2018 оны 6 сарын 14 өдөр 2018/ШЦТ/108 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0136/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогт Бадарчингийн Бод холбогдох 1839002380124 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1973 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-овоо сумын 1 дүгээр баг Дэлгэрхааны Ар гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Дархан овогт Бадарчингийн Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан уулын ар гэх газарт “мал хөөлөө” гэх шалтгаанаар Б.Батхуягийн зүүн гарын шууны дотор талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан уулын ар гэх газарт Б.Батхуягийн зүүн гарын шууны дотор талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан болох нь:
Хохирогч Б.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...“.....2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр би хонио эргүүлчихээд гэрлүүгээ мотоцикльтойгоо явж байгаад замд хадам ах Бын хонь таараад манай 1 ишигтэй ямаа хониний захад явж байхаар нь ялгаад хөөгөөд явж байтал Б гэрээсээ мотоцикльтой давхиж ирээд миний мотоциклийг хажуугаас нь мөргөөд унагаасан.......Би тэгээд газар унаад босоод явган зугтаатал араас явган хөөж ирээд халааснаасаа хутга гаргаж ирээд ална шүү гээд далайхаар нь айгаад гараараа хаатал зүүн гарын шуунд хутгалчихсан. Би ч айгаад зугтаад мотоциклоо унаад хадам ээж Нарангийн гэрт очиж болсон асуудлыг хэлээд цусаа угаагаад гараа боолгосон. Ингээд сумын төвөөс эмч ирж оёдол тавьж боож өгсөн....Бид хоёр хоорондоо маргалдаагүй. Давхиж ирээд ямаа хөөлөө гэхээр нь би өөрийнхөө ямааг авч байна гэтэл битгий хуц гээд л ална гээд хутгалсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-13 хуудас/
Шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн №219 тоот дүгнэлт
Б.Батхуягийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /ХХ-ийн 37 хуудас/
Гэрч Б.Гантогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр миний ээж утсаар Б ах чинь Батхуягийг гаранд нь хутгалсан байна. Манайд цусаа гоожуулаад ирлээ гэсэн. Тэгээд би аймгаас гараад гэртээ ирэхэд сумын эмнэлэг ирээд боолт хийлгээд явж байсан . Манай нөхөр Б.Батхуяг зүүн гар нь боолттой байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-21 хуудас/
Гэрч О.Наранхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манай хүргэн Б.Батхуяг зүүн гараас нь цус гоожчихсон байдалтай Б чинь намайг ингэчихлээ гээд орж ирсэн. Би ч сандраад миний хүү гоожууранд ус хийгээд цусаа цэвэрлэ гээд даавуу авч өгөөд гарыг нь боогоод эмнэлэг цагдаад дудлага өгөөд байж байсан. Сумын төвөөс эмнэлгээс эмч ирээд оёдол боолт хийгээд явсан.... Би яг юунаас болсныг нь сайн мэдэхгүй юм. Нутаг бэлчээрээ булаацалдаад байдаг юм байлгүй дээ. Б намайг хүртэл энэ нутгаас яв миний газар гэдэг юм ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-23 хуудас/
Гэрч Д.Улам-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “.....2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 11 цаг 57 минутанд хүн эмнэлэгт....Д.Батхуяг гэх хүн хутгалуулчихлаа, цус алдаад байна гэж Наран гэж хүн дуудлага өгсөн. Ингээд би түргэний машинаар Наран гэх айлынд очиход Б.Батхуяг гэдэг хүн зүүн гарын шууны дотор талд хутгаладсан шархтай байсан.....Ингээд 3 оёдол тавьсан. Өвчин намдаах тариа хийж өвдөлтийг намдааж цэвэр боолт хийсэн ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батхуягийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархан овогт Бадарчийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба битүүмлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Аззаяад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ