Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар  2025/ДШМ/37

 

2025       5           15                              2025/ДШМ/37

 

 

 

.... холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Мөнхтайван

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .... , түүний өмгөөлөгч Б.Алтандөш

Шүүгдэгч .... гийн өмгөөлөгч П.Ганбаатар

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .... ын өмгөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч .... холбогдох эрүүгийн ....  дугаар хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч        Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ............ овгийн .............., ............ оны 5 дугаар сарын 10-ны өдөр ........ аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын комбайнч мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 1, ......... аймгийн ......... сум, 2 дугаар баг, ......... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ..........

 

2. ....  нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт сангийн анги 76156 дугаартай, засаг 156 дугаартай, 7х64 мм-ийн калибртай, ZKK-600 загварын галт зэвсгээр .... тарвагатай андуурч буудан амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн прокурорын газраас .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: “Шүүгдэгч .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... 4 /дөрөв/ жилийн хугацаагаар "эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ........ аймгийн ......... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох" зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг ..... аймгийн ....... сумын нутаг дэвсгэрээр тогтоож, бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаар оршуулгын зардал 28,421,977 төгрөг, хэрэг учрал болсон газар дээр ламаар ном уншуулсан зан үйлийн зардал 5,000,000 төгрөг, ".... " ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ094380 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 15,173,400 төгрөгийн шаардлагаас шүүгдэгч ....  нь 29,000,000 төгрөгийг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,173,400 төгрөгийг шүүгдэгч .... гээс гаргуулан .... д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн ....  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан карабин маркын 7450 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, Чек улсад үйлдвэрлэгдсэн сангийн анги 76156 дугаартай, 156 дугаарын замагтай 7x64 мм-ийн калибртай карабин галт зэвсэг 1 ширхэгийг улсын орлогод оруулахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгаж,

Эрүүгийн ....  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .... гийн галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаар 2021/ГЗИ/2014 дугаартай гэрчилгээ, карабин маркын 7450 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, Чек улсад үйлдвэрлэгдсэн сангийн анги 76156 дугаартай, 156 дугаарын замагтай 7x64 мм-ийн калибртай карабин галт зэвсэг 1 ширхэгийг Төв аймгийн цагдаагийн газарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлж,

Эрүүгийн ....  дугаартай, эд мөрийн баримтаар хураагдсан "шар өнгийн хонгио 1 ширхэг"-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн ....  дугаартай хэрэгт ирсэн хэргийн газрын үзлэгийг дуу дүрсний аргаар бэхжүүлсэн 1 ширхэг дивиди (DVD)-г хэрэгт хавсаргаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

   5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .... ын өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу эрүүгийн хариуцлага оногдуулсан болон мөн хэсгийн 5 дугаар заалтаар зарим нэхэмжлэлийн шаардлага болох зан үйлийн зардал 5,000,000 төгрөг, ".... " ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ094380 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож, мөн хэсгийн 7 дугаар заалтаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарлан тус тус шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан" Шударга ёсны зарчим"-ын хүрээнд, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан "Эрүүгийн хариуцлагын зорилго"-д нийцүүлэн шүүгдэгч .... оногдуулах ялыг хүндрүүлэх үүднээс анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж, холбогдох хохирлуудыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтээр доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч .... оногдуулах эрүүгийн хариуцлага нь хөнгөдсөн буюу Эрүүгийн хуульд заасан "Шударга ёсны зарчим"-ыг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлээгүй талаар: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11-р тал, Эрүүгийн хариуцлагын талаар байдлыг тодорхойлсон дараах браимтыг үнэлсэн болно...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан "Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн"-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг хуульчилсан. Гэмт хэргийн улмаас учирсан бодит зардлыг төлж барагдуулсан цаашид насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг бүрэн биш ч өөрийн боломж бололцоогоор төлөхөө илэрхийлж буй байдал...тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах зайлшгүй шаардлага байхгүй...тус гэмт хэргийн улмаас амь нас хохирсон хор уршгийг арилгах боломжгүй хэдий ч түүний улмаас учирсан бусад эдийн ба эдийн бус хохирлыг мөнгөн хэлбэрээр шүүгдэгч .... гээр төлж барагдуулахад ял шийтгэл нь тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ..." гэх нөхцөлүүдийг харгалзан шийдвэрлэжээ.

Дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ тохиолдолд ялыг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн үндэслэлүүдтэй санал нийлж байна.

Харин гэмт хэргийн улмаас учирсан бодит зардлыг төлж барагдуулсан талаар дурджээ. Гэвч ямар зардлыг бодит зардал гэж шүүх үзсэн нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т гэмт хэргийн улмаас хүний амь...бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, мөн зүйлийн 2-т гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно, 5-д шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.

Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Иргэний хуулийн Аравдугаар зүйлд гэм хорыг хэрхэн арилгах талаар мөн хуульчилжээ. Тухайлбал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 2-т ...эдийн бус гэм хорыг...мөнгөн хэлбэрээр арилгана.

Мөн хуулийн Тавинхоёрдугаар бүлэгт Гэм хор учруулснаас үүсэх үүргийг хуульчилжээ. Тухайлбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Дээрхээс үзэхэд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д заасан хохирол, хор уршиг нь нийлж бодит хохирлыг бий болгохоор байна.

Нөгөөтэйгүүр эдийн болон эдийн бус хохирлыг хохирогч шаардах эрхтэй байгаа бөгөөд эдийн бус хохирлыг хэрхэн мөнгөн дүнгээр бодитой байдлаар гаргуулж болох талаар хууль тогтоогчоос нэгэнтээ хуульчилж өгсөн.

Иймд тус гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоос дан ганц оршуулгын зардлыг төлсөн бөгөөд сэтгэцэд учирсан хохирлыг төлөөгүй байгаа нь бодит хохирлыг төлсөн гэх шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэж байна.

Хор уршгийг арилгах боломжгүй боловч эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах үүднээс мөнгөн төлбөрөөр төлүүлэхийн тулд шүүгдэгч .... ял шийтгэл нь тохирсон байх нь зүйтэй гэж үзсэн.

Тухайн гэмт хэргийн хор уршиг арилахгүй гэж үзсэн атлаа эдийн болон эдийн бус гэм хорыг арилгуулах зорилгоор түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Гэвч хор уршиг арилахгүй байгаа буюу эрдэнэт хүний амь нас хохирсон байгаа болон түүнтэй үүдэлтэй хохирлыг мөнгөн дүнгээр төлүүлэх зорилгоор шүүгдэгчийг хорих шаардлагагүй гэх нөхцөл байдлууд нь хоёр өөр зүйл байна.

Эрүүгийн хуульд заасан "Шударга ёсны зарчим", "Эрүүгийн хариуцлагын зорилго"-ын хүрээнд амь хохирогчийн амь насыг ямар ч байдлаар сэргээх боломжгүй тулд үүнд нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй. Харин амь нас үүдсэнтэй холбоотой хохирлыг шүүгдэгч хэрхэн төлж байгаа нь оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох боломжтой.

Гэтэл амь насыг сэргээж болохгүй ч түүнтэй холбоотой мөнгөн зардлыг төлүүлэх зорилгоор тухайн буруутай этгээдийг өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлүүлж холбогдох хохирлыг төлүүлэх гэдэг нь дээр дурдсан зарчим, зорилгод хэрхэвч нийцэхгүй байна.

Мөн хариуцлага ногдуулахдаа шүүгдэгчийн талаарх хувийн байдал, түүний хохиролд төлсөн мөнгөн дүнг шууд хохиролд бүрэн тооцож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн талаас хэрэгт хандсан нөхцөл байдлыг нилээдгүй үнэлсэн.

Гэтэл хохирогч талын нөхцөл байдал буюу өмгөөлөгч миний болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шатанд хэлсэн ял хүндрүүлэн оногдуулах саналыг дээр дурдсан байдлаар хүлээж аваагүй нь учир дутагдалтай байна гэж үзэж байна.

Учир нь, хохирогч нь ердөө 42-хон настай байсан, мөн 3 хүүхдийн эцэг /том дагавар хүүхэд нь 20 нас, дунд охин 16 нас, бага хүү 11 нас/ байгаа, үүнээс үүдэн хүүхдүүд хагас өнчин болж үлдэж буй байдал, бэлэвсэн үлдэж буй эхнэр, өтлөх насандаа хүүхдээ алдсан өндөр настай эцэг, эхийн зовлон, төрсөн дүү, ахыгаа алдсан ахан дүүсийн хагацал зэрэг байгаа учраас хорих ялын санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөөгүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцүүлж, шударга ёсны зарчмын хүрээнд ял халдаагаагүй байна гэж үзэж байна.

Амь нас хохирсон нөхцөл байдал болон амь нас хохирсонтой холбоотой хохирлыг барагдуулж буй нөхцөл байдал нь ял оногдуулахад хөнгөрүүлж болох нөхцөл байдал болохоос амь нас хохирсон байгаад тохирсон ял шийтгэл хүлээлгэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчмын баталгаа юм. Шүүгдэгч .... гийн өмгөөлөгчийн "...хэрэг болсны дараа шүүгдэгч ар гэрт нь очиж оршуулгын зан үйлд оролцсон. Улаанбаатар хотод очиж уулзаж уучлалт гуйж байсан..." талаар дүгнэлтийг үндэслэсэн талаар тогтоолын 13-р талд дурдсан.

Шүүгдэгч ....  нь оршуулгын зан үйлд оролцоогүй бөгөөд түүний хамаатан садан гэх хүмүүс тэр үед ирж талийгаачийн ар гэрийнхтэй нэг удаа уулзаж байсан. Үүнээс хойш огт холбоогүй байж байгаад хэрэг шүүхэд шилжсэн үед шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн төрсөн дүү болон өмгөөлөгч надтай нэг удаа уулзаж уучлалт гуйж, улмаар хохиролд 15,000,000 төгрөгийг хэд хоногийн дараа төлж байсан.

Энэ үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн ар гэрийн зүгээс шүүгдэгч .... хандаж, хүн ёсоор холбоотой байх, ард нь үлдсэн аав, ээж, үр хүүхдүүдтэй нь уулзаж уучлал гуй, тэр хүмүүсийн шархалсан сэтгэлийг уулзаж тайтгаруулмаар байна гэдгээ өмгөөлөгч нарын өмнө хэлж байсныг энд дурдмаар байна.

Гэсэн хэдий боловч шүүгдэгч нь хохирогч талтай дахин холбогдоогүй бөгөөд шүүх байгууллагад дээр хоорондоо уулзсан болно.

Эндээс үзэхэд анхан шатны шүүх нь дан ганц шүүгдэгч талын мэдүүлэг, баримтад үндэслэж шийдвэр гаргасан бөгөөд шүүгдэгчийн энэхүү хэрэгт хэрхэн хандаж буй хандлагын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хохирогч талын байр суурь, нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

Хохирол, хор уршиг, нэхэмжлэлийн талаар: Монгол Улсын Үндсэн хуульд заасан шашин шүтэх, эс шүтэх эрхийнхээ хүрээнд амь хохирогчийн хойтын буяны ажил буюу оршуулгын зан үйлд ямар ч гэр бүл шашны зан үйл үйлдүүлдэг. Амь хохирогчийн ар гэрийнхэн буддын шашны лам ашиглан оршуулгын зан үйл хийлгүүлж, тухайн ламдаа өргөл барьц болгон 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Энэхүү зан үйлд нь талийгаачийн амь хохирсон гэх газарт уул усыг аргадах, чулуун овоо бий болгох үйлд мөн тус лам нь оролцож, нийтдээ эдгээр зан үйлд 5,000,000 төгрөгийг зарцуулсныг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

".... " ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ094380 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....  нь үүргийн гүйцэтгэлийг шүүгдэгчээс шаардах эрхгүй байна гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амь хохирогч нь нас барсан тохиолдолд зайлшгүй хууль ёсны төлөөлөгч томилогдохоор заасан. Энэ тохиолдолд амь хохирогчийн амьд ахуйдаа үйлдсэн гэрээний үүргийг ....  нь гэрээний тал биш учраас шаардах эрхгүй гэх утгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар хуульчилсан бөгөөд амь хохирогч Б.Өлзийсайханы амьд явах эрх нь зөрчигдөж тэрээр дээрх дурдсан зээлийг төлөх боломжгүй болсон. Хэрвээ тэрээр амьд байсан тохиолдолд зээлийг өөрөө төлж дуусгах нь зүйн хэрэг юм. Энэхүү хэргийн хор уршгийн улмаас тэрээр зээлээ төлж чадахгүй болсныг шүүгдэгчээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэсэн. Хэрэгт тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэрхэн амь хохирогчийн орлогыг тодорхойлсны үндсэн дээр улсаас хэдэн төгрөгийг олгох талаар дурдан заасан. Энэхүү баримт нь дангаар энэ төрлийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалттай юм. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа хохирогч тал дахин шүүхэд нэхэмжлэл гарган энэ төрлийн тэтгэмжийг тогтоолгох нь хохирогч талын эрх ашгийг цаг хугацаа алдан зөрчиж байна. Эрдэнэт хүний амь нас хохирсон энэхүү хэрэгт Эрүүгийн хуульд заасан "Шударга ёсны зарчим", "Эрүүгийн хариуцлагын зорилго"-д нийцүүлэн мөн шүүгдэгчийн хууль бусаар ан хийж явсан үйлдэлд өөр хэн нэгэн өртөж болзошгүй байсан буюу амь хохирогчоор өөр хэн ч амь нас эрсдэх боломжтой байсан нь Эрүүгийн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилгод нийцэх. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шударгаар ял оногдуулах...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод тус тус нийцүүлэлгүйгээр шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байх тул Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү. Хохирол шийдвэрлэсэн талаар дээр дурдсан гомдолтой байх тул эрүүгийн хариуцлагын шатанд бус гэм буруугийн шатанд буцаан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Монгол улсад улаан номд орсон "Цоохор ирвэс" гэх амьтныг агнасан тохиолдолд хорих ял оногдуулж байхад "Эрдэнэт хүн”-ийг агнасан /болгоомжгүй/ тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулж байгаа нь дээр дурдсанаар Эрүүгийн хуульд заасан зарчим, зорилгод нийцэхгүй байна. Мөн улсын яллагчийн гаргасан ялын санал, хохирогч талын саналыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байсан гэж үзэж байна” гэв.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэсэн, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ялын асуудлыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэх хэсэгт маш тодорхой, дэлгэрэнгүй бичсэн байсан. Энэ гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн дараа шүүгдэгчийн зүгээс хохирогч талд гаргасан харилцаа, хандлага зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч талын гаргасан давж заалдах гомдол анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн байна. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримталсан байх ба тус зүйл заалт нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсон заалт. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уржигдар талийгаач дүүгийн минь төрсөн өдөр болсон. Хоёр хүүхэд нь аавынхаа газар луу очъё гээд дагуулж явлаа. Том охин нь би үхмээр байна гэж өдөр болгон хэлж байна. Надад шүүхэд харуулбал зөндөө олон мессеж байна. Аав минь хүнтэй ч дугарахаа больсон. Аав, ээжид минь их хэцүү байгаа. Надад нөгөө хүнийг нь хорьсонгүй гэж ар гэртээ хэлэх үнэхээр хэцүү байсан. Бараг би хуйвалдаад хориогүй юм шиг зарим хүмүүс бодож байна. Бүхэл бүтэн хүн алчхаад зүгээр гадуур яваад байх юм уу. Ямар энэрэнгүй болчихсон юм бэ манай Монгол Улсын шүүх. Би 25 жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Өчнөөн мэдээлэл цуглуулж, бэлтгэн мэдээллэж байсан. Би ийм шүүх хуралдаан үзээгүй. Хүний амь амьтны аминаас долоон дор болчихсон юм уу, миний дүү энэ улсад ямар ч хэрэггүй байсан юм уу. Хуулийн үндэслэлийнх нь дагуу хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Манай хэвлэлийнхэн гайхаад надаас асууж байна, та яриа өгөөч гэхээр нь би энэ талаар одоохондоо яримааргүй байна гээд явж байгаа” гэв.

 

8.Тус шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Мөнхтайван гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч .... оногдуулсан ял шийтгэл түүнд тохирсон гэж үзэж байна. Хохирол, хор уршгийн хувьд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлыг зөв тодорхойлж шийдвэрлэсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тооцох нь эргэлзээтэй гэж үзэж байна. Хохирлыг шийдсэн шийдвэрийг анхан шатны шүүх тогтсон эрх хэмжээнийхээ хүрээнд, бодитоор дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан зүйл заалт нь хүчингүй болсон хуулийн заалт. Иймд тус давж заалдах гомдол нь хуулийн шаардлага хангахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .... холбогдох эрүүгийн ....  дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших бөгөөд аливаа гэм буруутай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг хууль ёсны зарчимд үндэслэн тодорхойлох ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай.

 

4. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.

Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч .... гийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн дээрх хоёр хэлбэрийн алинаар үйлдэгдсэн болох талаар дүгнээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийн талаар шийтгэх тогтоолд бүрэн тусгаагүй байна.

 

5. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг ба хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим бүхийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь дээрх зорилгод нийцээгүй байна.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай зохицуулсан Эрүүгийн хуулийн хэм хэмжээ юм.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.                                              Хүний амь нас хохирох буюу үхэл гэдэг ойлголт нь биологийн үүднээс амьдралын төгсгөл (амьд организмын хувьд биологийн үхэл) буюу амьдралыг тэтгэгч бүх эд эрхтний үйл ажиллагааны бүрэн сүйрэл гэж үзэх бөгөөд зүрх болон амьсгал зогсох үйл явцаас тархины үйл ажиллагаа, улмаар бүх эрхтэн тогтолцоо, бүхэл бүтэн биеийг хамран биологийн процесс, бодисын солилцооны хямрал лавширч бие махбодын гомеостаз алдагдаж амьдралын үйл ажиллагаа бүхэлдээ зогсохыг хэлнэ.

Үүнээс үзэхэд хүний амь насны хохирол нь арилгах боломжгүй, уг хохирлын хэмжээ нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхгүй. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон бусад нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэм бурууд тохирсон ял оногдуулах учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа улсын яллагчийн “...3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “...уг зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээгээр ял оногдуулах” тухай ялын санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг тогтоож байгаа нь ойлгомжгүй болжээ.

 

6. Мөн шүүгдэгч .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой заагаагүй байна.  

 

7. Түүнчлэн шүүгдэгч .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүнд ажил хөдөлмөр эрхэлж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгосон талаар дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт шүүгдэгчийн тогтсон ажилтай, хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт авагдаагүй байна.

 

8. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх бөгөөд шүүгдэгч .... оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзлээ.

 

9. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

10. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтандөшийн гаргасан “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч .... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч .... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.ЦЭРЭНХАНД

 

 

           ШҮҮГЧИД                     З.ТҮВШИНТӨГС

 

                                          

                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ