Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 110

 

2018 оны  6 сарын 18 өдөр               2018/ШЦТ/110                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0127/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга М.Сайнболд

Улсын яллагч Я.Сансар

Шүүгдэгч П.М. нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М.д холбогдох 1839000000123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг, Хайлаастын 18-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, П.М. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.М. нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багт оршин суух иргэн Б.Даваацэрэнгийн гэрт түүнтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.М. нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багт оршин суух иргэн Б.Даваацэрэнгийн гэрт түүнтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

Хохирогч Б.Даваацэрэнгийн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр П.М., Бат-Очир ах нартай нийлж архи уусан. ...яриа маань үндэс угсаа руу орж, П.М. намайг баруун аймгийнх билүү гэхээр нь манай аав Ховд аймгийн Манхан сумынх гэтэл намайг дөрвөд юм байна гэсэн. Тэгээд хэрүүл эхэлсэн. Гадаа гараад П.М., бид хоёр зодолдсон, мөн гэрт орж ирээд зүүн талын орон дээр дарж байгаад гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэгтэл П.М. намайг газар түлхэж унагаагаад эрүү рүү өшиглөж, гараараа миний толгой ар хэсэг рүү цохисон. Намайг газар унагаагаад өшиглөх үед миний эрүү хугарах шиг болсон, хугарч байгаа нь мэдэгдсэн. Би газар унаад баруун талын орон доогуур толгойгоо хийгээд дээшээ хараад цааш зүтгэсэн. Гэтэл П.М. миний хөлнөөс татаад гаргаж ирэх гээд байсан. Миний өмсөж байсан гутлыг хөлнөөс сугалаад толгойны ар хэсэг болон нуруу, дагз руу цохиж, хөлөөрөө дэвсээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/

Гэрч О.Бат-Очирын: “...П.М. одоо чи болсон, миний цохих ээлж болсон гээд Даваацэрэнг гараараа заамдаж байгаад эрүү, шанаа руу нь цохисон. Гэтэл Даваацэрэн нь миний эрүү хугарчихлаа, Бат-Очир ахаа энийг салгаач ээ гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/

Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2018.229 дугаартай: “Б.Даваацэрэнгийн биед эрүү ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22 тал/,

Шүүгдэгч П.М.н мөрдөн байцаалтанд гэрч, яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн: “...тэгээд олон юм яриад агсраад байхаар нь би чамтай маргахгүй, чи зодвол ч зод гэж хэлсэн. Тэгтэл намайг орон дээр дарж байгаад өвдгөөрөө хоёр гарыг дараад нүүр рүү хэд, хэдэн удаа цохиод хоолой боосон. Тэгэхээр нь би гарыг нь салгаад толгойг нь мушгиж байгаад нүүр рүү нь нэг удаа цохьтол эрүү нь хугарчих шиг болсон. ...буцаад ортол орон доогуур толгойгоо хийгээд хэвтэж байхаар нь хөлнөөс нь татаж гаргах гэтэл гутал нь сугарсан. Тэр сугарсан гутлаар нь нуруу, бөгс рүү нь 2-3 удаа цохисон... Миний буруутай үйлдлээс болж хүний биед ийм гэмтэл учирсанд харамсаж байна. Би дахин ийм хэрэг хийхгүй тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч П.М.н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул П.М.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Даваацэрэн нь П.М.гоос нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй /хх-ийн 46 тал/ гэсэн тул шүүгдэгч П.М.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг сонгож оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох  ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч П.М.-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М.д  1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М. нь түүнд оногдуулсан 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2018 оны 7 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

              

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ц.МӨНХТУЛГА