Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00245

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00245

 

 

 

МЕСА Инженеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02840 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: МЕСА Инженеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Их хүрэн хар ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 3 523 735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нацагдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нацагдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЕСА Инженеринг ХХК-ийн эзэмшлийн 40-32 УБЕ улсын бүртгэлийн дугаартай Хино Рэнжир маркийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст багийн Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн засмал замын 25 км-т тус компанийн ажилтан Э.Билгүүн жолоодож, инженер П.Эрдэнэбаяр зорчигчийн суудалд сууж явах үед Нордбенз маркийн 74-35 ӨМӨ улсын дугаартай Их хүрэн хар ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гаргасан. Компанийн өмч HINO RANGER маркийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд 11 808 000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг хохирлыг даатгалын байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн. Бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг даатгалын байгууллага хариуцахгүй гэсэн учир манай компани өөрийн ажилтан Э.Билгүүн, П.Эрдэнэбаяр нарын эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр, өвчтэй байсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь хариуцан 3 523 735 төгрөгийн зардал гаргаж хохирлыг барагдуулсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өөрийн санаачилгаар хохирлыг барагдуулсан тул зам тээврийн осол хэрэгт гэм буруутай тал болох Их хүрэн хар ХХК-иас өөрийн компанийн ажилтанд учирсан хохирлыг нөхөн нэхэмжилж байгаа болно. Үүнд: Э. Билгүүний эмчилгээ, шинжилгээнд 1 456 272 төгрөг, П.Эрдэнэбаярын эмчилгээ, шинжилгээнд 1 696 093 төгрөг, Э.Билгүүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн 5 хоногийн цалин /35 125 х 5 хоног/ 175 625 төгрөг, П.Эрдэнэбаяр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн 5 хоногийн цалин /39 149 х 5 хоног/ 195 745 төгрөг, нийт 3 523 735 төгрөгийн хохирлыг төлсөн. Бид ажилтнуудынхаа эрүүл мэнд болон компанийн өмч хөрөнгөөр хохироод байхад, зам тээврийн осол гаргасан тал учруулсан хохирлыг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Иймд Их хүрэн хар ХХК-иас 3 523 735 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нацагдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн 74-25 ӨМӨ улсын дугаартай автомашин МЕСА Инженеринг ХХК-ийн 40-32 УБЕ улсын дугаартай автомашины араас мөргөж, зам тээврийн осол гаргасан нь үнэн. Автомашинд учирсан хохирол болох 11 808 000 төгрөгийг өөрийн харилцагч даатгалын компани болон өөрийн хөрөнгөөр хамтарч бүрэн барагдуулсан болно. Тухайн осол гарсны дараа МЕСА Инженеринг ХХК-ийн машиныг жолоодож явсан Э.Билгүүн болон хамт явж байсан П.Эрдэнэбаяр нарын биед Шүүхийн шинжилгээний үндэсний төв-д хийлгэсэн шинжилгээгээр зам тээврийн ослын улмаас ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан. Хүний биед гэмтэл учраагүй гэх үндэслэлээр Өмнөговь аймгийн сум дундын прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/124 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн 2 ажилтан ослын улмаас тархи доргисон оноштойгоор эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Хьюндай эмнэлгээс хуурамч байж болох баримтыг шүүхэд ирүүлж, уг баримтад үндэслэн нэхэмжлэгч мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тархи доргиход 5 хоног хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй учраас хараагүйчүүдийн төвд очиж бариулахад л хангалттай байсан. Манай компани 2 ажилтны 5 хоногийн цалин 371 100 төгрөг, мөн тархи бариулахад ямар зардал гардаг түүнийг нь төлөхөөс татгалзахгүй, харин үнэтэй шинжилгээ, эмчилгээнийх нь мөнгийг төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Их хүрэн хар ХХК-иас 3 053 735 төгрөгийг гаргуулж МЕСА Инженеринг ХХК-д олгож, МЕСА Инженеринг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 470 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч МЕСА Инженеринг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Их хүрэн хар ХХК-иас 63 810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нацагдорж давж заалдах гомдолдоо: Шүүхэд гаргаж өгсөн 2 ажилтны цалингийн дансны хуулгаас харахад нийгмийн даатгалын байгууллагаас хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж буюу акттай байсан хоногийн мөнгө нэг өдрөөр тооцож шилжиж орж ирснээс харахад тухайн 2 ажилтан 5 хоног өвчтэй байгаагүй, нэг өдрийн акттай байсан гэдэг нотлогдож байхад шүүх энэ нотлох баримтыг авч хэлэлцээгүйгээр шийдвэр гаргасан. Манай компанийн зүгээс нийгмийн даатгалын байгууллагаас нэг өдрийн актны мөнгө буюу хөдөлмөрийн чадвар түр алдалтын мөнгө шилжсэн баримтыг үндэслэн нэг өдрийн цалингийн хэмжээтэй тэнцэх мөнгийг өгөхийг зөвшөөрсөн байхад 5 өдрийн мөнгө болох 371 370 төгрөгийг зөвшөөрсөн гэж шүүхийн тогтоолд дурдсаныг буруу ойлгосон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт манай зүгээс эдгээр ажилчдын үндсэн цалин болох 1 300 000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ыг хассан дүгээс ажлын 22 хоногт хуваан нэг өдрийн цалинг 47 000 төгрөг гэж мэтгэлцсэн. Монгол Хьюндай эмнэлгийн журамд хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчээсээ эмнэлгийн хоногийн төлбөрийн тодорхой хэсгийг нь урьдчилж авдаг байхад эдгээр 2 хүнээс хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гарсны дараа төлбөрөө авсан баримт эргэлзээтэй байх тул хуурамч эмнэлгийн баримт, өвчтөний түүх бүрдүүлсэн гэх үндэслэлтэй байгаа тул хэргийг дахин хянуулах хүсэлттэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч МЕСА Инженеринг ХХК нь хариуцагч Их хүрэн хар ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3 523 735 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй, эмчилгээний зардал, хохирол төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

МЕСА Инженеринг ХХК-ийн эзэмшлийн 40-32 УБЕ улсын бүртгэлийн дугаартай Хино Рэнжир маркийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус компанийн ажилтан Э.Билгүүн жолоодож, инженер П.Эрдэнэбаяр зорчигчийн суудалд сууж явах үед Их хүрэн хар ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн 74-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасан, нэхэмжлэгч компанийн Хино Рэнжир маркийн тээврийн хэрэгсэлд 11 808 000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг хохирлыг арилгасан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад хохирол учруулсан Нордбенз маркийн 74-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Их хүрэн хар ХХК болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нотлогдсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар Их хүрэн хар ХХК дээрх тээврийн хэрэгслэлийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин нэхэмжлэгч МЕСА Инженеринг ХХК-ийг иргэдэд учирсан эрүүл мэндийн хохирлыг шаардах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Шүүх Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч МЕСА Инженеринг ХХК-ийн эд хөрөнгө эвдэрч, устаж гэмтсэн талаар баримт хэрэгт байхгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй. Харин ажилтны эрүүл мэндэд хохирол учирсанд гэм хорын хохирол төлсөн гэж шаардсан ба Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан үндэслэл гаргасан нь буруу байна.

Хуулийн энэхүү заалт нь нийгмийн даатгал, нийгмийн хангамж болон эдгээр байгууллагатай адилтгаж болох хуулийн этгээд иргэний амь нас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах үүрэг үүссэний үндсэн дээр уг нөхөн төлбөрт өгсөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан шаардах эрхтэй зохицуулжээ.

Нэхэмжлэгч компани иргэн Э.Билгүүн, П.Эрдэнэбаяр нарын эрүүл мэндэд гэм хор учирсны нөхөн төлбөр төлсөн үндэслэл тодорхой бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан ажил олгогч хохирол, нөхөн төлбөр төлөх талаар заасан боловч уг тээврийн хэрэгслийн ослыг үйлдвэрлэлийн осол байсан гэх баримт байхгүй.

МЕСА Инженеринг ХХК-иас Э.Билгүүн, П.Эрдэнэбаяр нарт төлбөр тусламж үзүүлснийг Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах шаардлагад хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02840 дүгээр  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч: МЕСА Инженеринг ХХК-ийн хариуцагч: Их хүрэн хар ХХК-аас гэм хорын хохиролд 3 523 735 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Их хүрэн хар ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ

 

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон магадлал гарч байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан шаардлагыг тээврийн хэрэгслийг ашиглалтаас хохирол учруулсан тээврийн хэрэгслийг эзэмших байгууллагад гаргах эрхтэй. Гэм хорын хохирол учруулсан тээврийн хэрэгслийг Их хүрэн хар ХХК эзэмшдэг нь тогтоогдож байгаа учраас хариуцагч байж болно. Харин нэхэмжлэгч МЕСА Инженеринг ХХК бол иргэдэд учирсан эрүүл мэндийн хохиролыг шаардах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 бол Нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм хорын хохирлыг төлчхөөд тэрийгээ буруутай этгээдээс нэхэж болох шаардах эрхийн зохицуулалт байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр нийгмийн даатгал, нийгмийн хангамж болон бусад хуулийн этгээд гэдэг нь дурын хуулийн этгээд байхгүй. Гэм хор учирсан этгээдэд хохирлыг төлөх үүрэг үүсчихсэн хүмүүсийг хэлж байгаа. Хэрэгт нэхэмжлэгч компани ажилтандаа учирсан хохирлыг төлөх тохиолдол бол Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлээр тодорхойлогдсон. Тэр нь үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан учирсан хохирол учрах юм бол тэрийг ажил олгогч төлөх үүргийг тодорхойлсон. Тэгэхээр энэ тээврийн хэрэгслийн улмаас гэм хор учирсан аваар осол нь өөрөө үйлдвэрлэлийн осол байсан эсэх талаар баримт байхгүй байгаа. Ийм учраас ямар үндэслэлээр энэ хохирлыг МЕСА Инженеринг ХХК тэр хохирсон гэж үзэж байгаа Э.Билгүүн, П.Эрдэнэбаяр нарт төлсөн вэ? гэдэг нөхцөл нотлогдоогүй,. Ийм учраас Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй биш байна. Энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.