| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0129/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 112
2018 оны 6 сарын 14 өдөр 2018/ШЦТ/112 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0129/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ариунтуяагийн Бд холбогдох 1839002110119 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 01-01 тоотод оршин суух хаягтай, улсаан авсан гавьяа шагналгүй, 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Боржигон овогт Ариунтуяагийн Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Эрдэнэ зочид буудлын зүүн хойд талд иргэн С.Амаржаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Эрдэнэ зочид буудлын зүүн хойд талд иргэн С.Амаржаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 04 сарын 18-ны өдөр манай найз Мөнхтуяа гэдэг хүүхэн таксигаар Ган-Отгон бид хоёрыг авахаар Хаан пабын гаднаас ирж авсан. ...жолооч нь бууж ирээд хаалга онгойлгон буугаад ир гэсэн. Чи чамтай юм яриагүй чи буруугаар ойлгоод байна гэхэд гуйлгачин минь буу пизда минь гэсэн намайг буухад заамдахаар нь би хүзүүн дээр нь гараа тавиад ахын дүү зүгээр байгаарай би чамайг мэдэх л юм байна гэхэд миний нүүрэнд чулуугаар цохисон......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-12 хуудас/
Гэрч Л.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....Амаржаргал тэгсэн чинь жоохон шаагаадаа гэж хэлж байсан чинь таксины жолооы Эрдэнэ зочид буудлын баруун талын уулзвар хавьд зогсоод чи муу намайг шаадаг хэн бэ гээд Амаржаргалын сууж явсан талын хаалгыг онгойлгоод чи муу гуйлгачин минь буу чамд үйлчлэхгүй гээд хувцас цамцнаас нь зулгаагаад байсан. ...тэгж байгаад гэнэт л тэр хоёр хоорондоо зууралдаад газар өнхрөөд явчихсан. Тэгээд Амаржаргал босч ирэхдээ хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5 хуудас/
Гэрч Т.Ган-Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: “....2018 оны 04 сарын 18-ны өдөр 22 цагийн үед Жонон бааранд Амаржаргал бид хоёр сэрүүн пиво уусан. Баарнаас гараад Хаан паб орж ахиж пиво захиалж уусан. Хаан пабнаас гарч Мөнхтуяа гэдэг найз такси бариад ирж Амаржаргал бид хоёр машинд нь суусан. Бид хоёр арын суудалд сууж явсан ба хоорондоо нэг найзыгаа муриад алга болсон гээд яриад явж байсан чинь жолооч гэнэт зогсоод хаалгаа онгойлгоод муу гуйлгачин минь буугаад ир гээд татаад буулгасан. Тэр хоёр хоорондоо зодолдоод эхлэхээр нь би боль гээд салгасан ахиж зодолдоод байсан. Тэр хоёр хоорондоо зууралдаад газар өнхөрч байгаад жолооч нь босоод зугатаахад Амаржаргал араас хөөгөөд удалгүй буцаж ирэхдээ нүүрэн тус газраа цохиулчихсан байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5 хуудас/
2018 оны 5 дугаар сарын 24-ны №239 Шүүх эмнэлгийн
С.Амаржаргалын биед зүүн хөмсөгт шарх, дух, зүүн мөрөнд зулгаралт, зүүн нүдний зовхинууд, өвдөгт цус хуралт, зүүн нүдний зовхинуудад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-22,23 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Амаржаргалын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Ариунтуяагийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ