Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00153

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00153

 

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02545 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ДР- ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ДР- ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар тус компанийн Завхан аймаг дахь Авто замын барилгад ажилласан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр захирал н.Болдоо намайг ажлаас тушаалгүйгээр, тодорхой үндэслэлгүйгээр халсан. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч ДР- ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э- нь ДР- ХХК-тай Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Тэлмэн хүртэлх 114 км авто замын ажилд ажиллахаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн ажил ба тэр үед орон нутагт хийгдээд дуусах ажлыг нэг өдрийн 50.000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцож, хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан. Н.Э-ын дурдаж байгаачлан ажилд авсан гэх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 тоот, ажлаас халсан гэх 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 тоот тушаал огт байхгүй тул шүүхэд бичгээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Хариуцагч ДР- ХХК Н.Э-ыг хөлсөөр ажиллуулсан хугацааныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Монгол улсад татвар төлж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд ажилтныг цаашид ажиллуулахгүйгээр болж ажилласан өдөрт нь ногдох цалинг өгөөд талуудын харилцаа дуусгавар болсон. Шүүхээс шаардсан баримтууд манай байгууллагад байхгүй тул тухайн он сар өдрийн дугаартай тушаалуудыг дэс дугаараар нь шүүхэд гаргаж өгсөн. Өөр манай байгууллагад Н.Э-тай холбоотой гэрээ болон бусад баримт бичиг байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан ДР- ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай Н.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Э- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би хариуцагч компанитай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд орсон болно. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн буюу хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан болохыг хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 874 тоот Өргөдлийн хариу нотолдог. Хэрэгт авагдсан Г.Болдоогийн Н.Э-ын асуудлыг шийдвэрлэ гэсэн шаардлага тавихад байгууллагын нягтлан н.Цэвээндарь миний эзгүйд Б/08 тоот тушаалыг үйлдээд үзүүлсэн байсан. Нягтлан хууль мэдэхгүйгээс нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийгээд, шимтгэл төлсөн асуудал гарсан байсан... ...нягтлан захирлыг эзгүйд нийгмийн даатгалын байгууллага шалгалт хийж, Н.Э-ын асуудлыг шийдвэрлэ гэснийх нь дагуу хуурамч тушаал гаргаж, бичилт хийж баталгаажуулсан болно ... гэж тус тус тайлбарласан нь ойлгомжгүй. Мөн компанийн тамга, тэмдэг хариуцсан ажилтан нь хуулийн мэдлэггүйгээс болж миний нийгмийн даатгалын дэвтэрт хоёр ч удаа тамга, тэмдэг дарсан гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагч тал ямар зорилгоор гарын үсэг болон тамга, тэмдгээр баталгаажуулаагүй хөдөлмөрийн гэрээ болон тушаалуудыг шүүхэд ирүүлсэн байгаа нь тодорхойгүй, шүүх эдгээр баримтуудыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй. Хариуцагч компанийн нийгмийн даатгалын тайланд миний нийгмийн даатгал хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ажилтнуудын нэгэн адил тусгагдсан байдаг. Хэрэв хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан бол тусад нь тайлагнах ёстой бөгөөд шимтгэлийн хувь, хэмжээ өөр байдаг. Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэгт энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/114 тушаалын 1б-д ажлын байрны эрсдлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна гэж тус тус зохицуулсан. Замын компанийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглодог. Хөдөлмөрийн тухай хуулийн олон заалтыг хэрэгжүүлэх, хянах эрх, үүрэгтэй ажилтанд өөрт нь яагаад Хөдөлмөрийн тухай хууль хамааралгүй болсныг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг тайлбарласнаас өөр зүйл байхгүй байна. Зүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудын заалтууд уг болоод өнгөрсөн харилцаанд хэрхэн хамаарч байгааг тодорхойлон хэрэглэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т зааснаар хариуцагч компанийн захирал Г.Болдоо, Ерөнхий менежер П.Хүрэлбаатар, хүний нөөцийн ажилтан н.Дарьсүрэн нар нь удирдлагуудаас шууд хамаарсан этгээд буюу зохигчийн төлөөлөгч мөн тул дээрх хүмүүсийг гэрчээр дуудаж болохгүй. Шүүх гэрч гэж оролцуулсан хүмүүс худал мэдүүлсэн. Эдгээр хүмүүсийг миний хүсэлтээр гэрчээр оролцуулсан нь үнэн. Завхан аймагт ажлын талбайд ажилласан хүмүүсээс гэрчээр оролцуулах боломжтой байсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр үндэслэл болсон нотлох баримт болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулсан цалин олгосон гэх баримтанд зурагдсан гарын үсэг минийх мөн эсэх нь эргэлзээтэй. Өдрийн 50.000 төгрөг гэсэн баримтад би гарын үсэг зураагүй бөгөөд сарын 1.500.000 төгрөг гэсэн баримтад гарын үсэг зурсан. Өдрийн 50.000 төгрөг гэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн зүйл биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно гэж заасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөлсөөр ажиллагч гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх үүрэгтэй. Тодорхой хугацааны туршид эсхүл тодорхой даалгаврыг гүйцэтгэх үүрэг хүлээдэг бөгөөд энэ үйлчилгээг нь ажиллуулагч чөлөөтэй удирдан чиглүүлэх боломжтой байдаг. Тийм учраас хөлсөөр ажиллах хугацаа, гүйцэтгэхээр тохирсон ажил нь гүйцэтгэх үүргийн хэмжүүр болно гэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцэхгүй. 6 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхэд явагдсан шүүх хуралдааны явцад шүүгч үйлдвэрлэлийн осол тохиолдсон бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан эрүүгийн хариуцлага хүлээдэг гэсэн. Хэрэв миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаанд үйлдвэрлэлийн осол болсон бол би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж хариуцлага хүлээхгүй байсан эсэх нь тодорхойгүй. Эсхүл хариуцагч байгууллагаас нуугаад шүүхэд гаргаж өгөхгүй байгаа надтай бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн байгууллагад өгсөнөөр миний бие хариуцлага хүлээх эсэх нь ойлгомжгүй байна. Иймд уг маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан алдаа, зөрчил гаргаагүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч ДР- ХХК-д холбогдуулан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Э-ын гаргасан нэхэмжлэл, тайлбараас үзэхэд тэрээр 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хариуцагч компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар 24 хоног ажиллаж, цалин хөлс авсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн зэргийг үндэслэж ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаагүй, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дах хэсэгт зааснаар гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын үндэслэлийг нотлох зорилгоор өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 874 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 07 сарын тайлан /хх-ийн 21, 46, 79, / зэргийг гаргаснаас гадна түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дах хэсэгт заасан эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулах, гэрч асуух зэргээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүхээс явуулсан байна.

 

Хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан, ажлаас халсан тушаал, цалин хөлс олгосон баримт зэргийг гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасныг шүүх хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулахаар шүүгчийн захирамжаар даалгасан боловч хариуцагч нь Н.Э-ыг ажилд авсан болон ажлаас халсан тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг гаргаж өгөөгүй байна.

 

Хариуцагч нь Н.Э-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд аваагүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулсан, туршилтаар ажиллуулсан гэх зэргээр тайлбарлаж байгаа боловч татгалзлын үндэслэлдээ зааж буй хөлсөөр ажиллуулсан эсхүл туршилтын түр хугацаагаар ашиглуулсан гэх байдлыг нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.Болдоо, менежер П.Хүрэлбаатар, хүний нөөцийн ажилтан Д.Дарьсүрэн нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хариуцагч ДР- ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар нэг сарын 1 200 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тус компанийн захирал Г.Болдоотой амаар тохиролцож, тус компанийн Завхан аймаг дахь авто замын барилгад 24 хоног ажилласан, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллуулаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон.

 

Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан ДР- ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар томилов 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, ажлаас чөлөөлөв 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэсэн бичилт хийж ДР- ХХК-ийн тамга дарагдсан Н.Э-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ...иргэн Н.Э- нь ДР- ХХК-д 2017 оны 6 сард 1 200 000 төгрөгийн цалин олгохоор гэрээ байгуулж ажилд орсон байна... нийгмийн даатгалын дэвтэрт ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаалуудыг бичүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан болно... гэсэн 2017 оны 874 тоот албан бичиг, ДР- ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 07 сарын тайлан, Н.Э-ын ажилд орохыг хүсэгчийн анкет, 24 хоног ажиллаж цалин хөлс олгосон цалингийн хүснэгт зэрэг бичмэл нотлох баримтууд зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 21-22, 46, 79, 2хх-ийн 20-21, 32/

Хариуцагч ДР- ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж,  гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй, үүнд нэхэмжлэгч буюу ажилтныг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглодог тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч байгууллага нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ заасан тушаал шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үздэг тул ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай адилтган үзэж нэхэмжлэлийг шаардлагын хангах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.Э-ыг хариуцагч ДР- ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

 

Ажилгүй байсан бүх хугацааг тооцвол 18 сар 13 хоног байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /1 200 000*18+55813*13=/ 22 325 569 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02545 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э-ыг хариуцагч ДР- ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 22 325 569 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 269 577 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ