Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 113

 

2018 оны 6 сарын 14 өдөр                       2018/ШЦТ/113                           Хэрлэн сум

 ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0130/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Цэрэндулам,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                М.С нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Огол овогт Маруушийн Сад холбогдох 1839001980130 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1981 оны 11 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 3-р баг “Эргэцэгийн ар” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Огол овогт Маруушийн С /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч М.С нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3-р багийн нутаг “Эргэцэгийн ар” гэх газарт иргэн Г.Доржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.С нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3-р багийн нутаг “Эргэцэгийн ар” гэх газарт иргэн Г.Доржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хохирогч Г.Доржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би уусан архиндаа согтсон байсан учраас М.Сын гэрт ороод гэрийн зүүн талын орны наад талаар газар хувцастайгаа унтсан. Тэгээд би удалгүй сэрээд боссон чинь М.С над руу агсраад чи надаас мөнгө авсан өвсөө одоо өг гэж хэлэхээр нь би, чи юун сүртэй юм бэ, чамд өгөх өвсгүй байна, би өөрөө ч малдаа өгөх өвсгүй болчихоод байна гэсэн. Тэгээд бид хоёр энэ асуудлаас болж тэдний гэрт маргалдаж байтал М.С уурлаад намайг ална гээд зуухны хажууд байсан түлээний хагалсан модыг барьж аваад чи муугийн цусыг чинь тунгаана аа гэж хэлээд миний толгойн ар орчимд модоор нэг удаа цохиж, нуруу дал орчимд 2-3 удаа цохисон. Би модыг нь гараараа хаахад зүүн гарын ядам хурууг модоор цохиж арьсыг язалж урсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-20 тал/

Гэрч Б.Цогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би түүний биед үзлэг хийхэд толгойн ар дагз хэсэгт хуйх шалбарч өнгөцхөн тавалсан байдалтай зүүн мөр болон ар дагз хэсэгт хуйх шалбарч өнгөцхөн тавалсан байдалтай зүүн мөр болон дал хэсэгт хөхөрсөн, зүүн гарын долоовор хурууны арьс шалбарсан шархтай байсан учраас өвчин намдаах эм бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Гэрч О.Даваанямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр Дорж гэрээс урд зүгт нутаглах С гэдэг залууд зодуулчихлаа гээд зүүн гарын ядам хуруу нь шалбарч урагдсан цус гоожиж, толгойн арын хэсэгт дагзны хуйх нь язарч цус гарсан зүүн талын дал, мөр нь хөхөрсөн байдалтай байсан. С намайг ална гэж зодсон, намайг алчихаад дараа нь өөрийгөө ална гэж хэлсэн гэж Дорж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 36 тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №165 тоот 

-Г.Доржийн биед дагзны хэсгийн хуйх, баруун ядам хуруунд шарх, нуруунд зулгаралт, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 42 тал/

Шүүх эмнэлгийн шинжилгээний №588

-Хэнтий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагийн №165 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт  /хх 48-49 тал/

Яллагдагчаар М.Сын “...Дорж ах чамд өвс өгөх алба байхгүй гэж уурласан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Дорж ах намайг аав ээжийн дэргэд буудаж ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Дорж ахыг нуруу, дал орчим хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 53 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Хохирогч Г.Доржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Огол овогт Маруушийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Сад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Сад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ