| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0131/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 114
2018 оны 6 сарын 14 өдөр 2018/ШЦТ/114 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0131/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гэрэлбаасангийн Эд холбогдох 1839001830117 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Боржигон овогт Гэрэлбаасангийн Э /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 3 дугаар сарын 10-наас 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутаг “Саадагийн ар” гэх газарт 8.4 м куб шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 907.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Э нь 2018 оны 3 дугаар сарын 10-наас 12-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутаг “Саадагийн ар” гэх газарт 8.4 м куб шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 907.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.Тодбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажилладаг юм. Би Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрийг хариуцдаг юм. Би өөрийн хариуцсан газартаа 2018 оны 3 дугаар сарын 19-нд байгаль хамгаалагч Д.Баттулгын хамт шалгалт хийгээд явж байхад “Саадагийн ар” гэх газарт их хэмжээгээр мод бэлтгэсэн байсан. Манай Хужхан багийн “Саадагийн ар” гэх газар мод бэлтгэх талбай тусгаарлаагүй байсан юм. Тэгээд энэ тухай цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрөө мод бэлтгэлийн компаниудад талбай тусгаарлалт хийж өгдөг юм. Тэр Саадагийн ар гэх газар хамгаалалтын бүсийн ойд хамаардаг юм. Тэр хууль бусаар бэлтгэсэн шинэсэн шургааг модыг тэр газарт өвөлжилж байсан Г.Э гэх хүн бэлтгэсэн байсан. Г.Этай уулзахад эрхийн бичиг авч амжаагүй авах гэж очсон тэгээд байхгүй болохоор дараа нь авна гээд модоо бэлтгэсэн талаар ярьж байсан. Хууль бусаар бэлтгэсэн модыг хэмжиж үзэхэд 5-12 см диаметртэй 245 ширхэг 4 метр урттай тайрсан шинэсэн шургааг байсныг би өөрөө хэмжиж тэмдэглэл үйлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Д.Баттулгын “...Би 2018 оны 4 сарын 03-нд байгаль хамгаалагч Ж.Тодбилэгийн хамт Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутаг “Саадагийн ар” гэх газар эргүүл шалгалт хийж явсан чинь модон дотор шинэсэн шургааг мод бэлтгэсэн байсан. хууль бусаар бэлтгэсэн шургааг модыг хэмжиж үзэхэд 245 ширхэг 4 метр урттай 5-12 см диаметртэй моднууд байсныг байгаль хамгаалагч Ж.Тодбилэг тэмдэглэл үйлдэн хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Гэрч С.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э манайд ирээд би хашаагаа алдчихлаа та хэдэн шургааг бэлдэхэд туслаач гэхээр нь би тэгье гэж хэлээд зөвшөөрсөн, Тэгээд 2018 оны 3 сарын 10-12-ны хооронд “Саадагийн ар” гэх газар очиход Э өөрийн хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн пад трактортай очоод шар өнгийн цахилгаан хөрөөгөөр шинэсэн шургааг мод нийтдээ 250 ширхэгийг бэлтгэж бүгдийг 4 метрээр тайраад бэлдчихсэн байсан. Би очоод модыг нь пад тракторт чирэхэд бэлэн болгоход тусалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 тал/,
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 тал/,
Г.Эы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...би саравчгүй болчихоод хаваржааны саравч барихгүй бол болохгүй гэж бодоод Цэнхэрмандал сумын иргэн Гантөмөр гэж мод бэлтгэх мэргэжлийн байгууллагатай хүнтэй яриад мод бэлтгэх эрхийн бичиг асуусан чинь авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд би авч амжихгүй явсаар байгаад ер нь модоо бэлтгэчихээд дараа нь Гантөмөр ахаас эрхийн бичиг авчихна гэж бодсон юм. Тэгээд 2018 оны 3 сарын 10-12-ны хооронд өвөлжөөний саравчны урд “Саадагийн ар” гэх газарт хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн пад трактортай очоод, өөрийнхөө шар өнгөтэй цахилгаан хөрөөгөөр шинэсэн шургааг мод нийтдээ 250 ширхэгийг бэлтгэж бүгдийг нь 4 метрээр таслаад цагаалж орхисон юм. Тэгсэн ойн ангиас шалгалт хийж байгаад миний хийсэн модыг олчихсон юм. Би эрхийн бичиггүй мод бэлтгэсэн нь миний буруу, эрхийн бичиг авах ёстой гэдгээ мэдэж байсан... Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй тул хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас улсад 907.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Тодбилэг нь шүүгдэгч Г.Эыг нөхөн төлбөрөө барагдуулсан /хх-ийн 62 хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн бага оврын пад трактор, шар улаан өнгийн гадартай цахилгаан хөрөө зэргийг болон хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай 245 ширхэг шинэсэн шургааг модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 3-д заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Гэрэлбаасангийн Эыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сар бүр 300.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар улаан өнгийн гадартай цахилгаан хөрөө болон энэ хэрэгт битүүмжлэгдсэн ногоон өнгийн бага оврын пад трактор, 4 метрийн урттай 245 ширхэг шинэсэн шургааг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ