| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2329002330098 |
| Дугаар | 2025/ДШМ/38 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/38
О.*******, М.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Цогтмагнай /цахим/,
Шүүгдэгч М.*******,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолтой, М.*******, О.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хохирогч П.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.******* нь О.*******тай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт П.*******, Б.******* нартай үл ялих зүйлээр маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар зодож П.*******ийн биед нь бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 12-р нугалмын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун чих, баруун тохой, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх,
Шүүгдэгч О.******* нь М.*******той бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт П.*******, Б.******* нартай үл ялих зүйлээр маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар зодож П.*******ийн биед нь бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 12-р нугалмын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун чих, баруун тохой, баруун булгалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх,
Мөн яллагдагч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт 30-38 ДГС улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг баруун талын хаалганы жижиг цонхыг модоор цохиж хагалсны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 620,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь шүүгдэгч М.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.*******ид 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******т 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ид оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.*******т оногдуулсан 3,150,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч О.******* нь гэм хорын хохиролд хохирогч Ө.*******гад 2,500,000 төгрөгийг, хохирогч П.*******өд 1,750,000 төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Б.*******өд 160,000 төгрөгийг, шүүгдэгч М.******* нь гэм хорын хохиролд хохирогч П.*******өд 2,000,000 төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Б.*******өд 1,080,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч П.******* нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдаж,
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч П.******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шийтгэх тогтоолын 3 дугаар талд шүүгдэгч, хохирогч П.*******ийн тухайд сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүйгээ илэрхийлсэн гэж бичжээ.
Миний хувьд хохирогч байхад яагаад хэрэгтэн буюу шүүгдэгч гэж шүүгч бичсэн бэ? Үүнийг ойлгохгүй байна бас гомдолтой байна.
Шүүгдэгч М.*******, О.******* нар нь бүлэглэн ямар ч гэмгүй сууж байхад намайг зодож бүсэлхий, сээрний нугалмыг хугалсан, хамарны яс хугалсан, бусад олон газар гэмтлүүд үүсэж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан сэтгэл санааны айдас, өвдөлт мэдрүүлж хохироосон. Энэ хохирол өнөөг хүртэл арилаагүй, нуруу, хүзүү сээр өвдөж байгаагаас ажил хөдөлмөр хийж чадахгүй байгаа. Сэтгэл санааны хүнд буюу их хэмжээний хохиролтой байгаа.
Цахимаар шүүх хуралдаанд оролцож эмчилгээний зардлаа авсан, эмчилгээний зардал дахин нэхэмжлэхгүй гэж хэлсэн байхад намайг сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй авахгүй гэдгээ илэрхийлсэн гэж шүүгч буруу дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна.
2023 оны 08 дугаар сарын 03-ний өдөр болсон ил тодорхой хэргийг удаан хугацаагаар шийдвэрлэхгүй дарагдуулсан, шийдвэрлэх болохоороо хохирогч намайг шүүгдэгч гэж бичдэг, сэтгэл санааны хохирлоо авна, өгөх юм байна гэж бодож ойлгож байхад намайг өөрөө авахгүй гэж хэлсэн гэж бичсэн байна. Цахимаар шүүх хуралдаанд оролцоход зарим хэлж байгаа зүйл нь ойлгогдохгүй сонсогдохгүй байх зэрэг хүндрэлтэй байсан. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдэг нь эмчилгээний зардал шүү дээ. Хэрэг шийдвэрлэсний дараа /өмнө нь/ сэтгэл санааны хохирол, бас эмчилгээнд зарцуулсан хохирлоо нэхэмжилсэн, огт төлөөгүй байхад надад мөнгө өгсөн гэж прокурор, шүүгч нар худлаа бичиж намайг хохироосон байсан. Энэ хүмүүст хариуцлага тооцсон уу?, одоо бас дахин хохироолоо. Сэтгэл сэтгэл санааны хохирол авахгүйгээ илэрхийлсэн гэж хохирогч намайг хохироож байгааг гайхаж байна. О.******* нь намайг зодчихоод машинаа согтуугаар жолоодож явсан хэрэгт нь ял шийтгэл оногдуулсан юм уу?, 30-38 ДГС улсын дугаартай машины шилийг хагалсны дараа *******ийн машиныг унаад хойшоо зугтчихсан юм байна лээ. Мөрдөгчийн бураагаас намайг гарын үсэг зураагүй гэдгээр сэтгэл санааны хохирол өгөхгүй, одоо бүр намайг авахгүй гэсэн гэж сэтгэл санааны хохирол өгөхгүй байгаад харамсаж, гомдож байгааг хүлээн авч надад учруулсан сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу тогтоол гаргаж өгнө үү.
Прокуророос удаа дараа намайг хохироож хохирол гаргаж өгөхгүй байгааг анхаарна уу гэжээ.
Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцлаа. Хохирогч сэтгэл санааны хохирлоо нэхэмжилье гэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрхийг нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч П.*******ийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч М.*******, О.******* нь бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт П.*******, Б.******* нартай үл ялих зүйлээр маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар зодож П.*******ийн биед нь бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 12-р нугалмын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун чих, баруун тохой, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх,
Мөн яллагдагч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт 30-38 ДГС улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг баруун талын хаалганы жижиг цонхыг модоор цохиж хагалсны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 620,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Шүүгдэгч М.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэжээ.
Хохирогч П.******* нь “...надад учруулсан сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
2. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.*******, О.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-оос 2023 оны 08 дугаар сарын 03-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт 30-38 ДГС улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг баруун талын хаалганы жижиг цонхыг модоор цохиж хагалсны улмаас 620,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.*******ийн “...Намайг зоогийн газрын гадаа нэг удаа зүүн мөр рүү цохисон. ...Би зугтаж яваад, зогсож байсан машины хажуугаар гарч явахдаа буцаад хартал хамт явсан Баяа ахыг нөгөө хоёр залуу зодоод байсан ба би эргэж гүйж очоод мод хаясан газраас очоод модоо аваад нөгөө хоёр залуу дээр очсон чинь өөдөөс хатуу эд зүйл шидсэн, тухайн шидсэн зүйлийг би тоосго байна гэж бодсон, тухайн хатуу эд зүйл нь намайг оноод толгой хагалсан ба барьж явсан модоороо тухайн хүний гарыг цохисон чинь миний модыг булаагаад авахаар нь би шууд тэврээд авахад хар хувцастай залуу байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 21-23 дэх тал/,
Хохирогч П.*******ийн “...би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Таван толгойн уурхайгаас нүүрс ачаад замд байх цайны газарт хоол идэхээр ирсэн чинь намайг барьж аваад хоёулаа нийлж байгаад намайг зодсон. Намайг газар унагааж байгаад өшиглөж гарт барьсан модоороо цохисон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
Хохирогч Ө.*******гын “...манай хөлсний жолооч ******* над руу яриад Дорноговь аймгийн Сайншанд сум руу ачаагаа ачаад буцаж явахад танихгүй хүмүүст зодуулж гэмтэл аваад Улаанбаатар хот руу явж байна машиныг тань Өмнөговь аймгийн хэрэг болсон газар үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд би машинаа авахаар дахин өөр хөлсний жолооч хөлсөлж Өмнөговь аймаг руу хэрэг болсон газар луу явуулж, машинаа Замын-Үүд сум руу авчирсан ...машин маань ирээд харахад урд салхины шил хагарсан, жолоочийн эсрэг талын хаалганы салхины шил мөн хагарсан байсан. Өөр эвдэрсэн хэмхэрсэн зүйл байхгүй... нийт 1.312.500 хохирол учирсан би одоогоор хохирлоо барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Гэрч П.Мөнхбатын “...би 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө 00:00 цагийн үед нэг нутгийн хүмүүс болох Баяраа ах, дүү *******, дүү ******* нарын хамтаар Дорноговь аймгаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 2 дахь километрт байх хоолны газарт ирээд хоол идэж байсан. ...Тэгтэл гаднаас ******* гаднаас зодуулаад ороод ирсэн. Тэгтэл ардаас нь уг хоёр үл таних залуу орж ирээд Баяраа ахын хөл рүү өшиглөөд унагаачихсан. Тэгтэл уг 2 залуу *******ийг зодоод эхэлсэн. Би салгах гэтэл ут 2 залуу зодохоо болихгүй байж байгаад намайг түлхэхээр нь би ширээн дээр байсан хуванцар савтай цуугаар нэгнийх нь толгой руу цохичихсон. ...Уг хоёр залуу *******ийг зодож байгаад *******ийн автомашиныг унаад хойшоо зугтаагаад яваад өгсөн. Харин уг үл таних 2 залуу тэр хоолны газарт пиво уугаад согтуу байж байсан. Харин Баяраа ахын нэг хөл рүү өшиглөж унагаагаад манай төрсөн дүү *******ийг зодсон...” гэх мэдүүлэг /1- р хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Гэрч Б.*******ын өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 02-ны орой 23 цаг 30 минутын үед ...хоёр залуугийн дуу нь чангараад байхаар гал тогооноос гарч ирээд харсан чинь жижиг биетэй залуу гуйж гарч явснаа нарийхан урт мод авч орж ирээд нэг залуугийн нуруу хэсэг рүү цохисон. ...Дотор өөр зодоон болоогүй ба нэг хөгшин ахыг хөл рүү хөшиглөхөд унаад өгсөн. Дотор туранхай ах нөгөө хоёр залуутай маргалдаж бага зэргийн зодоон хийж нөгөө хоёр залуу туранхай өндөр ахыг нэг нь урдаас нь заамдаж нөгөө залуу нь араас нь 1-2 удаа цохисон. Өндөр туранхай ах цууны шилээр нөгөө 2 залуугийн цохисон. алийг нь цохисныг мэдэхгүй... Газар унагаагаад дээрээс нь дэвсээд нэг залуу нь гартаа мод барьчихсан цохиод байсан. ...Нийлээд газар унасан байхад нь өшиглөөд чирээд байсан. ...Манайд хоол идэх гэж орж ирэхдээ халамцуу орж ирсэн ба архи уусан байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал/
Шүүгдэгч М.*******ийн 2023.12.10-ны өдөр дахин өгсөн “...Гэтэл хамт явсан найз ******* жолооч ******* гэдэг ахын машины жижиг цонхыг барьж явсан модоороо цохиод хагалсан юм. Тэгээд би машинаас нь буугаад *******ыг болиулсан юм. ******* машины хоёр жижиг цонхыг бол хагалсан маргааш нь очиж төлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9847 дугаартай шинжээчийн “1 .П.*******ийн биед бүсэлхийн 1.2,3-р нугалам, сээрний 12-р нугалмын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун чих, баруун тохой, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 89-90 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1736 дугаартай “Салхины шил 1 ширхэг 400 000 төгрөг” гэх хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 104-107 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1685 дугаартай "Хаалганы жижиг шил /зүүн, баруун/ 2 ширхэг 220.000 төгрөг” гэх хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 114-117 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан дүгнэж, хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан хэмжээнд торгох ял оногдуулсан нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэгт тохирсон гэж дүгнэв.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж баталгаажуулан заасан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэ хүрээнд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулжээ.
Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан болно.
Үүнээс гадна Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой тусгагдсан байна.
Анхан шатны шүүх дээрх хууль, журамд зааснаар шинжилгээ хийхгүйгээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болжээ.
5. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч П.*******ийн цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Түүнчлэн хохирогч П.*******ийг анхан шатны шийтгэх тогтоолд “шүүгдэгч” гэж бичсэн талаарх гомдол нь үндэслэлтэй байх хэдий ч дээрх алдааг засуулах гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно гэж заасан ба анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг залруулах эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...хохирогч П.******* нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч П.******* нь шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч П.*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Шүүгдэгч О.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР