Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01328

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00964 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б хариуцагч О -т холбогдуулан гаргасан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, сар бүрийн үр дүнгийн нэмэгдэл хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Баярмаа, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: П.Баярмаа нь хариуцагч байгууллагын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн даргаар 2017 оны 04 сарын 03-ны өдөр томилогдон ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн. Тус төв нь Баянзүрх дүүргийн 03, 06, 15, 25 дугаар хорооны 8,855 айл өрх, 569 аж ахуйн нэгжүүдэд засвар үйлчилгээ үзүүлдэг, 70 ажилтан албан хаагчтай. Тус газрын дарга нь 2020 оны 02 сарын 21-ний өдөр Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга А.Ганбатаар ахлуулсан ажил хүлээлцэх 7 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг томилж ирүүлсэн. Тухайн комиссын зүгээс П.Баярмааг ажлаас халсан талаар мэдэгдсэн. Үүнийг хууль бус гэж үзэж байна. Учир нь, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд 1 сарын өмнө бичгээр мэдэгдээгүй, ажлаас халсан үндэслэл нь хуульд нийцээгүй.

Иймд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, сар бүрийн үр дүнгийн нэмэгдэл хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн даргаар ажиллаж байсан П.Баярмаа нь хариуцсан салбараа мэргэжлийн удирдлагаар хангаж, дотоод удирдлага зохион байгуулалтын ажилд хяналт тавих ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас тухайн салбарын ажилтан нь хэрэглэгчийн усны тоолуурын гэрчилгээг хуурамчаар үйлдэн олон айл өрхөд хохирол учруулсан. Энэ үйлдэл нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байна. Иймд тус салбарыг удирдаж байсан П.Баярмаад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулан түүний хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар П.Баярмааг О -ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,230,181.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар П.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ... Маргаан бүхий 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/237 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг баримтлаагүй буюу уг үндэслэлүүд тогтоогдохгүй байна... гэжээ. Тус газар нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн даргаар ажиллаж байсан П.Баярмааг өөрийн хариуцсан салбараа мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, удирдлага зохион байгуулалтын ажилд хяналт тавьдаггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа хэрэгжүүлээгүйн улмаас олон хэрэглэгчид хохирол учирсан гэсэн үндэслэлээр хариуцлага тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүй, П.Баярмааг ажилд нь эгүүлэн тогтоосон тогтоох хэсгийн 1 дугаар заалтыг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Баярмаа нь хариуцагч О -т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэх үндэслэлээр маргажээ. /хх 1-3, 20/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/237 дугаар тушаалдаа ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан О -ын дүрмийн 8.3.1-д заасныг тус тус баримтлан, үндэслэлээ тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн дарга П.Баярмаа нь хариуцсан салбарынхаа үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж чадаагүй, зарим ажилтнууд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсон нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ. /хх 6/ П.Баярмаа уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд хандсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /хх 11/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар П.Баярмаа нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний /хх 7-8/ 1.10-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Мөн О -ын даргын 2019 оны 06 сарын 05-ны өдрийн А/140 тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-д /хх 57-69/ мэргэжлийн удирдлагаар хангаагүй гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулаагүй байхаас гадна зарим ажилтнууд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсон гэх үндэслэл нь бусад этгээдийн гэм бурууг өөр этгээдэд хариуцуулах шинжтэй байгааг тайлбарлах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн Бүртгэл хяналтын карт, иргэдээс тус төвд гаргасан өргөдөл /хх35-50/, тус төвөөс хариуцагч байгууллагад хаягласан 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 02 тоот Зөрчлийн тухай албан бичиг, мөн оны 02 сарын 03-ны өдрийн 29 тоот албан бичиг зэрэгт тусгагдсан тус төвийн сантехникийн засварчны усны тоолуур баталгаажуулсан гэрчилгээг хуурамчаар үйлдэж, оршин суугчдаас бэлэн мөнгө авсан гэх үйлдэл нь П.Баярмаа хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна тэрээр нэр бүхий иргэдээс гаргасан дээрх өргөдлийн талаар О -т мэдэгдсэн байна. /хх 54-55/

 

Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн дарга П.Б 2020 оны 01 сарын 03-ны өдөр цахимаар явуулсан албан бичгийг мөн өдөр О цахимаар хүлээн авсан хэмээн тайлбарлаж байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 02 сарын 20-ны өдөр П.Баярмаад сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/237 дугаар тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтыг зөрчжээ. /хх 6, 55/

 

Анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулсан байгууллагын даргын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлаагүй нь буруу гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй талаар хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна. Гэвч П.Баярмаад сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл болох ажилтны сахилгын зөрчил нотлогдоогүй тул нэхэмжлэгч П.Баярмааг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход, зохигчдын маргаагүй дүн /хх 82/ болох 1,080,000 /үндсэн цалин/ + 1,080,000 х 40% /нэмэгдэл/ = 1,512,000 : 22 хоног = 68,727.27 /нэг ажлын өдрийн цалин хөлс/ х 47 хоног /ажилгүй байсан/ = 3,230,181 төгрөг гарч байх ба энэ талаар анхан шатны хийсэн тооцоолол зөв байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ийнхүү шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй учир нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, О -ын даргын 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/237 дугаар П.Баярмаад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд авч үзэн шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/00964 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч О -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200511102828 төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.НЯМБАЗАР