Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 03

 

“Л” ХХК-ийн гомдолтой, Баян-Өлгий

аймгийн Татварын хэлтсийн татварын

улсын байцаагч Ө.Т-д

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Мөнхтуяа

Шүүгчид:              Г.Банзрагч

                              Б.Мөнхтуяа

                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   Ч.Тунгалаг

Гомдлын шаардлага: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0066 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0541 дүгээр магадлалтай,

Гомдол гаргагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0066 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны 5,768,159 төгрөгийн нөхөн төлбөр, 20,765,373 төгрөгийн нийт төлбөрийг тус тус 3,460,896 төгрөгөөр багасгаж, үлдсэн хэсэг болох 3,460,896 төгрөгийн торгууль,11,536,318 төгрөгийн хохирол, 2,307,263 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдлоор хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0541 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Л” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “Л” ХХК-ийн захирал Х.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... 3өрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан, өөрөөр хэлбэл 2015, 2016 онд үйлдэгдсэн үйлдэлд тухайн үед дагаж мөрдөөгүй байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийг баримталж шүүх шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм.

4. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр заалт мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан юм. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон шийтгэл, арга хэмжээг хүндрүүлсэн... эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тодорхой заасан байдаг. Өмнөх үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулиар “зөрчилд тооцохгүй”, Зөрчлийн тухай 2017 оны хуулиар “шинээр зөрчилд тооцсон” учраас “Л” ХХК-ний эрх зүйн байдлыг дордуулж Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж гомдол гаргаж байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс 2015, 2016 оны зөрчилд хэрэг үүсгэж шалган шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шийтгэх хуудсаар арга хэмжээ тооцсон нь 2.8-3.6 жил өнгөрсний дараа хариуцлага тооцож байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үйлдэлд хариуцлага тооцсоныг илтгэж байна.

6. “Лана” ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаараагүй, зөвтгөөгүй явдал нь хуулийг ноцтой зөрчсөн явдал юм.

7. Хариуцагч “Лана” ХХК нь 2015, 2016 оны “Зарлагын баримт”-уудаар “Монгол гранд энжил инвест” ХХК-аас 126.889.500 төгрөгийн бараа худалдан авалт хийж НӨАТ-ыг хуулийн хугацаанд төлж барагдуулсан нь нотлох баримтаар батлагдаж байтал “Л” ХХК-нд хариуцлага ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Баян-өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ө.Т, Д.Н нар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгүүд, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргаас олгогдсон татварын хяналт шалгалт хийх 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн томилолтыг үндэслэн “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэсэн үйл баримтад холбогдуулан “Л” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг 115,363,181 төгрөгөөр дутуу тайлагнасан гэх зөрчилд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0175152 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн 3,460,896 төгрөгийн торгууль, 11,536,318 төгрөгийн хохирол, 5,768,159 төгрөгийн нөхөн төлбөр нийт 20,765,373 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

10. Зөрчлийн хэргийн материалаас үзвэл, “Л” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 0018312798 дугаар падаанаар 68,272,727 төгрөгийн, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24516933 дугаар падаанаар 47,090,454.55 төгрөгийн бараа, материалыг тус тус “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авснаар 2018 оны 5 дугаар сарын, 2016 оны 6 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудад тус тус тусгаж, уг худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн саруудад хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварт тооцож тайлагнасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Түүнчлэн, “Л” ХХК нь дээрх 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тодорхойлогдох 115,363,181.55 төгрөгийн бараа, материалыг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас худалдан авсан, үүнд ногдуулсан 11,536,318 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлсөн гэдгээ нотлоогүй, энэ талаарх баримтгүй ба Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаар дүгнэлтийг үндэслэн “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн захирал Р.Батсуурьт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаар тус компани нь “нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулаагүй атлаа бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн”-ийг тогтоосны дотор “Лана” ХХК байгаа нь тогтоогджээ.

12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно; 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасан, энэ тохиолдлын хувьд “Л” ХХК нь “хий бичилт”-тэй 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж, 11,536,318 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн алтан татварын тайлангаар тайлагнаж, улмаар өөрийн борлуулалтад ногдох албан татвараас хассан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.11-д “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэсэнд хамаарч байна.

13. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх”-ээр, 4-т “зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх”-ээр тус тус зааснаас үзвэл, эрх бүхий улсын байцаагч нь “Л” ХХК-ийн үйлдсэн зөрчлийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.11 дэх заалтыг баримтлан шийдвэрлэх байсан хэдий ч энэ тохиолдлын хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-т заасныг баримталж шийдвэрлэснийг шууд буруутгахгүй.

14. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-т тодорхойлсон зөрчил, оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.11-д заасантай “ижил” зохицуулагдсан, иймд, уг хуулийг хэрэглэж гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй. Нөгөө талаар, татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг Захиргааны хариуцлагын тухай /1992 оны/ хуулиар зохицуулаагүй, харин Татварын ерөнхий /2008 оны/ хуулиар зохицуулж байсан тул гомдол гаргагчийн “... шинээр зөрчилд тооцсон хуулийг хэрэглэж, эрх зүйн байдлыг дордуулсан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

15. Түүнчлэн, анхан шатны шүүх Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар өөрчлөн найруулагдсан мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг хэрэглэж, үүнд нийцүүлэн “Шийтгэлийн хуудас”-аар ногдуулсан алдангийн хэмжээг багасгаж өөрчилсөн байх боловч хэргийн оролцогчид энэ асуудлаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

16. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0066 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0541 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Лана” ХХК-ийн захирал Х.Худайбергений гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ