| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 156/2024/00527/И |
| Дугаар | 191/ШШ2025/08887 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08887
| 2025 10 20 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 109,000,000 төгрөг болон 13 Iphone pro max гар утас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч Ч.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Гэрч М.Батбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ханнүри.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие талийгаач нөхөр М.Мөнхбаяртай 2010 онд танилцаад улмаар 2011 оноос хойш Улаанбаатар хот Ч тоот хаягт хамтран амьдарч, 2 хүүхдийн эцэг, эх болсон.
Нөхөр маань 2023 оны 11 дүгээр сарын 12-нд нас барсан. Бид нөхрийгөө нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байх хугацаанд 2012 оны 06 сарын 18-нд охин , 2019 онд хүү төрсөн.
Бид Улаанбаатар хотод 2 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Талийгаач нөхөр маань 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэнэтийн ослын улмаас нас барсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтын амьдралтай байсан бөгөөд шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Талийгаач нөхөр маань нас барсны маргааш нь буюу 2023 оны 11 сарын 13-ны өдөр талийгаачийн Хаан банкин дахь дугаарын данснаас түүний төрсөн ээж Ч.*******ийн Хаан банкин дахь дугаарын данс руу 100,000,000 төгрөгийг нь авсан байсан.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, энэ хуулийн 520.1.1-д нас барагчийн төрүүлсэн хүүхэд хүү , охин нар нь өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч байх ба Хаан банкинд дахь 100,000,000 төгрөгийг өвлөх эрхтэй юм.
Иймд талийгаач Хаан банкин дахь дугаартай 100,000,000 төгрөгийг талийгаачийн ээж Ч.******* авсан байх тул талийгаачийн эд хөрөнгийг өвлөх эрхтэй хүү , охин нарт ногдох хувь буюу 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Талийгаач нөхөр маань нас барах үедээ Хэнтий аймгийн суманд ээж, аавтайгаа байх үедээ нас барсан бөгөөд түүний барьж явсан 13 Iphone pro max маркийн гар утас тэндээ үлдсэн. Бидний гэр бүлийн хамаг сайхан зураг хөрөг уг утсан дээр хадгалагдаж байгаа тул 13 Iphone pro max маркийн гар утсыг биет байдлаар нь гаргуулж авах хүсэлттэй байна. 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 13 Iphone pro max маркийн гар утсыг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: Б.******* нь тус шүүхэд өөрийн төрсөн хүүхэд , нарыг хууль ёсоор төлөөлж энэхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу 2024 оны 10-р сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 59,900,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Нэхэмжлэгч Б.******* миний бие талийгаач М.Мөнхбаяртай 2011 оноос эхлэн нас барах хүртэл хугацаанд хамтран амьдарч, бидний хамтын амьдралаас охин (2012 оны 6 сарын 18-нд төрсөн), хүү (2019 онд 1 сарын 09 өдөр төрсөн) мэндэлсэн.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу миний бие болон нас барагчийн төрүүлсэн насанд хүрээгүй хоёр хүүхэд нь өв залгамжлалаас татгалзаагүй, талийгаачийн хууль ёсны өвлөгчид болно.
Талийгаач М.Мөнхбаяр бид хоёр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө, Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар тодорхойлсон хүүхдийг эрхийг хамгаалахтай холбогдох хууль тогтоомжид заасан үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлж, хүүхдүүдээ эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд өсгөх орчин нөхцөлийг бүрдүүлэхээр эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, талийгаач М.Мөнхбаярыг өрхийн аж ахуйгаа эрхлэн Хэнтий аймгийн сумын Замын адаг гэх газарт урт болон богино хугацаагаар ажиллах, Улаанбаатар хотод цаг наргүй ажиллах үед миний бие хоёр хүүхдээ тээж төрүүлэн улмаар асран хамгаалж гэр бүлтэй эмэгтэйчүүдийн нэгэн адил ар гэрийн бүхий л ахуйн болон асрахуйн хөдөлмөрийг дангаар хариуцдаг байсан.
Түүнчлэн Б.******* миний бие Монголын Сайн Дурынхны Төв төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж 20 жил тогтвортой ажиллуулахын зэрэгцээ зөвлөх үйлчилгээний байгууллагуудад нийгмийн үйлчилгээ үзүүлж, их сургуулиудад ашиглаж ирсэн бөгөөд сарын орлого дунджаар тогтмол 3,000,000-4,000,000 төгрөг байдаг.
Уг орлогоос М.Мөнхбаярт гэр бүлийн бизнесээ өргөжүүлэхэд дэм болгох зорилгоор бэлэн болон бэлэн бусаар хөрөнгө оруулж бидний хамтын хөдөлмөрийн үр дүнд нэхэмжилж буй мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө бий болсон. Ч.*******ийн хууль бус эзэмшлээс нэхэмжилж буй тус мөнгөн хөрөнгө дан ганц орлого бус манай гэр бүлийн бидний хамтын өмч, хөрөнгө байсан.
Өөрөөр хэлбэл, энэ нь бидний 12 жилийн хугацаанд эрхэлсэн мал аж ахуй, автомашин худалдаа, автомашин засварын үйлчилгээ болон Б.******* миний оролцоо, хөдөлмөр багтсан хөрөнгө байсан. Талийгаач бид хоёр хүүхдүүдээ аз жаргалтай, хайр халамжаар дүүрэн өсгөж, хөгжих орчин бүрдүүлэхээр зорьж байсан тул золгүй явдал тохионо гэж хэн нь ч төсөөлөөгүй, зөвхөн ахуй амьдралаа дээшлүүлэх ганц л зорилготой байсан.
Иймд өмч хөрөнгөө гэрээслэхэд анхаараагүй төдийгүй хадмуудыг ач нарынхаа амьдрах орон байр, ирээдүйн боловсролд зарцуулагдах хөрөнгөтэй булаацалдана гэж огтхон ч бодоогүй.
Гэтэл талийгаачийн төрсөн ээж Ч.******* 2023 оны 11 сарын 13-ны өдөр талийгаач ХААН банкны дугаарын дансанд түүний нас барсан өдөр буюу 2023 оны 11 сарын 12-ны байдлаар үлдсэн 100,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны дугаарын данс руу шилжүүлэн авсан байдаг. Энэхүү үйлдэл нь шүүхийн шийдвэрээр гаргуулан авсан 2025 оны 5 сарын 8-ны өдрийн Хаан банкны 29/5850 дугаартай талийгаачийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогддог.
Түүнчлэн хадам эх Ч.******* талийгаачийг амьд ахуйд манай гэр бүл амьдардаг байсан Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгатын 8 байр 05 тоот орон гэрээс нөхрийг нас барсны дараа, ажил явдлын үеэс эхлэн биднийг гарахыг удаа дараа шаардаж, хөөдөг байсан.
Сүүлдээ өөрсдөө ирж орилох, хөөх, 2024 оны 7 сарын 1 гэхэд гарахгүй бол өөрсдөө хүчээр очиж сууна гэсэн сүрдүүлсэн утасны мессежний дараагаас миний бие шантарч, арга баран 2 хүүхдийн хамт 2024 оны 7 сарын 11-нд нүүж, байр түрээслэн амьдрах болсон. Талийгаач Б.Мөнхбаярыг нас барснаас хойш хадам эцэг, эхийн зүгээс ямар нэг анхаарал, халамж, уулзалтууд байгаагүй атлаа дээрх байдлаар хоёр хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөөр ирсэн.
Өдгөө хүүхдүүд маань Австралиан смарт скүүл оф Улаанбаатар ерөнхий боловсролын сургуулийн 8 болон 1 дүгээр ангид суралцдаг. Хүүхдийн сургалтын төлбөр 8 дугаар анги нь жилийн 11,500,000, 1 дүгээр анги нь жилийн 10,920,000 төгрөг байдаг.
Хүүхдийн сургалтын төлбөр, орон сууцны түрээсийн сарын төлбөр 1,600,000, дугуйлан секц, эрүүл мэнд, хөгжлийн болон ахуйн бусад зардал төлөх ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед нэхэмжилж буй мөнгөн хөрөнгө хүүхдийн эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм.
Талийгаачийн дансны шилжүүлэг зөвхөн васко төхөөрөмжөөр хийгддэг байсан ба хэдийгээр эцэг эх, төрөл садны холбоо хамаарал байсан ч хувийн өмчид халдаж Ч.******* дур мэдэн хууль бусаар хувийн өмчид халдан мөнгөн хөрөнгийг өөрийн Дансандаа авсан нь хүүхдүүдийн өв залгамжлах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 50 сая төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хэрэв Ч.******* талийгаачийн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль бусаар авч захиран зарцуулаагүй байсан бол 100 сая төгрөгийг банкны хадгаламжид хийж доорх хүснэгтэд үзүүлсэн хүүгийн орлого олох боломжтой байсан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасан байдаг.
Энэхүү хүснэгтэд үзүүлсэн тооцоог хийхдээ өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй үед эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй нэг жилийн хугацааг хасаж харин өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа буюу өвлөх эрхийн гэрчилгээг авч болох боломжит хугацаа буюу 2024 оны 11-р сарын 13-ны өдрөөс хойш мөнгөн хөрөнгийг захиран мөнгөн хөрөнгийг эргэлтэнд оруулснаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдөр буюу 2025 оны 09-р сарын 23-ны өдрөөр дуусгавар болгон Монгол банкны бодлогын хүүгээр тооцон олж болох байсан цэвэр хүүгийн орлого болох 9,900,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.
Иймд талийгаачийн дансанд байсан 100,000,000 төгрөгийн үлдэгдэл 50,000,000 болон уг 100,000,000 төгрөгөөс олж болох байсан хүүгийн орлого 9,900,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тус бүр нэмэгдүүлж нийт 59,900,000 төгрөгөөр нэмэгдүүлж өөрчилж байна. Өөрөөр хэлбэл, өмнө 2024 оны 10 сарын 4-ний өдөр нэхэмжилсэн 50,000,000 төгрөг дээр уг нэхэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлага 59,900,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 109,900,000 төгрөгийг Ч.*******ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.******* миний бие 1960 онд төрсөн. Д.Мөнхбаттай 1982 онд гэр бүл болж 3 хүүхдийн хамтаар Ч тоотод амьдарч байгаад 2008 онд Хэнтий аймгийн сумын 3 дугаар багт малчин болж суурьшин өнөөдрийг хүртэл өдөр шөнөгүй, амрах амралтгүй малаа маллаж байна.
Манай гэр бүлийн амьдралын хугацаанд миний хүүхдүүд болох М.Мөнхбаяр, М.Батбаяр, М.Туул нар нь малчин айлын хүүхдүүдийн адил эцэг, эхдээ хавар, намар хадлан тариалангийн үеэр тусалсаар ирсэн ба мал маллах хавар, намрын ид үеэр, хөдөө орон нутагт сүлжээгүй газарт арилжааны банк орох, гүйлгээ хийх боломжгүй байсан тул мал, мах зарсан мөнгийг том хүү нэр дээрх Хаан банкны дансаар гүйлгээ хийж авдаг, шаардлагатай үед өөр бусад гүйлгээг хүүгээрээ дамжуулан хийлгүүлдэг байснаас гадна Худалдаа хөгжлийн банк, Хас банкуудаар /дансны дугаарыг санахгүй байна/ дансуудаар тодорхой гүйлгээнүүд хийгдэж байсан юм.
М.Мөнхбаяр нь хувиараа автомашин худалдан авч, зарж борлуулах бизнес эрхэлдэг байсан учир 2008 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өсгөсөн малын ашиг шим, махны мөнгийг аав ээжээс нь том хүүдээ өгч бизнесийг нь дэмждэг, өөрсдийн нэр дээр малчны зээл, тэтгэврийн зээл зэргийг авч өгдөг байсан. 2008-2015 онуудад мал, махны бизнес эрхэлдэг хүмүүс хөдөө орон нутгаар явж мал, мах авахдаа бэлэн мөнгөөр наймаа хийдэг байсан ба тухайн үед бурхандаа 5000 төгрөгийг нь тавиад л үлдсэнийг нь хүүдээ өгч хадгалуулж наймаандаа оролцуулж өсгөж үржүүлж байгаарай гэж манай гэр бүл бүгдээрээ харилцан ярилцаж тохирдог байсан.
Том хүүгийн минь бизнесийн суурь хөрөнгө нь манай гэр бүлийн малын буян, малчны болон тэтгэврийн зээл, манай хамаатны А.Баяраабаатар, Х.Наранцэцэг болон өөрийн дүү М.Батбаяр нараас авсан мөнгөн дээр тулгуурлан явагддаг байсан төдийгүй малчны болон тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийг хоёр хөгшин, том хүү бид өөрсдийн олсон ашгаасаа цаг тухай бүр нь төлсөөр ирснийг олон хүн гэрчилнэ.
Хүү минь хөдөө ирэхдээ аав, ээж 2-тоо энэ банкны картыг үлдээгээд өөрсдийн хэрэгцээт ойр зуурын зүйлсдээ зарцуулаарай гээд үлдээсэн байхад хүүг минь нас барсны дараа 2 ч хоноогүй байхад ач нарын ээжийн зүгээс эд хөрөнгө хуваах талаар ярилцаж бидний уй гашууг улам бүр хүнд хэцүү байдалтай байсан, муу муухай үгээр хэлж ярьснаас шалтгаалж хүүгийнхээ дансанд байгаа өөрийн гэр бүлийн хөрөнгийг өөрийн дансанд шилжүүлж авсан ба бүгдийг нь авалгүй дансанд 20,000,000 төгрөгийг үлдээсэн.
Хүү маань амьд ахуйдаа аав, ээждээ та хоёрын олсон мөнгийг тухайн дансанд байршуулсан, та хоёр хэрэгтэй үедээ мөнгө төгрөгөө авч байгаарай гэж хэлж уг дансны нэвтрэх нэр, нэвтрэх болон гүйлгээ хийх нууц дугаарыг анхнаасаа бидэнд өгсөн байсан тул өөрийн мөнгөн хөрөнгийг тухайн үед авах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн төдийгүй дансанд байсан мөнгө хэнийх вэ гэдгийг нэхэмжлэгч Б.******* мэдэхийн дээдээр мэдэж байгаа ба хөгшин бид хоёрын 17 жилийн тасралтгүй мал малласан хөдөлмөрийн үр шим гэдгийг мэдсээр байж өвлөгдөх ёстой эд хөрөнгө гэж үзэж биднээс нэхэж байгаад харамсахын сацуу гэнэтийн осол, гай зовлон, үхэл хагацал хүнд хэлж ирдэггүй бөгөөд 2023 оны 9 сард миний нөхөр Д.Мөнхбат булчирхайн 3 зэргийн хорт хавдараар оношлогдож хавдар судлалын эмнэлэгт хэвтэж, урт хугацааны хүнд эмчилгээ хийлгэж байхад том хүү минь 2023 оны 11 дүгээр сард золгүй байдлаар нас барж бидний хувьд тэнгэр нураад ирэх шиг л болсон.
Би өөрийнхөө авсан мөнгөнөөс Б.******* уруу талийгаачийн ажил явдлын зардалд банк болон АТМ-ээр дамжуулж 17,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 15,000,000 төгрөгийг өмгөөлөгч н.Ган-Очирт, талийгаач найз нөхдөөсөө зээлсэн гэх 30,000,000 төгрөг, Хаан банкны дугаарын дансаар 2023 оны 04 дүгээр сарын 13-нд авсан малчны зээлийн 15,000,000 төгрөг, том хүү авсан байсан зэрэг төлбөрт төлсөн төдийгүй Х.Наранцэцэгээс зээлсэн байсан 30,000,000 төгрөгийг мөн төлж барагдуулсан.
Миний хүү нас барсан гэх хэрэг бүртгэлтийн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад Б.*******гийн хувьд энэ нөхцөл байдлыг тоодоггүй, үхсэн хүний араас худлаа уйлаад гэж намайг хүртэл загнаж байсан удаатай. Б.*******гийн зүгээс нэхэмжилсэн гар утасны тухайд миний хүү хөдөө манай гэрт буюу Хэнтий аймгийн суманд, аймгийн төвөөс 30 км зайтай байдаг, утасны сүлжээ барихгүй интернет орохгүй, утас ч цэнэглэх боломжгүй газар ирсэн байхдаа нас барсан ба Б.******* ирсэн даруйд утас нь хаана байна гэж аваад толгой өндийхгүй утсыг нь ухаад сууж байсан, хотод ирээд ч утсыг нь өгөхгүй ухаж байдаг байсан бөгөөд ажил явдалтай байх үед энэ талаар бодох сөхөөгүй ч байсан. Харин хүүгийн минь гар утсанд мал, мах зарсан талаарх бүх зураг, татвар төлөх дансны мэдээлэл, аавынх өвчний түүх, мэдээллүүд байсан учир түүнийг нь авах санаатай хэлэхэд өгөхгүй гээд өгөөгүй, цаашдаа ч өгөхгүй юм байна гэж бодоод дахиж нэхээгүй, мал ахуй хэцүүдээд хүүгийнхээ буяны ажлыг дуусгаад л хөдөө гэртээ ирсэн учраас гар утасны талаар мэдэх зүйл байхгүй.
Б.******* нь хүүтэй минь 2011 онд танилцаж хамт амьдарсан, хамтын амьдралын хугацаанд охин, хүүтэй болсон боловч хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг байсан талаар дуулддаг байсан боловч бидэнтэй харьцсан харилцаа, ач нартай минь уулзуулахгүй, буяны ажил дуусаагүй байхад эд хөрөнгийн маргаан хийж байгаа зэргээс миний хүү тэр эмэгтэйтэй гэрлэлтээ батлуулдаггүй байсан нь учиртай байж гэж бодохын хамт 2023 оны 7 дугаар сараас хойш тэд хоорондоо муудалцаад тусдаа амьдарч байхдаа хөдөө аавынхаа гэрт ирж нөхөр бид хоёртой өвөлждөг юм бил үү гэж ярьж байсан нь хүртэл саяхан санагдаж байна.
Дунд хүү М.Батбаяр Гангар инвест ХХК-д ажиллаж байхдаа хямд үнээр орон сууцтай болох боломж байна гэж хэлэхэд нь бидний зүгээс дэмжиж бага охин М.Туулд зориулж Баянзүрх дүүрэг, 38 хороо, Улаанхуаран 13301, Цагдаагийн академи өргөн чөлөөний гудамж, 302 байрны 12 тоот, 35 тоот хаягт байрлах хоёр орон сууцыг худалдан авсан ба тухайн үед бид 2 хөдөө байсан, дунд хүү М.Батбаяр, охин М.Туулын нэр дээр авах гэсэн боловч цаашид орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж зээл авах боломжгүй болох гээд байсан тул нэг орон сууц нь Б.*******гийн нэр дээр, нөгөө нь том хүүгийн нэр дээр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж байсан, 2023 оны зун талийгаач нэр дээрээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байрыг /одоо ч М.Туул амьдарч байгаа/ барьцаанд тавьж Хаан банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан ба зээлийн төлөлт нь дуусаагүй байгаа, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.2.Хариуцагч Ч.******* нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчөөс өмнө нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой байдлаар хариу тайлбар гаргасан байгааг одоо ч дэмжиж байгаа ба нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчөөс хэрхэн ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаагаа тодорхойлж бичээгүй бөгөөд Б.*******гийн хүч хөдөлмөрөөр бий болсон мөнгийг би авчихаад байгаа аятай үйл байдал харагдаж байгааг анхаарахыг хүсэж байна.
Өмнөх тайлбарт дурдсанчлан Ч.******* миний бие 2008 оноос гэр бүлийн хамтаар Хэнтий аймгийн сумын 3 дугаар багт мал маллан амьдарсан. Эхэндээ мал мэдэхгүй хотын 2 хүн 10 бяруу, 4 тугалтай үнээ худалдан авч эхний 1 жилийг өнгөрөөж, цаашид хөдөө амьдарч болохоор юм байна гээд тухайн үед японд сурч, амьдардагч байсан хүү Батбаяртаа хэлэхэд үхэр нэмж аваарай гээд мөнгө өгч байсан. Тэр ч бүү хэл японоос ирээд бяруу тугал хямд байвал хэлээрэй гээд хавар хүмүүсээс хямдаар бяруу, тугал худалдан авдаг байсан.
Миний хүүхдүүд М.Мөнхбаяр, М.Батбаяр, М.Туул нар нь эцэг эхдээ хавар, намар хадлан тариалангийн үеэр тусалдаг байсан. Энэ нь малтай байдаг айлын хүүхдүүдийн эцэг, эхдээ тусалдаг л зүйл буй за. Бид хоёрын хичээл зүтгэлийг (хотод амьдарч байсан хүмүүс гэдэг утгаар) нутгийн улсууд ч үнэлж, улмаар 2016 онд сумын 3-р дугаар багтаа үхрийн тоогоор 1-т, 2022 онд сумын аварга малчин болж байсан. Бид хоёр сумын төвөөс 30 км зайтай утасны сүлжээ, интернэт байдаггүй газар амьдардаг тул малаа борлуулахдаа бэлэн болон бэлэн бусаар (том хүү Мөнхбаярын Хаан банк тоот дансаар) зардаг байсан. Энэ нь шүүхийн журмаар гаргууласан банкны хуулгаар нотлогдоно. Том хүү М.Мөнхбаяр хотод автомашин авч борлууладаг байсан бөгөөд эргэлтийн хөрөнгө бага байна гэхэд хөгшин бид мал борлуулсан мөнгөө түр хэрэглэж бай гээд хэрэглүүлдэг байсан.
Гол хөрөнгө орлуулагч маань аав ээж хоёр шүү. Хүү нь хүүгүй мөнгө хэрэглэж байгаадаа баярлаж байна. Та хоёрынхоо мөнгийг хүү нь үрэх эрхгүй, эргэлдүүлж, олсон ашиг нь минийх шүү гэдэг байсан. Хэлж ирдэггүй гэнэтийн осол бидэнд тохиолдож, хөдөө ганцаараа байсан би хаанаас, хэнээс мөнгө хайж явах билээ. Хүү дансан дахь мөнгө миний хөрөнгө байсан тул өөрийн мөнгийг авч байна гэж бодож, тухайн үед 120,000,000 төгрөг байснаас 20,000,000 төгрөгийг үлдээж 100,000,000 төгрөгийг авч зарцуулсан зарцуулалтыг өмнөх хариу тайлбарт нотлох баримтын хамт өгсөн.
Энэ нь хөгшин бид хоёрын 15 жил хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгөнөөсөө нэгээхэн хэсгийг хүүдээ зориулж зарцуулсан гэж боддог. Би Б.******* С.Мөнхбаяр хоёрын босгосон хөрөнгөөс огтоос булаацалдаагүй. Б.******* 2 ач нарын өмнөөс өвийн журмаар авах ёстой мөнгийг нэхэмжилж байгаа тохиолдолд 2 хөгшин ч гэсэн хүүгийнхээ эд хөрөнгийг өвлөх эрхтэй учраас өөрт оногдох хэсгээ авсан үйл байдал яригдах ба оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, бусдад төлөх өр төлбөрийг хэн, хэрхэн барагдуулсан талаар нэхэмжлэгч огт дурдахгүй байгаа ба гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа бол холбогдох баримтын дагуу шүүхэд нотлох шаардлагатай гэж үзэж байгаа төдийгүй ач нарыг минь зориуд өвөө, эмээтэй нь, ах дүүстэй нь уулзуулахгүй зөвхөн мөнгө гэж хандаж байгааг тэвчих боломжгүй бөгөөд бүр хэтрээд үндэслэл үгүй 9,900,000 төгрөгийг хүү гэж нэмж нэхэмжилж буйг ч зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2024/00656 дугаартай шийдвэр, дансны гүйлгээний баримт, нас барсны гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, 2025.02.04-ний өдрийн 0044 дугаартай итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023.07.05-ны өдрийн Түрээсийн гэрээ, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.03-ны өдрийн 23/168 дугаартай Түрээсийн гэрээ, Дизель нүрээ ХХК-ийн 2023.06.02-ны өдрийн 597 дугаартай тодорхойлолт, фото зураг 2023.06.26-ны өдрийн Сургалтын гэрээ, 2025.09.24-ний өдрийн 1 дугаартай Сурагчдад хоолоор үйлчлэх гэрээ, 2025.01.04-ний өдрийн Сургалтын гэрээ, 2025.09.15-ны өдрийн Сурагчдад хоолоор үйлчлэх гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2025.01.17-ны өдрийн 0058 дугаартай итгэмжлэл, 2025.01.20-ны өдрийн хариу тайлбар, Хэнтий аймгийн сумын Онон багийн Засаг даргын 2025.06.12-ны өдрийн 62 дугаартай тодорхойлолт, Хэнтий аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 2024.12.09-ний өдрийн 01 дугаартай лавлагаа, Идэшний үе, Үхэр зарсан гүйлгээ, Дансны хуулга, 2025.10.13-ны өдрийн хариу тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, 2023.11.18-ны өдрийн гар бичмэл зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаар Хас банк ХК-ийн дансны хуулга, Хаан банк ХК-ийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга, Монголын Нотариатчдын танхимын 2025.06.18-ны өдрийн 544 дугаартай албан бичиг, Хаан банк ХК-ийн 2025.07.01-ний өдрийн 29/8159 дугаартай албан бичиг, М.Мөнхбатын 2021.01.01-2023-11.14-ний өдрийн хоорондох Хаан банк ХК-ийн дансны хуулга, Ч.*******ийн 2021.01.01-2023-11.14-ний өдрийн хоорондох Хаан банк ХК-ийн дансны хуулга зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ч.*******т холбогдуулан 50,000,000 төгрөг болох Iphone 13 pro max маркийн гар утас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг 59,900,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 109,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Нөхөр маань 2023 оны 11 дүгээр сарын 12-нд нас барсан. Бид нөхрийгөө нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байх хугацаанд 2012 оны 06 сарын 18-нд охин , 2019 онд хүү нар төрсөн.
Талийгаач нөхөр маань нас барсаны маргааш нь буюу 2023 оны 11 сарын 13-ны өдөр талийгаачийн Хаан банкин дахь дугаарын данснаас түүний төрсөн ээж Ч.*******ийн Хаан банкин дахь дугаарын данс руу 100,000,000 төгрөгийг нь авсан байсан.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, энэ хуулийн 520.1.1-д нас барагчийн төрүүлсэн хүүхэд хүү , охин нар нь өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч байх ба Хаан банкинд дахь 100,000,000 төгрөгийг өвлөх эрхтэй юм.
Иймд талийгаач Хаан банкин дахь дугаартай 100,000,000 төгрөгийг талийгаачийн ээж Ч.******* авсан байх тул талийгаачийн эд хөрөнгийг өвлөх эрхтэй хүү , охин нарт ногдох хувь буюу 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Талийгаач нөхрийн барьж явсан 13 Ipone pro max маркийн гар утас тэндээ үлдсэн. Бидний гэр бүлийн хамаг сайхан зураг хөрөг уг утсан дээр хадгалагдаж байгаа тул 13 Ipone pro max маркийн гар утсыг биет байдлаар нь гаргуулах,
Талийгаачийн дансны шилжүүлэг зөвхөн васко төхөөрөмжөөр хийгддэг байсан ба хэдийгээр эцэг эх, төрөл садны холбоо хамаарал байсан ч хувийн өмчид халдаж Ч.******* дур мэдэн хууль бусаар хувийн өмчид халдан мөнгөн хөрөнгийг өөрийн дансандаа авсан нь хүүхдүүдийн өв залгамжлах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 50 сая төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хэрэв Ч.******* талийгаачийн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль бусаар авч захиран зарцуулаагүй байсан бол 100 сая төгрөгийг банкны хадгаламжид хийж хүүгийн орлого олох боломжтой байсан.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасан байдаг.
2024 оны 11-р сарын 13-ны өдрөөс хойш мөнгөн хөрөнгийг захиран мөнгөн хөрөнгийг эргэлтэнд оруулснаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдөр буюу 2025 оны 09-р сарын 23-ны өдрөөр дуусгавар болгон Монгол банкны бодлогын хүүгээр тооцон олж болох байсан цэвэр хүүгийн орлого болох 9,900,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.
Иймд талийгаачийн дансанд байсан 100,000,000 төгрөгийн үлдэгдэл 50,000,000 болон уг 100,000,000 төгрөгөөс олж болох байсан хүүгийн орлого 9,900,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тус бүр нэмэгдүүлж нийт 59,900,000 төгрөгөөр нэмэгдүүлж өөрчилж байна. Өөрөөр хэлбэл өмнө 2024 оны 10 сарын 4-ний өдөр нэхэмжилсэн 50,000,000 төгрөг дээр уг нэхэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлага 59,900,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 109,900,000 төгрөгийг Ч.*******ийн хууль бус эзэмшлээс гаргуулах ... гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ...Мал маллах хавар, намрын ид үеэр, хөдөө орон нутагт сүлжээгүй газарт арилжааны банк орох, гүйлгээ хийх боломжгүй байсан тул мал, мах зарсан мөнгийг том хүү нэр дээрх Хаан банкны дансаар гүйлгээ хийж авдаг, шаардлагатай үед өөр бусад гүйлгээг хүүгээрээ дамжуулан хийлгүүлдэг байснаас гадна Худалдаа хөгжлийн банк, Хас банкуудаар дансуудаар тодорхой гүйлгээнүүд хийгдэж байсан юм.
М.Мөнхбаяр нь хувиараа автомашин худалдан авч, зарж борлуулах бизнес эрхэлдэг байсан учир 2008 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өсгөсөн малын ашиг шим, махны мөнгийг аав ээжээс нь том хүүдээ өгч бизнесийг нь дэмждэг, өөрсдийн нэр дээр малчны зээл, тэтгэврийн зээл зэргийг авч өгдөг байсан. 2008-2015 онуудад мал, махны бизнес эрхэлдэг хүмүүс хөдөө орон нутгаар явж мал, мах авахдаа бэлэн мөнгөөр наймаа хийдэг байсан ба тухайн үед бурхандаа 5000 төгрөгийг нь тавиад л үлдсэнийг нь хүүдээ өгч хадгалуулж наймаандаа оролцуулж өсгөж үржүүлж байгаарай гэж манай гэр бүл бүгдээрээ харилцан ярилцаж тохирдог байсан.
Том хүүгийн минь бизнесийн суурь хөрөнгө нь манай гэр бүлийн малын буян, малчны болон тэтгэврийн зээл, манай хамаатны А.Баяраабаатар, Х.Наранцэцэг болон өөрийн дүү М.Батбаяр нараас авсан мөнгөн дээр тулгуурлан явагддаг байсан төдийгүй малчны болон тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийг хоёр хөгшин, том хүү бид өөрсдийн олсон ашгаасаа цаг тухай бүр нь төлсөөр ирснийг олон хүн гэрчилнэ.
Хүү минь хөдөө ирэхдээ аав ээж 2-тоо энэ банкны картыг үлдээгээд өөрсдийн хэрэгцээт ойр зуурын зүйлсдээ зарцуулаарай гээд үлдээсэн байхад хүүг минь нас барсны дараа 2 ч хоноогүй байхад ач нарын ээжийн зүгээс эд хөрөнгө хуваах талаар ярилцаж бидний уй гашууг улам бүр хүнд хэцүү байдалтай байсан, муу муухай үгээр хэлж ярьснаас шалтгаалж хүүгийнхээ дансанд байгаа өөрийн гэр бүлийн хөрөнгийг өөрийн дансанд шилжүүлж авсан ба бүгдийг нь авалгүй дансанд 20,000,000 төгрөгийг үлдээсэн.
Хүү маань амьд ахуйдаа аав, ээждээ та хоёрын олсон мөнгийг тухайн дансанд байршуулсан, та хоёр хэрэгтэй үедээ мөнгө төгрөгөө авч байгаарай гэж хэлж уг дансны нэвтрэх нэр, нэвтрэх болон гүйлгээ хийх нууц дугаарыг анхнаасаа бидэнд өгсөн байсан тул өөрийн мөнгөн хөрөнгийг тухайн үед авах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн төдийгүй дансанд байсан мөнгө хэнийх вэ гэдгийг нэхэмжлэгч Б.******* мэдэхийн дээдээр мэдэж байгаа ба хөгшин бид хоёрын 17 жилийн тасралтгүй мал малласан хөдөлмөрийн үр шим гэдгийг мэдсээр байж өвлөгдөх ёстой эд хөрөнгө гэж үзэж биднээс нэхэж байгаад харамсахын сацуу гэнэтийн осол, гай зовлон, үхэл хагацал хүнд хэлж ирдэггүй бөгөөд 2023 оны 9 сард миний нөхөр Д.Мөнхбат булчирхайн 3 зэргийн хорт хавдраар оношлогдож хавдар судлалын эмнэлэгт хэвтэж, урт хугацааны хүнд эмчилгээ хийлгэж байхад том хүү минь 2023 оны 11 дүгээр сард золгүй байдлаар нас барж бидний хувьд тэнгэр нураад ирэх шиг л болсон.
Би өөрийнхөө авсан мөнгөнөөс Б.******* уруу талийгаачийн ажил явдлын зардалд банк болон АТМ-ээр дамжуулж 17,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 15,000,000 төгрөгийг өмгөөлөгч н.Ган-Очирт, талийгаач найз нөхдөөсөө зээлсэн гэх 30,000,000 төгрөг, Хаан банкны дугаарын дансаар 2023 оны 04 дүгээр сарын 13-нд авсан малчны зээлийн 15,000,000 төгрөг том хүү авсан байсан зэрэг төлбөрт төлсөн төдийгүй Х.Наранцэцэгээс зээлсэн байсан 30,000,000 төгрөгийг мөн төлж барагдуулсан.
Б.*******гийн зүгээс нэхэмжилсэн гар утасны тухайд миний хүү хөдөө манай гэрт буюу Хэнтий аймгийн суманд, аймгийн төвөөс 30 км зайтай байдаг, утасны сүлжээ барихгүй интернэт орохгүй, утас ч цэнэглэх боломжгүй газар ирсэн байхдаа нас барсан ба Б.******* ирсэн даруйд утас нь хаана байна гэж аваад толгой өндийхгүй утсыг нь ухаад сууж байсан, хотод ирээд ч утсыг нь өгөхгүй ухаж байдаг байсан бөгөөд ажил явдалтай байх үед энэ талаар бодох сөхөөгүй ч байсан. Харин хүүгийн минь гар утсанд мал, мах зарсан талаарх бүх зураг, татвар төлөх дансны мэдээлэл, аавынх өвчний түүх, мэдээллүүд байсан учир түүнийг нь авах санаатай хэлэхэд өгөхгүй гээд өгөөгүй, цаашдаа ч өгөхгүй юм байна гэж бодоод дахиж нэхээгүй, мал ахуй хэцүүдээд хүүгийнхээ буяны ажлыг дуусгаад л хөдөө гэртээ ирсэн учраас гар утасны талаар мэдэх зүйл байхгүй.
Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчөөс хэрхэн ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаагаа тодорхойлж бичээгүй бөгөөд Б.*******гийн хүч хөдөлмөрөөр бий болсон мөнгийг би авчхаад байгаа аятай үйл байдал харагдаж байгааг анхаарахыг хүсэж байна.
Том хүү Мөнбаяр хотод автомашин авч борлуулдаг байсан бөгөөд эргэлтийн хөрөнгө бага байна гэхэд хөгшин бид мал борлуулсан мөнгөө түр хэрэглэж бай гээд хэрэглүүлдэг байсан. Гол хөрөнгө орлуулагч маань аав ээж хоёр шүү. Хүү нь хүүгүй мөнгө хэрэглэж байгаадаа баярлаж байна. Та хоёрынхоо мөнгийг хүү нь үрэх эрхгүй, эргэлдүүлж, олсон ашиг нь минийх шүү гэдэг байсан.
Хөгшин бид хоёрын 15 жил хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгөнөөсөө нэгээхэн хэсгийг хүүдээ зориулж зарцуулсан гэж боддог. Би Б.******* М.Мөнхбаяр хоёрын босгосон хөрөнгөөс огтоос булаалцдаагүй. Б.******* 2 ач нарын өмнөөс өвийн журмаар авах ёстой мөнгийг нэхэмжилж байгаа тохиолдолд 2 хөгшин ч гэсэн хүүгийнхээ эд хөрөнгийг өвлөх эрхтэй учраас өөрт оногдох хэсгээ авсан үйл байдал яригдах ба оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, бусдад төлөх өр төлбөрийг хэн, хэрхэн барагдуулсан талаар нэхэмжлэгч огт дурдахгүй байгаа ба гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа бол холбогдох баримтын дагуу шүүхэд нотлох шаардлагатай гэж үзэж байгаа төдийгүй ач нарыг минь зориуд өвөө, эмээтэй нь, ах дүүстэй нь уулзуулахгүй зөвхөн мөнгө гэж хандаж байгааг тэвчих боломжгүй бөгөөд бүр хэтрээд үндэслэл үгүй 9,900,000 төгрөгийг хүү гэж нэмж нэхэмжилж буйг ч зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Мөнхбаярын Бэлгүтэй хүү 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, Мөнхбаярын Мөнхмарал охин 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн байх ба тэдгээрийн эцгээр нь Мөнхбатын Мөнхбаяр, эхээр нь ******* ******* нар бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 17, 18 дугаар зүйлд зааснаар 6 настай эрх зүйн чадамжгүй, 13 настай эрх зүйн зарим чадамжтай байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эх Б.******* нь шүүхэд хуульд зааснаар төлөөлж нэхэмжлэл гаргажээ.
Д.Мөнхбат болон Ч.******* нар 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба Мөнхбатын Мөнхбаярын төрсөн эх нь Ч.******* болох нь төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, төрсөн хүүхдүүд нь , , төрүүлсэн эцэг нь Д.Мөнхбат, эх нь Ч.******* нар байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.
Мөнхбатын Мөнхбаяр нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан болохыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэсэн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна гэж заасны дагуу талийгаач төрсөн хүүхдүүд , , төрүүлсэн эцэг Д.Мөнхбат, эх Ч.******* нар нь хууль ёсны өвлөгч нар байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэний нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ,
Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Мөн зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж заажээ.
Хэрэгт авагдсан Монголын нотариатчдын танхимын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 544 дугаартай албан бичгээр Өвлүүлэгч Бургалтай овогт Мөнхбатын Мөнхбаяр /ЦБ83081877/-ын өвлөгдөх хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, Худалдаа хөгжлийн банк болон Хаан банк дахь мөнгөн хадгаламжийг өвлөгч Бургалтай овогт Мөнхбаярын Мөнхмарал, Бургалтай овогт Мөнхбаярын Бэлгүтэй нарыг төлөөлж эх Бор овогт ******* ******* өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Ш.Сүнжидмаа 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийн 0328 дугаарт бүртгэж гэрчилсэн байна гэжээ.
Өөрөөр хэлбэл, хууль ёсны өвлөгч болох талийгаачийн төрсөн хүүхэд Мөнхбаярын Мөнхмарал, Мөнхбаярын Бэлгүтэй нар өв хүлээн авах хүсэлтээ гаргасан байна.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно гэж заасны дагуу М.Мөнхбаярыг нас барах хүртлээ Чингэлтэй дүүргийн 3 хороо, 2-р 40 мянгатын 8 байрны 5 тоотод амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ гэж заасны дагуу талийгаач өв нээгдсэн газрыг Чингэлтэй дүүрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Талийгаач Хаан банкин дахь тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 10-нд 120,000,000 төгрөг байсан болох нь Хаан банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ч.*******ийн тоот данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь мөн дансны хуулгаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, өвлөгдөх эд хөрөнгийг хууль ёсны өвлөгчийн нэг болох Ч.******* захиран зарцуулсан болох нь түүний өөрийнх нь тайлбар болон банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч Ч.******* нь хэдийгээр дээрх дансанд байсан мөнгөн хөрөнгө өөрийнх нь малын ашиг шим буюу мал болон мах борлуулсны хөрөнгө болохыг банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа гэж тайлбарлах боловч тухайн дансны хуулга болон гүйлгээний утгаар түүний мөнгөн хөрөнгө гэж үзэхээргүй байхаас гадна тухайн дансны эзэмшигч нь талийгаач өөрийнх нь болох нь нотлогдож байна. Талийгаач эзэмшлийн дансанд байсан мөнгөн хөрөнгө нь Ч.*******, Д.Мөнхбат, талийгаач М.Мөнхбаяр нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1-д өвлөгч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдийн ирэхийг хүлээхгүйгээр авч болох боловч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрөөгүй буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүртэл уг эд хөрөнгийг худалдах, бэлэглэх буюу барьцаалах, гэрээслэх эрхгүй,
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заажээ.
Хариуцагч Ч.******* дээрх 100,000,000 төгрөгөөс талийгаачийн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид 15,000,000 төгрөг, буяны ажилд 18,000,000 төгрөгийг Б.*******д шилжүүлсэн, талийгаачийн өр төлбөрт н.Анхбаярт 30,000,000 төгрөг, н.Наранцэцэгт 30,000,000 төгрөг, малчны зээлд 15,000,000 төгрөг тус тус төлсөн гэж тайлбарлах боловч өвлөгдөх эд хөрөнгийг нэг хууль ёсны өвлөгч Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1-д заасны дагуу хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй, мөн түүнчлэн тус хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар өвийг хуваарилах асуудал шийдэгдээгүй, хууль ёсны өв залгамжлагч тус бүрийн өвлөх эд хөрөнгийн хэмжээ тодорхойгүй байхад захиран зарцуулсан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, 100,000,000 төгрөгийн хувьд Ч.*******т өвлөгдөөгүй байхад дээрх мөнгийг захиран зарцуулсан үндэслэлгүй байхаас гадна, н.Наранцэцэг, н.Анхбаярт талийгаач М.Мөнхбаяр өр төлбөртэй байсан, уг өр төлбөрийг төлсөн гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдохгүй байна.
Түүнчлэн, өвлөгдөх хөрөнгийнхөө хувьд буяны ажилд 18,000,000 төгрөг шилжүүлсэн болон малчны зээлийг төлсөн өмгөөллийн хөлс төлсөн гэх уг зүйлүүдэд захиран зарцуулсан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Б.*******гийн хувьд 2 хүүхэд нь 100 хувь өвлөх эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба талийгаач төрсөн эцэг, эх нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй ба талийгаач Хаан банкны харилцах дансанд байсан 100,000,000 төгрөгийн хувьд төрсөн 2 хүүхэд, эцэг, эх болох 4 хууль ёсны өвлөгч нар тус бүр 25,000,000 төгрөгөөр буюу адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
Иймд талийгаач Хаан банкин дахь дансанд байсан 100,000,000 төгрөгийг хууль ёсны өвлөгч , , Д.Мөнхбат, Ч.******* нар адил хэмжээгээр 25, 25 хувиар буюу 25,000,000 төгрөгөөр тус тус өвлөх эрхтэй бөгөөд хариуцагч Ч.******* дангаараа өвлөгдөх хөрөнгийг зарцуулсан үндэслэлгүй байх тул Ч.*******ээс хууль ёсны өвлөгч нар өвлөгдөх эд хөрөнгө болох 100,000,000 төгрөгөөс ногдох 50,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгийг Монгол банкны бодлогын хүүгээр тооцон олж болох байсан цэвэр хүүгийн орлого болох 9,900,000 төгрөгт холбогдох хэсэг болон Iphone 13 pro max гар утсыг гаргуулах тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ баримтаар нотлоогүй, гэрчийн мэдүүлгээр өөр маркийн гар утас байсан гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Iphone 13 pro max гар байсан мөн хариуцагч тухайн гар утсыг авсан гэх боловч үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 9,900,000 төгрөгт холбогдох хэсэг болон Iphone 13 pro max гар утсыг гаргуулах дээр дурдсан үндэслэлүүдээр нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 530 дугаар зүйлийн 530.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.*******ээс 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Iphone 13 pro max гар утсыг гаргуулах болон 59,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс 407,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС