Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 115

 

2018 оны 6 сарын 19 өдөр                       2018/ШЦТ/115                             Хэрлэн сум

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0142/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Уламбаяр,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                Б.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасанжавын Бад холбогдох 1839000470131 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1984 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Хангал хороолол 8-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Баасанжавын Б /РД: / 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд” шатхуун түгээх станцад ажиллаж байхдаа нийт 9.219.040 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд” шатхуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа нийт 9.219.040 төгрөгийн эд хөрөнгийг завшсан болох нь:

Хохирогч Д.Дарийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд хувиараа шатахуун түгээх станц ажиллуулдаг ба уг шатахуун түгээх станцаа “МТ” групптэй гэрээ байгуулан ажиллуулдаг. 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Быг түгээгчээр ажилд авсан. Мөн Т.Батбаярыг 2016 оны 11 сарын 01-нд түгээгчээр ажилд авсан. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түгээгч Т.Батбаяр нь тооцоогоо хийхдээ 268000 төгрөгийг надад илүү тушаасан. Тэгэхээр нь гайхаад түгээгч Т.Батбаяраас чиний тооцоо таарсан юм уу гэж асуухад Батбаяр яг таарсан гэж хэлэхээр нь чиний тооцоо таарч байгаа юм бол нөгөө ээлжийн түгээгч Цогбадрахын тооцоон дээр алдаа гарсан байна гэж хэлсэн. Та хоёр түгээгүүрийнхээ тоолуурын заалтыг нягталчихаад эргээд хоёулаа хүрээд ир гээд Батбаярыг явуулсан. Удалгүй Батбаяр ирэхдээ тоолуурын заалтаа засчихаад мөнгөн дүнгээ тааруулаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Батбаярт хандаж чи ажлаа хүлээж авахдаа түгээгүүрийн тоолуурын заалтаа зөрүүтэй авдаг юм уу яагаад тоолуурын заалт засаад ирж байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй Б л надад засч өгсөн ш дээ гэж хэлсэн. Энэ байдал надад сэжигтэй санагдсан учир дотор сэлбэгийн худалдагчаар ажилладаг Дашням руу залгаад чи манай шатахуун түгээх станцын түгээгүүрийн тоолуурын заалтыг шалгаад тооцоог нь бодоод өгчих тоолуурын заалтан дээр ямар нэгэн зөрүү байна уу үгүй юу мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Дашням манай түгээгүүрийн тоолуурыг шалгаад бүх тооцоог хийгээд над руу утсаар яриад 700 гаран дутлаа гэхээр нь би за за гэсэн чинь бүр 7 сая гаран төгрөг дутсан ш дээ тос масло ороогүй шүү зөвхөн тоолуурын заалтаар тэгж гарсан шүү гэж хэлсэн. Тэгээд би бүх тооцоогоо эхний байдлаар хийж үзэхэд 9219040 төгрөгийн дутагдал гарсан. Би шууд Батбаяр, Б хоёрыг ажлаас нь халаад бүх юм аа хүлээж авсан. Дараа нь манай колонкод түгээгчээр ажилд орсон Осгонбаяр гэх эмэгтэй сейфнээсээ юм авах гээд савтай тос маслоо өөр тийш нь шилжүүлэхэд 4 литрийн драгон маслын хоосон сав 6 ширхэг, 1 литрийн  ATF маслын хоосон сав 7 ширхэг, 4 литрийн AC-8 маслын хоосон сав 1 ширхэг гарсан ба эдгээр хоосон савнуудыг цаасан хайрцганд нь хийгээд орхисон байсан. мөн түгээгч нарт байршуулсан нэгжний мөнгө болох 250000 төгрөгийг үрэгдүүлсэн байсныг сүүлд мэдсэн. Ингээд бүх тооцоогоо нийлээд 9741540 төгрөгийг дутагдлыг Батбаяр, Б нар гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 тал/

Гэрч Т.Батбаярын “...Би 2016 оны 11 сарын 01-ний өдөр Өмнөдэлгэр сумын төвд байх МТ шатахуун түгээх станцад түгээгчээр ажилд орсон. ...Нэг өдөр түгээгч Баас ээлж хүлээж авахдаа шатахуун түгээгүүрийн тоолуурын заалтыг харж авсан. Тэгэхэд өдөр тутмын бүртгэл дээр бичсэн тоолуур заалтнаас түгээгүүрийн тоолуурын заалт нь өөр байхаар нь Баас яагаад ийм байгаа юм бэ гэж асуухад ахаа би тоолуурын заалтыг ухраагаад өдөр тутмын бүртгэл дээр биччихсэн юм аа та энэ чигээр нь хүлээгээд авчихаа би зээл авч байгаад тоолуурын заалтаа хэвийн болгоод нөхөөд биччихнэ гэж л хэлсэн. Тухайн үед нь би юм бодолгүй за гээд өөрийнх нь өдөр тутмын бүртгэл дээр бичсэн тоолуурын заалтаар нь хүлээж авсан. Тэр цагаас хойш энэ байдал удаа дараа давтагдаад байхаар нь би Бад өөрт нь удаа дараа сануулж шатахуун түгээх станцын эзэн Дарь эгчид хэлнэ шүү гэж хэлсэн боловч зээл авч байгаад нөхөөд хийчихнэ та хүлээж бай гээд байсан. ...Би ажиллах хугацаандаа 5 сая орчим төгрөгийн шатахуун, шатах тослох материалын дутагдал гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/

Гэрч Б.Дашнямын  “...2017 оны 10 сарын 01-ний өдөр манай компаний ерөнхий нягтлан Д.Дарь над руу утсаар яриад чи шатахуун түгээх станцын тоолуурыг шалгаад өгөөч наад 2 түгээгч чинь буруу зөрүү юм хийгээд байх шиг байна, тооцоо нь зөрөөд байна гэж хэлсэн. Ерөнхий нягтлан Д.Дарийг хэлэнгүүт шатахуун түгээх станцын 3 түгээгүүрийн тоолуурыг шалгахад 8 сая төгрөг дутсан. Яг мөнгөнийх нь тоог нарийн мэдэхгүй байна. Тэгээд нягтлан Д.Дарь руу утсаар яриад 7 гаран дутаж байна, тос масло бусад зүйлс нь ороогүй шүү зөвхөн шатахууны тооцоо гэсэн. Тэгэхээр Б.Цогбадрах, Т.Батбаяр нар нь уг мөнгийг хувьдаа ашигласан нь тогтоогдсон байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

Тооцоо бодсон акт /хх-ийн 42 тал/ 

Өдөр тутмын бүртгэл /хх-ийн 43-46 тал/

Б.Бын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шатахуун түгээх станцад ажилд ороод ээлжнээсээ буух үед мөнгө дутдаг байсан. Би анх ажилд ороод дутагдал гаргах болгондоо хувиасаа төлөөд явдаг байсан юм. Сүүлдээ хувиасаа төлөөд явах хэцүү байсан учир тоолуурын заалтыг ухрааж тооцоогоо хийдэг байсан. Тэгээд баригдахгүй болохоор нь мөнгөний хэрэгцээ гарахаараа шатахуун түгээх станцын орлогоос хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан юм. Ингэсээр байгаад их хэмжээний мөнгөний өрөнд орсон байсан. Зарим үед хүмүүст шатахуун зээлээр өгөөд тэрийгээ авч чадахгүй байх тохиолдол гарахаараа байгууллагын орлогоос өр зээлээ барагдуулж тэрийгээ нуун дарагдуулдаг байсан юм. Ямар нэг шалтгаан гэх зүйл байхгүй. Би байгууллагын мөнгийг үрэгдүүлж тухайн байгууллагад хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин ийм хэрэг хийхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Гэмт хэргийн улмаас “Магнай трейд” ШТС-д учирсан 9.219.040 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б нь бүрэн төлж барагдуулсан тул /хх-ийн 66 тал/ түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХнь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Баасанжавын Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ