| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2428000030212 |
| Дугаар | 2025/ДШМ/39 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/39
О.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Арсланбаатар,
Шүүгдэгч О.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж /цахим/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.*******т холбогдох 2428000030212 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал зам дээр Уаз фургон маркийн ******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон нөхцөлд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч П.ыг мөргөж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Шүүгдэгч О.*******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч О.******* нь оршуулгын болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалд 24,693,600 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ад олгож,
Шүүгдэгч О.******* нь шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 82,500,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор нөхөн төлөхөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******тай харилцан тохиролцож, бичгээр илэрхийлсэн болохыг дурдаж,
Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч О.*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хуулиар олгосон боломж юм. Шүүгдэгч О.******* нь тохиолдлын шинжтэй болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй 1 жилийн дотор төлөхөөр бичгээр тохиролцсон. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байхад шүүхээс хуулиар олгогдсон боломжуудыг үгүйсгэж дүгнэлт хийсэн нь хуулийн утга агуулгатай нийцээгүй төдийгүй хэтэрхий субьектив байдлаар дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн заалтад заасныг хэрэглэхгүй байх нь хуулиар шүүгдэгчид олгосон боломжийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. О.******* нь орон нутаг дамжин дээрэм, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол зорчих эрхийг хязгаарлах тухайн сумаас гарч явахгүй байх хязгаарлалт тогтоовол зүй ёсны асуудал. О.******* гэр бүлээ тэжээхийн тулд бусад орон нутаг руу явж бараа таваар зөөвөрлөн борлуулж ар гэрээ тэжээн тэтгэдэг ба эхнэр нь бусдын дэлгүүрт худалдагчаар ажилладаг энгийн амьдралтай хүмүүс.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгч О.*******ын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан гэж үзэх боломжгүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилаагүй, арилах боломжгүй. Тиймээс хуульд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн шаардлага бүрдээгүй гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлцсэн шинжтэй хэм хэмжээ биш. Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.
Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх гэм хорыг учруулахаас өмнө өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч О.*******т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээх арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд анхан шатны шүүх дээр үйлчлүүлэгчийгээ хүнд ял авхуулахгүйн тулд хүлцэнгүй байж, бүх зүйлийг хүлээн зөвшөөрч оролцсон буруутай үйлдэл байгаа.
Зуун хувь манай үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаа гэдгээр хэрэгт авагдаад явчихсан байгаа. Гэм хорын хохирол дээр хохирогч тавин хувь буруутай байгаа учир шударга ёсны зарчимд нийцүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг тэнсэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хохирол төлбөрөө төлөх талаар харилцан тохиролцож, хугацаа нь тохиролцохгүй хэдий ч хуульд заасан тэнсэх нөхцөлийг хангаагүй гэж үзэж байна.
Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршиг арилаагүй учраас тэнсэх боломж хангагдаагүй, анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Зорчих бүсийн тухайд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж энэ бүсийг тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч О.*******ыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал зам дээр Уаз фургон маркийн ******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн П.ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч О.*******аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ад олгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж “гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэрэглэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч О.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал зам дээр Уаз фургон маркийн ******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн П.ыг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/, Н.******* /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/, насанд хүрээгүй гэрч О.******* /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал/, В.******* /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/, У. /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/, Б. /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/, Ж. /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал/, Б. /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/, Э. /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/, Ц. /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал/, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай /1 дүгээр хавтаст хэргийн 135-139 дэх тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.гийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/ шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-61 дэх тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан.
Хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулж зэрэглэлийг тогтоогоогүй байхад хэргийн оролцогч нар нь сэтгэцэд учирсан гэм хорыг харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас дүгнэхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай дүгнэлтэд: “...амь хохирогч П. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна; гэсэн заалтыг зөрчсөн. Уг заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Жолооч О.*******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а дахь заалтыг зөрчсөн үйлдэл, явган зорчигч П.ын мөн дүрмийн 5.6 дахь заалтыг зөрчсөн үйлдлүүд нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.” гэснээс дүгнэхэд тухайн зам тээврийн осол үйлдэгдэхэд шүүгдэгч болон амь хохирогчийн хэн хэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл тогтоогдсон. Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн оршуулгатай холбогдуулан гарсан зардалд 24,693,600 төгрөг төлсөн, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх нь ял хөнгөрүүлэх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй” гэж,
7 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ад олгож,” гэснийг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА