Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00398

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, .......... байлах “.............” ТӨХХК-ний (РД:.........) нэхэмжлэлтэй

     Хариуцагч: ......... аймгийн ......н сум, ... дүгээр баг, ... дугаар хэсэг .... тоотод байрлах “........” ХХК-д (РД:...........) холбогдох зээлээр худалдах, худалдан гэрээний үүрэгт 67,978.155 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр  нар  оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “............” ТӨХХК-нь “.........” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан гэрээний үүрэгт 7,978.155 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

           “...............” нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг .......... ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “..........” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. “............” ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 45,318,770 төгрөг байна. Үүнд:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1.2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ХӨ-Үр-2016-59 дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 13,040,000 төгрөг, урьдчилгаа 3,912,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,128,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 4,564,000 төгрөг болно. Иймд ХӨ-Үр-2016-59 дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,128,000 төгрөг, алданги 4,564,000 төгрөг, нийт 13,692,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;

2.2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Үр-Сэ-2018/2645 дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 11,400,000 төгрөг, урьдчилгаа 3,420,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,980,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 3,990,000 төгрөг болно. Иймд Үр-Сэ-2018/2645 дугаар Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,980,000 төгрөг, алданги 3,990,000 төгрөг, нийт 11,970,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах; /хх- хуудас/

3. 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн АҮ/2016/111-373 дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 33,629,800 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 16,814,900 төгрөг болно. Иймд АҮ/2016/111-373 дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 33,629,800 төгрөг, алданги 16,814,900 төгрөг, нийт 50,444,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

Мөн хариуцагч нь .......... аймаг, ......... сумын ...... дугаар баг, .......... байрлах 54,74 га 000315943 дугаартай газрыг барьцаанд тавьсан болно.

Иймд “...........” ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 50,737,800 төгрөгөөс хариуцагч 5,419,030 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх үндсэн төлбөр 45,318,770 төгрөг, алданги 22,659,385 төгрөг, нийт 67,978,155 төгрөгийг гаргуулж, санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар зээлийн эргэн төлөлтийн талаар хариуцагч “...........” ХХК-тэй  гэрээ байгуулсан. Уг гэрээний төслийг миний бие өөрөө боловсруулаад, тус хуулийн этгээдийн захиралтай ........ дүүргийн шүүхийн гадаа уулзаж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Өмнөх шүүх хуралдаанд цахимд холбогдож чадалгүй хэдэн минут хоцорч нэхэмжлэлээ буцаасан. Хариуцагчийн зүгээс уг төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлээд төлбөр барагдуулах гэрээ байгуулан хүлээн зөвшөөрсөн талаар баримт хавтас хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Тухайн үед хариуцагч байгууллагын гүйцэтгэх удирдлагатай гэрээний үүргээ биелүүлэх талаар утсаар холбогдож байсан. Хариуцагчийн зүгээс цаг хугацаа, санхүүгийн хувьд боломжгүй гэсэн тайлбар өгч явсаар байгаад 2025 оны 02 сард “Өр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд өр төлбөрийг төлөх хугацаа олгоод шүүхэд уг гэрээг өгөөгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж байна. Татгалзаж байгаа үндэслэл нь гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар заасан.

Иймд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэмэлт үүргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн адил дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Өмнө “...........” ХХК-тай холбоотой хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан.

Тухайн үед хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй учраас нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байсан.

Төлбөр барагдуулах гэрээг хэзээ шүүхэд гаргаж өгсөн энэ талаар шүүгчийн туслахаас асуухад нэхэмжлэлтэй холбогдуулан хавсаргаж өгөөгүй гэж хэлсэн.

Хуулийн этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар төлж барагдуулахгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан: ........ корпорацаас олгосон итгэмжлэл, “.” төрийн өмчит хязгаарл.........агдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлаар .......... томилсон тогтоол, ............., хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 553 тоот “Өр авлага, төлбөр балансаас баланст шилжүүлэх тухай” тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн ........... сангийн ажлын алба татан буулгах тухай тогтоол, Хөдөө аж ахуйн дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А-134 тоот тушаал, “.............” ХХК-ийн  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “.............” ТӨХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн  “Улаан буудай үр зээлээр худалдах, худалдан авах” гэрээ, зөвшөөрлийн хуудас, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2645 тоот “Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” урьдчилгаа 3,420,000 төгрөг шилжүүлсэн баримт, “............” ХХК-ийн  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “...........” ХХК  хооронд 2017 онд тооцоо нийлсэн акт, 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох тухай гэрээ, зөвшөөрлийн хуудас, “...........” ХХК-аас Тариалан эрхлэлтийг дэмжих санд явуулсан албан бичиг, Урьдчилгаа төлсөн 3,912,000 төгрөгийн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт, ............ ХХК-ний итгэмжлэл, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №25/04 дугаартай төлбөр барагдуулах гэрээ, ............ ХХК-ний итгэмжлэлээсээ татгалзсан татгалзал, ........... ХХК-аас ............ олгосон итгэмжлэл зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр  шаардах эрхээ тодорхойлсон Үүнд:

1.2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ХӨ-Үр-2016-59 дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ,

2. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Үр-Сэ-2018/2645 дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ,

3. 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн АҮ/2016/111-373 дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээг тус тус үндэслэн хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул  үндсэн үүрэг болон алданги шаардах эрхтэй гэж,

Хариуцагч  гэрээний үүргийн талаар шүүхэд  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 82.1-д -д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь  “...........” ХХК-тай

1.2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ХӨ-Үр-2016-59 дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 13,040,000 төгрөг, урьдчилгаа 3,912,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,128,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн.  (х.х-ийн 21-рт)

2. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Үр-Сэ-2018/2645 дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 11,400,000 төгрөг, үүнээс  урьдчилгаа 3,420,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,980,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор мөнгөөр эсвэл 2018 ургацын хүнсний улаан буудайгаар төлөх үүрэг хүлээсэн хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээ, (х.х-ийн 12-13-рт )

3.2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн АҮ/2016/111-373 дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 33,629,800 төгрөгийг эцсийн байдлаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор худалдагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн (өмнөх гэрээний үлдэгдэл өрийг төлөхөөр баталгаажуулсан агуулгатай) гэрээ тус тус  байгуулсан байна.(х.х-ийн 27-рт)

Дээрх хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон тоо хэмжээ, үнийн талаар талууд  маргахгүй байна.

Мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ.” гэжээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн олгосон зээлтэй холбоотой шаардах эрх “............” ТӨХХК-д Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шилжсэн бөгөөд гэрээний үүргийн талаар шаардлага гаргах эрхийн талаар талууд маргахгүй байна.   

Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж үүрэг  гүйцэтгэхээс татгалзана гэж байх тул хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “...Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна...” гэж, хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “... Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно...” гэж,

 Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “...нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тооцно...” гэж тус тус  заажээ.  Дээрх хуулийн заалтын дагуу

  1. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ХӨ-Үр-2016-59 дугаар гэрээний хувьд тус  гэрээний 1.3-д зааснаар  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс,

2. 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн АҮ/2016/111-373 дугаар гэрээний хувьд тус  гэрээний 6.1.21-д зааснаар  2017 оны 06 дугаар сарын 31-ны өдрөөс

3.2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Үр-Сэ-2018/2645 дугаар гэрээний хувьд тус  гэрээний 1.3-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тус тус  .......... дэмжих сан гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Орхоны үндэс” ХХК-аас шаардах эрх үүссэн байна.

Ийнхүү шаардах эрх үүссэнээс хойш  03 жил өнгөрч  2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ХӨ-Үр-2016-59 дугаар гэрээний хувьд  2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс,

 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн АҮ/2016/111-373 дугаар гэрээний хувьд 2020 оны 06 дугаар сарын 31-ны өдрөөс,

 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Үр-Сэ-2018/2645 дугаар гэрээний хувьд   2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс  хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана...” гэж, 79.7-д “...Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно...” гэж тус тус заажээ.

Талууд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №25/04 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байна.(х.х-ийн 43-рт)

 Энэ гэрээ нь дээрх 3 гэрээний үүргийг  баталгаажуулсан агуулгатай ба   хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа байгуулагдсан тул  хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх болон дахин хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох хуулийн үндэслэлгүй байна.

 Мөн шүүх хуралдаан дээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзана гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “...Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй...” гэж,

 Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “ ...Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг (анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг)-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна...” гэж тус тус зааснаас дүгнэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан байна.

 Иймд хариуцагч “...........” ХХК-аас гэрээний үүргийн биелэлтийг гаргуулж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1,  243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “..........” ТӨХХК-ний нэхэмжлэлтэй “.............” ХХК-д холбогдох   худалдах, худалдан гэрээний үндсэн үүрэг 45,318,770  төгрөг, алданги 22,659,385 төгрөг  нийт 67,978.155 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.3-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 497,841 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г. САРАНТУЯА