Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 116

 

2018 оны 6 сарын 20 өдөр                       2018/ШЦТ/116                             Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0192/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                      А.Уламбаяр,

Улсын яллагч                                    Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч          С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                            А.А, М.Б нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяд овогт Алтангэрэлийн А, Хэрээд овогт Мөнхбатын Б нарт холбогдох 1739000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй Баяд овогт Алтангэрэлийн А /РД: / 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1996 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй Хэрээд овогт Мөнхбатын Б /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч А.А, М.Б нар нь хамтран 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Тэнхлэг” гэх газар оршин суух иргэн Л.Сүхээгийн гэрээс эд хөрөнгийг нь хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А, М.Б нар нь хамтран 2017 оны 09 дүгээр сарын 22-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Тэнхлэг” гэх газар оршин суух иргэн Л.Сүхээгийн гэрээс эд хөрөнгийг нь хулгайлж хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Л.Сүхээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...А надан хандан та ДДишТВ-ийн станцаа өгөөч би айлын зурагт тааруулаад өгье гэж хэлэхээр нь би за тэг тэг Баясгалан эгч чинь малдаа явсан гэрт хүн байхгүй манай гэр онгорхой байгаа очоод авчих гэж хэлээд сумын төв рүү яваад А, Б нар манай гэр рүү явсан байх. Тэгээд би орой нь гэртээ ирсэн чинь манай эхнэр Баясгалан станц байхгүй байна гэж хэлэхээр нь би эхнэртээ хандан өнөөдөр намайг сумын төв явж байхад А, Б нар таараад станцаа өгөөч айлын зурагт тааруулаад өгье гэж хэлэхээр нь би Ад тэг тэг аваад яв гэж хэлсэн. Тэгээд маргааш нь манай эхнэр авдарны ар онгорхой байна гэж хэлэхээр нь би гайхаад авдараа онгойлгож түрийвчинд байсан 300 гаран мянган төгрөг байхгүй байсан..... Аэс авдарт байсан 300 гаран мянган төгрөгийг яагаад авч байгаа юм бэ өг гэсэн чинь А би аваагүй гээд уурлаад яваад өгсөн.... Балдангомбо төлөөлөгч миний 300.000 төгрөгийг Аэс авч өгөөд энэ А танай гэрээс авснаа хүлээлээ гэхээр нь би Аийг жоохон айлгаж байгаад явуулчих надад гомдол санал байхгүй гэж төлөөлөгчид хэлсэн ....”  гэх мэдүүлэг. /хх-ийн 3-4хуу/

Гэрч Д.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би гэрийнхээ хаяанаас дурандаад байж байтал мотоцикльтой  хоёр хүн Сүхээгийн гэрийн гадаа очиж байсан. Удалгүй манай хойгуур, хажуугаар яваад байсан. Тэгээд манайд Алтангэрэлийн хүү А ганцаараа ирсэн. Тэгэхээр нь чи хоёулаа яваагүй юм уу нэгийгээ яагаа вэ гэхэд хашаан дээр нохойгоо хараад үлдсэн та адуу харсан уу гэж сураад яваад өгсөн. Түүний маргааш Сүхээ манайд хулгай ороод гэж хэлэхээр нь А нэг залуутай орж байсан гэдгийг нь хэлсэн....”  гэх мэдүүлэг. /хх-ийн 5хуу/

Гэрч Э.Өлзийхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүхээ ах Баясгалан эгч хоёртой уулзсан мотоциклтой хоёр хүн уулзчихаад Сүхээ ахын гэр рүү очиж байсан. Тэгээд би Сүхээ ах руу очоод таньтай уулзсан хоёр хүн хэн юм бэ танай гэр рүү орж байна гэж хэлэхэд А, Жооно хоёр гэрийн гаднаас нохойгоо авах гэж байгаа юм байх гэхээр нь тоогоогүй гэх....”  мэдүүлэг. /хх-ийн 6хуу/

Яллагдагч А.Алтан-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөдэлгэр сумын хөдөөгүүр өөрийн эхнэрийн төрсөн дүү болох Гантулгын хамтаар морь хайж яваад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Тэнхлэг” гэх газарт нутаглах Сүхээ гэх айлынх руу очиж морио асуух санаатай очсон чинь Сүхээ гэх айлд хүн байхгүй гэр нь цоожгүй байсан. Тэгээд би Гантулгын хамтаар Сүхээ гэдэг хүний гэр лүү нь ороод гэрийн хойд авдар дээр байсан хар өнгийн “Ддиш ТВ” –н станц аваад авдарны арыг нь сүхээр хөшиж онгойлгосон чинь дотор нь бараан өнгийн түрүүвчинд бэлэн 200.000  төгрөг байсан. Тэгээд би Гантулгын хамтаар тэр мөнгийг зуу, зуун мянгаар нь хувааж аваад гэр лүүгээ явсан....” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30хуу/

Яллагдагч М.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “.... нутгын айл хохирогч Сүхээгийн гэр лүү адуугаа асуух санаатай очсон юм. Тэгээд гэрт нь очиход Сүхээгийн хүн байхгүй гэр нь цоожгүй байхаар нь А ах бид хоёр гэр лүү орсон. Тэгээд эзэнгүй айлд байж байгаад гэрийн хойд талд байсан авдарыг араар нь сүхээр онгойлгоод дотор нь байсан бараан өнгийн түрүүвчинээс 200.000 төгрөг аваад 100.000 төгрөгийг нь А ах надад өгөхөөр нь би авахгүй гэж хэлсэн чинь авчихаа гэж хэлсэн. Тэгээд би тэр мөнгийг нь авсан. Тэгээд авдар дээр байсан хар өнгийн “Ддиш Тв”-н станцыг А ах бас аваад гарсан гэх мэдүүлэг.....” /хх-ийн 31-32хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тэдний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Сүхээд 320.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Сүхээ хохирлоо бүрэн авсан, санал гомдолгүй /хх-ийн 169 тал/ гэсэн байх тул шүүгдэгч А.А, М.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нарын учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баяд овогт Алтангэрэлийн А, Хэрээд овогт Мөнхбатын Б нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтан-Эрдэнийг  хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Гантулгыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг тус тус хүлээлгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч А.А, М.Б нарын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.А, М.Б нарт анхааруулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч А.А, М.Б нар тус бүр 86 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.А, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ