Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 117

 

2018 оны 6 сарын 25 өдөр                           2018/ШЦТ/117                               Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0147/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                О.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оорцог овогт Осгоны Бэд холбогдох 1839002950154 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 13-06 тоотод оршин суух, 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар, 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Оорцог овогт Осгоны Б /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т164-06 тоотод иргэн Г.Наранцэцэг рүү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Г.Наранцэцэгийн: “...гэртээ гэдэс чанаад сууж байтал Б гаднаас архи үнэртүүлчихсэн халамцуу байдалтай орж ирсэн. Гэрт согтуу орж ирэхээр нь согтуу хөлчүү битгий орж ирээд бай гэж хэлсэн чинь Б хуц, пизда минь, ацан бандааш минь гээд доромжилсон. Би Бэл ахиж битгий манайхаар орж ирээрэй гэж хэлсэн... Б аягатай шөлөө уучихаад май пизда минь гэж хэлээд цагаан шаазан аягаа над руу шидчихээд гэрээс гараад явчихсан. Тэгтэл миний толгойноос цус гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 тал/

Шүүх эмнэлгийн 286 тоот: “...Г.Наранцэцэгийн биед зулай хуйх, зүүн хацар, баруун шуунд шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/ зэрэг болно.

О.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед танил Наранцэцэгийн гэрээр орсон юм. Тухайн үед би архи уучихсан халамцуу байсан. Тэгсэн Наранцэцэг согтуу хөлчүү гэр орноор ирлээ гээд намайг гар яв, зайл, гичий нохойгоор дуудаад байхаар нь дургүй хүрээд аяга аваад шидчихсэн чинь Наранцэцэгийг оночихсон... Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй, миний буруу... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т164-06 тоотод иргэн Г.Наранцэцэг рүү аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийг өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн  286 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Хохирогч Г.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оорцог овогт Осгоны Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бэд оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Бэд оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Бэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ