Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 118

 

2018 оны 6 сарын 25 өдөр                       2018/ШЦТ/118                             Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0004/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун,

Шүүгдэгч                                                С.Б нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрээт овогт Сүхбаатарын Бд холбогдох 201523000361 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд  1972 оны 3 дугаар сарын 19-нд төрсөн, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Бүрээт овогт Сүхбаатарын Б /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч С.Б нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг “Ар худаг” гэх газар оршин суух  иргэн Л.Эрдэнэбаяраас 330 толгой бог малыг 51.150.000 /тавин нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгөнд бодож 20.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 31.100.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дансанд нь хийхээр тохиролцон худалдан аваад хариу төлбөр хийхгүй бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний буюу 37.947.800 /гучин долоон сая есөн зуун дөчин долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг “Ар худаг” гэх газар оршин суух  иргэн Л.Эрдэнэбаярын 330 толгой бог малыг залилан авч их хэмжээний буюу 37.947.800 /гучин долоон сая есөн зуун дөчин долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг Хэнтий аймгийн харъяат Сүхбаатарын Б гэдэг хүнтэй малын наймаа хийсэн юм. Энэ хүн урьд өмнө мал аваад манай сумаар явдаг байсан. Энэ хүнтэй урьд өмнө ганц нэг удаа малын наймаа хийж байсан таньдаг юм. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б надтай наймаа хийе гээд надаас 220 толгой эр хонь, 110 эр ямаа худалда авахаар тохиролцоод эр хонио нэгийг нь 170.000 төгрөгөнд, бодоод ямаагаа 125.000 төгрөгөнд бодоод нийт 51.100.000 төгрөгөнд бодож өгөхөөр болсон. 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 сая төгрөгийг дансаар явуулна, үлдсэн 31.100.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгөхөөр тохиролцож өөрөө бичиг хийж гарын үсгээ зурж өгсөн. Үүнээс хойш тохирсон хугацаа өнгөрсөн боловч мөнгөө өгөөгүй утсаар ярихаар дансанд мөнгө орж ирээгүй байна сарын сүүлээр дараа 7 хоногт орж ирнэ гэх мэтээр ярьсаар байгаад 7 сар болсон тэгээд өөрийн биеэр хотод очиж уулзсан. Мөнгө орж ирэхгүй байна 20 сая төгрөгийг чинь 2-3 хоногийн дараа өгнө гээд намайг явуулсан. Өгсөн авсан гэдэг бичгээ нотариатаар батлуулсан мөн хүү тооцохоор болсон. Тэгээд 9 сарын эхээр оюутантай болсон мөнгө төгрөгийн хэрэг болоод байна мөнгийг маань өгөхгүй бол цагдаад хандах талаараа хэлсэн асуухаар мөнгийг чинь өгнө гэж хэлсэн тэгээд цагдаад битгий өг хүнд хэлж болохгүй наймаа хийсэн мөнгөтэй болно гэж хэлдэг байсан. Тэрнээс хойш өгөлгүй байсаар утсаа хэд дахин солиод одоо болтол өгөөгүй учир цагдаад хандсан. Миний өгсөн мал сайн тарга тэвээртэй байсан өөрөө хонь ямаан дундаас шилээд аваад явсан дандаа эр хонь эр ямаа байсан. орон нутгийн ханш өндөр байгаа би анх наймаа хийсэн буюу эр хонио 170000 төгрөгөөр, эр ямаагаа 125000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Би С.Бд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 330 бог мал зараад надад мөнгийг маань өгөхгүй залилаад худал хэлээд байсан тул 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод малаа зарж мөнгө авах ёстойгоо баталгаажуулж мөнгө зээлүүлсэн гэрээг хийсэн юм. Өмнө нь ямар нэгэн гэрээ хийгээгүй зөвхөн мал авсан өгнө гэсэн бичгийг Б тэмдэглэлийн дэвтэр дээр бичээд өгч байсан. Үүнийгээ баталгаатай болгож зээлийн гэрээ хийсэн юм. би Бгээс 51 сая төгрөг л нэхэмжилж байгаа надад миний нэхэмжилж байгаа мөнгийг өгвөл боллоо. Б надтай хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын дундуур уулзаж байцаагчийн өрөөнд түүний хажууд 2016.07 сард багтаан 22 сая төгрөг эхний ээлжинд өгнө гэж байсан. Энэ нь худал одоо утас нь холбогдохгүй байгаа уулзахаараа төлнө гэж хэлээд л худал хэлээд 1 жил гаран болж байна. Ядаж мах зараад тухайн үед хэдэн төгрөг болсон тэрийг нь өгч болно доо тэгэхэд шатсан гээд нэг ч төгрөг өгөхгүй байгаад би үнэхээр их гомдолтой байна гэсэн....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23, 176, 230 хуудас/

Гэрч Л.Аззаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б ах намайг хөлслөөд мал мах ачуулна гээд 2015 оны 05 дугаар 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу явсан. Л.Эрдэнэбаяр гэдэг хүнээс С.Б ах 220 хонь 110 ямаа авсан. ... Эрдэнэбаярын гэрээс хонь ачаад аймгийн төвд ирээд цахилгаан бойнд аваачиж буулгасан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24 хуудас/

Гэрч Г.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Б гэдэг хүнтэй уулзаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5-р багийн нутгаас би тэр айлыг хэнийх гэдгийг мэдэхгүй айлын гадаа очоод зогссон. Б миний машин дээр 50 билүү 60 толгой хонь ачуулсан. Тэгээд би тэр хонийг нь ачаад Хэнтий аймгийн төвд ирээд Сангийн аж ахуйн бойн дээр буулгасан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28 хуудас/

Гэрч Д.Саран-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрөө Өмнөдэлгэр сумын харъяат хүн. Эрдэнэбаяр зун намраар миний утас руу залгаад Бтэй ярих гэсэн юм гэж байсан тэгээд л би энэ хүнтэй мал махны наймаа хийсэн юм байна гэж мэдсэн. Тэгээд би нөхрөөсөө асуухад 220 хонь, 110 ямаа авсан гэж байсан тэгээд тухайн үед бодож байсан ханшнаас махны үнэ унаад шатчихсан гэж хэлсэн. Тэгээд Ганзориг гэдэг хүнд 13 сая төгрөг өгөх ёстой байсан тэр хүндээ өрөө өгчихсөн гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-33 хуудас/

Гэрч Я.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 13-ны үед шиг санаж байна. Б махны наймаа хийх гэж байгаа гээд надаас 13 сая төгрөг зээлж авч байсан. Бд хүүгүй зээлж байсан. Тэгээд 2015 оны 06 сарын эхээр буцааж өгсөн....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36 хуудас/

Гэрч Ц.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...хонь, үхрийн мах 4500-6000 төгрөг, тэмээний мах 4000 гаруй төгрөг, адуу ямааны махны үнэ 3000-4000 төгрөгийн хооронд байсан. 2015 оны 05, 06 дугаар саруудад махны үнэ өсч байсан. Дээрх хэлсэн үнэнээс илүү үнэтэй байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39 хуудас/

Гэрч С.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байх бид нарыг хөдөө мал дээрээ байхад Б гэх хүн том ачааны чиргүүлтэй машинтай ирсэн 4 хүний хамт ирсэн. ... Бгийн Эрдэнэбаяр гэх хүнээс авсан мал нь 110 эр ямаа бүдүүн 6 наснаас дээш настай, 220 хонь бүдүүн 6 настай бүгд тарган байсан туранхай мал байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44 хуудас/

Гэрч О.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын эхээр хөдөө явж мах авч ирсэний дараа Нарантуул 2 зах дээр очиж мах зөөсөн. Тэр мах нь дан хонь ямааны мах байсан. С.Б ах хөдөөнөөс махаа авч ирэх үед махны үнэ унаад шатчихлаа гэж надад хэлж байсан. Яг хэдэн төгрөгөөр шатсан гэдгийг би мэдэхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 10-ны үеэс Б ах үхрийн гол мах авъя гээд ахдаа ажиллаад өг гээд тэр махыг нь би мах зардаг газруудаар явж авдаг байсан. ... гол мах авсан мөнгө нь 30 гаран сая байсан гэж бодохоор анх авчирсан мах нь тэр хавьцаа гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 45 хуудас/

Яллагдагч С.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Би 2003 оноос хойш маны ченж хийж байгаа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суын 5 дугаар багийн иргэн Л.Эрдэнэбаяраас сүүлийн 3 жил мал мах авч байсан. .....Тэгээд би 13 сая төгрөгөө Эрдэнэбаярт өгөлгүй хүнээс мөнгө зээлсэн байсан өрөндөө өгчихсөн юм. Тэгээд 7 сард өгнө мөн 8 дугаар сарын 3, 11-ны өдөр өгнө гэж гэрээ хийсэн боловч мах нийлүүлдэг байгууллага маань өөр хүнээс авдаг болоод ажил зогсоод өөр мөнгө орж ирвэл өгчихнө гэж бодоод байж байсан чинь мөнгө төгрөг нь орж ирэхгүй болоод мөнгөний боломж байхгүй болоод чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 58 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч С.Бгийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг “Ар худаг” гэх газар оршин суух  иргэн Л.Эрдэнэбаярын 330 толгой бог малыг залилан авч их хэмжээний буюу 37.947.800 /гучин долоон сая есөн зуун дөчин долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Аззаяа, Г.Мөнх-Оргил, Д.Саран-Од, Я.Ганзориг, Ц.Баярсайхан, С.Мөнхчимэг, О.Бямбасрүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч С.Бгийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан бол энэ зүйл хэсгээр зүйлчлэхээр заасан ба шинэ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн  2.2-т бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулах гэсэн зүйл хэсэгтэй дүйцэхээр байгаа ба шинэ хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Эрдэнэбаярт 37.947.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 15.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Б төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул үлдэх 19.947.800 төгрөгийг шүүгдэгч С.Бгээс гаргуулж хохиоргч Л.Эрдэнэбаярт олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн хуульд хамрагдаж байх тул оногдвол зохих хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Бүрээт овогт Сүхбаатарын Бг бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн тугсай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар С.Бг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгийн цагдан хоригдсон 46 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгчийн газар, хашаа, гэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 7-ний өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

7. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Бгээс 19.947.800 төгрөгийг гаргуулж хохиоргч Л.Эрдэнэбаярт олгосугай.

 

9.  Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ