| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2311000000981 |
| Дугаар | 2025/ДШМ/654 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/654
2025 05 28 2025/ДШМ/654
Н.Пд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ундармаа,
шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Лхагвацэрэн,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Пд холбогдох 2311000000981 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаар шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн,
Шүүгдэгч Н.П нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноnеу” нэртэй зочид буудлын 801 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Х.Атэй маргалдаж улмаар түүнийг араас нь тэвэрч газарт шидсэний улмаас түүний амь насыг хохироож санаатайгаар хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.П үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Пг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 638 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.П давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг санаатайгаар алах гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хүнийг санаатайгаар алах санаа зорилго байгаагүй. Талийгаачийн санаа зорилго, зүй бус үйлдлийг буюу намайг цохиж, зодох, хоолой боох, хүчтэй өшиглөх зэрэг над руу чиглэсэн довтолгоог зогсоож өөрөөсөө холдуулж, өөрийгөө хамгаалах л санаа бодол байсан. Тухайн үед зочид буудалд амарч байсан ба тэрээр миний амарч байсан өрөө рүү дайрч орж ирээд “лалар, нохой, писда, ална” гэж хараан доромжилж, үгийн зөрүүгүй толгой руу цохиж эхэлсэн. Өндөр биеэрхүү том биетэй согтуу ах хүн намайг нүүр, дагз хэсэг рүү хүчтэй цохиж, хоолой боож, эмзэг эрхтэн буюу төмсөг рүү хүчтэй өшиглөж, заналхийлж байсан. Би өөрөө өөрийгөө хамгаалахгүй бол тэнд хамгаалах хүн байгаагүй. Би “яагаад ингээд байгаа юм бэ, ахаа би танд ямар ч буруу зүйл хийсэн юм бэ. Одоо больчихооч дээ ахаа. Та намайг зөндөө зодлоо шүү дээ” гэх мэтээр олон удаа гуйсан. Гэвч талийгаач “чамайг ална” гээд л дайраад байсан. Тэр үед би “намайг цохих гээд далайж байсан гар нь доогуур нь бултаад ард нь гарч тэврээд “ахаа болиочээ” гэж хэлэхэд намайг тохойдох гэж оролцох үед хажуу тийш нь унагасан. Би өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд л дээрх үйлдлийг хийсэн. Энэ хүнийг ална, гэмтээнэ гэсэн санаа бодол зорилго огтхон ч байгаагүй. Миний үйлдлээс болж энэ хүн үхнэ гэсэн ойлголт ч миний толгойд байгаагүй. Талийгаачийг нутгийн зүс таньдаг ах гэдгээс өөр бусдаар огт танихгүй, урьд өмнө нь уулзаж үзээгүй. Ямар нэгэн байдлаар хувийн таарамжгүй харилцаа, өс хонзонгийн зүйл огт байхгүй. Би зөвлөх Н руу “чи А гээд хөгшин хүнтэй цуг яваад байгаа юм уу” гэсэн цахим шууданг Нын утаснаас уншиж өс хонзон санаж, зодно, хашраана, ална гэсэн санаа зорилго агуулж буудалд ирсэн байдаг. Буудал руу ирэх замд хамт байсан хүмүүс нь “тийшээ очоод хэрэггүй, одоо гэртээ харь, хүргээд өгье” гэх мэтээр болиулах гэж зөндөө оролдсон боловч хамт байсан хүмүүсийнхээ үгэнд орохгүй тухайн буудалд ирж Жоор буудлын давхар тоотыг хүчээр цохиж, түлхэж, дарамталж байж хэлүүлээд буудал руу ганцаараа орж тухайн хэрэг болох нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь гэрч нарын мэдүүлэгт байдаг. Өөр бусад байдлаар талийгаачийг дуудаж ямар нэгэн байдлаар өдөөн хатгасан зүйл байхгүй бөгөөд талийгаачийг огт танихгүй хүн байсан. Эрүүл мэндийн байдал хүнд, хоёр бөөрөндөө 2.7 см хүртлэх олон тооны уйланхай, бөөрний архаг үрэвсэлтэй, эмчийн хяналтанд байдаг. Эмч нар хэлэхдээ “бөөрний уйланхай усан үзэмний хэлбэртээ болсон байна, цохилт, доргилт авч болохгүй, хагарах юм бол бөөрний доргилтод орж, хэвтэрт орж, бөөрний аппаратны хамааралтай болж, хэвтэрт орно” гэж хэлж байсан. Ийм учраас талийгаачтай маргалдаж биед нь халдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж санаа зорилгоо хэрэгжүүлж санаатайгаар тухайн хэргийг үйлдээгүй гэдгээ илэрхийлж байна. Миний хувьд одоо 25 настай дороо 4 жоохон дүүтэй, айлын том хүүхэд юм. Дүү нартаа аль болох сайн сайхан зүйлсийг зааж сургахыг хичээдэг. Гэвч харуулж болох хамгийн муу зүйлсийг харуулсандаа маш их харамсаж байна. Цагдан хоригдож байх хугацаанд бага наснаас өсгөж, хүмүүжүүлсэн өндөр настай эмээ минь нас барж, сэтгэд санааны хувьд маш хүнд байна. Миний үйлдлээс болж хүний амь нас эрсдэлд их харамсаж гэм буруугаа ухаарч ойлгож байгаа. Мөн амь хохирогчийн оршуулгийн зардал болон хуулиар тогтоосон бусад төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд миний хувийн байдал, ар гэр, эрүүл мэндийн байдал, хохирогчийн буруутай үйлдэл, хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл дээр анхаарч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.П өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “... Нэг. Прокурорын яллах дүгнэлтэд болон шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт Н.П гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Х.Атэй маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.П нь тухайн өдрийн 12 цагийн үед буудалд ирж хамт байсан хүмүүстэйгээ тодорхой хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 22 цагийн үед унтаж амарсан талаар мэдүүлдэг ба хэрэг гарсны дараа очсон цагдаагийн байгууллагын ажилтнууд түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг цусан дахь спиртийн агууламж, согтуурал шалгах багажаар тогтоох ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл, согтуу байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байхад прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж, мөн H.П зүгээс хэрэг гарсан тухайн цаг хугацаанд амь хохирогчтой огт хэрүүл маргаан үүсгээгүй, түүний хэлсэн зүйлийн агуулга нь зөвхөн амь хохирогчид хандаж өөрийнх нь эсрэг хийж байгаа үйлдлээ зогсоогооч гэдэг зүйлийг хэлсэн байхад хоорондоо маргалдсан, энэ нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан болсон гэж хэрэгт шалгаж тогтоогоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин эсрэгээрээ шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Х.Аийн цусанд 1.6 промилли, ходоодны шингэнд 1.7 промилли, шээсэнд 1.9 промилли спиртийн зүйл илэрсэн байдаг. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн О.Э, Т.Б, Н.А, Д.Ж, О.Н, О.Н нарын мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Н, О.Э, О.Н нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Н.П зүгээс О.Н руу илгээсэн “чи А гээд хөгшин хүнтэй цуг яваад байгаа юм уу? гэсэн цахим шууданг амь хохирогч Х.А уншиж, “...Намайг хөгшинөөр дууддаг хэн бэ?, Т гэж ямар банди байна, байгаа газар нь очиж ална...” гэж хэлж зочид буудал руу ирсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаас 1.6 дахь заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох байдлуудыг заасан байна. Н.П холбогдсон хүний амь нас хохироосон гэмт хэрэг гарснаас хойш Н.П үйлдлийн улмаас амь хохирогч Х.А нас барсан эсэх, үйлдэл хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, амь хохирогчид ямар гэмтэл учирсан, ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэдэг асуудлыг хэрэг шалгах ажиллагааны гол чиглэл, шалгах ажиллагааны үр дүн болгож шалгаснаас хуульд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангалттай шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлт бол хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч ашиг сонирхол, эрэлт, хэрэгцээ, шаардлага. Гэм хэргийн зорилго бол тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг хүссэн үр дүн байдаг. Н.П нь амь хохирогч Х.Атэй нэг аймаг, сумын хүмүүс хэдий ч бие биенийгээ танихгүй, хоорондоо өмнө ямар нэг хувийн таарамжгүй харьцаа байгаагүй, өөрөөр хэлбэл Н.Пд амь хохирогч Х.Аийг алах ямар нэг сэдэлт, зорилго байхгүй байсан. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл Н.П нь амь хохирогчийг санаатай алсан гэхээс илүү өөрийнх нь эсрэг хийсэн амь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хоолойг нь боох, өшиглөх, цохих, ална гэж айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэж зүй бус авирласан үйлдлийн улмаас өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, амь хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох гол зорилгоор араас нь өргөж газар унагаасан хэрэгт онцгой ач холбогдолтой энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн Тайлбарт....“хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно гэж заажээ. Гэтэл амь хохирогч Х.А нь Д.Жоор Н.П аль дүүрэгт байрлалтай, ямар нэртэй буудлын хэдэн тоотод байгааг заалган очиж амарч байсан буудлын өрөөнд дайрч орж, хоолойг боох, цохих, өшиглөх зэргээр хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхэнд нь халдаж, Н.П биед хүзүү, баруун бугуй, баруун сарвуу, баруун сарвууны долоовор хурууны 2 үе, зүүн өвдгөнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсгөнд зөөлөн эдийн гэмтэл учруулсан байдаг. Тухайн үед байсан хүмүүсээс амь хохирогч Х.Аэд хууль бус үйлдлээ зогсоох талаар хэлж, салгах үйлдэл хийсэн боловч салгаж чадаагүй, хүч хэрэглэсэн үйлдэл нь үргэлжилж, хэзээ, ямар үр дүнд хүрсний эцэст зогсох нь тодорхойгүй байсан. Мөн прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан. ...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. ...Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. ...Амьд явах эрхтэй гэж тус тус зааж, Монгол Улсын нэгдсэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан гэж дүгнэсэн байна. Гэхдээ аливаа хүн өөрөө хууль, ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж, хууль ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж нийгмийн харилцаанд оролцож байгаа үед Халдашгүй байх эрх хангагдана гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт. ...Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн шүүхийн дүгнэлт нь шүүгдэгч Н.П гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж байхад анхаарч үзээгүйд өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна.
Хоёр. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх Н.Пд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Аргагүй хамгаалалт/-т....Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, 2 дахь хэсэгт ...Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажпын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж тус тус заажээ. Мөрдөн байцаалт болон хэргийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож, шүүгдэгч Н.П нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Н.П нь амь хохирогч Х.Аийн эсрэг санаатай өдөөн хатгалт хийж амь хохирогчтой зориуд хэрүүл маргаан үүсгэсэн, харилцан зодолдсон, гэмт хэрэг үйлдэх нөхцлийг зориуд бүрдүүлсэн ямар нэг үйлдэл хийгээгүй байдаг. Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хуулиар зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуулиар тогтоосон байна. Мөн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд заагаагүй байна. Өмгөөлөгчийн хувьд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдпаас үзэхэд амь хохирогч Х.А нь хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээг зөрчиж, согтуурсан үедээ Н.П хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд байхад эрх чөлөөнд нь үл ялих зүйлээр шалтаглан халдаж, түүний биед хүзүү, баруун бугуй, баруун сарвуу, баруун сарвууны долоовор хурууны 2 үе, зүүн өвдгөнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсгөнд зөөлөн эдийн гэмтэл учруулах үед тэнд байсан хүмүүсээс үйлдлийг нь таслан зогсоох гэсэн үг, үйлдлийг үл тоож дахин довтолсон нь Н.П хувьд аргагүй хамгаалалт хийх гарцаагүй нөхцөлийг бий болгосон гэж үзэж байна. Нөгөө талаар Н.П нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөгөө хууль бус халдлагаас хамгаалах явцдаа Х.Аийн амь насанд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хохирлыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэж үзэж байна.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл /Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг/-ийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын үндэслэлийг тусгана” гэж заасан байхад анхан шатны шүүхээс дээрх байдлуудад огт дүгнэлт хийгээгүй байна.
Иймд шүүгдэгч Н.Пд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.П өмгөөлөгч Б.Лхагвацэрэн давж заалдах гомдолдоо: “...Амь хохирогчийн П амь нас эрүүл мэндэд халдаж хийсэн хууль бус, үйлдэл довтолгоо, түүний эсрэг П өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор хүний амь хохироосон гэмт хэргийн шинж бүхий үйлдэл хийсэн байдал, уг үйлдэлүүд нь аргагүй хамгаалапт болохыг нотлох нотлогоо.
Амь хохирогч нь Н руу “хөгшин хүнтэй хамт явлаа” гэсэн агуулгатай чат илгээж, өөрийг нь дорожилсон хэмээн үзэж, уурлаж бухимдсаны улмаас “ална” гэж заналхийлж, уг санаа зорилгоо биелүүлэхээр улайран П руу дайрч, толгой руу олон удаа цохиж, хөл, төмсөг рүү өшиглөж довтолсон хууль бус үйлдэл хийж байсан болон түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийн үгэнд орохгүй, үйлдлээ тасралтгүй үргэлжлүүлж байсан. Мөн хохирогч согтуу байснаас өөрийн үйлдлийг хянах чадвар нь буурсан байсан учир түүний үйлдлийн хор аюулыг ихэсгэх “шүүгдэгчийг ална” гэж заналхийлсэн заналхийлэл нь биелэгдэж болох боломжтоЙ нөхцөлийг бүрдүүпж байсан бөгөөд П амь хохирогчийн хууль бус довтолгооны эсрэг өөрийн амь Н хамгаалсан үйлдлийг хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд:
1. Шүүхийн шинжилгээний газрын 1759 дугаартай “Талийгаач нь 01 бүлгийн цустай байна. Цусанд нь 1,6 промилли, ходоодны шингэнд 1.7 промилли, шээсэнд 1.9 промилли спиртын зүйл илрэв” гэсэн дүгнэлтээр амь хохирогч согтууруулах ундааны зүйл ууж согтсон, үйлдлээ хянах, барих чадвар нь буурч, уурлаж өсөрхөн, яахаас ч буцахгүй байдалд орсон байсны нотолгоо.
2. П биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 8387 дугаартай “П хүзүүнд цус хуралт, мөн хүзүү, баруун бугуй, долоовор хурууны үе, зүүн өвдөгний хэсэгт тус тус олон тооны зулгаралт, зүүн төмсөг нь бага зэрэг хавдсан зэрэг гэмтэлүүд байна. Эдгээр гэмтэл нь гэмтлийн ззрэгт хамаарахгүй” гэсэн дугнэлт нь амь хохирогч нь П биед олон удаагийн үйлдлээр халдаж, цохиж, зодсон, эмзэг эрхтэн рүү нь өшиглөж, амь нас, эрүүл мэндэд нь халдсан, хууль бус довтолгоо хийсэн болохыг нотолдог.
3. Гэрч Нын “...Би Н рүү залгаад байж байтал Т над руу “Н ирчихсэн байна, битгий утас руу нь залгаад бай, А гээд хөгшин хүнтэй чи цуг яваад байгаа юм уу” гэж чат бичсэнийг А хажуугаас харчихаад уурлаад “Т гэж хэн бэ, дуудчих, зодно гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг болон амь хохирогчийг шүүгдэгчид өсөрхөж ална гэж заналхийлж, бие, эрүүл мэндэд нь халдах хууль бус үйлдэл хийх болсон сэдэлт шалтгаан нь болохыг нотолжээ.
4. Гэрч Нын анхан шатны шүүх хуралдаан дээр “З, гэрч О.Нийн цүнхийг авч очиж өгөх ёстой гээд бид нар тэд нарын байгаа буудал руу явсан. А ах Пг “ална, ямар зэвүүн юм, хэн гэдгээ мэдрүүүлнэ” гэсэн. Очиж байх замдаа аймаар уурлаад Згийн цамцнаас урагшаа татсан. Буудлын гадна очоод амь хохирогч түрүүлээд гүйгээд орсон. Аийг гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь О.Э бид хоер цуг орсон, Хаалгыг нь цохисон чинь гэрч О.Н эхлээд хаалга онгойлгоод “чи энийгээ аваад яваач” гэж уурласан. Орсон чинь А “чи ямар зэвүүн банди вэ” гээд шүүгдэгчийг маш их зодож, цохиж байсан. Би гараас нь бариад, хаалгаар гараад явж байсан. Гэтэл гараа татаж аваад ахиад очоод шүүгдэгчийг цохиод, тэгсэн шүүгдэгч “ахаа та яагаад намайг цохиод зодоод байгаа юм бэ, би танд зөндөө л зодууллаа” гэсэн. “Ахаа та учраа хэлэлдээ гээд шүүгдэгч гуйгаад” байсан. Бид нар айгаад салгаж чадахгүй, болиулж чадахгүй байсан. Шүүгдэгч ард нь гараад тэвэрсэн байсан, нэг мэдэхэд газарт уначихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч О.Наас “шүүгдэгч ард нь гараад тэвэрсэн байх үед амь хохирогч ямар нзгзн үйлдэл хийсэн үү” гэсэн асуултад “Хөлөөрөө өшиглөөд, толгойгоороо мөргөөд байсан, шүүгдэг айсан байсан, бид нар ч гэсэн айсан байсан. “Би чамайг алнаа” гээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг нь амь хохирогч шүүгдэгчийн амь биед халдсан олон үйлдэл хийж байсан болон гэрчүүдийн хориглосон үйлдэлд дийлдэхгүй довтолж байсан үед шүүгдэгч маш их айснаас амиа хамгаалах үйлдэл хийхэд хүрсэн тул түүний ард гарч тэвэрч газар руу шидэж унагах уед ч амь хохирогч доогуураа П хөл руу нь өшиглөж, дээгуур нь толгойгоороо мөргөж, П тэврэлтээс мултрахаар довтолгоогоо үргэлжлүүлж байсан болохыг, өөрөөр хэлбэл П нь амь хохирогчийг шидэж унагах үед хохирогчийн довтолгоо үргэлжилж дуусаагүй, зогсоогүй байсан болохыг нотолдог.
5. Гэрч Э “зочид буудлын гадаа ирээд А “Т гэдэг ямар банди байна, би ороод алаад ирье” гэзд буудал руу орсон, араас нь Н бид хоёрыг ороход Аэд “ахаа та арай л их цохиод байгаа юм бишүү” гэж П эхний орны урд Аийн араас нь тэврээд хажуу тийшээ шидсэн. А нилээн согтуу байсан. П унтаад сэрсэн гээд гайгүй эрүүл болчихсон байсан. Аийг бид нар “гэрт нь хүргээд өгье, буудал руу битгий яв” гэж зөндөө хэлсэн, даан ч үгэнд ороогүй А өврөө П “алчихая” гээд дайраад байсан.” гэсэн мэдүүлэг болон гэрч Б “Шөнө унтаж байтал гэнэт хэн нэгнийх нь дуу өндөрсөөд П руу орилоод байх шиг байхаар нь би сэрээд цаг харахад шөнийн 3-4 цаг болж байсан. А ирчихсэн П нүүр рүү гараараа цохиод байсан. Би Аийг цохиж зодоогүй, П багалзуурдсан байдалтай наг гараараа нүүр рүү нь цохиод байхаар нь очиж салгасан. П Н цаашаа авч явсан. Аийг очиж салгах үед “чамайг таньж байна, энэ гөлөг новшийг би танихгүй, ална шүү“ гээд орилоод байсан.
6. Мөн гэрч Нийн “П хаалга онгойлгоход А ах орж ирээд П руу “Чи намайг банди гэдэг хэн бэ, намайг А гэж мэдэх үү” гэх мэтээр дайраад байсан, би босоод гутлаа өмсөөд байж байтал П хоолойноос нь боогоод нүүр рүү нь гараараа 3 удаа цохисон. Тэгээд Б дундуур нь ороод салгасан, тэр хооронд Э, Н„ Ж нар араас нь орж ирээд бас салгах гээд А “байж бай” гээд түлхээд байсан. Тэгээд П “ахаа та яагаад байгаа юм, юу болсон юм” гэхэд дайраад л байсан. Тэгээд П Аийг тэврээд шидчихсэн” гэсэн мэдүүлэг,
Шүүх хуралдаан дээр гэрч Нийн “Миний утсанд дуудлага ирсэн. Би авалгүй унтаад байсан, удалгүй нэг хүн хаалга тогшсон, хаалгыг шүүгдэгч онгойлгосон. Нэг хүн орж ирээд “ална” гээд “Т гэж хэн” гэсэн. Би нойрноосоо сэрсэн чинь шүүгдэгчийг цохиод, өшиглөөд, хоолойг нь шахаж байсан. Б ахыг сэрээсэн. Б ах босож ирсэн чинь амь хохирогч “Б ахын дүү би чамайг танина, чамтай юм ярихгүй” гэсэн. Б амь хохирогчийг “болиоч юу болсон бэ” гэсэн. Амь хохирогч, шүүгдэгчийг цохиод, хоолойг нь багалзуурдаад байсан. Гэрч Б ах салгаад ариун цэврийн өрөө ороход нь дахин цохисон. Гаднаас гэрч О.Н, О.Э нар орж ирсэн. Би гэрч О.Н руу уурласан, гэрч О.Н амь хохирогчийг чирээд хаалгаар гараад явж байсан чинь амь хохирогч гэрч О.Ныг түлхээд, буцаад шүүгдэгчийг зодсон. Шүүгдэгч П амь хохирогчийн араас тэвэрсэн байсан. Би гутлаа өмсөөд дээшээ харсан чинь амь хохирогч газарт унасан байсан” гэсэн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл
7. Шүүгдэгч П шүүх хуралдаан дээр “хаалга тогшихоор нь Н, Э хоёрыг Нийн цүнхийг авч ирж байгаа юм байх гэж бодоод хаалга тайлсан чинь талийгаач “чи нөгөө Т гэдэг гөлөг үү” гээд над руу дайрсан. Над руу харааж зүхсэн. Би гайхаад цочирдсон. “Чи ямар овоо хүнийг хөгшинөөр дууддаг юм бэ” гээд над руу дайраад “намайг ална” гээд байсан. Миний зүүн шанаа, дагз руу хэд хэдэн удаа цохисон, хана руу шахаж хоолой боосон. Энэ үед Н, Б нар салгасан. Бг “хол бай, би наад гөлөгийг чинь ална” гээд над руу дайраад байсан. Миний толгой руу 3 удаа цохисон. Гаднаас Э, Н 2 орж ирээд салгах гэж оролдоод талийгаачийн гараас нь татаад аваад явж байтал нь дахин над руу дайрч миний зүүн төмсөг рүү өшиглөсөн. Би энэ хүнд зодуулаад цохиулаад байх юм бол өөрөө эрүүл мэнд, амь Нраа хохирох юм байна гэж бодоод талийгаач гараа далайсан байхад нь би цохилтоос бултаж ард нь гараад түүнийг тэвэрсэн байх үед талийгаач намайг тохойлдсон, талийгаач том биетэй хүн байсан, би дийлэхгүй байсан учир унагаасан” гэсэн мэдүүлэг зэрэг мэдүүлгүүдээр амь хохирогч нь хөгшин хүн гэлээ гэж маш их уурласаны улмаас П “ална” гэж заналхийлсэн үйлдлээ хэрэгжүүлэхээр улайрч, хохирогчийн амьсгалыг боохоор багалзуурдаж амь насанд нь аюултай байдалд хүргэсэн үйлдэл хийж байхад нь Б салгаснаар П амь аврагдсан боловч амь хохирогч нь П руу дахин дахин халдаж, довтолгоогоо үргэлжлүүлж хамт байсан хүмүүсийн таслан зогсоох гэсэн үйлдэлд дийлдэхгүй байсан үед П айж, аргагүйн эрхэнд амиа хамгаалахаар Аийг араас нь тэвэрч байгаад хажуу тийш шидэж газар унагасны улмаас, А нас барсан үйлдэл хийсэн нь нотлогддог бөгөөд П энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангиЙн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй”, 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэсэн заалттай тохирсон, хуульд нийцсэн, аргагүй хамгаалалт хийсэн үйлдэл мөн болох нь нотлогдсон байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг бүрэн дүүрэн, зөв үнэлээгүйгээс П араас нь тэвэрсэн үйлдлээр амь хохирогчийн хууль бус үйлдэл таслан зогсоогдсон гэж дүгэж үндэслэлгүйгээр түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоноос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, П аргагүй хамгаалалт хийсэн гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн өмгөөлөгч миний дугнэлтийг шүүх үндэслэлгүйгээр хүлээж аваагүй болох нь нотлогддог.
Анхан шатны шүүхийн гаргасан П үйлдлийн талаарх гэм буруугийн дүгнэлт, шийтгэл нь “өөрийг нь хөгшин гэж хэллээ” гэж өсөрхөж түүнийг “ална” гэж заналхийлэн, хориглож салгах гэсэн хүмүүсийн үгэнд орохгүй, дийлдэхгүй яахаас ч буцахгүй байдалд түүнийг дахин, дахин цохиж зодож, өшиглөж дайрч, довтолж байгаа согтуу хүний эсрэг П нь өөрийгөө хамгаалах үйлдэл хийж болохгүй, зүгээр л зогсоож байгаад алуулах эсхүл эрүүл мэнд, амь Нраа хохирч үлдэх естой байсан гзж дүгнэсэнтзй адил, өөрөөр хэлбэл шөнө дөлөөр согтуу ирж, унтаж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж бусдын амь биед халдаж агсам тавигчийн зөв, түүнд зодуулж байхдаа эсэргүүцэж амиа хамгаалж болохгүй, хохирвол чиний хохь гэсэн агуулга бүхий мессежийг ард түмэнд өгч байгаа нь эрүүгийн хуулийн зорилго хуулийн шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, дээрх үндэслэл нотолгоог харгалзан анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.П цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ....” гэв.
Прокурор Д.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Аргаг хамгаалалтыг довтолгооны эсрэг хийсэн байхыг шаарддаг. Миний дүгээс болон анхан шатны шүүхийн дүгнэснээр довтолгоон төгссөн байсан гэж үзэж байгаа. Учир нь анх амь хохирогч буудлын өрөө рүү ороод шүүгдэгч рүү дайрч, довтолсон. Үүнийг буудлын өрөөнд байсан гэрч нар салгасан байдаг. Дахин довтолгоон төгссөний дараа дахин довтолгоон хийж шүүгдэгчийг алахаар дайрсан гэдэг боловч амь хохирогч амь хохирох үед шүүгдэгч амь хохирогчийн ард нь гарч араас тэвэрснээр уг довтолгоон төгссөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь мөн гэрч Н, шинжээчийн дүгнэлт зэрэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Гэрч Нын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгийн өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч өөрөө тухайн довтолгооны тасалж ард нь гарч тэвэрсэн бөгөөд үүний дараагаар өргөөд шидэж байгаа үйлдэл нь хүний амь насыг санаатайгаар хохироосон үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос Н.П 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноnеу” нэртэй зочид буудлын 801 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Х.Атэй маргалдаж улмаар түүнийг араас нь тэвэрч газарт шидсэний улмаас түүний амь насыг хохироож санаатайгаар хүнийг алсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн Арав дугаар бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
Эрүүгийн хуульд заасан “Хүний алах” гэмт гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийн үйл баримтыг тогтоон, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой.
Түүнчлэн, шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Н.Пд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, “...шүүгдэгч нь хуульд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийгээгүй, харин амь хохирогчийн довтолгооны зогсоох зорилгоор ард нь гарч тэвэрснээр хохирогчийн зүй бус үйлдэл буюу довтолгоон нь таслан зогсоогдсон, улмаар шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл гэж үзэх боломжгүй. ...” гэж дүгнэж, Н.П хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нарийвчлан тогтоож болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг.
Гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал гэдэг нь гэмт хэргийн илрэх хэлбэр, агуулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан боловч нэн тэргүүнд өөрийн болон бусдын эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ.
Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх” ...болон бусад эрхээ эдлэх эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой асуудал юм.
Шүүх хохирогчийн санаатай, зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогч, эсхүл түүнтэй хамт байсан бусад этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан буюу учирч болох байсан нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуур буюу үйлдэл, үр дагавар /хохирол/-ын хоорондын шалтгаант холбоогоор, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримт, үйл баримтыг бусад нотлох баримттай харьцуулан дүгнээгүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Н.П “Ноnеу” нэртэй зочид буудлын 801 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Х.Атэй маргалдаж улмаар түүнийг араас нь тэвэрч газарт шидсэний улмаас түүний амь насыг хохироож санаатайгаар хүнийг алах гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар маргалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №1759 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн гавал тархины битүү гэмтэл, хоёр талын чамархай булчин, хуйх, дагз, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, суурийн судасны урагдал, их тархины хоёр тал бөмбөлгийн зулай чамархай, бага тархины орой суурь, тархины суурийн хэсгийн аалзан хальс доорх цус харвалт, тархины суурийн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, өвчүүнд цус хуралт гэмтлүүд учирчээ. Өөрөөр хэлбэл талийгаачийг өргөж шидэж газарт /шал/ цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой. ...” гэсэн /1хх 86-90/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №1759 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн гавал тархины битүү гэмтэл, хоёр талын чамархай булчин, хуйх, дагз, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, суурийн судасны урагдал, их тархины хоёр тал бөмбөлгийн зулай чамархай, бага тархины орой суурь, тархины суурийн хэсгийн аалзан хальс доорх цус харвалт, тархины суурийн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, өвчүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн цохих, цохигдох, дарах, шахах механизмаар үүсгэгдэх боломжтой. Гавал тархины гэмтэл нь үхлийн шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Өвчүүний цус хуралт гэмтэл тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нь 0/1/ бүлгийн цустай байна. Цусанд 1.6 промилли, ходоодны шингэнд 1.7 промилли, шээсэнд 1.9 промилли спиртийн зүйл илрэв. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй, хүчил шүлт илрээгүй. ...” гэсэн дүгнэлтүүд /1хх 197-201/,
Мөн эмч Б.Ганзоригийн “...Талийгаачийн биед тогтоогдсон гавал тархины гэмтэл нь нэг үйлдпээр буюу цохилт доргилттой холбоотой тархины судас гэмтэж болно. Дээрх гэмтлийг авсан даруй идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй ухаан алдана...” гэсэн,
гэрч О.Эын “...А Жд “Андаа тэр буудал руу нь очъё, намайг бацаанаар нь дууддаг хэн бэ?” гэсэн утгатай юм яриад байхаар нь Н хажуу талаас нь “Болъё, одоо гэртээ харь” гэж хэлсэн боловч үгэнд нь ороогүй. ...“Нопеу” нэртэй зочид буудлын гадаа ирээд А “Т гэж ямар банди байна вэ? би ороод алаад ирье" гээд буудал руу орсон. Уг нь хамт явж байсан хүмүүс бүгдээрээ л “битгий ор” гээд болиулах гэж зөндөө оролдсон. Аийн араас Н бид 2 буудлын өрөө рүү ороход П Аэд “Ахаа та арай л их цохиод байгаа юм биш үү?” гэж хэлээд өрөөний хаалгаар ороод эхний орны урд талд П Аийн араас нь тэврээд хажуу тийшээ шидсэн. Тэгсэн чинь А хажуу тийшээ хараад унасан. Тэр үед гар нь бага зэрэг хөдөлж байгаад хөдлөхгүй болсон. Н эмчээр сурдаг байсан болохоор Аийг дээш нь харуулаад хиймэл амьсгаа хийгээд бүүр сэргэхгүй болохоор нь түргэн дуудсан. Түргэн ирээд энэ хүн нас барсан байна гэж хэлсэн. Н, Б, Н бид хэд харсан Н нь унтаж байсан. Тэр хоёрыг маргалдахад урдуур хойгуур нь хүмүүс салгах гээд байсан болохоор би яг аль хэсгээрээ гэдгийг нь сайн хараагүй. Газар унасан хойно харахад баруун гар тал руу хажуу тийшээ харсан байдалтай байсан. Унахдаа ямар нэгэн юм мөргөөгүй. Ойр хавьд нь мөргөхөөр ширээ, сандал хурц ирмэгтэй зүйл байгаагүй. Би буудлын өреөнд болсон асуудалд өөрөө тохируулаад хэрэглэсэн байсан бусад хүмүүс бас тийм ч их согтуу байгаагүй. Харин А бол нэлээн согтуу байсан. П унтаад сэрсэн гээд гайгүй эрүүл болчихсон байсан. Аийг бид нар “Гэрт нь хүргээд өгье битгий оч” гэж зөндөө хэлсэн, даанч үгэнд ороогүй дараа нь яриаг нь сонсоход П буудлын хаалга онгойлгож өгөхөд А шууд зөрүүлээд цохисон гэсэн. Ер нь А өөрөө П “алчихъя” гээд дайраад байсан. Хэрэг учрал болох үед Н, Н, Б бид дөрөв байсан ба Н унтаж байсан. Аийг бүлэглэж зодсон асуудал болоогүй...” гэсэн /1хх 29, 2хх 54/,
гэрч Б.Нын “...Тэгээд бид нар пиво уугаад байж байтал Н эхлээд орж ирээд цагийн дараа Н, Э /З/ гэх эмэгтэй нар ирсэн. Тэгээд бид нар пиво уугаад өрөөндөө байж байгаад оройны 22 цаг болж байх үед би согтоод тасраад унтчихсан. Тэгээд үүрийн 05 цагийн үед намайг унтаж байтал цагдаа нар ирээд тэгээд би сэртэл нэг хүн буудлын өрөөний газарт буудлын орны хөл хавьцаа хэвтэж байсан шиг санагдаж байна. Уг газарт хэвтэж байсан хүнийг би огт танихгүй хүн байсан. ...” гэсэн /1хх 31/,
гэрч Т.Бн “...Шөнө унтаж байтал гэв гэнэт хэн нэгнийх нь дуу өндөрсөөд П руу орилоод байх шиг байхаар нь би сэрсэн. Сэрээд цаг хартал шөнийн 3-4 цаг болж байсан байх. Намайг сэрэхэд А нэмэгдээд ирчихсэн байсан. П, Н, Н бид хэд байсан ба А орилоод П нүүр хэсэг рүү гараараа цохиод байж байсан. Тэгээд би А ахыг “та болиоч” гэж хэлээд болиулж байх хооронд өрөөний хаалгыг хүн тогшоод байхаар нь би босож очоод тайлахад А ахыг асууж нэг эрэгтэй хүн ирсэн. Тэгэхээр нь би “одоо гаргалаа” гэж хэлээд хаалгыг буцаагаад хаасан. Би дөнгөж сэрчихсэн байсан учраас ам цагаад крантнаас ус уух гээд гал тогооны хэсэг рүү алхаж байх хооронд миний ард талд юм унах шиг чимээ гарахаар нь би эргээд хартал А ах багана болон ширээ 2-ын ойролцоо газарт уначихсан хэвтэж байсан. Хажууд нь П, Н 2 харчихсан зогсож байсан. Тэгээд гаднаас Н Ж мөн нэг танихгүй эрэгтэй, З гэх эмэгтэй нар орж ирсэн. ...Би Аийг цохиж зодоогүй. П багалзуурдсан байдалтай нэг гараараа нүүр рүү нь цохиод байхаар нь очиж салгасан. Тухайн үед П Н цаашаа авч явсан бөгөөд А нь П руу орилоод байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орох санаатай эргэж явсан. ...Аийг очиж салгах үед “Чамайг таньж байна, энэ гөлөг новшийг би танихгүй, ална шүү" гээд орилоод байсан. Чухам юунаас болж А нь П руу орилж, цохиод байсныг мэдээгүй...” гэсэн /1хх 33, 2хх 60-61/,
гэрч Н.Аын “...А Жс нөгөө залуугийн байгаа буудлын дугаар, тоотыг нь асуугаад тухайн буудал руу А түрүүлээд нэг охинтой хамт орсон. ...Сууж байсан охид “Аллаа шүү дээ” гэж орилоод байсан. Тэгээд байж байсан Атэй кимбаб иддэг охин араас ганцаараа орсон. Би араас нь орох гээд тухайн буудлын 8 давхарт гараад хаалгыг тогшоод хэдэн охид үүдэн дээр нь намайг оруулахгүй байсан. Миний өмнө Ж орсон, би байж байгаад хэдэн минутын дараа дахин хаалгыг цохиод онгойлгосон чинь найз А ор, баганын хажууд дээшээ харсан байдалтай уначихсан байсан. ...Намайг хаалга тогшоод ороход саарал тамирын өмдтэй, хөх цамцтай, бор хөрслөг арьстай, туранхай залуу нь “Намайг наад залуу чинь цохиод байхаар нь би шууд өргөөд шидчихсэн юм" гэсэн шоконд орсон байдалтай байсан. ...Араас нь цагдаа ирээд “хэн нь энэ залууг цохисон бэ? Юу болсон бэ?" гэсэн нөгөө залуу “намайг баахан цохиод байхаар нь би өргөөд шидчихсэн” юм гэсэн. ...” гэсэн /1хх 36/,
гэрч Д.Жийн “...Явах замдаа А “Т гэж хэн юм бэ? очиж байгаад хашраана” гэж надад хэлсэн. Тухайн үедээ би “яасан юм бэ? юу болсон юм бэ?” гэсэн чинь А руу Т “Хөгшин хүнтэй яваад байгаа юм уу?” гэж чат бичсэн байна гэж надад А хэлсэн. Тэгээд “Нисдэг машин” төв рүү очсон. А “Хэдэн давхарт юм бэ? хэдэн номер юм бэ?” гээд байхаар нь би хэлэхгүй нэлээн удсан бөгөөд сүүлдээ “8 давхар 801 тоот” гэж Аэд хэлсэн юм. А түрүүлж ганцаараа орсон бөгөөд араас нь Н, хамт явж байсан охин нь орсон юм. 10 минутын дараа А орсон би машин дотроо хүлээгээд байж байсан чинь Н шөнийн 03.38 минутад “Ах чинь уначихлаа” гэж надад хэлсэн. Би яваад орсон чинь А газар дээшээ хараад хэвтэж байсан. ...Ааас бусад нь бүгд байсан бөгөөд цэнхэр футболктой залуу “зодоод байхаар нь санаандгүй өргөөд шидчихсэн чинь ийм зүйл болчихлоо" гэж хэлсэн. Тухайн залууг танина, 2-3 удаа уулзаж байсан. ...” гэсэн /1хх 39/,
гэрч О.Нын “...Тэгээд уурлаад “Т гэж хэн юм бэ? тэрийгээ дуудчих, зодно” гээд байсан. А тухайн үед нэлээн согтсон байсан. Ингээд удахгүй байж байтал Ж над руу залгаад “Э бид хоёр очиж байна, автобусныхаа буудал дээр гараад ир" гэж хэлэхээр нь би П руу “Э бид хоёр очих гэж байна” гэж хэлсэн. Тэгээд А, түүний найз, бид гурав Ж, Э нарын хамтаар буцаад “Ноnеу" нэртэй зочид буудлын гадаа очсон. Гэтэл машин зогсмогц А буугаад Жаас “П аль өрөө, хэдэн тоотод байгаа юм бэ?3 гээд асуугаад байсан ба надаас “Чи эсвэл Тгаа дуудаад гаргаад ир” гэж хэлхээр нь би “яах юм бэ?” гэсэн чинь А намайг түлхчихээд буудал руу яваад орсон. Тэгэхээр нь би өрөөг нь мэдэхгүй юм чинь хэсэг хайж байгаад гараад ирэх байх гэж бодоод хүлээж байтал гарч ирэхгүй байхаар нь араас нь орсон чинь А П барьчихсан хацар руу нь цохиод өшиглөөд байсан чинь П “та одоо яагаад байгаа юм бэ?” гэж хэлсэн ба би Аийг аваад өрөөнөөс гарах гэтэл тэр гарахгүй П дахиад цохиод байсан. Тэгэхээр нь П Аийг ар нуруунаас нь тэвэрч байгаад мөр дээгүүрээ давуулаад шидсэн чинь А доошоо хараад унаад босч ирэхгүй байхаар нь ухаан алдчихсан байх гэж бодоод би Ж руу залгасан. ...” гэсэн /1хх 42-43, 2хх 55-56/,
гэрч О.Нийн “...Үүнээс 10-15 минут орчмын дараа 1 хүн хаалга тогшоод П онгойлгоход А ах орж ирээд П руу “Чи намайг банди гэдэг хэн бэ? А гэж мэдэх үү?” гэх мэтээр дайраад байхаар нь би босоод гутлаа өмсөөд байж байтал П хоолойноос нь боогоод нүүр рүү нь гараараа 3 удаа цохисон. Тэгээд дундуур нь Б ороод салгасан. Тэр хооронд Э, Н, А ахын найз гэх Ж нар араас нь орж ирээд бас салгах гэхэд А “Байж бай” гээд түлхээд байсан. Тэгээд П “Ахаа та яагаад байгаа юм бэ? юу болсон юм бэ?” гэхэд дайраад л байсан. Тэгээд П Аийг аль талаас нь гэдгийг мэдэхгүй би ардаас нь харж байхад түүнийг тэврээд шидчихсэн. Тэгтэл А ах эвгүй уначих шиг болсон. ...” гэсэн /1хх 45-46/,
Н.П сэжигтэн, яллагдагчаар “...Удалгүй 04 цагийн үед байх манай өрөөний хаалга тогшоод онгойлгоход огт танихгүй 30 гаруй насны эрэгтэй орж ирээд гууд над руу дайраад “Чи тэр Т юм уу, Чи намайг хөгшин гэдэг хэн бэ, ал минь” гээд над руу дайраад байсан. Тэр ах манай Хөвсгөл аймгийн хүн байсан, би царайг нь зүс танихаас яг хэн гэдгийг нь мэдэхгүй байсан юм. Би урдаас нь “яасан бэ ахаа, таныг хүнтэй андуурсан байна” гэхэд “гөлөг минь” гээд харааж байгаад миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон, би зөрүүлээд гарыг нь барьж авсан. ...Нөгөө А гэх ах Бг “чи ахын дүү намайг хорьдог болчихсон уу” гээд Б руу дайраад Б дийлэхгүй А ахтай ноцолдохоо больсон. Н тэр үед сэрчихсэн “болиоч ээ” гээд зогсож байсан. А ах дахиад над руу дайраад миний хоолойг боогоод нүүр рүү хоёр удаа цохиод төмсөг рүү өшиглөхөөр нь зодуулаад байж чадахгүй гэж бодоод талийгаачийн ард нь гараад хойноос нь хоёр гараараа тэврээд өргөж гаргаж ирээд хойш нь давуулаад газар руу хаясан. ...” гэсэн /1хх 59-60, 70-71/ зэрэг мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.П амь хохирогчийн араас нь тэвэрч газарт шидсэн үйлдэл нь амь хохирогчийн өөр рүү нь чиглэсэн хууль бус халдлага, довтолгооноос өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт "Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээрийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” боловч шүүгдэгч Н.П мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...А ах дахиад над руу дайраад миний хоолойг боогоод нүүр рүү хоёр удаа цохиод төмсөг рүү өшиглөхөөр нь зодуулаад байж чадахгүй гэж бодоод талийгаачийн ард нь гараад хойноос нь хоёр гараараа тэврээд өргөж гаргаж ирээд хойш нь давуулаад газар руу хаясан. ...” гэсэн /1хх 59-60, 70-71/ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдвол нотлох баримтаар үнэлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. ...” гэж, 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно. ...” гэж, 16.3 зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно. ...” гэж, 16.3 зүйлийн 2 дахь хэсэгт “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. ...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Н.П мөрдөн шалгах ажиллагааны явцад эрхийг нь зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул түүний мэдүүлгийг үнэлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, шүүгдэгч Н.П аргагүй хамгаалалтын нөхцөл байдал байсан талаарх мэдүүлгийг гэрч Т.Б, Н.А, О.Н, О.Н нарын мэдүүлгээр шүүгдэгчийг амь хохирогч нь удаа дараа алгадаж, төмсөг рүү өшиглөх, хоолойг нь боох зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь тогтоогдсон ба энэ үйлдлийг нь таслан зогсоох гэсэн гэрч О.Н, Т.Б нарыг эсэргүүцэн шүүгдэгч рүү үргэлжлүүлэн дайрсаар байсан, уг үйлдэл нь таслан зогсоогдоогүй бөгөөд шүүгдэгчийг амь хохирогчийг тэврэх үед довтолгоо үргэлжилсээр байсныг гэрч О.Нийн “...би босоод гутлаа өмсөөд байж байтал П хоолойноос нь боогоод нүүр рүү гараараа 3 улаа цохисон. Тэгээд дундуур нь Б ороод салгасан. Тэр хооронд Э, На, А ахын найз гэх Ж нар араас нь орж ирээд бас салгах гэхэд А “байж бай” гээд түлхээд байсан. П “ахаа та яагаад байгаа юм бэ” гэхэд дайраад л байсан. ...” гэсэн, яллагдагчаар Н.П “...би ард нь гараад тэврээд “та яагаад байгаа юм бэ, би танд ямар буруу юм хийсэн юм бэ” гэж хэлэхэд тохойгоороо цохих гээд байсан” гэсэн гэрч нар болон шүүгдэгчийн мэдүүлгээр шүүгдэгч Н.П аргагүй хамгаалалтын улмаас амь хохирогчийн ард нь гарч тэврэн авч газарт унагаасан болохыг няцаан үгүйсгэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх нөхцөл байдлaас дүгнэлт хийхэд, амь хохирогч Х.А нь шүүгдэгч Н.П “ална” гэж амарч байсан буудалд нь очиж шүүгдэгч Н.П руу зүй бус үг хэллэг хэрэглэн, үг хэлээр айлган сүрдүүлж, түүн рүү дайрах, цохих, алгадах үед хоолой боох зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл нь ард нь гарч, гарыг тэвэрч өргөж шидэх үед Х.А нь ар дагзаараа газарт унаж түүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. ...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй. ...” гэж тус тус заажээ.
Амь хохирогч Х.А нь Н.П руу дайрч байхад гэрч болон шүүгдэгч нар болиулуулах гэхэд болихгүй дайраад байсан, шүүгдэгч нь амь хохирогчтой ямар нэгэн маргаан үүсгээгүй, шүүгдэгч нь амь хохирогчийн араас тэврэх үед амь хохирогчийн довтолгоо дуусаагүй, бөгөөд хэл амаар доромжлох, тохойгоороо цохих, арагш мөргөх үйлдэл хийгдэж байсан нь гэрч О.Н, Т.Б, шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Харин прокуророос шүүгдэгч Н.П нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноnеу” нэртэй зочид буудлын 801 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Х.Атэй маргалдаж улмаар түүнийг араас нь тэвэрч газарт шидсэний улмаас түүний амь насыг хохироож санаатайгаар хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийг амь хохирогчтой маргалдсан мөн тухайн буудлын 801 тоот өрөөнд анхнаасаа хамт байсан мэтээр хэргийн үйл баримтыг буруу тогтоосон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Тухайлбал, Н.П нь Х.Аийн эсрэг хийсэн үйлдэл нь өөрийн болон бусдын хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл бөгөөд энэхүү үйлдлээс хамгаалах, таслан зогсоох үйлдэл хийхдээ шүүгдэгч, хохирогчийн ард талд нь гарч тэвэрсэн, ингэх үед амь хохирогч шүүгдэгч рүү дайраад зогсохгүй байсан үйлдэл гаргахад нь шүүгдэгч түүнийг авч шидсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байх тул түүнд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр Н.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж, Н.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй суллаж, шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.П нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “аргагүй хамгаалалт” хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. ...” гэсэн,
шүүгдэгч Н.П нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын огтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ