Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 119

 

2018 оны 6 сарын 26 өдөр                       2018/ШЦТ/119                               Хэрлэн сум

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0133/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Уламбаяр,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс

Шүүгдэгч                                                Б.Б нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Завила овогт Бат-Эрдэнийн Бд  холбогдох 1839001570076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлогдож байсан, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагар тэнсэж хянан харгалзаж байсан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар,Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Завила овогт Бат-Эрдэний Б  /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч  Б.Б нь 2018  оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-16 тоотод иргэн А.Саруулзаяаг зодож, зүүн тохойн дотор талд зулгаралт, зүүн нүдэнд цус хуралт, хамар, нүд, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч А.Саруулзаяагийн: “...Манай найз залуу Жанлавцогзол, Оюунбаяр, бид гурав манайд нэг том 2.5 литрийн пиво уусан. ...Б гээд байсан найз залуу нь баруун орон дээрээс босч ирээд намайг зүүн хөлийн шилбэ рүү өшиглөөд унагаасан. Чи агсам согтуу тавих гээд байвал одоо яв гэж хэлсэн. Намайг гэрээс гарахад араас гарч ирээд миний нүүрэнд цохиход би арагшаа саваад гадаа гэрийнхээ урд талд унасан. Чи намайг зодох эрх байхгүй гээд заамдаад хашаанаас гаргасан чинь намайг дахиж хашааны хаалганы үүдэнд хаалгатай хавсраад нүүрэнд цохисон. Би гэрээс Мөөжгийг дуудах гэтэл миний найз охиныг өг гээд хашаан дотор нүүрэнд ахиад цохиход хамраас цус гараад би гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/

 

Гэрч А.Оюунбаярын: “...Би 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой найз А.Саруулзаяа болон Жанлавцогзол нарын хамт Хэрлэн сумын 3 дугаар баг, Хишиг бааранд танил Мөөжигтэй таарсан чинь Саруулзаяагийнд хамт очьё гээд найз Б гэдэг залууг дагуулж Саруулзаяагийнд очсон. ...Б, Мөөжиг хоёр хоорондоо үнсэлцээд баруун орон дээр сууж байтал Саруулзаяа та хоёр болиоч хүүхдүүд, бурхан тахилтай айлд гэтэл Б босож очоод Саруулзаяагийн шилбэ рүү өшиглөсөн чинь Саруулзаяа гэрээс гар гээд гаргасан чинь гэрийн гадаа гараад Саруулзаяагийн нүүрэнд цохиод хамраас нь цус гаргаад явуулсан байсан. Гэрт орж ирээд Б намайг зодоод нүүрэнд маань 2,3 удаа цохисон гэж байсан. Б нь Саруулзаяагийн нүүрэнд гэмтэл учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

 

Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2018.142 дугаартай дүгнэлтэд: “...А.Саруулзаяагийн биед зүүн тохойн дотор талд зулгаралт, зүүн нүдэнд цус хуралт, хамар, нүд, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэроэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 20 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч  Б.Б нь 2018  оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-16 тоотод иргэн А.Саруулзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Саруулзаяагийн мэдүүлэг, гэрч А.Оюунбаярын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд уг  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Саруулзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А.Саруулзаяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчийн бусдад төлөх хохирол, төлбөргүй байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Завила овогт Бат-Эрдэнийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Шүүгдэгч Б.Бий өмнөх шийтгэх тогтоолын дагуу биечлэн эдэлсэн 02 сар 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.  

 

7.  Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ