Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 120

 

2018 оны 6 сарын 26 өдөр                       2018/ШЦТ/120                                 Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0139/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж  шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                С.Б нарыг оролцуулан

      Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ёндон овогт Сарантуяагийн Бт холбогдох 1839001460092 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд  1996 оны 6 дугаар сарын 30-нд төрсөн, 22 настай,  эрэгтэй,  боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 13-10 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ёндон овогт Сарантуяагийн Б /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Дулааны 12-06 тоотод байрлах иргэн З.Мөнхзулын гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн самсунг маркийн телезор, адъяал зэргийг хулгайлж 243.166 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Дулааны 12-06 тоотод байрлах иргэн З.Мөнхзулын гэрт нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж 243.166 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

 Хохирогч З.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед 5-р баг Дулааны 12-06 тоотод байх гэрээсээ гараад хадам аав болох Цэндийн талийгаач ээжийн ажил явдалд 5-р багт очоод 19 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн Samsung брэндийн 32 инчийн LCD зурагт хулгайд алдагдсан байсан. Манай хашааны зүүн хэсэг болон хашааны хаалга байхгүй, задгай байдаг. Гэр рүү орох гэтэл хаалганы цоожны даруулга төмрийг хөшсөн байдалтай, цоож хэвийн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-23 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Х.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн үед хулгайн эд зүйл гэж мэдээгүй, надад зарахдаа миний аав ээж зараад ир гэж явуулсан юм гэж хэлээд байсан. Би телевизор худалдаж авсан 120.000 төгрөгөөр нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-29 хуудас/

Яллагдагч Э.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.......Би тухайн үед Бын араас нууцаар дагаад явж байсан болохоор Б намайг хараагүй, тэгсэн дараах нь Б нөгөө айлаас зурагт тэвэрчихсэн гарч ирээд баруун тийшээ чигтэй явахаар нь би араас нь нууцаар дагаад явж байхад Б Дулааны 7-р эгнээнд байдаг хар Нараагийн хойд талд ирсэнээ эргэж хараад намайг мэдсэн. Тэгсэнээ Б зайл тэнэг гичий минь яваач гээд хөөгөөд байхаар нь би явж байгаа дүр үзүүлээд эргээд яваад өгсөн. Тэгээд Б баруун тийшээ зурагтаа өргөөд явж байхаар нь би мөн араас нь нууцаар дагаад явж байхад Б Наран дэлгүүрийн хажуухан ирснээ намайг харчихаад хүрээд ирээ энэ зурагтыг өргөөд яв гэж хэлэхээр нь хүрч очоод Бын зурагтыг өргөөд зосгож байхад Б такси барина гэсэн. ...Б зурагтын засварын Зоригоо ах руу ороод нилээн удаж байгаад гарч ирснээ зурагтаа 110.0 төгрөгөөр зарчихлаа гээд гарч ирсэн... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63-64 хуудас/

Яллагдагч С.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “.......Төмөр ахныхаас гараад урд талын блокон хашаатай айлын хойд талын хашааны завсраар нь ороод гэрийнх нь үүдэнд ирэхэд тэр айл тольтой цоожтой байхаар нь хаалганых нь бариулаас мулт татахад чойжны нь толь муруйгаад хаалга нь онгойход авдар дээр байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг адъяаланд боогоод гэрээс гараад хашааных урд талаар гарахад Алтантуяа хашааны гадаа зогсож байхаар нь Алтантуяа юу хийж яваа юм энийг өргөөд яв гээд Алтантуяагаар өргүүлээд баруун тийш алхаж явсаар Ундарга дэлгүүрийн үүдэнд ирээд такси бариад Давхар дэлгүүрийн баруун талын байранд зурагт засдаг Зоригоо ах дээр дүү нь зурагт зарах гэсэн юм, мөнгөний хэрэг болоод гэж хэлээд хэдээр зарах юм гэхээр нь 110000 зарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43-44 хуудас/

2018 оны 5 дугаар сарын 10ны өдрийн эд хөрөнгө хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 11 хуудас/

2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 13 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Мөнхзулд 243.166 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хулгайд алдагдсан 32 инчийн самсунг маркийн телезор, адъяалыг буцаан авсан  гэсэн байх тул шүүгдэгч С.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Харин иргэний нэхэмжлэгч Х.Ганзориг нь 120.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ёндон овогт Сарантуяагийн Быг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Баас 120.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Ганзоригт олгосугай.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.   

 

    

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ