Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/670

 

 

 

 

         2025           05            29                                    2025/ДШМ/670

 

Н.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Эрхэмбаяр,

хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.У,

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ш.Чанцал,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/936 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Цын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2408046810268 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, .... тоот хашаанд байрлах иргэн Т.Хгийн амьдрах байшингийн цонхны шил болон түүний эзэмшил өмчлөлийн .... УБП улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн урд хойд салхины шилийг хагалж, нийт 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн тухайн хугацаанд хашаанд байсан “...” ХХК-ийн эзэмшлийн .... УБУ улсын дугаартай “Соната-8” загварын тээврийн хэрэгслийн урд хойд салхины шил, 2 толь, урд хойд талын 4 гэрэл, копут, дээвэр, 4 хаалга зэрэг нийт 24 эд, ангийг эвдэж устгасны улмаас 5.197.500 төгрөгийн хохирол буюу бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Н.Цыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цаас нийт 9.055.900 /есөн сая, тавин таван мянга, есөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Хд 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уад 8.490.900 /найман сая, дөрвөн зуун ерэн мянга, есөн зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У нь олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Цаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ц давж заалдах гомдолдоо: “...Миний би мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөгч, прокурор болон шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүй ирсэн. Мөн шийтгэх тогтоолд дурдсанаар намайг хохирлыг төлж барагдуулаагүй, төлөх талаар санаачилга гаргаагүй, мөн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй гэж дүгнэн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “....” ХХК-д 2023 оны 11 дүгээр сараас эхлэн талбайн инженерээр ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сард хэрэгт холбогдоод түр хугацаагаар ажлаасаа чөлөө авсан байсан. 2025 оны 03 дугаар сард би мэргэжлийн сургалтад хамрагдан Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллах сертификат авсан. Одоо “...” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байгаа. Би 2019 оноос хойш тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж, Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, тогтмол цалин орлоготой. Шийтгэх тогтоолд мөн намайг хохирол төлбөр төлж барагдуулаагүй, төлөх талаар санаачилга гаргаагүй гэж дүгнэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Харин миний хувьд хохирол төлбөрийг шүүх хурлын дараа төлж болно гэж бодсон. Миний хууль эрх зүйн мэдлэггүйн буруугаас болсон. Би хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал анхан шатны шүүхийн тогтоолыг өөрчилнө гэж, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь ял оногдуулахад нөлөөлсөн ноцтой зөрүүтэй байвал” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасныг үндэслэн 936 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх гэснийг 450 нэгжээр торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Ш.Чанцал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Н.Цын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Өнөөдрийн байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уад 5.197.500 төгрөг, хохирогч Хд 565.000 төгрөгийг төлсөн бөгөөд баримтыг нотлох дансны хуулгыг шүүхэд гарган өгч байна. Иймд хохирол нь бүрэн төлөгдөж, барагдуулсан болно. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У нь сэтгэл санааны хохирлын 1 дүгээр зэрэглэл тогтоолгоод байгаа ба шүүхээс үүнийг харгалзан 4.99 хувиар тооцож 3.090.000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан. Энэ төлбөрийг шүүгдэгч өөрөө бүрэн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Н.Цын хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан”-аар суралцаж төгссөн гэрчилгээ, 2019 оноос хойш тасралтгүй төлсөн нийгмийн даатгалын лавлагаа, “.......” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, өвөө нь нас барсан талаарх баримт зэргийг багтаасан 6 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Анхан шатны шүүхийн хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд тухайн үед хохирлоо хэзээ төлөхөө мэдэхгүй байсан болохоос биш ажил орлоготой гэдгээ тайлбарлаагүй байна. Харин ч тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж ирсэн болно. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт “цалин орлогогүй, хөдөлмөр эрхэлдэггүй” гэх үндэслэлээр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг бүрэн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн, 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. ...” гэв.

Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хохирлыг бүрэн барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр хохирлыг бүрэн төлөөгүй болно. Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас би хувь хүн болон төлөөлж буй “...” ХХК маань эд материал болон сэтгэл санааны хохирол амссан. Осолд өртсөн автомашин одоог хүртэл хэвийн ажиллагаанд ороогүй байна. Би өөрийн хувийн хөрөнгөөр уг автомашины засвар, үйлчилгээний зардлыг гаргасан. Мөн компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд өөр автомашин шинээр худалдаж авсан тухайгаа анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Хэрэв шүүгдэгч тухайн үед хохирлыг бүрэн, шуурхай барагдуулсан бол өнөөдөр дахин энэ асуудлаар яриад суух шаардлага гарахгүй байсан. Шүүгдэгч өөрийгөө эрх зүйн мэдлэггүй хэмээн тайлбарлаж байгаа ч, иргэн хүн наад захын хууль зүйн анхан шатны ойлголттой байх ёстой гэж үзэж байна. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлж байгаа боловч бодит байдал дээр тийм ойлголт, хандлага харагдахгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс дурдсан 5.197.500 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч саяхан буюу өчигдөр, өнөөдөр хуваан шилжүүлсэн. Энэ нь хэрэг үүссэнээс хойш удсан, тухайн үед төлөх боломжгүй байсан мэт тайлбарласан ч өнөөдөр төлж чадаж буй нь эргэлзээ төрүүлж байна. Сэтгэл санааны хохирлын тухайд, миний хувьд эрх зүйн мэдлэг дутмаг тул анхан шатны шүүхэд уг баримтыг гаргаж өгөөгүй. Манай байгууллага нь ашгийн төлөө ажилладаг, автомашин 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зогссоноор бизнесийн үйл ажиллагаа доголдсон. Уг автомашин нь худалдаж аваад жил болоогүй, шинээр авсан байсан. Иймд шүүгдэгчийн зүгээс зөвхөн эд материалын бус, сэтгэл санааны хохирлыг ч бүрэн гүйцэт төлж барагдуулах ёстой гэж үзэж байна. Миний зүгээс хохирлыг бүрэн хэмжээгээр барагдуулж, нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Н.Цт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, .... тоот хашаанд байрлах иргэн Т.Хамьдрах байшингийн цонхны шил болон түүний эзэмшил өмчлөлийн .... УБП улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн урд хойд салхины шилийг хагалж, нийт 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн тухайн хугацаанд хашаанд байсан “...” ХХК-ийн эзэмшлийн .... УБУ улсын дугаартай “Соната-8” загварын тээврийн хэрэгслийн урд хойд салхины шил, 2 толь, урд хойд талын 4 гэрэл, копут, дээвэр, 4 хаалга зэрэг нийт 24 эд, ангийг эвдэж устгасны улмаас 5.197.500 төгрөгийн хохирол буюу бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь;

хохирогч Т.Хгийн “...2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний бие болох Туул овогтой Х нь нөхөр болох Э.Сунтаж байхад өмнө харьцаж байсан Цогтбаяр гэх залуу байшингийн цонх хагалж орж ирсэн. Цонх хагарсны дараа манай нөхөр болох Э.С болон миний бие гараад очиход согтуу байсан ба хэрүүл хийсэн. Тэгээд хэрүүлээ таслан зогсоогоод ороод унтсан. Гэвч өглөө миний бие ажилдаа явах гээд гарахад миний машин болох .... УБЛ “тоёота приус-20” маркийн машин, нөхрийн машин болох ...... УБУ гэх улсын дугаартай “Сонота 8” маркийн авто машины урд болон хойд салхины шилийг хагалсан байв. Тэгээд утсаа хартал Цогтбаяраас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний 23 цаг 59 минутад “миний зарцуулсан мөнгөнөөс шилнийхээ мөнгөө авна уу” гэх утгатай мессеж ирсэн байсан. ...” /хх 24-25, 27/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уын “...Тэгээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагийн орчимд Э.С над руу чатаар залгаад “энэ хүн манай хашаанд машин эвдлээд зогсож байна” гээд нэг согтуу муруй хамартай, туранхай залууг харуулж байсан. ...Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр иртэл манай байгууллагын авто машины урд хойд салхины шил, 2 толь, урд хойд талын 4 гэрэл, копут, дээвэр, хаалга гээд хамаг эд зүйлийг эвдэж сүйтгэсэн байдалтай байсан. ...” /хх 33, 74/,

гэрч Э.Сын: “...Тухайн өдөр би эхнэр Х хамтаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын ... тоотод байж байсан чинь шөнө 23 цагийн үед манай байшингийн хаалгыг хүн нүдээд байсан бөгөөд эхнэр Х хаалгаа онгойлгох гээд босохын завдалгүй манай гэрийн гал тогооны өрөөний цонх хагарсан юм. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гараад хартал үл таних 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн ирчихсэн, эрэгтэйнх нь баруун гараас цус гарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би тухайн эрэгтэйд хандаж “чи хэн юм бэ?” гэж хэлсэн чинь юм дугарахгүй байсан бөгөөд тухайн эрэгтэйг найзууд нь аваад явсан юм. Тэгээд би маргааш нь 09 цагийн үед ажилдаа явах босоод байж байсан чинь гадаа юм нүдэх чимээ гарч эхэлсэн. Тэгэхээр нь би гадаа гараад харсан чинь өчигдөр шөнө ирсэн залуу гартаа данхраад барьчихсан манай ажлын газрын машин болох ....УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын шил болон арын гэрэл хэсгийг цохиж байсан юм. Тэгээд би тухайн залууг очиж болиулсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 35-36/,

Н.Цын яллагдагчаар “...Тэгээд манай 2 найз болох О, Б нар нь тухайн хашаа руу ороод би машин дотроо сууж байхад О над руу залгаад “цоожтой, гэрэл нь унтарчихсан байна” гэхээр нь би машинаасаа буугаад хашаа руу нь ороход тухайн хашаан дотор манай хамтран амьдрагчийн өмнөх салсан нөхрийнх нь “соната-8” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь гайхаад гэрийнх нь үүдэнд дээр очоод Хг дуудахад хариу өгөхгүй байсан. Тэгээд өөрөө гэр дотроо байхаар нь миний уур хүрээд гэрийнх нь цонхийг нь гараараа цохиод хагалсан чинь манай хамтран амьдрагч болох Х гэрээсээ гараад ирсэн юм. Тэгээд би Хтай маргалдаад зогсож байхад Х араас өмнөх салсан нөхөр нь болох зүс таних нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүн гарч ирсэн юм. Тэгээд би Х, Х өмнөх салсан нөхөр гэх эрэгтэй хүнтэй маргалдаж байгаад салцгаасан. ...Тэгээд би хэсэг ганцаараа хэвтэж байгаад Оийг унтчихаар нь Оийн гэрээс ганцаараа гарч яваад Х гэрт очиход хашаан дотор нь Х тээврийн хэрэгсэл болох “приус-20” маркийн тээврийн хэрэгсэл, мөн салсан нөхрийнх нь тээврийн хэрэгсэл болох “соната-8” маркийн хэрэгсэл байхаар нь миний уур хүрээд уурандаа тухайн 2 тээврийн хэрэгслийн эд зүйлсийг устгаж гэмтээсэн юм. Тухайн 2 тээврийн хэрэгслийн ямар ямар эд зүйлийг яаж эвдэлж гэмтээсэн талаар одоо сайн санахгүй байна. Би ганцаараа очоод тухайн 2 тээврийн хэрэгслийн эд зүйлсийг эвдэлсэн юм. ...” /хх 113-114/ гэсэн мэдүүлгүүд,

дуудлага лавгааны хуудас /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10, 11, 21-18/,  “Тэргүүн Үнлэгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний магадалгаа /хх 50, 51, 59, 64, 75/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025 оны 02 дугаар сарын 238 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээний дүгнэлт /хх 67-69/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Ц ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Н.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, .... тоот хашаанд байрлах иргэн Т.Хгийн амьдрах байшингийн цонхны шил болон түүний эзэмшил өмчлөлийн .... УБП улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн урд хойд салхины шилийг хагалж, нийт 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн тухайн хугацаанд хашаанд байсан “...” ХХК-ийн эзэмшлийн .... УБУ улсын дугаартай “Соната-8” загварын тээврийн хэрэгслийн урд хойд салхины шил, 2 толь, урд хойд талын 4 гэрэл, копут, дээвэр, 4 хаалга зэрэг нийт 24 эд, ангийг эвдэж устгасны улмаас 5.197.500 төгрөгийн хохирол буюу бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Н.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Шүүгдэгч Н.Ц “...720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.  

Харин шүүгдэгч Н.Ц нь давж заалдах шатны шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Хд 565.000 төгрөг, “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Уад гаргуулахаар заасан 8.490.900 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/936 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Цын “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Н.Ц нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Хд 565.000 төгрөг, хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Уад хохирол төлбөрт гаргуулахаар заасан 8.490.900 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ГАНБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ