Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00152

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00152

 

 

 

Д-ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03385 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хууль сахиулахын их сургууль / цаашид ХСИС гэх/ холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 84 294 530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ХСИС-ийн хичээлийн төв байрны хоолны газрыг зориулалтын дагуу ашиглах, ашиглуулах зорилготойгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 5 жил байсан боловч ХСИС-ийн санаачилгаар буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хугацаанаас нь өмнө цуцалж, хамтран ажиллах гэрээг дүгнэх тухай акт үйлдсэн.

Ийнхүү гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас болоод манай компанид худалдан авсан тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүний үнэ болох 152 868 712 төгрөгийн хохирол учирсан.

Гэрээг дүгнэх үед гал тогооны тоног төхөөрөмжийг 84 294 530 төгрөгөөр үнэлж, Хууль сахиулах их сургууль авч үлдэх болсон. Гэтэл үнэлгээгээр тохирсон үнийг бүрэн төлөхгүйгээр ашиглалтын зардал гэж 15 574 182 төгрөг хасч 68 574 182 төгрөг өгсөн нь хохиролтой байна. Хариуцагч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичгийг гэрээний 5 дугаар зүйлд зааснаар давагдашгүй хүчин зүйл бий болсноос гэрээг цуцлах үндэслэл болсон гэдгийг зөвшөөрөхгүй.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан зөвлөмжид заасан давагдашгүй хүчин зүйл биш гэж үзэж байна. Дээрх урт хугацааны гэрээг сургуулийн санаачилгаар цуцалснаас болоод бид уг тоног төхөөрөмжийг цаашид ашиглах боломжгүй болж хохирсон. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас учирсан хохирол болох 84 294 530 төгрөгийг ХСИС-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч ХСИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хичээлийн төв байрны хоолны газрыг зориулалтын дагуу ашиглах, ашиглуулах чиглэлээр хамтран ажиллахаар болж Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгох үндэслэл нь Хууль сахиулах их сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас аудит хийхдээ Их сургуулийн төв байрны 942 ам.метр талбайг цайны газар ажиллуулах зориулалтаар Д-ХХК-д ашиглах, ашиглуулахаар байгуулсан хамтран ажиллах гэрээ, үйл ажиллагаа нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор баталсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-5/1859 дугаартай Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 53, 268 дугаар, 2016 оны 102, 119 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн танай байгууллага төрийн өөрийн өмчийн илүүдэлтэй байр талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх түрээсийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор баталгаажуулалт хийж дуусгавар болгохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Их сургуулийн зүгээс төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Д-ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцлах саналаа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03/2162 дугаартай албан бичгээр мэдэгдэж, тус компаниас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/18 дугаартай албан бичгээр №ХСИС/33 дугаартай гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгохыг хүлээн зөвшөөрч байна гэсний дагуу гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д Гэрээг хуульд зааснаас бусад тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаанаас өмнө дуусгавар болгож болно гэж заасны дагуу харилцан тохиролцож гэрээг цуцалсан болно. Их сургуультай байгуулсан гэрээнд тоног төхөөрөмжийг төрийн байгууллага худалдаж авна гэсэн заалт байхгүй байхад хамтран ажилласан байгууллагаа хохиролгүй болгох үүднээс хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг худалдан авах санал тавьж Д-ХХК хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож гэрээ дүгнэсэн актын үйлдэн тоног төхөөрөмж, үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авсан.

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар Их сургуулийн зүгээс Д-ХХК-д 84 141 027 төгрөг олгохоор тохиролцсон бөгөөд үүнээс цахилгааны төлбөрт 2 386 182 төгрөг, 2017 оны 9,10 сарын түрээс 13 181 000 төгрөг, нийт 15 574 182 төгрөг суутгаж, 68 566 845 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээний хавсралтад заасны дагуу эхний 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн. 7, 8 сард сургууль амарсан учир 8 сарын түрээсийн төлбөрийг суутгаагүй.

Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлага хангаагүй, тоног төхөөрөмж байсан эсэх, эдгээр тоног төхөөрөмж бүгд ашиглагдаж байгаа эсэх, тэдний техник эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн анхан шатны баримтыг нягтлалгүй гаргасан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.

Д-ХХК нь 152 868 712 төгрөгийн тоног төхөөрөмжийг дотоодын зах зээл, БНХАУ-аас худалдаж авсан гэх боловч энэ талаарх санхүүгийн анхан шатны баримт байхгүй, гаалийн бүрдүүүлэлт хийсэнтэй холбоотой баримтгүйгээс гадна өөрийн орлогод бүртгэсэн талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд Сангийн яамнаас ирүүлсэн тус компанийн 2016 оны 4 дүгээр улирал, 2017 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланд 152 868 712 төгрөгийн тоног төхөөрөмжийг үндсэн хөрөнгөнд бүртгэсэн болох нь тусгагдаагүй байна. Иймд хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу харилцан тохиролцож хугацаанаас өмнө дуусгавар болгосон гэрээнээс шалтгаалан 84 294 530 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Д-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч ХСИС-иас 84 294 530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 579 422.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ХСИС-ийг Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 53 болон 268 дугаар, 2016 оны 102,119 дүгээр тогтоолууд, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А-5/1859 тоот албан бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцалсан гэж дүгнэсэн. Хэдий Д-ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах саналыг зөвшөөрсөн гэх хэдий ч анхнаасаа ХСИС нь 2001 оны Засгийн газрын тогтоол болон 2012 оны Төрийн өмчийн хорооны 44 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмыг зөрчсөн гэж бичсэн. Мөн шүүхээс тоног төхөөрөмжийг худалдан авсан анхан шатны баримт байхгүй, түүнийг хадгалаагүй нь өөрөө тухайн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч компанийн худалдан авсан тоног төхөөрөмж биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд анх 2016 онд гэрээ байгуулах үед сургууль шинээр баригдан, сургуульд ямар ч тоног төхөөрөмж байхгүй, хоосон заал байсныг нэхэмжлэгч компани сургуулийн хоолны газрын заалны загвар, дизайныг гарган тохижуулан түүнд зориулан тоног төхөөрөмжийг авч үйл ажиллагаа явуулж байсанд хариуцагч байгууллага маргаагүй. Гэрээний дагуу заалны тохижилт, тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг нэхэмжлэгч компани хариуцахаар гэрээнд заасан. Тийм учраас гэрээний дагуу дээрх бүх тоног төхөөрөмж, эд хогшлыг нэхэмжлэгч компани авсан. Бид анхан шатны баримт байхгүй учраас тоног төхөөрөмжийн үнэлгээг гаргуулахаар шүүхэд хүсэлт гарган шинжээч томилсон. Гэтэл анхан шатны баримт байхгүй нь өөрөө эдгээр баримтуудыг нэхэмжлэгч компани аваагүй нэхэмжлэгч компанийн тоног төхөөрөмж биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан. Гэвч гэрээ цуцалсан шалтгаан нь өөрөө давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй. Давагдашгүй хүчин зүйл гэж үзэх гэрчилгээ болон холбогдох баримт байхгүй. Нөгөө талаас давагдашгүй хүчин зүйл гэж үзсэн ч зөвхөн алданги, торгуулиас чөлөөлөгдөнө гэж заасан. Нэхэмжлэгч компани нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохирлыг нэхэмжилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д-ХХК нь хариуцагч ХСИС-д холбогдуулан 84.294.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №ХИС/33 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ХСИС нь хоолны газрын зориулалттай талбайг зоогийн газар, буфетын худалдаа, үйлчилгээ явуулах чиглэлээр 5 жилийн хугацаатай Д-ХХК-д ашиглуулах, Д-ХХК нь ашиглах талбайн тохижилтыг тохиролцсон зургийн дагуу хийхээс гадна ашиглалттай холбогдох урсгал болон тогтмол зардлыг бүрэн хариуцах, 1 м.кв талбай ашигласны хөлсөнд 7.500 төгрөг, нийт 942 м.кв талбай ашигласны хөлс сард 7.065.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сараас эхлэн ХСИС-д төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 11-14/

 

Анхан шатны шүүх дээрх гэрээг талууд хэрхэн нэрлэснээс үл хамааран Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг талуудад үүсгэсэн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ мөн хуулийн 318.3 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Гэрээний хугацаанд ХСИС нь Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 53 болон 268 дугаар, 2016 оны 102, 119 дүгээр тогтоолууд, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-5/1859 тоот албан бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №ХСИХ/33 дугаартай гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцлах саналыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өдөр 03/2162 тоот албан бичгээр хүргүүлжээ. /хх-ийн 25/

 

Нэхэмжлэгч Д-ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/18 тоот албан бичгээр ...гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгохыг зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхтэй холбоотой ажлын хэсгийг томилж, холбогдох санхүүгийн тооцоог гаргаж өгөхийг хүссэн ба уг албан бичигт 135.705.200 төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, хангамжийн материал бүхий 143 эд зүйлийн жагсаалт, тоо ширхэг нь тодорхойгүй 126.860.200 төгрөгийн үнийн дүн бүхий жагсаалтын хамт хариуцагч ХСИС-д хүргүүлсэн байна. /хх-ийн 60-67/

 

Дээрх байдлаас үзэхэд талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3, түрээсийн гэрээний 8.2-д Гэрээг хуульд зааснаас бусад тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаанаас өмнө дуусгавар болгож болно гэж заасантай нийцсэн байна.

 

Мөн гэрээний 3.1-д Б талаас нийлүүлж, хоолны газарт суурилуулсан тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, хэрэгслийг гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа Их сургуулийн өмчлөлд шилжүүлнэ гэж тохиролцсон боловч хугацаанаас өмнө талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ цуцлагджээ.

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээгээ дүгнэж, Д-ХХК-иас авах тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, эргэлтийн хөрөнгийн нэгдсэн тооцоогоор 40 нэр төрлийн тоног төхөөрөмж 36.973.494 төгрөг, 17 нэр төрлийн тавилга, эд хогшил 20.141.150 төгрөг, 69 нэр төрлийн эргэлтийн хөрөнгө /багаж хэрэгсэл/ 24.775.861 төгрөг, 66 нэр төрлийн хүнсний материал 2.250.522 төгрөг, нийт 84.141.027 төгрөг байхаар харилцан тохиролцож, баримт үйлдсэн, уг баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. / хх-ийн 51-54/ Хариуцагч ХСИС нь дээрх тооцоо нийлсэн баримтаар тогтоосон 84.141.027 төгрөгөөс нэхэмжлэгч буюу түрээслэгчээс төлбөл зохих ашиглалтын зардал 2.386.182 төгрөг, 2017 оны 9, 10 сарын түрээс 13.188.000 төгрөг, нийт 15.574.182 төгрөгийг суутгаж, үлдэх 68.566.845 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Д-ХХК-д хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 50-54, 71 /

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Д-ХХК-иас нийлүүлж, хоолны газарт суурилуулсан тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, хэрэгслийг ХСИС-ийн өмчлөлд шилжүүлж, түүний үнийг мөнгөөр Д-ХХК-д төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 205.2 дах хэсэгт, гэрээний 4.3-т заасантай нийцжээ.

 

Гэрээний хавсралтаар Д-ХХК-иас 2017 оны 08 дугаар сараас түрээсийн төлбөрийг төлөхөөр, ...цахилгаан эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус зайлуулахад гарах төлбөр тооцоог тоолуурын заалтаар тухайн үед 1 квт эрчим хүч, 1 м3 цэвэр усны үнээр тооцож ХСИС-ийн санхүүд сар бүрийн 25-ны дотор тушаана гэж заасан тул ашиглалтын зардал 2.386.182 төгрөг, 2017 оны 9, 10 сарын түрээс 13.188.000 төгрөг, нийт 15.574.182 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс суутгаж тооцсон нь үндэслэлтэй. /хх-ийн 71/

 

Нэхэмжлэгч нь 152.868.712 төгрөгийн тоног төхөөрөмж болон хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын болон БНХАУ-ын зах зээлээс худалдан авсан гэж тайлбарласан боловч ийнхүү худалдан авсантай холбоотой санхүүгийн анхан шатны баримт, гаалийн бүрдүүлэлт хийсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Д-ХХК-ийн 2016 оны 4 болон 2017 оны 02 дугаар улирлын санхүүгийн тайланг Сангийн яамнаас ирүүлсэн байх ба тус компанийн санхүүгийн тайланд үндсэн хөрөнгө 144.661.800 төгрөг гэж тусгасан, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч жагсаалтад дурдсан 158 нэр төрлийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 110.600.000 төгрөг гэж үнэлсэн байх боловч эдгээр баримтыг нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болгоогүй байхаас гадна талуудын хоорондын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн харилцан тохиролцож тооцоо нийлж тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг үгүйсгэх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх  нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж хариуцагч ХСИС-иас 84.294.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 579 422,65 төгрөгийг улсын төсөвд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ