| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0128/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 122
2018 оны 6 сарын 27 өдөр 2018/ШЦТ/122 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0128/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадармиеэ овогт Буянтөрийн Бид холбогдох 1839002020118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Булгадармиеэ овогт Буянтөрийн Б /РД: ОО78040736/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Хонхорын бууц” гэх газар иргэн Ц.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Хонхорын бууц” гэх газар иргэн Ц.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Цэнхэрмандал сумын 3 дугаар баг Хонхорын бууц гэх газар байрлах Лхагвын гэрт очтол тэнд Басхүү, Б, Лхагва, Оогоо нар архи уугаад сууж байсан гэтэл хазаартайгаа явж байсан морины хазаарыг чи авлаа гэж уурлаад би аваагүй гэдгээ хэлээд маргасан, маргах явцдаа би урьд Б манай эхнэрийг жирэмсэн байхад нь зодох гэж мод барьж элдсэн тухай хэлтэл Б нь зүүн хацар уруул орчимд гараараа цохиж аваад хоолой боогоод нүүрлүү мөргөсөн тэр үед Басхүү ирээд дээрээс өшиглөж зодсон би арай хийж мултраад гараад зугтаатал араас гүйцэж ирээд хоёулаа зодсон тэгээд хоёр талаас барьж авчираад поошигтой усруу толгойгоор минь дүрсэн би тухайн үед үхлээ л гэж бодсон тэгээд яаж салсанаа мэдэхгүй мотоциклоо унаад зугтаасан. ... эхлээд Б нүүрлүү цохиж, мөргөж боосон тэгэхээр хамар, уруул орчмын гэмтлийн ямар ч байсан Б учруулж үлдсэн гэмтлийг хоёулаа нүүр нүдгүй дэвсэлж байгаад учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/
Гэрч Т.Бадамгаравын мөрдөн байцаалтанд өгсөн: “...... 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байтал 14 цагийн орчимд манай нөхөр Отгонбаяр нь нүүр нүд нь хавдаад царай нь танигдахгүй, чих нь ханзарчихсан, уруул нь хавдаад цоорчихсон цамцны зах, цээж хүртлээ норчихсон хүн аймар юм орж ирсэн, юу болсон талаар асуухад Бийн 1 тооны адуу манай адуунд нийлсэн юм байна лээ тэгээд адууны хазаар нь алга болоод маргалдаад Б, Басхүү хоёр нийлээд зодсон гэж хэлсэн.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/
Гэрч Г.Лхагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...... Отгонбаяр, Б хоёр морины хазаар авсан аваагүй гэдэг талаар маргалдаж улмаар барьцалдаад авсан тэгээд л гарцгаасан гадаа юу болсныг мэдэхгүй дотор хэн нэгнээ цохиж зодсон талаар санахгүй байна.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/
Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...... Отгонбаяр, Б нар хазаарын асуудлаас болоод маргалдаад зууралдаад дээр доороо орж байгаад гарцгаасныг санаж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/
Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 160 тоот: “...Ц.Отгонбаярын биед зүүн чих, уруулд шарх, баруун нүдний салстадцус хурсан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29 хуудас/
Б.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би яг биеийн аль хэсэгт хэдэн удаа хэрхэн яаж цохиж зодсон гэдгээ санахгүй байгаа тэгэхдээ ямар ч байсан дээр доороо ороод зодож байсан. Би зодсоноо хүлээн зөвшөөрч байна, гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Отгонбаярын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 58 хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булгадармиеэ овогт Буянтөрийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ