| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2505000000120 |
| Дугаар | 2025/ДШМ/639 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/639
2025 05 27 2025/ДШМ/639
Б.Чд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тэгшбаяр,
шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/994 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Чын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2505000000120 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
************** овгийн Б.Ч, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл *, эх, бага насны хүүхдүүдийн хамт, **************** аймгийн *************** сумын * дугаар баг, ** дугаар гудамжны * тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамжны **** тоотод оршин суух, /РД: **00000000/,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;
Шүүгдэгч Б.Ч нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rich” зочид буудлын 201 тоот өрөөнөөс хохирогч Б.Еийн эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Чыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Чд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чаас 1.300.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ет олгож, шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж, Б.Чын хүүхдүүд болох 2015 оны 08 дугаар сарын 20-нд төрсөн, **00000000 дугаарын регистртэй, Б.Чын *****************, 2019 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн, **00000000 дугаарын регистртэй ************************* нарт асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг дарга болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус даалгаж, шийтгэх тогтоолын хувийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг дарга болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…би өөрийн хийсэн хэргээ ухамсарлан гэм буруугаа ойлгож, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна.
Миний бие нь бага насны 2 хүүхэдтэй, 2015 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн охин ****************** /10 настай/, 2019 оны 8 дугаар сарын 14-нд төрсөн ********************** /5 настай/, өрх толгойлон амьдардаг. Барилгын засал чимэглэл хийж байнга орлоготой ажиллаж амьдардаг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирол төлбөрөө төлж барагдуулна.
Цаашид зөв шударгаар хөдөлмөрлөн амьдрана гэдгээ амлаж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийдвэрлэж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж тус шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ар гэрийнх нь зүгээс хохирогч Б.Ет 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Түүнчлэн шүүгдэгч Б.Ч нь өрх толгойлсон эмэгтэй, 6, 10 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Тэнсэх боломжгүй гэж шүүхээс үзвэл 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүхээс шүүгдэгч Б.Чыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн бага хугацаагаар хорих ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьсан. Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсан боловч бодиттой төлөгдсөн хохирол байгаагүй тул шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэж байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна гэж үзэж байна. 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдож, буцаан сэргээх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялаас хамгийн хөнгөн ял буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ч нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rich” зочид буудлын 201 тоот өрөөнөөс хохирогч Б.Еийн эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Еийн “…2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз Б.Бтай уулзах үед манай найз “ойрд мөнгөгүй байгаа” гэж ярьсан учир би өөрийнхөө картыг “хэрэглэж бай” гээд өгөөд явуулсан. Маргааш нь миний данснаас 1.300.000 төгрөг гарсан байсан учир би Б.Б руу залгаад асуухад Б.Б мэдэхгүй байсан ба “карт чинь алга байна, хүн аваад явчихсан байна” гэж хэлсэн. …” /хх 29-30/,
гэрч Б.Б.Бы “…2024 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 02:00 цагийн орчим Есөнхишиг найзаасаа Хаан банкны картыг нь авч ашиглахаар зөвшөөрөл аваад тухайн найзын данснаас 100.000 төгрөг аваад Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Rich” нэртэй зочид буудлын 201 тоот өрөөнд хамт ажилладаг Б.Ч гэгч эмэгтэйтэй буудлын өрөөнд орсон. Тухайн үед уг буудалд уугаад би шууд унтаад өгсөн байсан. Сэрээд харсан чинь хамт орж ирсэн Б.Ч байхгүй байсан. Манай найз надад хэлэхдээ “нийт 1.300.000 төгрөг гарсан байна” гэж хэлсэн. Эхлээд 800.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн. …” /хх 17-18/,
шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн “…буудал орохоос өмнө АТМ орохдоо картын нууц үгийг хараад цээжилж аваад буудал ороод ууж байх үед карт нь ширээн дээр байхаар нь авч гараад АТМ ороод 2 удаагийн гүйлгээгээр 1.300.000 төгрөг авсан. …” /хх 35/ тус тус мэдүүлгүүд,
дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46-50/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 51-59/, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Чыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Чын хохирогч Б.Еийн эзэмшлийн Хаан банкны картыг нууцаар авсныхаа дараа уг картыг ашиглан АТМ-ээс 1.300.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Ч “…миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Еийн хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан уг хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Чын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/994 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн,
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чын цагдан хоригдсон 47 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасч, нийт биечлэн эдлэх ялыг 04 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэсэн,
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг шүүгдэгч Б.Чд сануулсугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Чыг нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч Б.Чын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР