Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/640

 

     2025            05            27                                        2025/ДШМ/640

 

Г.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гт холбогдох эрүүгийн 2508001260049 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

*********** овгийн Г.Г, ***** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газар тариалангийн эрхлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, **** 00-00 тоотод байхдаа “хашааны амбаарт байсан нүүрс хулгай хийх гэлээ” гэх шалтгаанаар хохирогч Ц.Хг зодож, эрүүл мэндэд нь баруун 10,11,12 дугаар хавирганы зөрүү багатай далд хугарал, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, хамар ясны далд хугарал, үүдэн дээд баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн шанаа, уруул, эрүү, цээж, хоёр бугалга, тохой, шуунд цус хуралт, дух, баруун хацар, уруулд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Гыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчид баримтаар учирсан хохиролд 2.177.222 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 3.300.000 төгрөг, нийт 5.477.222 төгрөгийг шүүгдэгч Г.Гаас гаргуулан хохирогч Ц.Хд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…миний бие өөрийн хийсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Бусдад учруулсан 5.477.222 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Миний бие өрх толгойлсон эцэг бөгөөд 8-13 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Уг хэрэгт холбогдож эхэлсэнээс хойш мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруугийн асуудлаар маргаж байгаагүй. Иймд миний ар гэрийн байдал болон гэм буруугаа хүлээж байгаа, мөн бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 02 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар, шүүх хуралдаанд шүүгдэгчээр тус тус өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.Хд 5.200.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй болсноо илэрхийлсэн.

Шүүгдэгч хувийн байдлын хувьд шинээр гаргаж өгсөн нотлох баримтад хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг өгсөн. Мөн иргэний шүүхийн шийдвэр байгаа. Хоёр амьдрал зохиосон талаар шүүгдэгч өөрөө ярьсан. Анхных нь эхнэр болох н.Ундармаа нь гурван хүүхэдтэй. 2020 онд гурван хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан боловч хүүхдүүдийн эх олдоогүй. Энэ талаар буюу эрэн сурвалжлуулсан шүүхийн шийдвэрийг гаргаж өгч байна. Одоо болтол харилцаа холбоо байхгүй байдаг. Одоо шүүгдэгч нь н.Должинжав гэх хүнтэй хамт амьдарч байгаа. Энэ хүнээс таван хүүхэдтэй. Нэг хүүхэд өргөж авсан байдаг. Нийт 9 хүүхэдтэй, ам бүл 11. Хорооны тодорхойлолтод ам бүл 10, 8 хүүхдийн хамт амьдардаг гэсэн байсан. Хамгийн бага хүүхэд нь хоёр ихэр, нэг настай. Хамгийн том нь 13 настай, бага насны хүүхдүүдтэй. Хохирлыг сайн дураар нөхөн төлсөн. Гэм буруу дээр маргадаггүй. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Шинээр гаргаж өгсөн нотлох баримтад барьцааны, зээлийн гэрээний хуулбар өгсөн. Зээлээр том оврын тээврийн хэрэгсэл худалдан авч, амьжиргаагаа залгуулдаг. Гэмт хэрэгт холбогдохын өмнө тодорхой орлоготой байсан. Иймд хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг оногдуулж, 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэж, хувийн байдал, хохирол төлбөр төлөөгүй байдал зэргийг харгалзан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны олон хүүхэдтэй зэрэгт эсэргүүцэх зүйл байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** 00-00 тоотод байхдаа “хашааны амбаарт байсан нүүрс хулгай хийх гэлээ” гэх шалтгаанаар хохирогч Ц.Хг зодож, эрүүл мэндэд нь баруун 10,11,12 дугаар хавирганы зөрүү багатай далд хугарал, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, хамар ясны далд хугарал, үүдэн дээд баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн шанаа, уруул, эрүү, цээж, хоёр бугалга, тохой, шуунд цус хуралт, дух, баруун хацар, уруулд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ц.Хгийн “…2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт гэдэг газар хамт ажилладаг найзынхаа байрны найранд очсон болохоор архи уусан. Би тэр болгон хэрэглээд байдаггүй болохоор амархан ухаан алдсан байсан. Би найзынхаа гэрээс гарснаа санаж байгаа. Гадаа салхинд гараад өөрийн ухаангүй болчихсон байсан. Нэг мэдэхэд нэг эрэгтэй хүн миний дээр гарчихсан “чи муу хулгайч” гэж хэлээд зодож байсан. Цаад талд нь хүүхэд уйлаад ааваа цагдаа дуудчихъя, та хүн аллаа ш дээ гэж хэлж байсныг санаж байна. Би тэр үед намайг зодож байсан эрэгтэй хүнд “би хулгайч биш, намайг цагдаад өгчих өө” гэж хэлж байсан. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд би Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...” /хх 16/,

шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн “…манай охин Номин-Эрдэнэ аав гадаа амбаарт хүн дугараад байна гэхээр нь нүүрсний хулгайч байна гэж бодоод гарсан чинь үл таних 30-40 орчим насны согтуу эрэгтэй хүн амбаарт ороод ирчихсэн зогсож байсан. Тэгээд миний уур их хүрээд та хэн бэ?, юун хүн бэ?, даварсан хулгайч бэ?, чи нүүрс хулгай хийх гэж яваа юм уу? гээд хоёр гараараа цээж рүү нь түлхэж унагасан чинь босож ирээд урдаас дайрах гээд сарвалзаад байхаар нь би баруун гараа атгаж байгаад тухайн хүний толгой руу нь нилээн олон удаа цохисон. …” /хх 71/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 767 дугаар “…Ц.Хгийн биед баруун 10, 11, 12 дугаар хавирганы зөрүү багатай далд хугарал, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, хамар ясны далд хугарал, үүдэн дээд баруун, зүүн 1 дүгээр шүдний сулрал, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн шанаа, уруул, эрүү, цээж, хоёр бугалга, тохой, шуунд цус хуралт, дух, баруун хацар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. …” /хх 54-55/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 384 дүгээр “…Ц.Хгийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 09-ний шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх болон гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна.” /хх 104/ тус тус дүгнэлтүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 9-11/, хохирлын баримтууд /хх 85, 126-132/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Гын хохирогч Ц.Хг нүүрс хулгай хийх гэлээ гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Г “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү…” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд ял шийтгэл оногдуулах нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай хамгийн зүй зохистой харьцаагаар уялдсан байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцдэг болно.

Хэрэгт шүүгдэгч тогтмол ажил хийдэг, цалин орлого олдог байдлыг нотолсон баримтгүй байх бөгөөд торгуулийн ял оногдуулах нь ял шийтгэл гэм бурууд нь тохирсон байх зарчимд нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгуулийн ял оногдуулах” талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Г нь давж заалдах гомдолдоо ... Миний бие өрх толгойлсон эцэг бөгөөд 8-13 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. ... гэсэн боловч энэ талаар буюу түүнийг өрх толгойлсон ганц бие эцэг болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Мөн шүүгдэгч Г.Г нь биеийн байцаалтад ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байсан талаар мэдээлэл өгсөн байх тул түүнийг өрх толгойлсон гэж үзэх, түүнчлэн хүүхдүүдэд нь асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

мөн зүйлийн 25.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.4, 25.5-д заасан хүүхдийн тухай мэдээллийг ясли, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн байгууллагын холбогдох албан тушаалтан болон иргэн хүүхдийн оршин суугаа /оршин байгаа/ газрын сум, дүүргийн Засаг даргад өгөх үүрэгтэй” гэж,

мөн зүйлийн 25.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 25.6, 25.7-д заасан хүүхдийн тухай мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор хүүхдийн амьдралын нөхцөлийг судалж, эцэг, эх болон төрөл садангийн хүн байхгүй нь тогтоогдсон бол түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Харин шүүгдэгч Г.Гын давж заалдах гомдолд хавсарган ирүүлсэн баримтад түүний хүүхдүүд болох Г.Н, Г.Г, Г.Г нар нь төрсөн эгч Г.Уийн асрамжинд байгаа үйл баримт дурдагдсан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлж болохыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээр дамжуулан иргэн Г.Уд мэдэгдэх нь зохистой байна.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх боловч шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогчийн санал, гомдолгүй болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, 01 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Гын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР