Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01423

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/01423

 

 

Хэв хашмал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00863 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Басмаа констракшн ХХК-д холбогдох

-               Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 271 800 төгрөг гаргуулах, дутуу өгсөн 388 ширхэг бараа материал гаргуулах тухай үндсэн

-               Гэрээний үүрэгт илүү төлсөн 3 485 400 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батдэлгэр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Ариунжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Шүрэнчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хэв хашмал ХХК нь Басмаа констракшн ХХК-тай анх 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 03/02 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 91 000 000 төгрөгний үнэ бүхий 5 180 ширхэг барилгад бараа материалыг худалдсан бөгөөд худалдан авч Басмаа констракшн ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Мөн гэрээний 1.2-т Хэрвээ худалдан авагч нь гэрээний төлбөр төлөх нөхцлийг зөрчиж, гэрээгээр заасан хугацааг 7 буюу түүнээс дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд талууд худалдах худалдан авах гэрээг дуусгавар болгож, ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрөөр шилжүүлэн тооцож бараа материалыг эргүүлэн татаж, худалдан авагчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг түрээсийн төлбөрт суутгана гэж тохиролцсон. Худалдан авагч Басмаа констракшн ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 81 000 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Басмаа констракшн ХХК-аас тодорхой нэр төрлийн бараа материалуудыг буцааж авсан. Ингээд үлдэгдэл бараа материалаа өгөхгүй байсан учраас 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Басмаа констракшн ХХК-ийн захирал Б.Бямбадаваатай тооцоо нийлж, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу авч ашигласан бараа материалын түрээсийн төлбөрийг тооцож нийт 51 864 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 10 000 000 төгрөгийг төлснийг хасч, үлдэгдэл төлбөр 41 864 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 1-нд бөөнд нь төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Иймд гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 41 864 000 төгрөгнөөс алдангийг 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход 20 932 000 төгрөг болж байна. Уг гэрээг байгуулснаас хойш 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 925 сапуд манай компанид хүлээлгэн өгсөн. Нийт 5180 ширхэг бараа материал авснаас 2015 оны 8 дугаар сарын 2, 10 дугаар сарын 20, 21, 22, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд нийт 4792 ширхэг бараа материал манай Хэв хашмал ХХК-д хүлээлгэн өгч, үлдэгдэл 388 ширхэг бараа материалыг Басмаа констракшн ХХК-д одоог хүртэл өгөөгүй байгаа болно. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 23-наас 2017 оны 11 дүгээр сарын 1 хүртэлх 388 ширхэг бараа материал ашигласан түрээсийн тооцоо нийт 24 475 800 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд хариуцагч Басмаа констракшн ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03/02 тоот худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 66 339 800 төгрөг, алданги 20 932 000 төгрөг, нийт 87 271 801 төгрөгийг, дутуу өгсөн 388 ширхэг бараа материалын хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Басмаа констракшн ХХК-ийн захирал Б.Бямбадаваа шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хэв хашмал ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 31-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний үүргийн дагуу 10 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлсөн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 21-ээс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 84 485 400 төгрөгний үнэ бүхий бараа материалыг Хэв хашмал ХХК-д буцаан өгсөн. Одоогийн байдлаар Басмаа Констракшн ХХК нь Хэв хашмал ХХК-иас 3 771 400 төгрөгний авлагатай харагдаж байгаа. Иймд Хэв хашмал ХХК нь үндэслэлгүйгээр 62 796 000 төгрөг нэхэмжлэлж байгаа тул зөвшөөрөхгүй байна. Харин буцаан аваагүй үлдэгдэл 388 ширхэг 6 514 600 төгрөгний үнэ бүхий бараа материалын тухайд Басмаа констракшн ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөг Хэв хашмал ХХК-д төлсөн нь 6 514 600 төгрөгний үнэ бүхий 388 ширхэг бараа материалын үнийг төлсөн байх бөгөөд харин ч 3 485 400 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд үлдэгдэл 388 ширхэг бараа материалын үнийг төлсөн учир Хэв хашмал ХХК нь буцаан авах эрхгүй юм. Мөн нэхэмжпэгч нь нэхэмжпэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 1.2-т заасны дагуу бараа материалын түрээсийн төлбөр гэж 87 271 800 төгрөг шаардаж байгаа нь илт үндэслэлгүй байна. Учир нь хэрэв түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх юм бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд түрээсийн төлбөрийг хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоосон байхыг шаардахаар заасан байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 1.2-т түрээсийн төлбөрийг тогтоосон зүйлгүй, энэ талаар огт тохиролцоогүй байхад нэхэмжлэгч тал дураараа түрээсийн үнийг тогтоон шүүхэд 87 271 800 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь хууль зөрчин өөртөө давуу байдал олгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

Хариуцагч Басмаа констракшн ХХК нь Хэв хашмал ХХК-тай 2015 оны 7 сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсаны дагуу уг компаниас 3000 ширхэг тулаас төмөр, 380 ширхэг 6 метрийн турба, 300 ширхэг 4 метрийн урттай турба, 500 ширхэг эргэдэг хомут, 1000 ширхэг эргэдэггүй хомут нийт 91 000 000 төрөгний үнэ бүхий бараа материлыг худалдан авсан юм. Барилгын салбарын эдийн засгийн хямралаас үүдэн манай компани 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийг Хэв хашмал ХХК-д төлж, үүнээс өөрөөр бараа материалыг үнийг төлж чадаагүй учир Хэв хашмал ХХК нь 84 485 400 төгрөгний үнэ бүхий бараа материалыг буцаан авсан юм. Ингээд манай компани одоогоор 6 514 600 төгрөгний үнэ бүхий 13 ширхэг тулаас төмөр, 156 ширхэг 6 метрийн урттай турба, 7 ширхэг 4 метрийн урттай турба, 212 ширхэг эргэдэг хомутыг тус тус буцаан өгөөгүй тул эдгээр бараа материалыг худалдан авсан байгаа болно. Нэгэнт худалдагч тал гэрээгээ цуцалж худалдсан бараа материалаа буцаан авсан учир гэрээтэй холбоотой үүргийн харилцаа талуудыг хооронд үүсэхгүй гэж үзэж байна. Иймд Басмаа констракшн ХХК нь 10 000 000 төгрөг өгч, 6 514 600 төгрөгний бараа материал худалдан авсан учир 3 485 400 төгрөг илүү төлсөн байгаа тул 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авахаа гэрээний дагуу илүү төлсөн 3 485 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 

Сөрөг нэхэмжлэлд дурьдсан 10 000 000 төгрөгний тухайд  2016 оны 2 дугаар сарын 24-ний гэрээ хийх үед 2015 оны 8 дугаар сарын 13-нд төлсөн 10 000 000 төгрөгийг хасч тооцсон үнэ болно. Худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс дуусгавар болж түрээсийн төлбөр тооцсон асуудал үүссэн. 2 компани дахин үлдэгдэл төлбөрийн тооцоон дээр үндэслэн бараа материалаа түрээсэлэхээр тохиролцон зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Иймд гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Басмааконстракшн ХХК-иас 87 271 800 төгрөгийг, 13 ширхэг тулаас төмөр /V2 сапуд/, 156 ширхэг 6 метрийн турба, 7 ширхэг 4 метрийн урттай турба, 212 ширхэг эргэдэг Хомут зэргийг гаргуулж Хэв хашмал ХХК-д олгож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д зааснаар Басмаа констракшн ХХК-ийн Хэв хашмал ХХК-иас 3 485 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752 260 төгрөгийг, Басмаа констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 184 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Басмаа констракшн ХХК-иас 713 493 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнд гэрээгээр заасан хугацааг 7 буюу түүнээс дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд талууд худалдах худалдан авах гэрээг дуусгавар болгож, ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт суутгана гэж заасан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд түрээсийн төлбөрийг хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоосон байхыг шаардахаар заасан байхад бичгээр байгуулсан түрээсийн гэрээ байхгүй байхад түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж түрээсийн төлбөрт хариуцагчаас 87 271 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн үндэслэл болгож буй нотлох баримт байхгүй буюу түрээсийн гэрээ байгуулагдаагүй, мөн худалдах худалдах авах гэрээний 1.2 заасныг үндэслэл болгосон тохиолдолд тохиролцсон үнийн дүн байхгүй байхад хэргийг зөвхөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зах зээлийн үнэлгээ гэх нэг талын баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Тус үндэслэл болгож буй баримтыг зах зээлийн ханш тогтоох эрх бүхий байгууллага гаргаагүй, мөн шүүхийн журмаар шинжээч томилон тогтоогоогүй, зөвхөн нэхэмжлэгч тал өөрсдөө зах зээлийн ханшийг судалсан гэх тайлбараар өгсөн нэг талын баримт байхад тухайн баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК нь хариуцагч Басмаа констракшн ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 87 271 800 төгрөг, дутуу өгсөн 388 ширхэг бараа материалыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт илүү төлсөн 3 485 400 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талууд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 03/02 тоо худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу Хэв хашмал ХХК нь худалдан авагч буюу Басмаа констракшн ХХК-д V2 маркийн тулаас төмөр, труба, хомут зэрэг 91 000 000 төгрөгийн барилгын туслах материал худалдан борлуулах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөр болох гэрээний 30 хувь буюу 27 300 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 1-ний дотор, үлдэгдэл төлбөр болох 63 700 000 төгрөгийн 50 хувь буюу 31 850 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор, үлдэх 50 хувь буюу 31 850 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 35-37 тал/

 

Хариуцагч байгууллага худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төлсөн байх бөгөөд уг асуудлаар зохигчид маргаагүй болно.

 

Гэрээний 1.2-т Хэрвээ худадан авагч нь гэрээний төлбөр төлөх нөхцлийг зөрчиж, гэрээгээр заасан хугацааг 7 буюу түүнээс дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд талууд худалдах худалдан авах гэрээг дуусгавар болгож, ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрөөр шилжүүлэн тооцож, бараа материалыг эргүүлэн татаж, худалдан авагчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг түрээсийн төлбөрт суутгана гэж тохиролцсон байна.

 

Мөн талууд 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Т.Түвшинтөгс нь худалдан авагч Б.Бямбадаваад 41 864 000 төгрөгийн үнэ бүхий тулаас, трубо, хомуд хэв гэх мэт эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авагч нь авсан бараа материалын үнэ болох 41 864 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 1-нд бөөнд нь төлж дуусгахаар тохиролцжээ. /хх-ийн 8 тал/

 

Талуудын гэрээний тохиролцооноос үзвэл нэхэмжлэгч Хэв хашмал ХХК худалдах худалдан авах гэрээний үүргийг бус, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч Басмаа констракшн ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 1 600 ширхэг тулаас төмөр /V2 сапуд/, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 462 ширхэг тулаас төмөр /V2 сапуд/, 224 ширхэг 6 метрийн турба, 293 ширхэг 4 метрийн урттай турба, 288 ширхэг эргэдэг хомут, 1000 ширхэг эргэдэггүй хомут, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 925 ширхэг тулаас төмөр /V2 сапуд/ зэргийг буцаан өгсөн байна. /хх 41, 42, 57-62 тал/

Харин үлдэгдэл 13 ширхэг тулаас төмөр /V2 сапуд/, 156 ширхэг 6 метрийн турба, 7 ширхэг 4 метрийн урттай турба, 212 ширхэг эргэдэг хомут, нийт 388 ширхэг бараа материал байгаа талаар зохигч маргаагүй тул хариуцагч Басмаа констракшн ХХК-иас дээрх бараа материалыг буцаан гаргуулах нь зүйтэй. /хх 24 тал/ Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хариуцагч Басмаа констракшн ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 41 864 000 төгрөг, үлдэгдэл бараа материалыг хүлээлгэж өгөөгүй тул 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 1, 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 24 475 800 төгрөг, нийт 66 339 800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Дээрх гэрээний 3-т худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдан авагч талаар төлүүлэх эрхтэй гэж заасан байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчихгүй тул шүүх алдангийг түрээсийн төлбөр 41 864 000 төгрөгөөс тооцож хариуцагч Басмаа констракшн ХХК-аар 20 932 000 /41 864 000:2=20 932 000/ төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг худалдах, худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүргээр сольсон, Басмаа констракшн ХХК-ийн төлсөн 10 000 000 төгрөгийг талуудын тохиролцсон түрээсийн төлбөрөөс хасч 41 864 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Басмаа констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594 309 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО