| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00390/И |
| Дугаар | 141/ШШ2026/00008 |
| Огноо | 2025-12-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 141/ШШ2026/00008
| 2025 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 141/ШШ2026/00008 | Завхан |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ..............аймгийн Т сумын И..... багт оршин суугч Б Ө овогт Х*ын А*-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... аймгийн Т сумын И багт оршин суугч Д овогт Н-ийн Л-д холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие өөрийн эхнэр болох Л.Т-гын төрсөн дүү Л.Б-оос өвсөн тэжээлтэй У улсын М үүлдрийн 5 тооройг тэжээх үржүүлэх ажилд нь туслахаар нутагтаа авчирч тэжээж байсан. Дүү Л.Б нь У хотод ажиллаж амьдардаг бөгөөд уг 5 тооройг 2025 оны 01 дүгээр сард Г аймгийн иргэн Э.Э*өөс тус бүр нь 1 сая төгрөг буюу нийт 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг үүлдрийн тоорой нь хоньтой адил бэлчээрлэж өвсөөр хооллодог мах нь энгийн гахайных шиг цайвар биш, үхэр, хонины шиг алаг 2 жилд 5 тооройлог, өдөрт ус хоолыг нь тавиад өгчихвөл өөр арчилгаа шаарддаггүй, өөрсдөө хол бэлчээрт явахгүй хүрээд ирдэг, үстэй хонин гахай юм. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Н.Л-н 2 нохой бэлчээрлэж байсан 9 сартай нэг хээлтүүлэгч эр гахайг урж амь насыг хохироосон. Уг асуудлаар тухайн өдрийн орой иргэн Н.Л-ын гэрт очиж уулзахад манай нохой мал барьж л байдаг юун сүртэй юм нэг гахай барьсан л биз гээд авч хэлэлцэхгүй байсаар өдийг хүрлээ. Гэрийн тэжээвэр амьтнаа орчин тойрондоо аюулгүй байлгах үүргээ биелүүлээгүй, ойр орчмын айлын мал болон хүн барихад ч хариуцлага хүлээхгүй байгаа үйлдэлд гомдолтой байна. 2025 оны зун манайхтай саахалт айл Л-гйн охиныг мөн урж гэмтээсэн ч хариуцлага хүлээгээгүй, олон жил нэгнээ мэддэг садан хүмүүс учраас тэгсхийгээд өнгөрсөн. Иймд тооройг худалдаж авсан үнэ болох 1 сая төгрөг, худалдаж авснаас хойш нийт 8 сарын хугацаанд тэжээсэн тэжээл 1 сая төгрөг буюу нийт 2 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “..Хариуцагч Н.Л нь хохиролыг барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Н.Л-д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.А нь “...Хариуцагч Н.Л нь хохиролыг барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,475 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Л-д холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,475 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Х.А-д олгосугай.
3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ