Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 123

 

2018 оны 6 сарын 27 өдөр                       2018/ШЦТ/123                                  Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0134/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       А.Уламбаяр,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч             Х.Биязхан,

Шүүгдэгч                                                У.Б нарыг оролцуулан

   Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хундаган овогт Ухнын Бод холбогдох 1839002460129 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд  1976 оны 7 дугаар сарын 25-нд төрсөн, 41 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг Хонгорын 04-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Хундаган овогт Ухнын Б /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч  У.Б нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг баруун 4 зам дээр өөрийн эзэмшлийн “аксент” маркын 08-11 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан “Жолооч ногоон гэрлээр зүүн тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт, мөн дүрмийн 2.5 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээн; 

а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Ж.Түмэнжаргалын жолоодож явсан “даюун” маркийн 37-27 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж Ж.Түмэнжаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, 

Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсэг:

б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх 

в/ Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг ирэх хүртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  У.Б нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн “аксент” маркийн 08-11 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг баруун 4 замын уулзвар нэвтрэхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан “Жолооч ногоон гэрлээр зүүн тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт, мөн дүрмийн 2.5 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээн; 

а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж иргэн Ж.Түмэнжаргалын жолоодож явсан “даюун” маркийн 37-27 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж Ж.Түмэнжаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь: 

Хохирогч Ж.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би шонхор харуул хамгаалалтын газарт менежерийн ажил хийдэг. Манай жилын байр Хэнтий аймгийн Газрын албаны байрны урд байдаг юм. 2018 оны 5 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим би ажил дээрээ байж байгаад Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд байх гэртээ очиж цай уухаар өөрийн эзэмшлийн даюун маркийн 37-27 ХЭЗ улсын дугаартай мотоциклыг жолоодон ажлынхаа гаднаас хөдлөөд төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш яюаад баруун 4 замын уулзварт ирннд гэрэлэн дохионы зөвшөөрөх ногоон гэрэл асахаар нь уулзварыг зүүнээс баруун тийш чигээрээ гарч байтал өөдөөс эсрэг урсгалд ирж байсан нэг цагаан өнгийн жижиг суудлын автомашин гэнэт зүүн тийшээ буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэж миний мотоциклын зүүн гар талаас мөргөж намайг унагаасан, тэр машин мөргөх үедээ миний зүүн хөлийг тавхайны хэсгийг хавсраад мөргөсөн, би мотоциклынхоо урдуур замын гадна тал руу шидэгдэж унасан, намайг мөргөсөн тэр машины жолооч намайг мөргөж унагачихаад заосолгүй тэр чигээрээ зугтаагаад явсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-28 хуудас/

Гэрч О.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим Хэрлэн сумын 1 дүгээр багт... 4 замын уулзварыг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш ногоон гэрлээх нэвтэрч байх үед эсрэг зүгт уулварын голд нэг мотоцикльтой хүн зөрөөд гарч байсан тэгээд л удалгүй хойд талд түс тас хийх чанга чимээ гарахаар машинаа зогсоогоод машинаас бууж эргээд уулзвар руу харахад нөгөө надтай зөрж байсан мотоцикльтой хүн газар уначихсан хойшоо цагаан өнгийн машин явж байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38 хуудас/

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт №222

Ж.Түмэнжаргалын биед зүүн хөлийн тавхайн дээд хэсгийн язарсан шарх, зүүн гарын ядам хурууны 3-р шивнүүр ясны хугарал, баруун гарын хуруунуудын үенүүдийн зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх зүүн гарын ядам хурууны 3-р шивнүүрийн зөрөөгүй хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 45 хуудас/

Сэжигтэн У.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 21 цагийн орчим Хэрлэн сумын хийдийн 15-10 тоотод байдаг ах болох Хүрэнбүргэдийн гэрээс гараад өөрийн эзэмшлийн автомагин болох аксент маркийн 08-11 ХЭҮ улсын дугаартай өөрийн эзэмшлийн автомашинаа жолоодоод дугуй засвар орж машины дугуйнд хий тавиулах гээд явсан. Тэгээд Хан хэрлэн дэлгүүрээс тамхи аваад хөдөлсөн тэгээд 99 дэлгүүрийн ногоон дээрээс ногоо авах гэсэн чинь дэлгүүр нь хаалттай байхаар хөдлөөд баруун дөрвөн замаар зүүн тийш эргэхдээ чигээрээ явж байгаа мотоцикльийн зүүн гар талаас нь мөргөсөн. Тэгээд би зугтаасан. Цагдаа нар ирээд драгер багжаар үлээлгэж шалгасан 0.00 хувьтай гарсан. Би зам тээврийн осол гаргаад айсандаа зугтаагаад явсан миний буруу.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42, 43 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, авто тээврийн гэмт хэрэг үйлдээд зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Түмэнжаргалын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хундаган овогт Ухнын Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, 

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж шүүгдэгч У.Бын нийт  эдлэх ялыг 1.200.000 төгрөгөөр торгох ял болгон тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч У.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай. 

6. Шүүдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ