Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01326

 

 

 

Н ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/01148 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК хариуцагч Ш ХХК , Э.О , Н.А нарт холбогдуулан гаргасан зөвлөх үйлчилгээний гэрээний гүйцэтгэлийн төлбөрт Ш ХХК -ийн хувьцааны 51 хувийг эзэмшигч Э.О оос 23,394,830 төгрөг, 49 хувийн хувьцаа эзэмшигч Н.А гаас 22,458,170 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Төгөлдөр, хариуцагч бөгөөд хариуцагч Ш ХХК -ийн төлөөлөгч Э.О , хариуцагч Н.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ш ХХК -д холбогдуулан гаргасан 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 04\01 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ-ний үүрэг нийт 30,833,000 төгрөг, насос болон автомашин түрээсэлсэн хөлс төлбөр 15,000,000 төгрөг, нийт 45,833,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Э.О , Н.А нарын хувьцааны хэмжээгээр нэхэмжлэгч талд гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг тус компанийн хувьцааны 51 хувийн хувьцаа эзэмшигч Э.О оос 23,394,830 төгрөг, 49 хувийн хувьцаа эзэмшигч Н.А гаас 22,458,170 төгрөгийг тус тус гаргуулахаар өөрчилсөн.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар талууд 2018 оны 03 сарын 28-ны өдрийн зөвлөх үйлчилгээний гэрээг хэн нэгний дарамт шахалтаар байгуулаагүй. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, гэрээнээс татгалзах талаар хэн аль нь санаачилга гаргаагүй. Гэрээний 1.4-т 2018 оны 03 сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 сарын 28-нд гээд алдаатай бичсэнээс бусдаар бол гэрээ хүчин төгөлдөр. Гэрээнд заагдсан зөвлөх үйлчилгээг хийхдээ өөрсдийн хүмүүсээ аваачиж ажлыг цаг хугацаанд нь зохих хэмжээнд хийж байсан гэдгийг зааварчилгаа өгсөн 20 хуудас дэвтрээр нотолсон 2018 оны 05, 06 сарын ажлын тайланг өгсөн. Насосыг уурхайн олборлолтод орж ирж байгаа усыг зайлуулахаар 1 сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2018 оны 05 сарын 26-ны өдрөөс 25 хоног хэрэглэсэн. 2018 оны 06 сарын 20-ны өдрөөс мөн оны 07 сарын 01-ний өдөр хүртэл уурхайн дарга н.Ууганбаяр кемпийн хэрэгцээнд ашигласан. Автомашиныг мөн ажлын хэрэгцээнд ашигласан. Гэрээний 4.1, 4.2-т заасан төлбөр тооцооны асуудал дээр зохигчид маргаагүй. Гэрээнд заасан ажлаа хийсэн учраас 1 сарын төлбөр 25,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ш ХХК -ийн захирал Э.О нэхэмжлэл гардан авснаар хойш хариу тайлбар гаргаагүй, энэ нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэж байна. Хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий Н.А , Э.О нарын оруулсан хувьцааных нь хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулна. Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар манай компанид гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг компанийн хувьцааны 51 хувийг эзэмшигч Э.О оос 23,394,830 төгрөг, 49 хувийн хувьцаа эзэмшигч Н.А гаас 22,458,170 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч Ш ХХК -ийн төлөөлөгч Э.О тайлбартаа: Ш ХХК -ийг Н.А , н.Ганхуяг, н.Дүүрэнбаяр, Э.О нар Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, Хөвчтийн хөндий гэдэг газар олборлолт хийх зорилгоор байгуулсан. Э.О ын хувьд тухайн салбарын талаар ямар ч мэдлэггүй учраас н.Дүүрэнбаяр геологичийн зөвлөснөөр түүний найз Д.Төгөлдөртэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн чиг үүрэг нь дээрх газарт байрлах алтны уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг хамгийн бага зардлаар, их ашиг олох байсан. Гэтэл түүний зөвлөж, төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулаад төсөл дампуурсан. Автомашины түрээсийн тухайд, төсөл хэрэгжүүлэхэд автомашин хэрэгтэй гэснийх нь дагуу 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 05 сарын 10-ны өдрөөс олборлох үйл ажиллагаа эхэлснээс хойш Д.Төгөлдөрийн зөвлөсний дагуу маш их хэрэггүй тоног төхөөрөмж түрээслэх болон худалдаж авсан.

Нэхэмжлэгч тал гэрээний 1.2-т заасан бага зардлаар оновчтой зохион байгуулж, удирдлагыг хэрэгжүүлсний үр дүнд их хэмжээний алт олборлох явдал бөгөөд төлбөрийн нөхцөл энэхүү зорилгын биелэлттэй шууд холбоотой гэсэн үндсэн зорилгыг биелүүлж чадаагүй. Тоног төхөөрөмж худалдан авах, байрлуулах, хэрхэн олборлолт хийх, ямар тоног төхөөрөмж хэрэгтэй талаар болон олборлож байгаа уулын хөрс хуулалтын хэмжээгээр мөнгө авна. Зөвлөх үйлчилгээнд олборлож байгаа зүйл хамаагүй. Олборлосон шороо, хуулсан хөрсний хэмжээгээр мөнгө авах гээд энд тэнд ухсан байсан. Мөн насос болон бусад зүйлсийг нь өөр компани хэрэглэсэн тул манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Н.А нь тайлбартаа: Ш ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан боловч үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэгч зөвлөгөө өгсөн гэж бодохгүй байна. Н.А гийн зүгээс компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Компани нь өөрийн эд хөрөнгөөр хариуцлага хүлээдэг учраас Ш ХХК -ийг л хариуцагчаар татах учиртай.

Хувьцаа эзэмшигч нь компанийн гүйцэтгэх удирдлага биш бөгөөд тухайн компанийг төлөөлөх этгээд биш тул компанийн хүлээх ямар нэгэн үүргийг өмнөөс нь хүлээх шаардлагагүй юм. Н.А хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна. Ш ХХК -ийн төлөх ёстой 45,833,333 төгрөгийг Н.А , Э.О нараас гаргуулах шаардлага гаргасан байна.

Зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ гэж шаардсан байна. Гэрээний хавсралт хэсэгт ажлын хэмжээг сард 230 м.куб уулын чулуу олборлоно гэж заасан бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр тухайн гүйцэтгэгч үр дүнгийн хэмжээгээр төлбөрийг шаарддаг. Гэтэл гэрээний 4.3-т тухайн гэрээний ажлын тайланг гаргаад мөнгө авна гэсэн байна. Нэхэмжлэгч нь ажил хүлээлгэж өгөөгүй, ажлын гүйцэтгэл байхгүй байх тул төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Захиалагч үйлчилгээний төлбөрт м.куб тутамд 150 төгрөг төлнө гэсэн байхад ямар үндэслэлээр 25,000,000 төгрөг шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хэн аль нь хариуцагч 25,000,000 төгрөг төлсөнд маргаагүй. Ажлын үр дүн хүлээлгэж өгөх арга хэмжээгээ биелүүлээгүй учраас төлбөр нэхэх эрхгүй байна. Тайлан нь өөр этгээдүүдийн гарын үсэгтэй, хэн боловсруулсан, баталсан, хүлээж авсан эсэх нь мэдэгдэхгүй байна. Баянбулагийн уурхай л гэсэн байна. Иймд Ш ХХК -ийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх ёсгүй байна. Түрээсийн гэрээний насосыг Ш ХХК хэрэглэсэн гэсэн нотлох баримт байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй. Автомашиныг уулын мастер н.Гүррагчаа авсан нь тогтоогдсон тул тухайн хүнээс шаардах эрх нээлттэй байна. Иргэний хуулийн 25, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар компани аливаа хариуцлагыг өөрөө хариуцах ёстой. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигч, компани хоёрын хөрөнгө тусгаарлагдахгүй болсон тохиолдолд шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй учраас Ш ХХК төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Мөн Н.А нь хариуцагч биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан зөвлөх үйлчилгээний гэрээний гүйцэтгэлийн төлбөрт Ш ХХК -ийн хувьцааны 51 хувийг эзэмшигч Э.О оос 23,394,830 төгрөгийг, 49 хувийн хувьцаа эзэмшигч Н.А гаас 22,458,170 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд 2018 оны 03 сарын 28-ны өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч компани нь хариуцагчийн ажил гүйцэтгэж байгаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Орхонтуул-4 нэртэй ашиглалтын MV-017371 дугаартай тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордод гэрээнд заасан ажлуудыг тогтоосон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэх, захиалагч буюу хариуцагч нь үйлчилгээний төлбөр төлөхөөр тохиролцсон юм.

Анхан шатны шүүх ....Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 04 сарын 24-ний өдрөөс мөн оны 07 сарын 07-ны өдөр хүртэл зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцалж гэрээний үүргийг шаардах эрхтэй. Хариуцагч нь тайлбараа баримтаар нотлоогүй... гэж удаа дараа нэхэмжлэлийг хангах агуулгаар дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 04 сарын 24-ний өдрөөс 07 сарын 07-ны өдөр хүртэл зөвлөх үйлчилгээ үзүүлсэн талаарх тайлбар болон ажлын тайланг хариуцагч баримтаар няцаагаагүй байхад, ажил хүлээлгэн өгсөн нь тогтоогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нь улсын бүртгэл болон татварын албанд бүртгүүлсэн хаягтаа байдаггүй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нь ажил хийх үүргээ биелүүлсэн. Мөн шүүх хэний буруугаас гэрээ цуцлагдсан болохыг үндэслэлтэй тогтоож чадаагүй атлаа манай компанид учирсан хохирол болох насос болон автомашин түрээсэлсэн нийт 15,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаас гадна Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байхад шүүх үүнийг анхаарсангүй.

Иймд шүүх хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтын талаар буруу үнэлэлт, дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт Ш ХХК -аас 2018 оны 06, 07 сарын ажлын хөлс нийт 30,833,000 төгрөг болон насос болон автомашин түрээсэлсэн хохирол нийт 15,000,000 төгрөг, нийт 45,833,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нэчрал Паувер ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Нэчрал паувер ХХК нь хариуцагч Ш ХХК -д холбогдуулан гэрээний дагуу ажлын хөлс 30,833,000 төгрөг, түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, нийт 45,833,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж /хх 1-2/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч нар болох Э.О , Н.А нарыг хамтран хариуцагчаар татаж /хх 41/, эзэмшдэг хувьцаатай нь хувь тэнцүүлэн Э.О оос 23,394,830 төгрөг, Н.А гаас 22,458,170 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /хх 51/

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.О , Н.А нарт холбогдох шаардлагыг шийдвэрлэсэн байх боловч хариуцагч Ш ХХК -д холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна. Тодруулбал, нэхэмжлэгч Нэчрал паувер ХХК нь хариуцагч Ш ХХК -аас татгалзаагүй байх ба Ш ХХК , түүний хувьцаа эзэмшигч Э.О , Н.А нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан хэмээн шүүхэд гаргасан хүсэлтдээ /хх 73/, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа /хх 106 дээрээсээ 26-29-р мөр/ дурдсан байх тул нийт 45,833,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргажээ гэж үзэхээр байна.

 

Нэг. Хувьцаа эзэмшигч Э.О , Н.А нарт холбогдох шаардлагын тухайд.

Ш ХХК -ийн хувьцааны 51 хувийг Э.О , 49 хувийг Н.А тус тус эзэмшдэг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дах хэсэгт тус тус зааснаар компани нь өөрийн бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх бөгөөд компанийн нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй учир анхан шатны шүүхээс Э.О , Н.А нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт заасан заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна Нэчрал паувер ХХК болон Э.О , Н.А нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Нэчрал паувер ХХК нь хариуцагч Ш ХХК -ийн хувьцаа эзэмшигч нараас Зөвлөх үйлчилгээний гэрээ-тэй холбоотой асуудлаар шаардлага гаргах эрхгүй юм.

Хойшид давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэгдэх үйл баримт, үндэслэлийг нэхэмжлэгч Нэчрал паувер ХХК болон хариуцагч Ш ХХК -д хамааруулан ойлговол зохино.

 

Хоёр. Гэрээний дагуу ажлын хөлс 30,833,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Хариуцагч Нэчралпаувер ХХК, түүнийг төлөөлж захирал Д.Төгөлдөр нь нэхэмжлэгч буюу захиалагч Ш ХХК -тай 2018 оны 03 сарын 28-ны өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулж, уг гэрээгээр захиалагч талын Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, Орхонтуул-4 нэртэй газарт орших ашигт малтмалын MV-017371 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордод ордын геологийн моделийг ашиглан орд ашиглах төлөвлөлт гаргах, уурхайн олборлолтын ажлын зардлыг бууруулах боломжийг судлах, хэрэгжүүлэх, олборлолтын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, уурхайн ус таталтын ажлыг олборлолтын ажилд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулах, суваг, шуудуу, инженерийн ажлыг оновчтойгоор төлөвлөж гүйцэтгэх, цаг ашиглалтын коэффициентыг дээшлүүлэх, уурхайн өдөр тутмын гүйцэтгэлийг бүртгэлжүүлэн захиалагч талд өдөр бүр өгөх ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэх, гарч болох аливаа зөрчил дутагдлыг арилгах үүрэг хүлээж, захиалагч нь 1 сард 200,000 м.кубээс бага уулын цул олборлосон тохиолдолд зөвлөхийн 1 сарын төлбөрт тогтмол буюу 25,000,000 төгрөг, эсхүл 1 м.куб уулын цул тутамд 150 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх5-8/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь буруу. Ш ХХК өөрөө уурхайд алт олборлох үйл ажиллагааг явуулж, ажлын үр дүнг бий болгосон байх тул Нэчрал паувер ХХК ажил гүйцэтгэгч байх боломжгүй юм. Харин Нэчрал паувер ХХК уурхайд алт олборлох Ш ХХК -ийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг хариу төлбөртэйгөөр үзүүлсэн учир зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд тодорхой ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр ажлын хөлсийг шаардах эрх үүсэх бол хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн байх нь ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, үр дүн гарсан эсэх нь нөгөө талд төлбөр төлөх үүргээс татгалзах эрхийг олгох агуулгагүй юм.

Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт хэргийн оролцогчийн зүгээс өгсөн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч талын өгсөн ...05 сарын 01-ний өдрөөс уурхайн ажил эхэлнэ гэж байсан боловч орон нутагтай холбоотой бичиг баримтаас шалтгаалж 05 сарын 10-ны өдөр уурхайн үйл ажиллагаа эхэлсэн. 2018 оны 05 сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 сарын 07-ны өдрийг хүртэл ... зөвлөх үйлчилгээ үзүүлсэн... /хх 107/ гэсэн тайлбар, хариуцагч талын өгсөн ...Тэгээд цаашлаад 05 сарын 10-наас олборлох үйл ажиллагаа эхлээд явсан... /хх 111/, ...2018 оны 05 сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл... /хх 146/ гэсэн тайлбар зэргийг хэрэгт авагдсан Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэх бичгийн нотлох баримттай харьцуулан үзээд нэхэмжлэгч нь хариуцагчийн уурхайд 2018 оны 05 сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 сарын 06-ны өдрийг дуустал зөвлөх үйлчилгээг үзүүлжээ гэж дүгнэв.

Зохигчдын тайлбараар Нэчрал паувер ХХК эхний сарын ажлын хөлсөнд 25,000,000 төгрөгийг Ш ХХК -аас авсан болох нь тогтоогддог. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 06 сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 сарын 06-ны өдрийг дуустал хугацааны ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нарын зүгээс ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэлээ бага зардал, оновчтой зохион байгуулалтыг хэрэгжүүлсний үр дүнд их хэмжээний алт олборлох гэрээний зорилгод хүрээгүйтэй холбоотой тайлбарлаж байна. Өмнө дурдсанчлан, ажлын үр дүн гарсан эсэх нь ажиллуулагчийг гэрээнд заасан хөлс төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хэргийн баримтаар Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дах хэсэгт заасан ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ажилласан хугацааны хөлсийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Талууд гэрээнд ажлын хөлсийг олборлосон 1 м.куб уулын цул тутамд 150 төгрөг байх, эсхүл нэг сард 200,000 м.кубээс бага уулын цул олборлосон тохиолдолд нэг сарын төлбөр тогтмол 25,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Хариуцагч нь уурхайн үйл ажиллагаа зогссон, хүссэн хэмжээний олборлолтыг хийж чадаагүй хэмээн тайлбарлаж байх тул 25,000,000 /гэрээгээр тохирсон ажлын хөлс/ : 30 /хоног/ х 27 /ажилласан хоног/ = 22,500,000 төгрөгийг хариуцагч Ш ХХК -аас гаргуулан нэхэмжлэгч Нэчрал паувер ХХК-д олгох нь зүйтэй.

 

Гурав. Насосны түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг, автомашины түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлага заажээ.

Хэрэгт насос, автомашин түрээсэлсэн тухай түрээсийн гэрээ авагдаагүй бөгөөд хэргийн баримтаар талууд насос, автомашин түрээслүүлэх, түрээслэх талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй буюу энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд.

Нэхэмжлэгч талаас Нэчрал паувер ХХК-д уулын мастераар ажиллаж байсан гэх О.Гүррагчааг гэрчээр асуулгаж, насос, автомашины түрээсэлсэн эсэх тухай нөхцөл байдлыг гэрчлүүлэх тухай хүсэлтийг гаргасан. /хх 84/

Шүүхийн зүгээс уг хүсэлтээ дэмжиж байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад О.Гүррагчааг гадаад улс руу явсан хэмээн хариулсан болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар нотлогдож байна. Гадаад улс руу явсан этгээдийг гэрчээр шүүхэд дуудан асуух боломжгүй учир уг хүсэлтээсээ татгалзсан хэмээн үзэж, уг хүсэлтийг захирамжаар шийдвэрлээгүйг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн, талууд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн түрээсийн гэрээний талаар маргаж байх тул тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах тул О.Гүррагчааг гэрчээр асуусан эсэх нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/01148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ш ХХК -аас 22,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нэчрал паувер ХХК-д олгож, үлдэх 23,333,000 төгрөгт холбогдох хэсэг болон Э.О , Н.А нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,115 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нэчрал паувер ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,115 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Нэчрал паувер ХХК-д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.НЯМБАЗАР