Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02486

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02486

 

 

Д.Алтанхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02301 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Алтанхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Хоролсүрэнд холбогдох

 

Хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 50 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай 30,41 м.кв талбайтай нэг өрөө орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Одончимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Алтанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн эцэг ахмад дайчин С.Дэмбэрэлд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 50 дугаар байрны 71 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг олгосон бөгөөд би өвлөх эрхийн 41 тоот гэрчилгээг үндэслэн өөрийн өмчлөлд 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан. Миний хүү А.Сүхжаргал нь Голомт банкнаас зээл авах үедээ хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Хүү А.Сүхжаргал, бэр Л.Хоролсүрэн нарын амьдрал ахуйд нь туслах үүднээс өөрийнхөө нэг өрөө байранд тэднийг суулгасан ба А.Сүхжаргал 2016 оны 8 дугаар сард хөдөө тээвэрт яваад ирэхэд нь Л.Хоролсүрэн сална гээд явчихсан байсан бөгөөд дараа нь эвдэж ороод цоожийг сольчихсон байсан. Л.Хоролсүрэнг нялх хүүхэдтэй учир уг орон сууцанд шүүхийн шийдвэр гартал байвал байг гээд орхисон хэдий ч доод айл руу ус алдаж, байрны хөлс төлөхгүй, бусдад хөлслөх зэрэг зөрчил гаргаж байгаа тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 50 дугаар байрны 71 тоот нэг өрөө орон сууцнаас Л.Хоролсүрэнг албадан гаргаж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Л.Хоролсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь өөрийн хүү А.Сүхжаргалыг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Уг орон сууц нь А.Сүхжаргал бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, 71 тоот нэг өрөө орон сууц нь Д.Алтанхүү, А.Сүхжаргал нарын өмчлөлд бүртгэлтэй талаар болон уг орон сууцанд миний бие хүү С.Лувсанравжаагийн хамт амьдарч байгаа талаар маргаан байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Л.Хоролсүрэнгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байр, 71 тоот, 30.41 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Алтанхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 361 440 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж, хариуцагч Л.Хоролсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 431 640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.Хоролсүрэн давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй А.Сүхжаргалд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/02116 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрээр одоо миний амьдарч буй орон сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө биш хэмээн тогтоосон шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан болно. Гэтэл шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгохоор маргаж буй орон сууцыг намайг хууль бусаар эзэмшиж буй хэмээн дүгнэж, чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн заалтыг "өмчлөлийн талаар маргаагүй" хэмээн буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуулиар тогтоосон "хүүхэд аюулгүй орчинд амьдрах эрх"-ийг зөрчсөн, Гэр бүлийн тухай хуулиар тогтоосон "Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах", "Эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, эрүүл, аюулгүй, орчинд амьдруулах үүрэг"-ийг үл хэрэгссэн шийдвэр болсон. Шүүх маргааны зүйл болох орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох, эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байдлыг үл харгалзан хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхйи байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Алтанхүү нь хариуцагч Л.Хоролсүрэнд холбогдуулан хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 50 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай 30,41 м.кв талбайтай нэг өрөө орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хүү бэр хоёрынхоо амьдралд туслахаар өөрийнхөө байранд суулгасан, хариуцагч Л.Хоролсүрэн доод айл руу ус алдаж байрны хөлс төлөхгүй зэрэг зөрчил гаргасан гэж заажээ.

 

Хэрэгт нотлох баримтаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 50 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай 30,41 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр А.Сүхжаргал, Д.Алтанхүү нар бүртгэгджээ. Мөн хариуцагч Л.Хоролсүрэн нэхэмжлэгчийн хүү А.Сүхжаргалын гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байна. /хх 42 тал/

 

Зохигчдын тайлбар болон уг бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч Л.Хоролсүрэн нь уг орон сууцанд хуул бусаар оршин сууж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан тохиолдолд гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болохоор заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Алтанхүү эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах талаар хариуцагч Л.Хорлсүрэнд урьдчилан мэдэгдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй, уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч Л.Хоролсүрэнгээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 50 дугаар байр 71 тоот 30.41 мкв тайлбайтай нэг өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Алтанхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Алтанхүүгийн гаргасан хариуцагч Л.Хоролсүрэнгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 50 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай 30,41 м.кв талбайтай нэг өрөө орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна.

 

Түүнчлэн хариуцагч Л.Хоролсүрэн нь орон сууцны нэг өмчлөгч болох А.Сүхжаргалаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02301 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч Л.Хоролсүрэнгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 50 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай 30,41 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 431 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО