| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/00144/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 125
2018 оны 6 сарын 28 өдөр 2018/ШЦТ/125 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/00144/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Д.А. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А.д холбогдох 1839000000132 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 1987 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Баян-Овоо сум Хэрлэнгийн 9-13 тоотод хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 184 дугаартай шийтгэх тогтоолооор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшуулж байсан, Д.А. /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.А. нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Хэрлэнгийн 6-609 тоотод оршин суух иргэн Д.Өсөхтогоогийн гэрт нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, самсунг ЭС4 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А. нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Хэрлэнгийн 6-609 тоотод оршин суух иргэн Д.Өсөхтогоогийн гэрт нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, самсунг ЭС4 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Өсөхтогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... 18 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд манай 9 дүгээр ангид сурдаг том охин Ө.Анударь гэртээ ирчихсэн байсан учраас би гэрлүүгээ ороод жолооныхоо үнэмлэхийг байшингийнхаа дотор талд зочны өрөөний баруун талын хананд байдаг стенкэн дотор тавих гээд хаалгыг нь онгойлгоход доторр нь давхарлаж тавьсан байсан 8 ширхэг мөнгөн аяга маань байхгүй болсон байхыг мэдсэн. Энэ өдрийн өглөө 06 цаг өнгөрч байх үед би Улаанбаатар хотоос гэртээ ирж замд шатахуун авсан баримтаа стенкэн дотор байсан мөнгөн аяган дотор хийхэд мөнгөн аяганууд маань байсан юм. Тэгээд мөнгөн аягануудаа алга болсныг мэдээд зочны өрөөний хойд талд байдаг угаалгын өрөө рүүгээ орж очиход мөнгөн аяган дотор байсан шатахууны баримтуудыг угаалгын өрөөний шалан дээгүүр тараачихсан байсан. Мөн зочны өрөөний маань баруун талд байдаг унтлагын өрөөний орны толгойд өлгөөтэй байсан гоо сайханы хэрэгслийн цүнхэн дотроос самсунг S-4 маркын гар утас алга болсон байсан. Манай эхнэр өглөө агаар оруулах гэж угаалгын өрөөнийнхөө цонхыг онгорхой орхисон байсныгаа хөдөө явахдаа түгжилгүй явчихсан байсан гэж надад хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр байшингаасаа гараад гадна талаар нь тойрч харахад байшингийн ард блокон хашаа байшин 2-ын хооронд нэг саарал өнгийн нимгэн куртик байсан. Тэгээд цагдаагийн ажилтан куртикыг авч яваад манай урд талын эгнээнд амьдардаг Д.А. гэдэг залууг манайхаас аяга, гар утас хулгайлсан болохыг олж тогтооход Д.А. нь манайхаас хулгайлсан 8 ширхэг мөнгөн аягыг гэрт угаалгын өрөөнд байсан бие угаадаг цагаан цэнхэр өнгийн арчууранд боогоод угаалгын өрөөнд байсан ариун цэврийн цаасны гялгар уутанд хийж өөрийнхөө хашаан дотор хураалттай байсан хөрзөн дор нуучихсан байсныгаа Д.А. өөрөө гаргаж өгсөн. Энэ Д.А. гэдэг залуу манай гэрийн ажилд тусладаг байсан учраас манай гэрийг сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-22 хуудас/
Гэрч И.Уранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...8 ширхэг мөнгөн аяга маань байхгүй болсон байхыг харж мэдсэн. Энэ өдрийн өглөө 6 цаг өнгөрч байх үед манай нөхөр Улаанбаатар хотоос гэртээ ирж шатахуун авсан А баримтаа стенкен дотор мөнгөн аяган дотор хийхэд аяганууд бүрэн байсан гэсэн. Тэгээд 8 ширхэг мөнгөн аягануудаа алга болсныг мэдээд зочны өрөөний хойд талд байдаг угаалгын өрөө рүүгээ орж харахад мөнгөн аяган дотор байсан шатахууны баримтуудыг угаалгын өрөөний шалан дээр тараагаад хаячихсан байсан. Мөн зочины өрөөний маань баруун талд байдаг унтлагын өрөөний орны толгойд өлгөөтэй байсан гоо сайхны хэрэгсэл хийдэг цүнхэн дотроос самсунг S4 маркын гар утас алга болсон байсан. ... Д.А. гэгч нь манайхаас хулгайлсан 8 ширхэг мөнгөн аягаа манай гэрт угаалгын өрөөнд байсан бие угаадаг цагаан цэнхэр өнгийн даавуун арчууранд боогоод угаалгын өрөөнд байсан ариун цэврийн цаасны гаднах гялгар уутанд хийж өөрийнхөө хашаан дотор байсан хөрзөн дор нуучихсан байсныгаа өөрөө гаргаж өгсөн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25 хуудас/
Гэрч С.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.А. нь Д.Өсөхтогоо ахын гэрээс мөнгөн аягатай хамт гар утас хулгайлсан гэж хэлж байсан боловч гар утсаа гаргаж өгөөгүй. Гэтэл уг гар утсаа Засаг даргын тамгын газрын хашаан дотор чулуудаж хаясан бололтой уг гар утас нь 3 хэсэг салж бутарсан байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 хуудас/
Гэрч Б.Бямбацогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “.......цагдаа орж ирээд Д.А.аас асууж тодруулах зүйл байна гэж хэлээд Д.А. бид хоёрыг дагуулж явсан. Тэгээд цагдаагийн албан өрөөнд очоод байхдаа Д.А.ыг айлын гэрээс гар утас, мөнгөн аяганууд хулгайлсан гэдгийг мэдсэн. Наран гэдэг айлд надтай архи ууж байхдаа хулгай хийсэн талаараа юу ч яриагүй гэсэн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 хуудас/
Яллагдагч Д.А. ынын мөрдөн байцаалтанд өгсөн: “.......Д.Өсөхтогоогоос 10.000 төгрөг гуйж зээлж авах гэж 13 цаг өнгөрч байх үед гэрт нь очиход хашааны хаалга нь онгорхой байсан учраас дотогш орж байшин руу нь орох гэтэл хаалга нь цоожтой байсан учраас хаалгыг нь тогшиход онгойлгож өгөхгүй байсан учраас байшингийнх цонхнуудаар шагайхад дотор нь хүн байхгүй харин байшингийн ард талд нь байдаг угаалгын өрөөний жижиг вакум цонх нь түгжээгүй онгорхой байсан учраас тэр үед тэдний гэр рүү орж мөнгө байвал авах санаа төрж цонхоор нь дотогш ороход гэрт нь хүн байхгүй байсан учраас зочны том өрөөний баруун хананд зүүн зүг рүү харсан байрлалтай хүрэн өнгийн стенкний шилэн хаалгатай тасалгаанд нь давхарлаж хураасан 8 ширхэг мөнгөн аяганууд харагдахаар нь авч баруун талын унтлагын өрөө рүү орж орны толгойд өлгөөтэй байсан цүнхэн дотроос самсунг маркын 1 ширхэг гар утсыг авсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Д.А. нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Хэрлэнгийн 6-609 тоотод оршин суух иргэн Д.Өсөхтогоогийн гэрт нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, самсунг ЭС4 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Д.А. ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.А. ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн байна. Прокурор Я.Сансарын шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Д.А. д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А. нь хохирогч Г.Өсөхтогоогийн мөнгөн аяга, гар утсыг хүлээлгэж өгсөн ба хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг хохиролгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо гүйцэт нөхөн төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулах болон хорих байгууллагын дэглэмийг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.А.г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн /ерөнхий ангийн/ 6.7 дугаар зүйлийг 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн /хуулийн тусгай ангийн/ 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А.г 01 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн /ерөнхий ангийн/ 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А.-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.А. д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
6. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А. д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА