| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0155/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 126
2018 оны 6 сарын 29 өдөр 2018/ШЦТ/126 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0155/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амбага овогт Батхүүгийн Бид холбогдох 1839002800160 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 2-60 байрны 21 а тоотод оршин суух хаягтай, Эрдэнэс таван толгой ХХК-д операторч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Амбага овогт Батхүүгийн Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Устын ам гэх газар 33-98 УНВ улсын дугаартай Ниссан Тийда маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Б.Батсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Устын ам гэх газар 33-98 УНВ улсын дугаартай Ниссан Тийда маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Б.Батсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Батсайханы мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр үдэйэс схойш яг хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй найз Бийн машинтай найз Баянмөнхийг Цэнхэрмандал сум руу хүргэж өгөхөөр явсан...Жагаа гэх айл руу Баянмөнхийн гар утсыг хүргэж өгөхөөр яваад хүргэж өгчихөөд шууд буцаад хот руу гарсан. Тэгээд би Улаанбаатархот руу явж байхдаа нойр хүрээд унтсан. Тэгээд би нэг сэрэхэд түргэний машин дотор нэгдүгээр эмнэлгийн гадаа сэрсэн.....Ослын улмаас миний эрүү хугарсан, хацар цөмөрсөн, эгэм хугарсан, зүүн гарын хуруунуудын өндөг бяцарсан. Тархинд цус хурсан зэрэг гэмтлүүд учирсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 хуудас/
Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 266 тоот дүгнэлтэнд: “...Б.Батсайханы биед хоншоор яс 2 талдаа болон эрүү яс ооч хэсгийг хамарсан нийлмэл хугарал, нүүр зулгарсан шалбархайнуудтай, нүүр баруун талдаа хаван ихтэй, уруулд оёдол тавигдсан шархтай, баруун нүд зовхи хаван ихтэй, зүүн гарын долоовор хурууны шарх, гавал ясны дайвар хөндийнүүдэд цус хуралт, 12 дугаар шүд хөндлөн хүзүүвчээр хугарсан бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31 хуудас/ зэрэг болно.
Гэрч Н.Сарандарийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..... Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнө үүрэээр 03-04 цагийн алдад намайг гэртээ байж байхад нэг танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь манай нөхөр Б байсан. Тэгээд манай нөхөр Б хань нь машинтайгаа явж байгаад онхолдчихлоо гэж хэлэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ хаана вэ гэж асуухад Багануур орох гэж яваад гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос шууд Багануур дүүрэг явахад осол болсон газраас манай нөхрийг Багануур дүүргийн эмнэлэгт хүргээд хамт явж байсан найзыг нь Улаанбаатар хот руу түргэний машинаар аваад явсан байсан.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/
Б.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас өөрийн эхнэр Н.Сарандарийн эзэмшилийн 33-98 УНВ улсын дугаартай ниссэн Тида маркийн тээврийн хэрэгсэлтэ Улаанбаатар хот руу явж байгаад Хэрлэнгийн гүүрнээс ертөнцийн зүгээр зүүн талд нь 3 километр газарт замаас гарч замын хажуу талын далан шороог мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед машин дотор Б.Батсайхан гэх манай найз байсан...2018 оны 05 дугаар сарын 1-ны шөнө 03 цагийг өнгөрөөгөөд Цэнхэрмандал сумаас гарсан. Тухайн үед миний нойр бага зэрэг хүрч байсан. Тэгээд шулуун зам дээр явж байгаад зүүрмэглэж замын эсрэг урсгал руу орсон Тэгээд буцаад дартал машин эргэлдэж замын хажуу талын шороог мөргөж зогссон...... ... гэх мэдүүлэг /хх-ийн 28, 42 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хохирогч Б.Батсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Амбага овогт Батхүүгийн Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ