Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/469

 

 

 

 

 

     2025          04            24                                        2025/ДШМ/469

                                                                 

О.Т-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.БолорТ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч О.Т /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Ганбат, П.Буманзаяа, Б.Отгонтөгс,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, *****, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Э.Чингис, Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/340 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат болон П.Буманзаяа, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар О.Т-т холбогдох 2309 00000 0610 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овгийн О-ын Т-, **** оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн нөхөн сэргээгч мэргэжилтэй, хувиараа автомашины сэлбэг зардаг гэх, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ***** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, *** байр, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: *********/; 

Шүүгдэгч О.Т- нь 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01:00 цагийн үед ***** дүүргийн 8 дугаар хороо, ***** дугаар байрны хажууд үйл ажиллагаа явуулах “****” гэх нэртэй караокены гадна иргэн Э.Б-ыг “Агсам согтуу тавьсан, хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас амь хохирогч Э.Б-ын биед хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд хохирол учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

***** дүүргийн прокурорын газраас: О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, *****, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ...Шүүгдэгч **** овогт О-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнийг алсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийг 08 /найм/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийн цагдан хоригдсон 234 /хоёр зуун гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Т- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О- нь хүүхдүүдийн асрамжтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүхэд гаргасан давж заалдах болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо:  “...Шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. О.Т-ийн хувьд хохирогчийн зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон үйлдлийг нотлогдсон байдалд шүүх хэт нэг талыг барьж түүнийг гэм буруутай тооцсон боловч энэ үйлдлээс өмнөх хохирогчийн бусадтай зодолдох, хохирогчийг шатны хашлага дээгүүр түлхэж толгойн орой хэсгээр газар тулж хүзүү хэсгээр нугаларч, цээж, өгзөг, хөл хэсэг нь босоо байрлалтай унаж буй камерын бичлэг болон гэрэл зургийн үзүүлэлтийг зөв үнэлж, шинжээчийн задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, дүгнэлттэй харьцуулан үнэлээгүй, энэ үед хүзүүний 1 үений мултрал гэмтэл үүсэж болох эсэхийг огт шалгаагүй, шалгах шаардлагатай байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх27х/ хохирогч Э.Б-ын зүүн хацар шанаа хэсэг /О.Т-ийн гараар цохисон хэсэг/-т хавдсан, цус хурсан зөөлөн эдийн гэмтэлгүй, эрүү хацар ясанд хугаралгүй байсан нь тэр хэсгүүдэд хүчтэй цохиогүй болохыг нотлох баримт юм. Энэ нь анхны задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, шинжээчийн дугаартай дүгнэлтээр баталгаажсан байдаг. Хавтаст хэргийн 31-32 дугаар талд буй нүүрний таниулах гэрэл зурагт ч зүүн шанаа, хацар хэсэгт дээрх гэмтлүүд огт үүсээгүй болох нь ил тод харагдаж буйг шүүх анхаарч үнэлээгүй болно. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд камерын бичлэгт буусан хонгил хэсгийн дээрээс 1 доош уруудах шат, түүний хашлаганы өндрийн хэмжээг хэмжилгүй орхигдуулсан бөгөөд камерынх бичлэгээс хашлаганы өндөр нь /хохирогч давж толгойгоор тулж, хүзүүгээр нугаларч унаж буй хэсгийн/ ямар хэмжээтэй эсэх нь мэдэгдэхгүй болно. Энэ нь хүзүүний нугалам мултрах механизмыг, боломжийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Шүүх эмнэлгийн шинжээчийн 901 дугаартай дүгнэлтэд цээж, хэвлий, зүүн баруун бугалга, гуя, өвдөг, ар нуруу хэсгүүдэд цус хуралт, зулгаралтууд үүссэн нь тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтлүүдийг учруулах үйлдэлд О.Т- огт оролцоогүй болох нь камерын бичлэгээр нотлогдсон бөгөөд дээрх гэмтлүүдийн зарим хэсэг нь хохирогчийг шатны хашлаганд шахаж түлхэх, өшиглөх, хашлага давуулж толгойн оройгоор тулж хүзүү хэсгээр нугарч унагах үед үүссэн байх магадлалтай. Уг анхны шинжилгээгээр /дотор эрхтний/ баруун, зүүн чамархайн булчинд цус хуралтгүй байсан нь шанаанаас дээш чамархай орчинд цохилтын хүч үйлчлээгүйг нотолж байна. Хүзүүний нугалмыг шалгахад 1 дүгээр нугалам, дагз ясны нугас орох том нүх хэсгээр бүрэн мултарсан, тархинд цус харвасан нь тогтоогдсон бөгөөд энэ гэмтлүүд нь нэг үйлчлэлээр хамт үүссэн гэж дүгнэлт гарчээ. Хүзүүний мултралын түвшинд хүзүүний арын булчинд 5х7см цус хурсан гэсэн нь энэ хэсэгт булчин татагдаж тасарсан болохыг нотлох бөгөөд О.Т- хүзүүний ар хэсэгт гараар цохиогүй болохыг камерын бичлэг 100 хувь нотолно. Харин шатны хашлага давуулж жин ихтэй хүнийг /90-100кг/ толгой хэсгээр газар тулж, хүзүү булчин сунаж тасарч тэр түвшинд нугалам мултрах боломжтойг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй болно, энэ асуудлыг дахин гэмтэл, тархи мэдрэлийн тусгай мэдлэг бүхий шинжээч томилж шалгах шаардлагатай юм. Анхны шинжээчийн 901 дугаартай дүгнэлт нь хохирогч Э.Б-ын биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоох асуудлын хүрээнд л гарсан дүгнэлт бөгөөд нэмэлт эх сурвалж /камерын бичлэг/-ийг судлаагүйг шүүх анхаараагүй болно. Нэг чухал асуудал нь "Нугас хүзүүний түвшинд огт гэмтээгүй" асуудал юм. Хүзүүний нугалам мултарсан ч нугас гэмтээгүй үед үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой юм. Хэдийгээр хүзүүний нугалам мултарсан ч булчин, шөрмөс холбоосонд бат бэхлэгдсэн тул нугас гэмтээгүй бол хөл, гарын үйлдэл хөдөлгөөн нь тархины цус харвалт бүхий хүндрэл үүсэх хүртэл хэвийн байх боломжтой. Бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн /дахин/ дүгнэлтэд "хүзүү хүчтэй арагш савагдах үед хүзүүний 1 нугалмын мултрал үүснэ" гэсэн боловч арагш савагдсан, нугарсан бол хүзүүний урд хэсгийн булчин татагдаж сунаж, тасарч урд хэсэгт булчинд "цус хуралт" үүсэх зүй тогтолтой. Гэтэл дагзны ар хэсэгт 5х7см цус хурсан нь анхны задлан шинжилгээгээр тогтоогдсон. Энэ нь толгой урагш бэхийж хүзүү нугарч, ар хэсгийн булчин сунаж татагдаж, тасарч цус хурсныг нотлох бөгөөд камерын бичлэг дахь шатны хашлага давуулж түлхэж толгой урагш тулж, хүзүү хугарч унаж буй үйлдэлтэй тохирч байгааг шүүх анхаарч үнэлж чадаагүй болно. Уг дүгнэлтийн 3 дахь хэсэгт "уг гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, хөдөлгөөн хийж болно" гэж дүгнэсэн нь нугас гэмтээгүй байсантай холбоотой хоёрдмол санаатай гарсан нь уг дүгнэлтийг камерын бичлэгтэй харьцуулж үнэлэх, дахин шинжээч /мэдрэл, гэмтэл судлалын мэргэжилтэн/ томилох шаардлагатайг нотолж байгааг шүүх анхаарч үзээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа гэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүхэд гаргасан давж заалдах болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т- нь 2023 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед ***** дүүргийн * дугаар хороо, **************5 дугаар байрны хажууд үйл ажиллагаа явуулах "****" гэх нэртэй караокены гадна иргэн Э.Б-ыг "агсам согтуу тавьсан, хэрүүл маргаан үүсгэсэн" гэх шалтгаанаар түүний нүүр болон толгойн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисны улмаас амь хохирогч Э.Б-ын биед хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархийн сурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд хохирол учруулж хүний амь насыг нь хохироосон" гэмт хэрэгт холбогдсон гэж тодорхойлон дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн бодит байдалд хууль зүйн үүднээс бүрэн дүүрэн, үнэлэлт, дүгнэлт хийгээгүй ба энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Шүүгч нь хууль болон эрхзүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх, хангалттай эсэх, үнэн зөв эсэх, эргэлзээгүй эсэх, хуульд заасан арга хэрэгслээр цугларсан эсэх зэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн шалгаж, үнэлснээр хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт гаргана гэснийг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах ...хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасны дагуу О.Т-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй нотолж тогтоосны үндсэн дээр хэргийн үнэн бодит байдлыг тогтоох учиртай. Тухайлбал  анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 613 тоот захирамжийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг шалгуулах"...."хэрэг гарах үеийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан байх ч уг бичлэгийг нягтрал муу бүдэг байна"...бичлэгийг чанар, нягтралыг сайжруулж, нэгтгэх талаар боломжтой бүх арга хэмжээг авах нь зүйтэй" гэж хэргийг прокурорт буцааж, мөн Давж заалдах шатны магадлалд "нүүр болон толгойн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисны улмаас амь хохирсон" гэх прокурорын яллах дүгнэлт хууль ёсны бус гэсэн дурдсан ажиллагаанууд нэг мөр мөрдөн шалгах ажиллагаагаар хийгээгүй, магадлал болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн заалт бүрэн биелэгдээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагааг явуулахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийн хэргийн бодит үйл баримтад үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулснаар хэргийн үнэн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийн үйлдэл оролцоо, шалтгаан нөхцөлүүд тодорхой болохыг анхан шатны шүүх анхаарахгүй шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Анхан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчдийн зүгээс доор дурдсан ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай гэж мэтгэлцсэн. Үүнд хэрэг учрал болох үед камерын бичлэгээр Караокены үүдэнд талийгаач Н.Б- нь эхэлж Н.Б-тай маргалдан зодолдож, улмаар Н.Б нь үсэрч ирэн, амь хохирогчийг толгой болон толгойны арын дагз хэсэг руу цохиж, өшиглөж амь хохирогчийг 6 удаа дэвсэн жийж, өндөр хашлаганы ар тал руу толгой хэсгээр татаж унагааж байгаа нөхцөл байдал хяналтын камерын хэсэгт тодорхой бичигдсэн, мөн Н.Бар дагз хэсэгт нэг удаа цохих, өшиглөх үйлдэл гаргасан нөхцөл байдлууд хавтас хэрэгт авагдсан камерын бичлэгт тодорхой харагддаг. /хх-51-55/ Тухайн үед талийгаач Н.Б- нь Н.Б, Н.Б нарын үйлдлийн улмаас хашлага даван унаж байгаа нь камерын бичлэгийн үзлэгээр тод харагдаж тогтоогдсон. Гэтэл хавтаст авагдсан камерын бичлэгт Н.Б ар дагз хэсэгт нэг удаа цохих үйлдэл, Н.Б нь үсэрч ирэн амь хохирогчийг 2-3 удаа дэвсэн жийж буй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдоод байхад мөрдөгч ямар шалтгааны улмаас Н.Б, Н.Б нарын үйлдэл оролцоог Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх шударга ёсны зарчим алдагдаж зөвхөн О.Т дангаар гэмтэл учруулсан мэт нотлох баримтыг үндэслэхгүй, хийсвэр дутуу үнэлэлт дүгнэлт өгч, тэдний үйлдэл оролцоог нэг мөр шалган тогтоохгүй байгаа нь нэн ялангуяа Н.Бийн 6 удаа цохиж өшиглөж дэвсэж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим алдагдаж, ял завших боломж бололцоог бий болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Талийгаач Н.Б-ыг үхэлд хүргэх цохилтыг Н.Б, Н.Б нар үйлдсэн байх магадлалтай ба тухайн үедээ хөдөлгөөн хийсэн байхыг үгүйсэхгүй нөхцөл байдал бий болсон учраас хэний цохилтын улмаас талийгаач үхэлд хүрэх болов, хөнгөн болон олон тооны гэмтлүүдийг хэн учруулсан нь эргэлзээтэй учраас мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгох шаардлагатай байна. Тухайлбал хавтаст хэргийн 173-р хуудсанд шинжээч Н.Т мэдүүлэгтээ талийгаачийн биед цээж хэвлийн хэсэгт цус хуралт үүссэн. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл" гэжээ. Мөрдөгчийн зүгээс асуултаар шинжээчээс "... Уг гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарах уу, тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарах уу" гэж асуухад, шинжээч Н.Т нь ".. тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна" гэжээ. Үүнээс үзэхэд дээрх гэмтлүүдийг хэн учруулсан талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохгүй, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан олон тооны гэмтлүүдийг Н.Б-, Н.Б, Н.Б нар учруулсан байх магадлалтай тэдний үйлдэл оролцоог нарийвчлан шалгаж тогтоох нь хэргийн үнэн бодит байдал тогтоогдох, хэн алиных нь үйлдэл оролцоо ч тогтоогдох болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 901 тоот Шинжээчийн дүгнэлтээр "Талийгаачийн цогцост хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, цээж, хэвлий, баруун зүүн бугалаг, зүүн гуянд цус хуралт, цээж, баруун бугалаг, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өдөг, ар нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, үрэгдэх хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна." гэжээ. Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд олон удаагийн гэмтлүүд нь хэдэн удаагийн хүчний үйлчлэлээр ямар цаг хугацаанд үүссэн, хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал нь хэдэн удаагийн цохилтоор, аль талаас нь цохиход хүзүүний 1-р нугалам мултарсан, хүзүүний мултралын улмаас их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харваж, амьсгал зүрх судас зогсох хүртэл хэдий хугацаанд амьд байж, тодорхой хэмжээний үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой эсэх, дээрх гэмтлийг авснаар өөрийгөө бүрэн хянах, бусадтай харьцах, ямар нэгэн эсрэг хөдөлгөөн хийх боломжтой эсэх, цохих цохигдох үед гэмтлийг авснаар ямар хугацаанд хариу үйлдэл үзүүлэхгүй байх зэргийг нарийвчлан тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэж дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 581 тоот бүрэлдэхүүнтэй Шинжээчийн дүгнэлт гарсан боловч уг дүгнэлтээр асуултад шинжээчид бүрэн дүүрэн хариулаагүй ойлгомжгүй, хэт ерөнхий дээрх асуултад тодорхой бус дүгнэлт гаргасан ба тухайлбал "....дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд хөдөлгөөн хийж болно" гэснээс үзэхэд хөдөлгөөн хийж болох эсэх тодорхойгүй, 2 талаас нь дүгнэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар" мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш..." мөн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар " Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол .... дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана" гэсэн тул шүүхийн шатанд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас мэргэжлийн томилуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрчүүд амь хохирогчийг цохисон, дэвссэн жийсэн талаар тодорхой мэдүүлэг тайлбар гаргасан байхад шүүхийн дүгнэлтэд энэ талаар дурдахдаа ойлгомжгүй тодорхойгүй, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад анхаарч үзэхгүй, гэрчүүдийн гэмт хэргийн оролцоог тогтоохгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр нэг мөр эцэслэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал гэрч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд "амь хохирогчийг 6 удаа цохисон...." Б өшиглөөд гаран дээр нь өвдөглөсөн гэж, талаар мэдүүлсээр байхад хөнгөн гэмтлийг хэн учруулсан, хэний үйлдлийн улмаас олон тооны гэмтлийг хэн учруулсныг тогтоогдохгүй байхад хэрэгт П.Б, Ж.Б нарын санаатай үйлдлээс болж дээрх гэмтэл учирсан гэж үзэх, буруутгах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна" гэж дүгнэсэн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг хангаагүй зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар хууль зүйн бүрэн бодитой дүгнэлт өгснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан нотолбол зохих зүйлийг бүрэн нотлон тогтоож дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг зөв тогтоож шийдвэрлэх, дээрх дүгнэлтүүдийн хүрээнд ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх үндэслэл байгаа талаар нэг мөр бүрэн дүгнэлт өгөх шаардлагатай байна. Тиймээс дээрх хэргийн бодит үйл баримтын талаар бүрэн дүгнэлт өгч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ прокурорт буцаах шаардлагагүй гэж үзвэл шүүгдэгч О.Т-ийн хувьд шууд санаатай хохирогчийн амь насыг хохироох зорилгоор ямар ч шалтгаангүйгээр түүнийг алсан гэдэг нь хэрэг учрал болсон нөхцөл байдал, үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэл, гэм буруугийн хэлбэрээр үгүйсгэгддэг ба хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй билээ. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д "Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэрэг нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгмийн аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ" гэж тус тус заасан. Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголтод хамаарахаар байх тул О.Т- нь зориуд хохирол хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж хууль зүйн талаас нь үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хор уршгийг субьектив шинжийн хувьд мэдээгүй, үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд О.Т- нь бусдыг санаатай алах гэмт хэрэг нь дараах байдлаар үгүйсгэгддэг. Амь хохирогч О.Т-ийг нүүрэн тус газар нь гэнэт цохих үед ... "рефлексээрээ ч юм уу гэнэт цохиулсандаа ч юм уу өөрийн мэдэлгүй гэнэт гар хөл явчдаг юм билээ" гэж өгсөн мэдүүлгээс харахад нийгэмд аюултай хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй амь хохирогчид хүнд хор уршиг учруулж буй байдал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нэг шинж болох хайхрамжгүй хандсанд оршино. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийг хүнд гэмтэл аваад нас барсныг хэн ч мэдээгүй түүнийг даарчихна гэж хувцас өмсүүлэх машинд өргөж оруулах үйлдлийг О.Т- ба бусад гэрчүүд хийсэн ба энэ үед амь хохирогч амьд байсан. Тиймээс буцаж бүгд эргэж бааранд орж пиво ууцгаасан. Нэлээн цаг хугацаа өнгөрсний дараа амь хохирогчийг нэг л биш болсон байна гэж гэрчүүд хэлэхэд бүгд эргэж түүн дээр очин хиймэл амьсгал хийх, цээжин дээр нь дарах, эмнэлгийн тусламж дууддаг бөгөөд эмнэлгийн тусламж ирэхгүй удаад байсан учраас эмнэлэг рүү очиход нас барсан байна гэж хариулт өгсөн. Тэр болтол түүнийг нас барсан гэж тэнд байсан бүх хүмүүс мэдээгүй байдаг. Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун зан заншлын хэм хэмжээг зөрчиж хүний халдашгүй байх эрхэд халдан амь хохирогч Э.Б- нь О.Т-ийн өөдөөс салаавч гаргах, нүүрэн тус газар нь эхэлж цохисон нь хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Амь хохирогч нь бусадтай маргалдах үед О.Т-ийн зүгээс үг болон үйлдлээр өдөөн хатгасан, түүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйлгүй бөгөөд харин ч түүнийг удаа дараа хамгаалж, бусдаас салгаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох камерын бичлэгт буусан дүрслэл гэрч Б-гийн мэдүүлгээр болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тухайлбал, гэрч Б- /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/, талийгаач О.Т лүү дайраад О.Т тайвшруулаад... О.Т нь талийгаачийг хүнтэй муудалцахаас болиулаад салгаад байж байсан талийгаач тайвшрахгүй байсан. Т уурлаад талийгаач руу ойртсон чинь талийгаач Т-ийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Гэрэл зургийн 10,11,12,13,18,19,20/ зургуудад талийгаачийг О.Т нь бусадтай зодолдох үед түүнийг бусдаас хамгаалж байгаа нь тодорхой харагдаж байна. О.Т- нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлэгтээ "... амь хохирогч Б-ыг би хүмүүстэй муудалцаж зодолдож байхад түүнийг хамгаалж салгаж байсан ... намайг пизда минь чамд ямар хамаатай юм гэж хараагаад нүүр лүү гэнэт цохисон би рефлексээрээ ч юм уу гэнэт цохиулсандаа ч юм уу түүнийг түлхсэн үү цохисон уу гэнэт гар хөл явчдаг юм билээ. Өшиглөснөө мэдэж байгаа. Харин цохисон уу түлхсэн үү гэдгээ санадаггүй. Тухайн үйлдэл маш хурдан хугацаанд болж өнгөрсөн .... гэж мэдүүлсэн нь амь хохирогч Э.Б-ын амь насыг санаатай хохироох гэсэн санаа зорилго байхгүй байдаг. Мөн амь хохирогч О.Т-ийг түрүүлж цохисон нь гэрч Б-гийн мэдүүлгээр /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/ талийгаач О.Т-ийн нүүрэн хэсэгт гараараа цохисон гэрч Б-ын /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/ талийгаач Э.Б өөрөө О.Т-ийн нүүр лүү салаавч гаргасны дараа... Э.Б О.Т-ийн нүүр лүү нэг удаа цохисон. Гэрч М.Г-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/... талийгаач түрүүлээд О.Т-ийн хацар луу цохсон. Амь хохирогчийн араас О.Т очих үед амь хохирогч О.Т-ийг зүүн гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдаж байна. /гэрэл зургийн 32 дугаар хуудас/ гэх нотлох баримт болон бусад гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд О.Т нь амь хохирогчийг түрүүлж цохих, санаатайгаар амь насанд халдах санаа зорилго гаргаж байгаа байдал харагдахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна гэж заасан байдаг. Тус хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "....эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно" гэж заасан. Амь хохирогч Э.Б-ын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр бусад руу дайрах цохих агсамнах зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүх О.Т-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ амь хохирогч Э.Б-ын зүй бус буруутай үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, шүүгдэгч О.Т-ийн "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн", " хохирлоо бүрэн төлсөн" байдал зэргийг үл харгалзан ял оногдуулсан болно. Шүүгдэгч О.Т- анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлын тухайд урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирогч "хохирлыг бүрэн төлсөн тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", хуулийн 1.2-д "..хохирогчид.. учруулсан хохирлыг төлсөн" мөн хуулийн 1.6 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуулинд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх эрхзүйн үндэслэл, боломжийг үл харгалзан ял оногдуулсан тул дээрх нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс харгалзаж үзнэ үү. Иймээс О.Т-ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийн агуулаагүй бөгөөд харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн болгоомжгүй шинжийг бүрэн агуулсан байна гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна. Иймд Баянзүрх, *****, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ний өдрийн 2025/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж, хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа тус шүүхэд гаргасан давж заалдах болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна...” гэв.

Шүүгдэгч О.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалгаж тогтоогоогүй бөгөөд хэргийн газар үзлэг хийгээгүй, шатны өндрийг тогтоогоогүй, шатнаас унах үед уг гэмтлийг авах боломжтой эсэх талаар шалгаж өгнө үү гэсэн. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглээс харахад шинжээчээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ганбатаас “шатнаас унасан үйл баримт болсон байна, шатнаас унах үед амь хохирогчийн 1 дүгээр нугалам боломжтой юу” гэхэд шинжээч “боломжтой” гэж хариулсан. Хариу уг гэмтлийг авснаас хойш тухайн хүн хэр хугацаанд амьд байх бэ, ямар хөдөлгөөн хийх вэ, хөдөлгөөн хийх боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гарсан. Иймээс өмгөөлөгч нарын гаргасан шатны өндрийг тогтоох, шатнаас унах үед гэмтэл үүсэх боломжтой эсэх, мөн камерын бичлэг болон шинжээчийн дүгнэлт нь хоорондоо тохирч байх ёстой гэсэн давж заалдах гомдлууд нь үндэслэлгүй байна. Мөн өмгөөлгчийн тайлбарт хүзүүн нь амархан мултардаг зүйл биш гэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр нэг удаагийн цохих үйлдлээр мултрах боломжтой гэж дүгнэсэн. иймээс хэргийг дахин прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс олон тооны гэмтлийг хэн, яаж учруулсан гэж бусад хөнгөн гэмтлийг дурдаж байна. Өмнө энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд энэ асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Шүүгдэгч О.Т- нь 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01:00 цагийн үед ***** дүүргийн 8 дугаар хороо, ***** дугаар байрны хажууд үйл ажиллагаа явуулах “****” гэх нэртэй караокены гадна амь хохирогч Э.Б-ыг “Агсам согтуу тавьсан, хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсний улмаас амь хохирогч Э.Б-ын биед хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд хохирол учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-26/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 27-33/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 42-74/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-ийн: “...Хохирлын талаарх баримтыг гарган өгсөн оршуулгын зардал болон бусад баримтаар нийтдээ 42,874,895 төгрөгийн хохирол учирсан бөгөөд баримтыг хэрэгт гарган өгсөн. Одоогоор хохирлыг нөхөн төлөөгүй байна... /1хх 84-85/... Тэгээд 22 цаг 30 минутын орчим А-ийн нөхөр Б-ын төрсөн өдөр лүү Саранзаяатай хамт ороход Б-ын найзууд гэх 15-20 хүн байсан ба би тэр хүмүүсийг сайн танихгүй. Би караокед 3-4 татаад тасраад унтаад өгсөн байсан ба нэг мэдэхэд А намайг цохиж сэрээгээд нөхөр чинь сэрэхгүй байхад чи сэрэхгүй байна гэж хэлээд удаагүй цагдаа ирсэн. Би тухайн үед нөхөр хаана байгааг мэдээгүй. А танай нөхөр Б-той маргалдаж, Т гэх залуутай зодолдсон гэж хэлсэн. Би тухайн үйл явдлыг сайн санахгүй байна, караокед тасраад унтаж байсан. ...Б-ын төрсөн өдөрт очих гээд 20 цагийн орчим ***** дүүргийн 6 дугаар хороо, Залуучууд зочид буудлын ойролцоо ирэхдээ 2-3 лааз пиво уусан байх...” /1хх 106-107/,

- Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Т- шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаад байна. Өмнө 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Дахиад шинжээчийн дүгнэлт гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Би гомдолтой байгаа. 70,000,000 төгрөг нэхэмжилнэ. Энэ нь хүүхдүүдийн асрамжийн зардалтай холбоотой мөнгө. Т- өмнө нь надтай гэрээ хийнэ гэж байсан. Хэргийг удаашруулж байна. Одоогоор 56,000,000 төгрөг өгсөн байгаа. ...” /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч Б.Б-гийн: “...караокены өрөө рүү орох гэтэл өөдөөс Б- нүүрээ барьчихсан, миний нүүр лүү цохичихлоо гээд гараад ирэхээр нь бид өрөө рүү яваад орсон чинь талийгаачийг 3-4 хүн хориод цаана бариад байж байсан. Б- бас дайрсан. ...Талийгаач гаднаас орж ирээд Б-ын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Б- мөн зөрүүлээд цохихоор нь тэнд байсан хүмүүс талийгаач, Б- хоёрыг аваад караокеноос гаргасан. Гадаа гаргачхаад бид салгаад болиулсан. ...талийгаач Т- лүү дайраад Т- тайвшруулаад байсан. Сүүлдээ Т- уурлаад талийгаачтай хэрэлдээд хоорондоо ойртсон чинь талийгаач Т-ийн нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон чинь Т- талийгаачийг зөрүүлээд нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд бид явж очоод салгахад талийгаач газар уначихсан байсан. Тэгээд талийгаачийг босгох гэсэн чинь босохгүй байгаад байсан. Талийгаач шалдан биен дээрээ хүрэм өмсчихсөн байсан. Бид даарчихна гэж бодоод талийгаачийг Б-ын машинд оруулж хэвтүүлсэн. ...Т- нь талийгаачийг хүнтэй муудалцахаас нь болиулаад салгаад байж байсан. Сүүлд караокены үүдэнд Т-, талийгаач 2 зогсож байсан. ...бид очоод салгахад талийгаач газар уначихсан байсан. ...” /1хх 113-114/... талийгаач нь О.Т-ийг нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэгтэл зөрүүлэн О.Т- талийгаачийн нүүрэн хэсэгт нь нэг удаа буцаан цохисон. Тэгээд шууд очоод О.Т-ийг татаад холдуулан аваад явсан. Энэ үед талийгаачийг Б- салгаад үлдсэн. Ингээд эргээд нэг харахад талийгаач газар бөгсөөрөө суусан, ард талд нь Б- түшээд зогсож байсан. ...” /1хх 133-134/, 

 

- Гэрч Ч.Б-ын: “...талийгаач Б- нь Б- дээр өөрөө очоод Б-ын нүүр лүү нь гараараа нэг удаа алгадсан. Би Б-, талийгаач Б- нар дээр очоод хоёр тийш нь салгасан. Би Б-, ажлын дүү Т-тэй хамт  талийгаач Б-, Т- дээр очоод байж байхад талийгаач Б- өөрөө Т-ийн нүүр лүү нь салаавч гаргасан. Салаавч гаргасны дараа талийгаач Б-, Т- нүүр лүү нь зүүн гараараа нэг удаа цохисон. Би энэ үеэр  талийгаач Б-, Т- нарыг салгаж улмаар хоёр тийш нь ээлжлэн түлхэж холдуулах хооронд Т- нь талийгаач Б-ын нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохиод, дараа нь зүүн хөлөөрөө цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Өшиглүүлсний дараа талийгаач Б- нь газар хөлөөрөө суугаад өгсөн. Үүний дараа би Т-ийг холдуулж цааш нь явуулсан. Тэгээд О.Т-ийг Б-, Б-, ажлын дүү Т- нар нь холдуулж цааш нь аваад явсан. Харин би талийгаач Б- дээр очсон. Энэ үед миний дэргэд Ө-, Очироо нар хамт байсан. Тэгээд бид гурав талийгаачийг босгох гэтэл өргөөд дийлэхгүй байсан. Машины хаалгаа хаах гэтэл талийгаачийн баруун  гар нь унжаад байхаар нь гарыг нь өргөөд биен дээр нь тавьтал тухайн гар нь дахиад унжаад байсан. Тэгэхээр нь би талийгаач Б-ыг ухаангүй байна гэж бодоод Очироогийн эхнэр Болороог дуудсан. Б нь сувилагчийн ажил хийдэг юм. Тэгээд Б нь ирээд судсыг нь барьж үзэхэд нь амьсгал байх шиг байна гэж хэлсэн. Үүний дараа Ө-, ажлын дүү Т- нар талийгаачийн биен дээр хиймэл амьсгаа хийж, ам руу нь амаараа агаар өгөөд байсан боловч огт ухаан орохгүй байсан. Тэгээд Б- 103 руу залгаж дуудлага өгсөн боловч 103-аас эмч байгаа газрын байршлыг нь асуухад бид байгаа газраа мэдэхгүй болохоор сайн хэлж чадахгүй удаад байсан юм. Би Б.Т-, М нар талийгаачийг аваад Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү очиж үзүүлэхэд эрэгтэй эмч нь талийгаачийг нас бараад 20 минут орчмын өмнө өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад эмч нар дуудлага өгсөн. Дараа нь удалгүй цагдаа нар ирсэн. Т- нь талийгаач Б-ыг цохихыг нь харсан. ...” /1хх 116-117/...эхлээд Б- нь Т-ийг гараараа цохисон, тэгээд О.Т- зөрүүлэн нэг удаа цохисон. ...О.Т- нь Б-ын нүүр лүү нэг удаа цохисон, бас нэг хөл орж ирсэн. Гэхдээ би хөлөөрөө оносон эсэхийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан миний баруун талын мөрөн дээгүүр л нэг удаа л цохисон. Тэр хоёр нэг нэг удаа цохисон. Би О.Т-ийг хойш нь түлхээд холдуулсан. Тэгтэл Б- араас нь ирээд авсан. Энэ үед Б-, Г- нар хажууд байсан. ...О.Т- нь Б-ыг нэг удаа цохисон. Нээх айхтар холдоогүй гэж бодож байна, холдоогүй л газар унасан...” /1хх 131/,

- Гэрч Э.Б-ийн: “...Талийгаач /нэрийг нь мэдэхгүй гэх/ эхнэртэйгээ муудалцаад байж байсан ба боль гэж хэлсэн чинь маргалдахаа болиод эхнэр нь буйдан дээр унтаад өгсөн ба талийгаач тэнд байсан эрчүүдтэй хамт гараад явсан. Яг хараагүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. ...” /1хх 86/,

 

- Гэрч Н.С-гийн: “...гадаа Б-ын машин дээр очиход О-ыг ганцааранг нь арын суудал дээр хэвтүүлсэн байдалтай байсан. Би очоод О-ын хамар дээр өөрийн чихээ ойртуулж сонсоход амьсгалахгүй бас юу ч сонсогдохгүй байсан. Тэгээд дараа нь Б-ын хуурай дүү болох эрэгтэй залуу нь О-ын бие дээр хиймэл амьсгаа хийсэн. Хиймэл амьсгаа хийгээд ухаан орохгүй байгаад байхаар нь Мийгаа, Б-, Т- нар тухайн тээврийн хэрэгсэлд суугаад 1 дүгээр эмнэлэг рүү явна гээд явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...” /1хх 89-90/,

- Гэрч А.А-ийн: “...Талийгаач нь орой 23:00 цагийн орчим Б-ийг ирсэн цагаас эхлээд л Б-той муудалцаад хэрүүл маргаан эхэлсэн. ...Миний сонссоноор бол Т- л цохичихсон гэж надад хүүхнүүд хэлсэн. Т- бол ямар ч асуудал гаргахгүй, тэнд зүгээр л хүмүүс хэрэлдэж маргалдаж байхад алсаас хараад л байж байсан. Ер нь бол ааш зангийн хувьд төлөв даруу л хүн байдаг юм. ...” /1хх 93-94/,

- Гэрч А.Ө-ийн: “...Биднийг машин дээрээ байх үед зодоон болсон юм шиг байна лээ. Би талийгаачийг ямар нэгэн зодоонд оролцож байхыг ерөөсөө хараагүй. ...” /1хх 96-97/,

- Гэрч Б.Б-ын: “...Талийгаач ямар ч шалтгаангүйгээр над руу уурлаад дайраад байсан. Миний нүүрэн тус газарт текний хажууд байхад болон караокены өрөөнд байхад цохисон. Талийгаач нэлээд согтуу байсан. Надтай хоёр ч удаа маргалдсан бөгөөд бөөнөөрөө караокеноос тооцоогоо хийгээд гарцгаасан. Гадаа тамхи татаж байхад мөн над дээр ирж муудаад, ар толгой хэсэг рүү цохиход нь талийгаачтай ноцолдоод унагаасан. Тэгээд найзууд салгаж намайг авсан. Машинд сууж байгаад буцаад ороод ирэхэд талийгаач ухаангүй болчихсон байсан. Юу болсныг би сайн мэдээгүй, ухаан орохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Камерын бичлэгт харагдах байх. Би хар пальто, жинсэн өмдтэй байсан. ...” /1хх 99, 136/,

- Гэрч А.М-ийн: “...талийгаач өөрөө Б-тай маргалдаж шууд цохиод авсан. Тэгсэн урьд өмнө бас хоорондоо таарамжгүй харилцаатай байсан юм байна лээ. Хүмүүс салгаад, эхнэр О-тэй талийгаач маргалдсан. Тэгсэн нөгөө Б- гэх залуу тус караокены текин дээр зогсож байхад нь дахиад цохиод авсан ба гадаа Б- гэх залуу гадаа байхад нь талийгаач өөрөө гадаа гараад Б-тай маргалдаж ер нь л хүн амьтан руу дайрч агсраад байсан. Тухайн үед талийгаач тэр караокед ирэхдээ эхнэр О- хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн, бусад нь ууж эхлээгүй байсан. Тэгсэн дахин гаднаас орж ирээд дахин эхнэртэйгээ муудалцаж, бие биенийгээ цохиод уйлалдаад байсан. Би гадаа гараад буцаж орохдоо талийгаачийг Т- тайвшруулаад юм яриад зогсож байсан. Би караокены өрөө рүү ороод байж байхад гаднаас нэг нь орж ирээд талийгаачийг зүрх нь цохилохгүй байна гээд байхаар нь би гараад очтол гадаа Б-ын машины арын сандал дээр цээж нүцгэн хэвтэж байсан...” /1хх 101-102/,

 

- Гэрч Г.Б-ийн: “...Талийгаач эхнэр О-тэй маргалдсан гэж байсан. Удалгүй талийгаач гарч ирээд Б-тай маргалдсан. Тэгээд бид салгасан ба талийгаач буцаж караокед орсон. Би тухайн үед гадаа хол нөхөр Г , найз С  тэгээд нэг жаахан хүүхэд нарын хамт байсан. Би тэрийг хараагүй юм байна, ямар ч байсан дээгүүрээ шалдан байсан. ...Текэн дээр байхад нь талийгаач өөрөө жижиг шар Б-г цохисон гэж найзууд хэлсэн. ...” /1хх 104/,

 

- Гэрч Д.Г ын: “...талийгаач “та нар намайг мэдэх үү? хэний хэн гэдгийг минь мэдэх үү” гэж хашхираад хувцсаа тайлаад гарч ирсэн. Талийгаач хэнтэй маргалдаад байгаа нь мэдэгдэхгүй бөөндөө маргалдаж шаагилдаад гарч ирсэн. Би “та нар чинь юу болоод маргалдаад байгаа юм бэ?” гэж хэлчхээд маргаанд оролцоогүй. ...караокены үүднээс холдож би эхнэр Б-, Ө , С  болон үл таних эмэгтэйн хамт автомашины зогсоол руу очоод хүмүүсийг дахиж маргалдвал салгачхаад явъя гэж бодоод хэсэг хугацаанд хүлээж зогссон. Хэсэг хугацааны дараа караоке дотроос маргалдаж байсан хүмүүс дахин гарч ирсэн. Гэхдээ маргалдаагүй зүгээр юм яриад гарч ирсэн. Гарч ирсэн хүмүүсээс 2 хүн нь тусдаа юм яриад зогсож байсан бөгөөд гэнэт бархиралдаад явчихаар нь харахад нэг нь миний хажуугаар гүйгээд өнгөрсөн. Тэгэхээр нь би яваад очтол талийгаач газар суучихсан, ардаас нь хар пальто өмссөн хүн түшчихсэн зогсож байсан бөгөөд “юу болсон юм бэ?” гэж асуухад хар пальтотой залуу “мэдэхгүй, тасраад л уначихлаа шүү дээ” гэж хэлсэн. Талийгаач хувцасгүй байхаар нь “хувцас юмнуудыг нь өмсгөе, би караоке дотор байгаа хүмүүсийг дуудаад гаргаад ирье” гэж хэлээд нэг нь дотогшоо орсон. Би талийгаачийг нүцгэн байсан болохоор нь газар хэвтүүлэхгүй гээд араас нь түшээд зогссон. Талийгаачийг даарчихна гэж бодоод Базараагийн машин руу Базараа цээжнээс нь тэврээд өргөж оруулсан. Машины арын суудал дээр хэвтүүлээд хаалгыг нь хаачхаад зогсож байхад үл таних эрэгтэй “амьсгалахгүй байгаа юм биш үү, түргэн дуудъя” гэж хэлээд хүмүүс сандралдаад эхэлсэн. ...” /1хх 109-111/,

- Гэрч Б.Т-ийн: “...Би архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор ямар хүмүүс хоорондоо маргалдаж байгааг сайн хараагүй ч шатан дээр Б- амь хохирогч хэн нэгэнтэй маргалдаж байгааг хараад салгаж байсан санагдаж байна. Би Т- ах амь хохирогч Б-той маргалдаж байгааг хараагүй ч хүн орилох шиг болохоор нь очиход Б- ах хөлөө жийгээд газар сууж, ард нь Б- ах босоорой гэж хэлээд зогсож байсан. Би Б- ахыг тасраад унтаж байгаа байх гэж бодсон....Т- ахтай маргалдаж зодолдсон. Бусдаар бол өөр хэн нэгэнтэй хэрүүл маргаан үүсгэж зодолдсон зүйл байхгүй. ...Би хэн нэгэнтэй маргалдсан зүйл байхгүй. Шатан дээр Б- ах хэн нэгэн рүү дайраад байсан, маргалдаж байсан хэн нэгнийг хараагүй. Миний хувцас цус болсон учир нь Б- амь хохирогчийн амнаас нь цус гараад байсан. Амь хохирогч Б- хэн нэгэнтэй маргалдаад байхаар нь урдаас нь тэвэрсэн. Миний гадуур өмссөн куртикний баруун мөрний хойд хэсэг, баруун урд талын энгэр хэсэг, шилэн хүзүүн дээр цус болсон байна. Энэ цус нь Б- амь хохирогчийн цус байж магадгүй. ...” /1хх 120-121/,

 

- Гэрч М.Г-ы: “...Тамхины цэг дээр Б, Т, жижиг Т, Б, Ө  нар байсан чинь талийгаач, Т- хоёр муудалцаад, талийгаач түрүүлээд Т-ийн хацар луу нь цохисон. Т зөрүүлээд нэг цохиод, хөлөөрөө 1 удаа өшиглөөд авсан. Т-ийг салгаад холдуулсан. Тэгээд талийгаач Т-т цохиулчхаад доошоо газар суусан. Б, Ө , Б, жижиг Т нар хажууд байж байгаад талийгаачид хандаж боль, боль яах гэж ингэж байдаг юм, найзынхаа төрсөн өдөрт ирчхээд гээд хоорондоо юм хум ярилцаад үлдсэн...би ариун цэврийн өрөө орчоод гадаа гарах үед нөгөөдүүл орилолдоод амьсгалахгүй байна шүү дээ, түргэн дуудаач гээд байсан. Б-, Т- хоёр 103 дуудсан боловч түргэн дуудаад ирээгүй удаад байхаар нь талийгаачид Б анхны түргэн тусламж үзүүлээд цээжин дээр нь дараад анхны тусламж үзүүлсэн. Бүгд айж сандарсан. Манай эхнэр М-, Б- хоёр шууд эмнэлэг явсан. Бид хэд араас нь гүйгээд такси бариад 1 дүгээр эмнэлгийн гадаа очсон. Тэгэхэд хүн байхгүй байхаар нь Төрийн тусгай эмнэлэг дээр ирээд яасан бэ гэж эхнэрээсээ асуухад манай эхнэр эмнэлгийн гадаа уйлаад зогсож байсан бөгөөд зүрх нь зогссон байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн...караокены гадаа талийгаач Т-тэй маргалдсан чинь талийгаач Т-ийг түрүүлээд 1 удаа цохисон, зөрүүлээд Т-ийг 1 удаа нүүрэн тус газарт цохиод 1 удаа цээжин тус газарт өшиглөсөн. ...Т-ийг талийгаач түрүүлээд нэг удаа цохисон. Харин Т- зөрүүлээд 1 удаа нүүрэн хэсэгт цохиод, цээж хэсэг рүү 1 нь удаа өшиглөөд авсан. ...” /1хх 123-124/... талийгаач эхлээд О.Т-ийг цохиод тэгээд О.Т- зөрүүлэн нэг цохиод, өшиглөх шиг болсон, их л хурдан болоод салсан. Б- О.Т-ийг аваад л холдуулсан. ...” /1хх 129/,

- Гэрч П.Бийн: “...Тухайн үед яг хэн юм санахгүй байна, талийгаачийг нэг л сонин байна гэж хэлээд бүгд гадаа гарч Б-ын машин дээр очиход талийгаач арын сандал дээр байсан ба би хоёр гарыг нь барьтал хүйтэн байсан, цээжин дээр нь чихээ нааж чагнаж үзсэн, цохилт нь сонсогдохгүй байсан. Гэхдээ бие нь бүлээхэн байсан. Тэгээд Б-ын машинтай Б-, Г- хоёр аваад явсан. Яг аль эмнэлэг рүү явсныг мэдээгүй учир Т- бид хоёр такси бариад гэмтлийн эмнэлэгт орсон чинь байхгүй байсан. Караокены бичлэгийг үзэхэд Т-ийг талийгаач түрүүлж цохисон, зөрүүлээд талийгаачийг Т- цохиж байгаа бичлэгийг харсан. ...” /1хх 126-127/,

- Гэрч Ж.Бгийн: “...Ер нь бол хүн болгон руу дайраад байсан, би ч бас орж гараад яваад байсан. Нэг гараад эргээд ороод ирэх үед угаалгын өрөөнд талийгаач амнаас нь цус гарсан угаагаад байж байсан. Нойлын өрөөнд амаа угааж байх үед нь орсон бөгөөд энэ үед Б-ын ажлын залуу Т- байх үед над руу талийгаач бас дайраад янз бүрээр хэлээд байсан, Энэ үед Т- талийгаачийг аваад угаалгын өрөөнөөс гарсан. ...” /3хх 76-77/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 901 дугаартай “...Талийгаачийн цогцост хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, цээж, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, ар нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, үрэгдэх хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. ...Талийгаач нь хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Цээж, хэвлий цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, цээж, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, ар нуруунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал гэмтлийн улмаас их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсанд цус харваж нас баржээ. ...Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2,3 промилл, шээсэнд 2,4 промилл спиртийн агууламж илэрсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1хх 144-158/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 581 дугаартай “...Хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хүзүү хүчтэй арагш савагдах үед үүснэ. ...Дээрх хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтэл нь өшиглөх, цохих үед аль алинд нь үүснэ. Гэмтэл үүсгэсэн хүч толгойн урд хэсэг /нүүр/ мөн эрүүний доод хэсэгт үйлчлэхэд дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд хөдөлгөөн хийж болно, ямар зайнд хөдөлгөөн хийхийг тогтоох боломжгүй. ...Дээрх гэмтлийг аваад хэдэн секундийн дараа нас барна. ...Амьдрах боломжгүй хүнд гэмтэл учраас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. ...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 901 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтийг цогцост задлан шинжилгээ хийж, хими, биологийн шинжилгээний хариуг үндэслэж гаргасан байна...” гэх дүгнэлт /1хх 163-169/,

 

- Шинжээч эмч Н.Т-гийн: “...Уг гэмтэл нь нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Уг гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй бөгөөд шууд үхэлд хүргэх гэмтэл юм. ...” /1хх 173-175/,

 

- Шинжээч эмч Ш.Ц-гийн: “...идэвхтэй, зорилготой хөдөлгөөн хийх боломжгүй, зөвхөн ухамсарт бус рефлекс хөдөлгөөн хийхийг хэлж байгаа юм. ...ямар ч боломж байхгүй. ...Толгой хүзүүний 1 дүгээр нугалмаар холбогддог бөгөөд тэр хоёр салж байна гэсэн үг. Ингээд тархинд цус харвалт өгөөд үхэлд хүргэж байгаа юм. ...” /3хх 90/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 401 дугаартай: “...О.Т- нь хэрэг учрал болсон гэх 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр болон өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...О.Т- нь тухайн үед болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч, ойлгох чадвартай байсан байна. ...О.Т- нь хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй байна. ...О.Т- нь удамшлын сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...О.Т- нь тухайн болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч, ойлгон, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...О.Т- нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. ...О.Т- нь эмнэлгийн чанартай албадлагын ямар арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...О.Т- нь хэрэг учрал болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь бодит үнэн зөвөөр тусган авахад нөлөөлөхгүй болно. ...О.Т- нь өөрийн хийж байгаа үйлдлээ хянах чадвартай, тухайн үеийн хийсэн үйлдлээ эргэн санах боломжтой байна...” гэх дүгнэлт /1хх 139-140/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

2. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.Т- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

3. Шүүгдэгч О.Т- нь амь хохирогч Э.Б-ыг “агсам согтуу тавьсан, хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсний улмаас хохирогчийн биед хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд хохирол учруулсны улмаас амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

Гэмт хэрэг нь хүний идэвхтэй, идэвхгүй зан үйлээр дамжин илэрдэг төдийгүй хор уршигт сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан буюу ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой бөгөөд энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлон хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргүүдийг ялган зүйлчлэх зэргийг шийдвэрлэхэд нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой болно.

 

4. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат “...дахин шинжээч /мэдрэл, гэмтэл судлалын мэргэжилтэн/ томилох шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс болон П.Буманзаяа нар “...-хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. -...шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нэг шинж болох хайхрамжгүй хандсан.  -...шүүгдэгчийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж, хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргажээ.

Хэргээс үзэхэд гэрч нарын мэдүүлэг болон камерын бичлэгт …амь хохирогч нь өөр бусад хүмүүстэй зодоон хийсэн, мөн хашлага давж унахдаа хүзүүгээрээ нугаларч унаж… буй дүрс, үүний дараа зодоон хэсэг намжих үед амь хохирогч өөрийн үйлдлээ удирдан, шүүгдэгчтэй маргалдаж, түүнийг цохиж буй энэхүү үйлдэл нь амь хохирогч өөр бусадтай зодолдох, эсхүл хашлагаас унахдаа хүзүүндээ гэмтэл авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Учир нь хэрэгт шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 901 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач нь хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал гэмтлийн улмаас их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсанд цус харваж нас баржээ...” 1хх 144-158/, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 581 дугаартай “...Хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хүзүү хүчтэй арагш савагдах үед үүснэ. ...Дээрх хүзүүний 1 дүгээр нугалмын бүрэн мултрал, их тархины суурь болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтэл нь өшиглөх, цохих үед аль алинд нь үүснэ. Гэмтэл үүсгэсэн хүч толгойн урд хэсэг /нүүр/ мөн эрүүний доод хэсэгт үйлчлэхэд дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд хөдөлгөөн хийж болно, ямар зайнд хөдөлгөөн хийхийг тогтоох боломжгүй. ...Дээрх гэмтлийг аваад хэдэн секундийн дараа нас барна. ...Амьдрах боломжгүй хүнд гэмтэл учраас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” /1хх 163-169/, шинжээч эмч Н.Тгийн: “...Уг гэмтэл нь нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Уг гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй бөгөөд шууд үхэлд хүргэх гэмтэл юм. ...” /1хх 173-175/, шинжээч эмч Ш.Ц-ийн: “...идэвхтэй, зорилготой хөдөлгөөн хийх боломжгүй, зөвхөн ухамсарт бус рефлекс хөдөлгөөн хийхийг хэлж байгаа юм. ...ямар ч боломж байхгүй. ...Толгой хүзүүний 1 дүгээр нугалмаар холбогддог бөгөөд тэр хоёр салж байна гэсэн үг. Ингээд тархинд цус харвалт өгөөд үхэлд хүргэж байгаа юм. ...” /3хх 90/ гэсэн дүгнэлт болон мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд  эдгээр баримт болон дүгнэлтүүдээр амь хохирогч дээрх гэмтлийг авсан даруйдаа буюу шүүгдэгч О.Т-т цохиулан хойшоо унаж цаашид идэвхитэй хөдөлгөөн хийлгүйгээр нас барсан нь дээрх шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх тул дахин шинжээч томилуулах шаардлагагүй болно.

 

Хүнийг алах гэмт хэргийг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үхэлд шууд хүргэсэн, эсхүл хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

“Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан өөр бусад хүндрэл үүсч, тэрхүү өөр хүндрэлийн улмаас нас барсан нөхцлүүдээр ялгагддаг.

 

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаас дүгнэхэд, О.Т- нь хохирогчийн нүүр болон толгойн тус газарт нь цохиж, өшиглөхөд хохирогчийн бие махбодод үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаварын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

Түүнчлэн О.Т-ийн санаатай, хууль бус үйлдэлтэй холбоотойгоор хохирогчийн хүзүүний 1-р үе мултарч, тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан нь хангалттай тогтоогдсон тул холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Отгонтөгс, П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Т-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, *****, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Отгонтөгс, П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТ

 

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ