| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00569/И |
| Дугаар | 157/ШШ2026/00013 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 157/ШШ2026/00013
2025 12 30 157/ШШ2026/00013
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Э 19, "Х банк" ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Б, Б 6-4 тоотод оршин суух, Х овогт А-ийн Г-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 45,655,940.15 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Х банк ХК-тай зээлдэгч Х овогт А-ийн Г нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №3292/000381/2024 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулан 48,300,000 төгрөгийг сарын 1.65%-ийн үндсэн хүүтэйгээр, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч Х овогт А-ийн Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Талуудын хооронд байгуулсан №3292/000381/2024 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний 8.2-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаараа цуцалж, зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан, зээлийн гэрээний 8.2.7 дахь хэсэгт зааснаар банк “Шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээг цуцлана” гэх заалтыг үндэслэж нэхэмжлэгч Х, х банк ХК-ны зүгээс зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар цуцлахаар тусгагдсан, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Х, хөгжлийн банк ХК-ийн зүгээс шүүхийн журмаар цуцлуулах үндэслэл бүрдсэн.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Зээлдэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээл: 40,021,365.00 төгрөг, үндсэн хүү: 5,470,604.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 142,470.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын зардал: 21,500 төгрөг;
Нэхэмжлэлийн шаардлага:
Нэг. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №3292/000381/2024 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцалж тухайн гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд нийт 45,655,940.15 төгрөгийг хариуцагч Х овогт А-ийн Г (РД:ЕТ0000)-с гаргуулж, "Х банк" ХК-д олгуулахаар шүүхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч А.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...миний бие 45,655,940.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би 2025 оны 9 сараас ажилгүй байсан. Одоо ажил хийж байгаа тул хуваарийн дагуу төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Х банк" ХК нь хариуцагч А.Год холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,655,940.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...45,655,940.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би 2025 оны 9 сараас ажилгүй байсан. Одоо ажил хийж байгаа тул хуваарийн дагуу төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч А.Гын нэхэмжлэлийн шаардлага болох 45,655,940.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,230 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 386,230 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Гоос 193,115 төгрөг, Төрийн сангийн орлогоос 193,115 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Год холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,655,940.15 (дөчин таван сая зургаан зуун тавин таван мянга есөн зуун дөчин төгрөг, арван таван мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х банк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,230 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч А.Гоос улсын тэмдэгтийн хураамж 193,115 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 193,115 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ