Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02268

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02268

 

 

 

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02344 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ц ы хариуцагч П.Б т холбогдуулан гаргасан 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ц нь П.Б тай 2017 оны 3 дугаар сард 37 000 000 төгрөг өгч, барьж байгаа барилгадаа цахилгаан шат захиалсан. Гэтэл П.Б цахилгаан шатаа өгөөгүй ба мөнгөө нэхээд очтол 2 хуучин автомашинаа 19 000 000 төгрөгт бодож өгөөд үлдсэн 18 000 000 төгрөгийг өгнө гэж хэлсээр өгөөгүй. Мөнгөө өгөхийг удаа дараа шаардахад 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр би мөнгийг чинь төлнө, санаа зоволтгүй гээд 18 000 000 төгрөгийг сар бүр 2 000 000 төгрөгөөр хуваан төлж дуусгана гэж өөрийн гараар бичиж, хэлсэн зүйлээ баталгаажуулсан. Гэвч үүнээс хойш мөнгө төлөхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж олсон. Иймд П.Б аас 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч зарим нэг асуудал дээр маргаантай зүйл байна. Нэхэмжлэгчид 2 автомашиныг 32 000 000 төгрөгөөр бодож өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтыг баримтлан хариуцагч П.Б аас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б аас 247 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч П.Б давж заалдах гомдолдоо: Ц.Ц нь 2017 оны 3 дугаар сард Бриллиант элеватор ХХК-тай цахилгаан шат захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш талуудын үл ойлголцоос болж цахилгаан шат нийлүүлэгдээгүй тул П.Б би өөрийн өмчлөлийн 2 ширхэг автомашинаа 32 000 000 төгрөгт харилцан тооцож Бриллиант элеватор ХХК-ийн төлбөрөөс хасуулахаар өгсөн.

Уг төлбөрийн асуудал нь Ц.Ц , Бриллиант элеватор ХХК-ийн байгуулсан гэрээний асуудал учир П.Б хариуцах үндэслэлгүй. Иймд Ц.Ц ы нэхэмжилсэн 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч П.Б т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2017 оны 3 дугаар сард харилцан тохиролцоод, худалдагч П.Б нь цахилгаан шат нийлүүлэх, худалдан авагч Ц.Ц барааны үнэд 37 000 000 төгрөг худалдагчид шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбараар нотлогдсон байна. /хх-20,21, 25/ Уг үйл баримтыг үндэслэн талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заасанд нийцжээ.

Худалдагч П.Б нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн цахилгаан шат нийлүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас худалдан авагч Ц.Ц гэрээнээс татгалзсан, П.Б үүргийн гүйцэтгэлийг буцаан шилжүүлэхдээ мөнгөн төлбөрт 2 автомашин шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй байна. Харин уг 2 автомашины үнэлгээ, буцаан шилжүүлэх төлбөрийн үлдэгдлийн талаар маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь хоёр автомашиныг 19 000 000 төгрөгт тооцон авсан, үлдэгдэл 18 000 000 төгрөгийг төлж барагдуулах тухай хариуцагч П.Б ын бичсэн баталгааг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-4/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн уг бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч П.Б нь нэхэмжлэгч Ц.Ц д 18 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар бичиж гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх4/ Хариуцагч тал уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүйн гадна 2 автомашиныг 32 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн дээрх бичгийн баримтыг үйлдэхэд хүч хэрэглэсэн, хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэлд хамааралгүй байсан гэх нөхцөл байдал байсныг хариуцагч П.Б нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ц нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзасны улмаас гэрээгээр шилжүүлсэн 37 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 18 000 000 төгрөгийг хариуцагч П.Б аас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  Ц.ИЧИНХОРЛОО

 

Ч.ЦЭНД