Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 127

 

2018 оны 7 сарын 03 өдөр                       2018/ШЦТ/127                             Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0156/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                Д.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Дагвын Бд холбогдох 1839002760146 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1983 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Хатгин овогт Дагвын Б /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Шүж” гэх газарт эхнэр Б.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Шүж” гэх газарт эхнэр Б.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 сарын 25-ны өдөр манай нөхөр гэртээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ирэхээр нь чи яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь намайг үсдээд хэрүүл хийлээ гэж цохиж зодсон. Тэгээд би нөхөртөө үсдүүлээд газарт унахдаа гэрийнхээ хойморт байсан авдарыг мөргөөд унасан. Тэгээд манай нөхөр хөл гарыг маань хүлээд гэрээс гарвал ална шүү гж хэлээд явсан  ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 хуудас/

Шүүх эмнэлгийн №251 тоот дүгнэлт

-Б.Батцэцэгийн биед хөмсөг, хацар, хамрын нуруу, зовхи, дух, уруул, хөх, хүзүү, цээж шилбэ, шуу, гарын ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.   /ХХ-ийн 26 хуудас/

Сэжигтэн Д.Бгийн мөрдөн байцаалтан өгсөн: “...бид хоёр маргалдаад хөдөө гэр рүүгээ явсан хөдөө гэртээ очоод би хэрэлдэж байгаад айл руу явна гэхээр нь би явуулахгүй гээд түлхээд унагаасан чинь газар унахдаа авдар мөргөсөн. Би гарынхаа ар талаар хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд бүсээр хөл гарыг хүлж орхиод айл руу яваад ирсэн чинь хөл гарынхаа хүлээсийг тайлаад гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батцэцэгт хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт Дагвын Бг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ