Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/509

 

О.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч О.Г-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2509002120145 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-гийн Г, 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан;

О.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 724 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7 буудлын замд, “Corolla Fielder” загварын ... УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ  жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: О.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар шийтгэн, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 cap 17 хоног буюу хорих ялаас хугацаанаас өмнө сулласан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоон, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2012 онд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, олон жил зовсны эцэст 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тэнсэн магадлангаар суллагдаж, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Т” компанийн гэрээт борлуулагчаар ажилд орж, дахиж гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэж ажиллаж байх хугацаандаа өөрийн гэр оронтой болсон. Одоо гэр маань ... дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой орших хаяггүй, задгай газар, хашаагүй, уяатай ганц нохойн хамт олны хөлийн газарт зам дагуу эрсдэх магадлалтай байгаа тул битүүмжлэх, өөр газарт байршуулах, хураах нөхцөл бололцоог хангаж өгнө үү.

Би жолоодох эрхээ хасуулсан байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсондоо маш их харамсаж байна. Үүний улмаас өмнөх хэргийн тэнсэн магадлан сэргэж, 4 сар дутуу байх хугацаанд 2 жилийн ял нэмэгдэн эрх зүйн байдал дордсонд харамсалтай байна. Миний бие ганцаараа амьдардаг тул олдсон гэр, амьдрал минь талаар өнгөрөх болоод байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч О.Г- өмнө нь 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жил 10 сар 15 хоногийн өмнө тэнссэн, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр суллагдсан. Гэвч шүүгдэгч дахин санаатай буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,

мөн хуулийн 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус зааснаас үзвэл, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, зөрчигдсөн эрхийг сэргээж, нөгөө талаас аливаа гэм буруутай этгээдийн эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах эрх зүйн хүчин чадал бүхий шийдвэр гаргадаг тул үйл ажиллагаандаа хуульд захирагдах зарчмыг хатуу удирдлага болгох үүрэгтэй.

1.Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын Эрүүгийн хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан дээрх зохицуулалтыг “шүүгдэгчид оногдуулах нэмж нэгтгэсэн ялууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээ буюу 25 жилээс хэтрэхгүй байх” агуулгаар хэрэглэгддэг.

Анхан шатны шүүх О.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэн, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 cap 17 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг хэрхэн, яаж 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн үндэслэлээ огт тайлбарлаж, дүгнээгүй байна.

2.Мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийг сэжигтнээр тооцсон үеэс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд зааснаар хувийн байдлыг тогтоож, хавтаст хэрэгт хавсаргах үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасны дагуу хорих ялаас хугацаанаас өмнө суллах тухай асуудлыг хорих байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу хорих байгууллагын оршин байгаа газрын шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

Шийтгэх тогтоолд “шүүгдэгч О.Г- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлсэн бөгөөд уг ялыг эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон” гэж дүгнэж, уг ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн ял оногдуулжээ.

Гэтэл О.Г-т холбогдох эрүүгийн 2509002120145 дугаартай хавтаст хэрэгт түүнийг хорих ялаас хугацаанаас өмнө сулласан шүүгчийн захирамж авагдаагүй байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10-01/660 дугаар албан бичиг болон ял шалгах хуудасны ард бичигдсэн бичвэрийг үндэслэн түүний урьд шийтгүүлсэн ялын тооцооны талаар дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд тус баримтуудыг шүүгчийн захирамжийн нэгэн адилаар тооцон үнэлэхгүй.

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөхөөр байх ба Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасанд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй үндэслэлд хамаарна.

Иймд шүүгдэгчийн урьд шийтгүүлсэн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргаагүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Ийнхүү шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч О.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.                 

2.Шүүгдэгч О.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН